Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 102/2019/02922/И |
Дугаар | 210/МА2023/01125 |
Огноо | 2023-06-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2023/01125
2023 06 07 210/МА2023/01125
Г.А-, Г.Ц- нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/01342 дугаар шийдвэртэй,
Г.А-, Г.Ц- нарын нэхэмжлэлтэй
Г.У-т холбогдох
***** дүүргийн **** хороо, ******байрны ******од байх орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А-, Г.Ц- нарыг хассан бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А-, Г.Ц-, хариуцагч Г.У-, түүний өмгөөлөгч О.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид ***** дүүргийн **** хороо, ******байрны ******, 29 м.кв, 2 өрөө орон сууцанд талийгаач аав Н.Г-, төрсөн эгч Г.У-ийн хамт амьдарч байгаад орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу 1997 оны 09 сарын 05-ны өдрөөс хойш тухайн орон сууцны хамтран өмчлөгч болсон. Бидний эцэг Н.Г- 2000 оны 05 сарын 12-ны өдөр нас барсан ба төрсөн эгч Г.У- бидэнд мэдэгдэлгүй орон сууцыг ганцаараа өв залгамжлах эрхийн гэрчилгээ гаргуулан авч тухайн орон сууцны өмчлөгчдийн бүртгэлд өөрчлөлт оруулахдаа 2002 оны 05 сарын 15-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хуурамчаар үйлдэж, бидний хамтран өмчлөх эрхтэй ****** орон сууцнаас биднийг хасуулж, дангаар өмчлөх эрхтэй болсон байна.
Хуульд зааснаар хамтран өмчлөх эрхээс хасах тухай хэлцлийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр хийх ёстой байтал биднээс зөвшөөрөл авалгүй, бидний гарын үсгийг хуурамчаар дуурайж зурж хийсэн байна. Тус хэлцлийг хийх үед бид байгаагүй, өөрсдөө хүсэлт гаргаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, хэн нэгэнд төлөөлөх эрхийн итгэмжлэл ч олгоогүй. Үүнийг бид эгч Г.У-ийн нэхэмжлэлтэй манай ах /дүү/ Г.Д-д холбогдох иргэний хэрэгт биднээс гэрчийн мэдүүлэг авах үед мэдсэн. Иймд хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А-, Г.Ц- нарыг хассан бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга: Би өөрийн хуримтлуулсан мөнгөөр маргаан бүхий орон сууцыг хувьчлагдаагүй байхад нь Л.А- гэдэг хүнээс 1996 оны 12 сарын 14-ний өдөр 4,900,000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцны хувьчлал явагдаж байхад би Германаас аавд итгэмжлэл өгч явуулсан. Аав үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг авахдаа өөрийн болон миний хоёр дүү Г.А-, Г.Ц- нарыг гэрчилгээнд бичүүлсэн байсныг аавд хэлэхэд буцаагаад хасалт хийлгэчихнэ гэж байсан. Би 2002 оны 05 сарын 15-ны өдөр Г.А-, Г.Ц- хоёртой ярилцаад өөрсдийн биеэр нотариат дээр очиж энэ хэлцлийг дүрэм журмын дагуу хийсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Гуравдагч этгээдийн зүгээс гаргасан тайлбарын агуулга: 2002 оны 05 сарын 15-ны өдөр Г.У-, Г.А-, Н.Г-, Г.Ц- нарын 4 хүний өмчлөл бүхий ***** дүүргийн ****** ******байрны ****** 29 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч Н.Г- 2000 оны 05 сарын 12-ны өдөр нас барсан учраас түүнд ногдох хэсгийг өвлөхөөр хууль ёсны өвлөгч Г.У- өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан, түүний хүсэлтээр орон сууцны өвлүүлэгчид ногдох хэсгийг охин Г.У-т өвлүүлэн гэрчилгээ олгохдоо өв залгамжлалын бүртгэлийн дэвтрийн 2020 оны 05 сарын 15-ны өдрийн бүртгэлийн 01 дугаарт Г.У-, хамтран өмчлөгчид болох Г.А-, Г.Ц- нарыг бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан гэрчилсэн байна. Бүртгэх байгууллага нь өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Г.У-, Г.А-, Г.Ц- нарын дундын өмчлөлд орон сууцыг бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Тухайн өдрөө өмчлөгч өөрчлөгдөж Г.У-, Г.А-, Г.