Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 348

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Г

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн  нарийн бичгийн дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П, нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний Б/29 дүгээр тушаалыг эс зөвшөөрөн, урьдчилан шийдвэрлүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан. Гомдлыг хангаж шийдвэрлэсэн ч захиргаа уг шийдвэрийг биелүүлэхгүй байх тул “ажлаа чөлөөтэй сонгох” эрх зөрчигдсөнийг сэргээлгэх зорилгоор дараах үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд өвчтэй байсан. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж байна. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасныг зөрчиж байна. Иймд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

  Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2016  оны 12 дугаар тогтоол гарснаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан. Шинээр яам байгуулагдсантай холбогдуулан Уул уурхайн яам /хуучнаар/-ны албан хаагчдыг Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 104 дүгээр тушаалаар тус тусын албан тушаалаас нь чөлөөлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүлсэн байдаг. Монгол Улсын Засгийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан.  Уг тогтоол гарсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталсан байна. Шинээр батлагдсан бүтэц, орон тоо, ажпын байрны тодорхойлолттой уялдуулан Уул уурхайн яам болон Аж үйлдвэрийн яамнаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд шилжиж ирсэн албан хаагчдыг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн төрийн алба хаасан хугацаа, мэргэжил, мэргэшил, ур чадварыг нь харгалзан тохирох албан тушаалд нь томилсон болно.

