Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0609

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “О” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Э, Ш.А, хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0580 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “О” НҮТББ нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0580 дугаар шийдвэрээр: “1. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.3, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.23, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг Үндэсний аудитын газар даалгаж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” НҮТББ-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А давж заалдах гомдолдоо: “Засгийн газрын тусгай санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг ямар субъект, хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлон заагаагүй байна” гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д шаардах эрхийг тухайн захиргааны байгууллагад олгосон байна. ...Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д тус тус хуульчлан тогтоосон байхад шүүхээс хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүргийг ямар субъект, хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлон заагаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд тухайн жилд Төсвийн байнгын хорооноос баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу улс орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлдэг болно.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан зохицуулалтын хүрээнд Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд Засгийн газраас бүхэлд нь хяналт тавих үүрэгтэй байна.

МУ-ын ЗГ-ын тухай болон МУ-ын ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулиудад заасны дагуу Хууль, зүй дотоод хэргийн яам нь ЗГ-ын бүрэлдэхүүн бөгөөд дээд шатны байгууллага нь Засгийн газар юм. МУ-ын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлд заасан тул өөрт учирсан хохирлыг Засгийн газар нэхэмжлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан зохицуулалтаар, 2-рт захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн ямар эс үйлдэхүй нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдоогүй болно.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан байх бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-ийг баримтлан Үндэсний аудитын газрыг шүүхэд нэхэмжлэл гаргуулахаар даалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэл нь захиргааны акт биш болно.

Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Улсын Их хурлаас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглоно.” гэж заасныг баримтлан хараат бусаар үйл ажиллагааг явуулдаг бөгөөд шүүхээс шууд нэхэмжлэл гаргахаар даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.4-т “Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувийг холбогдох аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр гаргасан актын хувь буюу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр болон төрд учирсан хохирлын талаарх /шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн/ мэдээлэл Төрийн аудитын байгууллагад ирээгүй байгааг анхаарч үзсэнгүй шүүх шийдвэрээ гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 Сэлэнгэ аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М-А” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулж нэхэмжлэл гарган, тус шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр “...төрийн албан хаагч нь албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл нотлогдсон” гэж үзэн Засгийн газрын тусгай сангаас 2.779.027,850 төгрөгийг гаргуулан, “Мон-Апи” ХХК-д олгохоор шийдвэрлэсний[1] дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/166, А/277 дугаар тушаалуудаар[2] Засгийн газрын тусгай сангаас тухайн үнийн дүн бүхий төлбөрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн төлбөр авагчдад олгохоор шийдвэрлэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас нийт 3 удаагийн шилжүүлгээр 2.779.027,850 төгрөгийг “М-А” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.  

Нэхэмжлэгч “О” НҮТББ нь “...Засгийн газрын тусгай сангаас гарсан төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлээс учирсан бодит хохирол болох 2.778.027,850 төгрөгийг нөхөн төлүүлэх үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар Үндэсний аудитын газар биелүүлээгүй” хэмээн үндэслэлээ зааж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх “О” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэл нь дүрмийн зорилгод нийцсэн, зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож байх тул нийтийн өмчийг хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “О” НҮТББ нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Хууль эрх зүйн онол, практикийн судалгаа, харьцуулсан судалгаа, сургалт явуулах” үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ[3] авчээ.

Энэхүү Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрмийн[4] 6.1-д “Хууль эрх зүйн практикийн судалгаа, онолын судалгаа, бусад улс орнуудын тэргүүн ололт, шийдлийг олж илрүүлэх, Монголын хууль зүйн салбарт нутагшуулах, боломж бололцоог эрэлхийлэх замаар Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжил, шинэтгэлд хувь нэмэр оруулах, иргэдийн хууль зүйн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, цаашлаад эрх зүйт төр, эрх зүйт нийгмийг бүрдүүлэх нь үндсэн зорилго болно.” гэж тодорхойлсон байна.   

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2-т тус тус зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг шаарджээ.  

 Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд тусгайлан заасан дөрвөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар зохицуулсан бөгөөд “О” НҮТББ нь нийтийн өмчийг хамгаалахаар буюу Засгийн газрын тусгай санд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх тул уг асуудал тухайн төрийн бус байгууллагын дүрмийн зорилгод тусгагдсан байх, уг зорилгынхоо дагуу гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байхыг ойлгоно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл “О” НҮТББ-аас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Г-тай байгуулсан “Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах судалгааны ажлыг гүйцэтгэх” гэрээ[5], 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Б-О-той байгуулсан “Авилгатай тэмцэх газраас боловсруулсан “Төрийн байгууллагын авилгын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлалын дагуу авлигын эсрэг 2014 онд авч хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийх, дүгнэлт, тайлан бэлтгэх” зорилготой ажил гүйцэтгэх гэрээ[6], мөн 2014 онд “Э т ү” ТББ-тай байгуулсан “Ерөнхий төлөвлөгөөний газрын асуулга, журмын үнэлгээг хийх” ажил гүйцэтгэх гэрээнүүд[7] авагджээ.

Нэхэмжлэгч “О” НҮТББ нь нийтийн өмчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг эдгээр баримтууд нотлохгүй байхын зэрэгцээ, анх шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд цаг хугацааны хувьд сүүлийн гурваас доошгүй жил уг чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 

Нөгөө талаас дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн агуулга, дүрмийн зорилго зэрэгт тусгагдсанаар “...хууль эрх зүйн практик, онолын судалгаа, Монгол Улсын хууль зүйн салбарын хөгжил, шинэтгэлд хувь нэмэр оруулах, иргэдийн хууль зүйн боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, цаашлаад эрх зүйт төр, эрх зүйт нийгмийг бүрдүүлэх...” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нийтийн өмчийг хамгаалах асуудлаар буюу захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотойгоор нийтийн ашиг сонирхлын төлөөлөн үйл ажиллагаа явуулж байгаагүй болох нь тогтоогдож байх тул энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй. 

  Иймд тухайн төрийн бус байгууллагын дүрмийн зорилгод нийтийн өмчийг хамгаалах үйл ажиллагааны чиглэл тухайлан тусгагдаагүй, үйл ажиллагаа тогтвортой явуулаагүй гэж үзэхээр байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу  “О” НҮТББ нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг Үндэсний аудитын газар даалгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0580 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д заасныг баримтлан “О” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Үндэсний аудитын газар нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмчийн нэг хэлбэр болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг тухайн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нийтийн өмч болох Засгийн газрын тусгай санд учирсан 2.779.027.850 төгрөгийн хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхийг Үндэсний аудитын газар даалгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

               2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ   

                      ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН

                      ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтас хэрэг 1-16-24 хуудас

[2] Хавтас хэрэг 2-223-230 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-11 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-32-34 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-30-31 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-35-37 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-38-39 хуудас