Ц- нарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гармагц талууд хамтран өмчлөгч хасагдах хэлцэл хийсэн байна. Энэ нь 2002 оны гэрээний бүртгэлийн 35 дугаарт бүртгэгдэж гэрчлэгдсэн. Тухайн үед гэрээний талуудыг биеэр байлцуулан иргэний үнэмлэхээр хувийн байдлыг тогтоож, гэр бүлийн гишүүдтэй тохиролцсоны үндсэн дээр тусдаа амьдрах болсон шалтгаанаар хамтран өмчлөгчөөс хасуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх ба холбогдох хэлцэл болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг тус тус зуржээ. Иймд Г.У-, Г.А-, Г.Ц- нарын хооронд байгуулсан хамтран өмчлөгч хасуулах тухай гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлгүй байх тул ***** дүүргийн **** хороо, ******байрны ******од байх орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А-, Г.Ц- нарыг хассан бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Г.А-, Г.Ц- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хуульд зааснаар хамтран өмчлөх эрхээс хасах тухай хэлцлийг хамтран өмчлөгчдийн зөвшөөрлөөр хийх байтал биднээс зөвшөөрөл авалгүй, бидний гарын үсгийг хуурамчаар зурсан нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож Г.Ц-гийн хувьд дөрвөн удаагийн шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг биш гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх ...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд хороондоо зөрүүтэй байна..." гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон. Харин Г.А-ийн хувьд таван удаагийн шинжээчийн дүгнэлтээр гарын үсгийн талаар янз бүрийн байдлаар дүгнэлт гарч байсан. Шүүхээс "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй гэж дүгнэхдээ яагаад уг дүгнэлтийг үндэслэлгүй талаар тайлбарлаагүй. Хэлцэл хийгдсэн гэх 2002 оны 05 сарын 15-ны өдөр Г.А- нь Монголд байгаагүй бөгөөд 2001-2006 он хүртэл Швед болон Герман улсуудад амьдарч байсан, 2002 онд Шведэд өөрийн охиноо төрүүлж байсан учир сүүлийн шинжээчийн дүгнэлт нь бодит, нийцсэн дүгнэлт байсан.
Шүүгчээс зохигчийн хооронд хийгдсэн "Орон сууцны өмчлөлөөс хасуулах хамтран өмчлөгч хасуулах тухай" хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр болон баримтгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн нэхэмжлэгч нарыг ***** дүүргийн **** хороонд орших ****** өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хассан бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргасан. Шүүгч бидний гаргасан тайлбарыг буруугаар гуйвуулан шийдвэрт тусгасан байна.
Эгч Г.У- нь бидэнд мэдэгдэлгүй дундын өмчлөлийн орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулж бидний өмчлөх эрхийг зөрчсөнийг Г.У-ийн нэхэмжлэлтэй, манай дүү /ах/ Г.Д-д холбогдох иргэний хэрэгт биднээс гэрчийн мэдүүлэг авах үед олж мэдсэн талаар шүүхэд тайлбарласан. Тухайн орон сууцны өмчлөгч бид бүгдээрээ тухайн орон сууцыг Г.Д-гийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ биелүүлэх шаардлагатай болсон нөхцөл байдлыг шүүгч Г.Д-гийн хөрөнгийг, эрх ашгийг хамгаалах гэж байгаа гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна" гэсэн нь бидний өмчлөх эрхээ хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг бодит байдлаас зөрүүтэйгээр тайлбарласан гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлт 5 удаа гарсан. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй талаар тайлбарласан нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ба хоорондоо зөрүүтэй. Тиймээс шүүх аль дүгнэлтийг үнэлэх нь эргэлзээтэй. Г.Д-гийн эрх ашгийн төлөө нэхэмжлэгч нар хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2002 оны 05 сарын 15-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл нь Нотариатын тухай хууль болон бусад хууль журамд нийцсэн. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч Г.А-, Г.Ц- нар нь хариуцагч Г.У-т холбогдуулан ***** дүүргийн **** хороо, ******байрны ******од орших орон сууцны хамтран өмчлөгчөөс Г.А-, Г.Ц- нарыг хассан бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр нотариатч Б.Гэрэл оролцсон байна.