Үүнтэй холбогдуулан шинээр байгуулагдсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамы Төрийн захиргааны удирдлагын газрын орон тоонд М.Ггийн өмнө ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг бүхий ажлын байр хадгалагдан үлдээгүй байна. Иймд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар М.Гг Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж 6 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч М.Г нь дээрх тушаал гарах үед өвчтэй байсан тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр Хүртэл хугацаанд эмчийн акттай байсан гэх боловч эмчийн акт нь манай яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газарт албан ёсоор ирээгүй байдаг. Өвчтэй байгаа тухайгаа тушаал гарч, түүнд мэдэгдсэний дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яаманд мэдэгдсэн боловч эмнэлгийн магадалгаа бус, харин хувийн эмнэлгийн тодорхойлолт авчирсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт заасан “...эмнэлгийн магадалгаагаар чөлөөтэй байгаа” гэдэг шаардлагыг нотлох баримт биш бөгөөд түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үүрэг хүлээх үндэслэлгүй байсан. Иймд  М.Гг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хууль үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу М.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Төрийн захиргаа удирдлагын газрын дарга өөрийн олон жил хамт ажиллаж байсан хүнийг томилж, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасныг зөрчиж байна. Уг тушаал гардаг өдөр М.Г миний бие өвчтэй, эмнэлгийн эмчилгээ, шинжилгээ, оношлогоо хийлгэж байсан. Ажилдаа очоогүй нь миний хурууны хээгээр батлагдана. Цалингийн тодорхойлолт хавсаргаж өгсөн нь надад хамааралгүй. Миний ажилдаа очсон очоогүй талаар хэргийн материалын 6 дугаар хуудсанд байгаа акт, хурууны хээгээр батлагдана. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-г зөрчсөн гэж үзэж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр халж байгаа бол 30-45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой гэж заасан. Энэ заалтыг зөрчиж, өвчтэй байхад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуудаад халсан. Мөн тушаалдаа дурдахдаа 2016 оны Засгийн Газрын 3 дугаар тогтоолыг үндэслэсэн гэсэн. Үүнийг үндэслэж байгаа нь зөрчилтэй байна. Засгийн газрын 2016 оны Яамдын зохион байгуулалт, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 3 дугаар тогтоолд Яамдын бүтэц, орон тоо өөрчлөгдөхөд газар хэлтэс хамааралгүй болно гэж заасан. Уул, уурхайн яам өөрчлөгдсөн ч гэсэн шинээр байгуулагдаагүй. Хуучин байсан яам өнөөдрийг хүртэл Төрийн захиргаа удирдлагын газар нь хэвээр хадгалагдсан. Миний ажлын байрны тодохойлолт байсан чиг үүргүүд бүгд хадгалагдан байгаа. Ийм байхад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдээгүй гэж тушаалдаа заасан нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М.Г 2015 оны 12 дугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажилд орсон. Ийнхүү ажилд орохдоо Төрийн захиргаа, удирдлагын газарт хөдөлмөрийн гэрээгээр ажилд орсон байдаг. Энэ нь өөрөө анхнаасаа нэхэмжлэгч ажилд орохдоо хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албанд ажилд орох гэж байгаа бол төрийн албан хаагчийн шалгалт өгөөд сонгон шалгаруулалтаар ороод, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр тушаал гаргуулаад ажилд авна гэсэн бүх тавигдах шаардлагуудыг зөрчөөд ажилд орсон. Ажилд ороод 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бидний ярьж заншсанаар жинхэлсэн. Жинхлэхдээ сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах, салбарын шагнал, яамны дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ахлах мэргэжилтэн болсон байдаг. Чиг үүрэг нь хэвээрээ үлдсэн байдаг. Засгийн Газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор яамны орон тооны хязгаарыг батлаад, тухайн үед Уул, уурхайн яам гэж байсныг өөрчлөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгож, бүтэц, орон тооны дээд хязгаарыг 78 орон тоогоор баталсан. Хоёр яам нэгдэж байгаа. Бүтэц, орон тооны хязгаар 78 байхаар тогтоогдсон учраас яамны орон тооны бүтэц, зохион байгуулалтын үйл ажиллагааны бүтцийг шинээр батлах зайлшгүй шаардлагатай болсон. Энэ шаардлагын улмаас 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргын Б/13 тоот, Б/11 тоот тушаалуудыг гаргаад ажлын байрны орон тооны хязгаар, нэрсийг баталсан. Хуучнаар Төрийн захиргаа, удирдлагын газрын сургалт, нийгмийн баталгаа, хамтын хэлэлцээр, салбарын шагнал хариуцсан ахлах мэргэжилтний орон байхгүй болсон. Тухайн үед 5 орон тоотой байсан Төрийн захиргаа, удирдлагын газрын орон тоо багасаад 1 ахлах мэргэжилтэн, 3 мэргэжилтэнтэй болсон. Нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан байдаг. Нэхэмжлэгч эмнэлгийн магадалгаатай байх үед чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Эмнэлгийн магадалгааг тухайн үед хүлээж аваагүй. Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаж хүсэлт ирүүлсэн байдаг. Уг хүсэлтдээ Гранд мед гэдэг эмнэлгийн тодорхойлолтыг дурдаад, тэр бол эмнэлгийн магадалгаа биш. 3 сарын чөлөө олгож өгөхийг хүссэн байдаг. Нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд энэ тушаалын талаар мэдсэн байсан. Тэр үед эмнэлгийн магадалгаагаа авч ирж өгөөгүй. Гранд мед гэдэг эмнэлгийн тодорхойлолтыг авч ирж өгөөд энэ хүсэлтийг гаргаж байсан. Нэхэмжлэгчийг тухайн үед өвчтэй байсан болохыг тогтоох боломж байхгүй. Хавтаст хэрэгт н.Саруултуяа гэсэн эмчийн эмнэлгийн магадалгаа байгаа. Энэ магадалгааг хэзээ ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд авч ирж өгөөгүй. Энэ хүнийг эмнэлгийн магадалгаатай, чөлөөтэй байсан гэдгийг мэдэх, мэдсэний үндсэн дээр Төрийн нарийн бичгийн даргын тушаалд өөрчлөлт хийх боломж байгаагүй. Өвчтэй байсан нь намайг халах үндэслэл болохгүй гэж тайлбарлаж байна. Засгийн газрын тогтоолын хүрээнд хийсэн Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан эмнэлгийн магадалгаатай байх үед халахгүй гэсэн үндэслэл нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг хязгаарлах нөхцөл болохгүй. Өвчтэй байсан учраас төрийн жинхэнэ албан хаагч ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэж тайлбарлах боломжгүй. Засгийн газрын 03 дугаар тогтоолд дурдсаны дагуу Төрийн нарийн бичгийн даргын тушаалууд гараагүй гэж тайлбарлаж байна. Төрийн нарийн бичгийн даргын Б/13, Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг шаардлага гаргаагүй. Хүчин төгөлдөр байгаа энэ тушаалын дагуу нэхэмжлэгчийн орон тоо хасагдсан. Орон тоо хасагдахдаа ажил, албан тушаал хэвээр үлдсэн гэж тайлбарлаж байна. Ахлах мэргэжилтний орон тоо байхгүй болж, ажлын байр нь хасагдсан. Сургалт, ажиллах нөхцөл, салбарын шагнал, хамтын хэлэлцээр зэрэг чиг үүргүүд нь үлдэж байгаа 3 мэргэжилтнийхээ ажлын байрны тодорхойлолт руу орсон. Нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломж байгаа эсэхийг шалгаж үзэхэд одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа. Яагаад гэхээр энэ хүн анх ажилд орохдоо төрийн албанд ганц ч жил ажиллаж үзээгүй. 2016 оны 02 дугаар сараас эхлээд төрийн албанд 7 сар ажилласан. 7 сар ажилласан хүнийг өөр ажилд шилжүүлэн ажиллах боломж байгаа эсэхийг судлахад тийм боломж байгаагүй. Ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод төрд 5 жилээс доошгүй хугацаагаар ажилласан байхыг шаарддаг, үүнийг нэхэмжлэгч хангахгүй. Мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага мөн ялгаагүй 5 жилээс доошгүй хугацаагаар ажилласан байх, н.Ундармаагийн ажлын байрны тодорхойлолт мөн ялгаагүй төрд 2 жил ажилласан байх, эрх зүйч мэргэжилтэй байх ёстой гэсэн шаардлагыг энэ хүн хангахгүй. Өөр ажил, албан тушаал санал болгоё гэсэн ч нэхэмжлэгч өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн захиргаа, удирдлагын газрын ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байсан. Төрийн албаны тухай хууль өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллахыг санал болгох эсхүл 3 сар хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох гэсэн сонгох нөхцөлтэй. Төрийн нарийн бичгийн даргын Б/29 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Нэхэмжлэгч анх ажилд орохдоо хуулийн дагуу ороогүй. Байхгүй байсан орон тоон дээр ажилд авсан гэдгийг гэрч ч бас баталсан. Байхгүй байсан орон тоог бий болгоод орсон. Орон тоо нь шаардлагагүй байсан учраас 2016 оны Б/14 дүгээр тушаалаар орон тоог нь байхгүй болгож, хасаад Төрийн захиргаа, удирдлагын газарт байгаа бусад ажлын байрыг санал болгоё гэтэл нэхэмжлэгч өөрөө шаардлагуудыг нь хангахгүй. Мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна. Магадалгаагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд авч ирж өгсөн талаараа нотлох баримт хавтаст хэрэгт авахуулаагүй. Өөрөө гуйгаад бичүүлэх боломжтой магадалгаа гэх зүйл хэрэгт авахуулсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хандаж бичсэн хүсэлтдээ зөвхөн Гранд мед эмнэлгийн тодорхойлолт авч ирж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан байгаа нотлох баримтаар энэ хүн 2016 оны 09 дүгээр сарын эхний 10 өдөр бүтэн ажилласан. Энэ нөхцөл байдлуулаас харахад өвчтэй байсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/29 дүгээр тушаал нь хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хүчингүй гэж тооцуулахдаа ямар хуулийн зүйл заалтыг үндэслэх вэ гэдгийг тодорхой хэлсэнгүй. Ямар хуулийн зүйл заалтыг үндэслээд Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухайгаа тодорхой дурдаж өгөх нь зүйтэй байх. Хүчингүй болгох нөхцөл харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ;

  Нэхэмжлэгч М.Г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл эмчийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байх үед ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн, Төрийн захиргаа, удирдлагын газарт хуучин байсан 2 ахлах мэргэжилтний орон тоо шинэ бүтцээр хэвээр байхад орон тоо хасагдсан гэж ажлаас чөлөөлсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар урьдчилан мэдэгдээгүй хууль бус гэж маргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            М.Г Уул уурхайн яаманд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 199 дүгээр тушаалаар хүний нөөцийн туслах ажилтнаар, 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 14 дүгээр тушаалаар мэргэжилтнээр (ТЗ-7-3), 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 77 дугаар тушаалаар ахлах мэргэжилтнээр (ТЗ-8-3), тус тус томилогдон төрийн албанд 6 сар, төрийн жинхэнэ албан хаагчаар 4 сар ажиллажээ.

            Нэхэмжлэгч энэ хугацаанд Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын сургалт, ажиллах нөхцөл, салбарын шагнал, хамтын хэлэлцээр хариуцсан  ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан гэж боловч дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлээгүйн дээр М.Гг Уул уурхайн яамны (хуучин бүтцээр) Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр тушаалаар тус газрын мэргэжилтнээр томилохдоо сул орон тоо зарлагдаагүй, мэргэжилтний орон тоо байхгүй байхад хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зарим чиг үүргийг авч шинээр ажлын байрны тодорхойлолт гарган  ажилд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх, анх ороход тавигдах шаардлагатай нийцээгүй байна.

            Энэ нь тухайн үед Уул уурхайн яамны хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 4-д “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна.” гэж зохицуулсантай нийцээгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Гг Уул уурхайн яаманд анх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 199 дүгээр тушаалаар хүний нөөцийн туслах ажилтны орон тоог шинээр бий болгон хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн буюу ТЗ-7-1 ангилал зэрэглэлийн цалин хангамж эдлүүлж, үүнээс 2 сарын дараа буюу 2016 оны 02 дугаар сард мэргэжилтнээр дэвшүүлэн томилохдоо сул орон тоо зарлагдаагүй байхад өөр мэргэжилтний ажлын байрны зарим чиг үүрэг бүхий ажлын байрны тодорхойлолтыг давхардуулан баталж томилсон, мөн 2016 оны 06 дугаар сард ахлах мэргэжилтнээр томилсон атлаа ажлын байрны чиг үүргийг батлаагүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “....хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.