3. Нэхэмжлэгч нар дээрх хэлцлийг үндэслэн Г.А-, Г.Ц- нарыг ***** дүүргийн **** хороо, ******байрны ******од орших орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хассан улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй эсэхийг шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шалгаж, тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болно.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа бүртгэл хүчингүй болгуулах гэж тодорхойлсон ч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа, маргаж буй орон сууцны хамтран өмчлөгчөөс нэхэмжлэгч нарыг хасуулах хэлцэлд оролцоогүй, тухайн үед байлцаж гарын үсэг зураагүй гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарлаж, зохигчийн хооронд хийсэн хэлцлийг хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох хүсэл зоригийг илэрхийлснээс үзвэл хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэх агуулгаар маргасан гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх тодорхой бус нэхэмжлэлийг хүлээн авсан бол түүнийг тодруулсны эцэст нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Иймээс нэхэмжлэгч нарын хүсэж буй шаардлага, түүний бодит байдал ба үр дагаврыг тодорхойлсон үндэслэлийн зөрүүтэй байдлыг шүүх тодруулсны эцэст тухайн хэлцлийн талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нар хэлцлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахыг хүссэн бол тухайн нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хэрэв нэхэмжлэгч нар шаардлагаа буруу тодорхойлсон бол шүүх тодруулах замаар хэргийг хянан шийдвэрлэх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагаа явуулж хэргийг хянан шийдвэрлэх, улмаар хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
4. Нэхэмжлэгч Г.Ц- 1984 оны 07 сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд 2002 оны 05 сарын 12-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийх үед 17 нас 10 сартай байжээ. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж 18 насанд хүрснээр бий болох учир дээрх хэлцэлд нэхэмжлэгч Г.Ц- гарын үсэг зурсан эсэх нь ач холбогдолгүй.
Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэгт зааснаар 14-18 насны иргэн нь өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах, уг орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах болон өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийхээс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийх эрхгүй байдаг.
Нэхэмжлэгч талаас тухайн хэлцлийг хийхэд нэхэмжлэгч Г.Ц- оролцсон, гарын үсэг зурсан гэж тайлбарласан бөгөөд хэлцэл хийхэд Г.Ц- хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан оролцсон бол хамтран өмчлөгчөөс хасахыг зөвшөөрсөн болон хүлээлгэн өгсөн гэсэн хэсэгт түүнийг төлөөлөн хэлцэлд хэн гарын үсэг зурсан, мөн 2002 оны 05 сард Г.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч буюу асран хамгаалагч нь хэн байсныг тус тус тодруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгч Г.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч хэн байсан болох нь тогтоогдоогүй байна.
Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, мэтгэлцээгүйн зэрэгцээ шүүх Г.Ц- нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болоогүй байхдаа хэлцэлд оролцсон эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч хэлцэлд төлөөлөн оролцсон эсэхэд дүгнэлт хийгээгүй, энэ талаар талуудаас тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэснийг шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй гэж үзнэ.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хангалттай бүрдүүлээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн талаар шүүх бүрэн, бодитой дүгнэлт хийсэн гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
6. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/01342 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 372,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