            Түүнчлэн энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтлана;”, 4.2.2-т “ил тод байх:”, 4.2.4-д “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх:”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх:” гэсэн зарчмуудтай нийцээгүй байна.

             Тодруулбал нэхэмжлэгчийн томилогдон ажиллаж байсан ахлах мэргэжилтний орон тоо, хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь хүний нөөцийн ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан зарим чиг үүрэгтэй давхардсан нь шинээр эмхлэн зохион байгуулагдсан Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар батлагдсан “Яамны зохион байгуулалт, нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай” жагсаалтаар хасагдах үндэслэл болсон гэж дүгнэхээр байна.

            Ийнхүү нэхэмжлэгчийн хариуцаж байсан ахлах мэргэжилтний албан тушаалын ажлын байрны чиг үүрэг  2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар батлагдсан “Яамны зохион байгуулалт, нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай” жагсаалтаар батлагдсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүдийн чиг үүрэгт хамааруулж нэгтгэснээр түүний ажлын байрны чиг үүрэг хасагдсан байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч М.Ггийн томилогдсон ахлах мэргэжилтний ажлын байрны чиг үүргийн давхардлыг арилгаж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар орон тоо хасагдсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн хариуцагчийн Б/29 дүгээр тушаал хууль зөрчөөгүй байна.

            Өөрөөр хэлбэл 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар батлагдсан шинэ бүтцээр “Төрийн захиргаа удирдлагын газрын сургалт, ажиллах нөхцөл, салбарын шагнал, хамтын хэлэлцээр хариуцсан  ахлах мэргэжилтэн”-ий орон тоо байхгүй болж дээрх чиг үүргүүд өөр мэргэжилтний чиг үүрэгтэй нэгдсэн нь тухайн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээргүй байна.

             Нэхэмжлэгч М.Г 2016 оны 06 дугаар сарын 13 буюу ахлах мэргэжилтнээр дэвшин томилогдсон өдрөөс 09 дүгээр сарын 15 буюу ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийт 93 хоног өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн эмнэлгийн магадлагаатай байсан нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

            Харин нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр гарсан бөгөөд нэхэмжлэгч энэ өдөр эмнэлгийн магадлагаатай байсан талаараа байгууллагын эрх бүхий албан тушаалтанд мэдэгдээгүй нь түүнийг эмчийн магадлагаатай байсан гэж үзэхээргүй байна.

            Нөгөө талаар нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл “Гранд мед” хувийн эмнэлэг, Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны “Амгалан өрх” эмнэлэг, тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс  эмнэлгийн магадлагаагаар 93 хоног ажлаас чөлөөлөгдөж байсан нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 124 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас /Лист/ олгох журам”-ын 2.4-д заасан “Амбулаториор эмчлүүлсэн даатгуулагчид эмчлэгч их эмчийн эмнэлгийн хуудсыг нэг удаад 5 хүртэл хоног, нийтдээ 14 хоногоос илүүгүй хугацаагаар олгоно.....14-өөс дээш хоногоор эмнэлгийн хуудсыг олгох шаардлага гарвал өвчтөний биеийн байдал, шинжилгээний дүнг эмнэлэг хяналтын комисс 7 хоног тутам хэлэлцэн эмнэлгийн хуудас бичих хугацааг сунгаж болно.” гэсэн зохицуулалттай нийцээгүй байна.

            Мөн нэхэмжлэгч өвчний учир удаан хугацаанд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байсныг тодорхойлох эмчийн магадлагаа хууль журмын хүрээнд олгогдсон эсэх нь эргэлзээтэйн дээр нэхэмжлэгч энэ тухайгаа байгууллагын захиргаанд мэдэгдээгүй нь хариуцагч түүнийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан “төрийн байгууллага...өөрчлөн байгуулагдаж...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан... “ үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт анх ажилд орохдоо эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр  батлагдсан  ажлын байрны сул орон тоо байхгүй байхад шинээр орон тоо бий болгох замаар орсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд.....сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.” гэж заасантай нийцээгүйн дээр нэхэмжлэгч өмнө нь төрийн байгууллагад ажиллаж байгаагүй нь Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах болон мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан төрийн албанд 4-5 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна.

            Ийнхүү нэхэмжлэгч М.Г төрийн албанд анх орох болзол, шаардлагыг тухайлбал тус яамны ахлах мэргэжилтний ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх чухал шаардлагыг хангахгүй байгаа нь тэрээр Төрийн албаны тухай хуулинд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаагаар хангагдах боломжгүйн дээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэв. 

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.” гэсэн хэдий ч энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан зохицуулалтад хамааралгүй байна.

            Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан чиг үүрэг, албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ   нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.2, 4.2.4, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэгч М.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР