Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 138

 

Д.О-, Г.Ө-нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2015/00062/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч     С.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 657 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Д.О-, Г.Ө-нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Ч.Г-д холбогдох, 

          “Гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж, хариуцагчид ногдох хэсгийг олгох” тухай иргэний хэргийг,

          Нэхэмжлэгч Г.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О-, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Ч.Г-тэй 1999 онд танилцаж, 2006 онд гэр бүл болсон нэг хүүхэдтэй 18 насанд хүрсэн, эхтэйгээ хамт амьдардаг. Бид хоёр суусан цагаасаа айлын байр түрээслэж амьдардаг байсан бөгөөд суугаад сар ч бололгүй нөхөр маань архи ууж эхэлсэн, уусан цагаасаа хүү, бид хоёрыг байнга зовоож бид хоёр олон хоног гудамжинд, ажил дээрээ хоног төөрүүлж байсан. Би зодуулсанаас хойш, чих дүлий, зүрх байнга өвддөг, хуруу хугархай, нуруу гэмтэлтэй болсон. Би энэ олон жилийг байнгын дарамтанд байж салья гэж удаа дараа хэлдэг байсан боловч эрүүл болохоороо чи надаас салвал би чинь гудамжинд архичин болно гэдэг байсан. Бид хоёр энэ бизнесээрээ орлого олж 8 хувийн зээлд хамрагдаж байртай болсон, энэ олон жил архи ууж агсан тавьдаг, байнгын түгшүүр төрүүлж зоддог нөхөртэй л амьдарч ирсэн, олон зээл авсан болохоор зээлээ яаж төлөх вэ, өрнөөсөө яаж гарах вэ гэж бодсоор олон жилийг ардаа орхисон байна, нөхөр 2012 онд сонгуулийн сурталчилгаанд Хөвсгөл аймагт явж ирсэнээс хойш хүйтэн хөндий болж сурталчилгаанд явж байхдаа нэг хүүхэнтэй танилцаад түүнтэйгээ амрагийн харьцаа тогтоогоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд тэр хүүхэн дээрээ очихын тулд надад худлаа хэлж 150 сая төгрөгийн зээлийг авахуулсан. Миний дүү О-ээс 40 сая, наймаа хийдэг хүмүүсээс 50 сая, Улаанбаатар хотод Банк бус санхүүгийн байгууллагаас 55 сая төгрөгийн зээл аваад алга болсон.

Одоо Хөвсгөл аймагт нөгөө хүүхэнтэйгээ хамт амьдарч байгаа тиймээс Ч.Г-эс  гэрлэлтээ цуцлуулж,  гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20 хороолол, 4 байр, ******* тоот орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ч.Г-д ногдох хэсгийг гаргуулж олгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.  

Нэхэмжлэгч Г.Ө-түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие аав Ч.Г-эс гэр бүлийн дундын хөрөнгөнөөс ноогдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гарган шүүхээр шийдвэрлүүлэн явж байгаа юм. Аав ******* нь бидний дундын өмчлөлийн орон сууцаа “*******”-д 2014 оны 06 сарын 10-ны өдөр зээлийн барьцаанд тавин 55,000,000 төгрөгийн зээл авч хамтран амьдарч байгаа хүүхэнтэйгээ хуйвалдан элсний орц газар авсан байсан юм. Ингээд бид 2014 оны 12 сард Дархан-Уул аймаг дахь сум дундын 7-р шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрлэлт цуцлах Дархан сум 5 баг 20 хороолол 4 байрны ******* тоот Ү2003008350 тоот орон сууцаа гэр бүлийн гишүүн болох ээж Д.О-  хүү Г.Ө-нарт орон сууцыг өмчлөлд үлдээж ноогдох хувь болох 18,333,000 төгрөгийг Ч.Г-д олгохоор сум дундын анхан шатны шүүх шийдвэрлэсэн юм. Нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлээ бүрэн дэмжин шаардлага гаргаж байна. Дээрх 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.О-, Г.Ө-нарын өмчлөлд үлдээж хариуцагч Ч.Г-д ноогдох хувь гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ч.Г-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие эхнэр болох Д.О-тэй 1999 онд танилцаж, хүү Г.Ө-төрж 2006 онд гэрлэлтээ батлуулсан, таарамжгүй харьцаанаас болж сэтгэлээ дийлэлгүй үргэлж биш ч гэсэн архи уудаг байсан нь үнэн, зодсоноос болж түүний чих дүлий, нуруу гэмтэлтэй болсон талаар би санал нийлэхгүй, хуруу хугарсаны хувьд би хаалга барьсаныг нь мэдэлгүй хүчтэй хаасны улмаас гэмтээсэн нь үнэн. Хүнсний бизнесийн орлого их биш ч гэсэн өөрсдийн орлого, найз нөхдийн дэмжлэгтэй 2012 онд орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаж чадсан. Зээлийн хувьд миний бие өөрийн найз нөхдөөс бизнесээ дэмжүүлэх зорилгоор 2012-2013 оны хооронд найз ******* 15 сая төгрөг, 4 хувийн хүүтэйгээр, ******* ББСБ-аас сарын 2.5 хувийн хүүтэйгээр 30 сая төгрөг зээлж аваад хэвийн төлөлттэй, үйл ажиллагаа явуулж ирсэн. Миний бие Д.О-тэй амьдрах хугацаандаа хайртай гэж хэлүүлж үзээгүй, халамж дутуу, би энэ гэрээс өмссөн хувцас, солих хувцастай цүнхний хамт л гарсан. Одоогоор би тогтмол орлогогүй ******* ББСБ-ийн зээлийн үлдэгдэл 17 сая төгрөг өөр бусад зээл нийт 36 сая төгрөгийн хүүг нь төлөхөөр хичээж явна. 2013 оноос тус тусын амьдралтай болсон тул гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 

2011 оны 08 сарын 30-ны өдөр тус орон сууцыг Л.Бадамаас худалдах худалдан авах гэрээгээр авсан, гэрчилгээн дээр  Д.О-, Ч.Г- нарын нэр байдаг Г.Ө-ын нэр байдаггүй, гэрлэснээс хойш бий болсон дундын өмчлөлийн зүйл гэдэг дээр маргаагүй. Энэхүү орон сууцыг “*******” хадгаламж зээлийн хоршооны барьцаанд тавьж 55,000,000 төгрөгийг зээлсэн,  мөнгөөрөө дэлгүүр ажиллуулж, хамтын бизнестээ хөрөнгө оруулж, гэртээ засвар хийсэн, тавилга авч зарцуулсан байдаг.

Барьцааны гэрээнд гарын үсэг зураад хамтарч зээл авсан этгээдүүд маань зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хамтын амьдралын туршид бий болсон хөрөнгө одоо бол байхгүй тул үүнээс ногдох хэсэг гаргуулна гэдэг нь боломжгүй. Шүүхийн шийдвэр гарсан байлаа ч энэ шийдвэр биелэгдэх боломжгүй тул энэ байдлыг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна. Барьцааны гэрээнд Ч.Г-, Д.О- нар нь хоёулаа гарын үсэг зурсан байдаг. Дундын өмчлөлийн зүйлээ барьцаанд тавиад түүнээс үүссэн үр шимийг хамтран хүртсэн тул хамтран хариуцлага хүлээх үүрэгтэй. Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага бий гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байдаг гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“*******” хадгаламж зээлийн хоршоо Ч.Гал-Эрдэнийг гишүүнээрээ элсүүлээд 55,000,000 төгрөгийн зээл өгч барьцаа болгон Ч.Г-, Д.О- нарын өмчлөлийн  Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багын 4 дүгээр байрны ******* тоот орон сууцыг  барьцаалсан, гэрээнд Ч.Г-, Д.О- нарын гарын үсэг байгаа, Ч.Гал-Эрдэнийг зээлээ төлөхгүй байсан тул байгаа газрынх нь шүүх буюу Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн.

Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05 өдрийн 0030 дугаартай шийдвэрээр 70,254,900 төгрөгийг “*******” хадгаламж зээлийн хоршоонд төлөх

тухай шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр гарсныг Д.О- мэдээд 2016 оны 01 сарын 07-нд Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхэд хандсаныг харахад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд санаатайгаар зайлсийж байна. Д.О- барьцааны гэрээнд гарын үсэг зурснаар ******* хадгаламж зээлийн хоршоонд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 153.2., 157 дугаар зүйлийн 157.1.3, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр хуулийн 159.1 дэх хэсэгт заагдсан эдгээр зохицуулалтаас харахад барьцааны зүйлийг худалдан борлуулах, энэ хөрөнгөнөөс тэргүүн ээлжинд төлбөр гаргуулах зэрэг эрх нь үүссэн. Ийм байхад гуравдагч этгээдийн шударга эзэмшигчийн эрх ашиг яригдаж эхэлнэ. Иймээс нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч бол нэхэмжилж болно байх гэхдээ гол нь хуваасных нь дараа нэхэх хэрэгтэй. Иймээс гэрлэлт цуцлуулахаас бусад нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 657 дугаар шийдвэрээр:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Чанров овогт Дашхүүгийн Оюунбилэг, Сүүлэнхэн овогт Чимэдийн ******* нарын гэрлэлтийг цуцалж.

2. Иргэний хуулийн 129.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20 хороолол, 4 байр, ******* тоот орон сууцыг өөрсдийн өмчлөлд үлдээж, хариуцагч Ч.Г-д ногдох хэсгийг олгох тухай нэхэмжлэгч Д.О-, Г.Ө-нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 388.150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-эс тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.О-т олгож.

4. Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 652 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдсан гомдолдоо:

Д.О-, Г.Ө-нар нь хариуцагч Ч.Г-эс гэр бүлийн дундын өмч болох Дархан сум 5 баг 20 хороолол 4 байрны ******* тоот хаягт байрлах 39 мк 55,000,000 сая төгрөгний үнэ бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж хариуцагч Ч.Г-д ноогдох хэсгийг гаргуулах,Ч.Г- Д.О- нарын гэрлэлт цуцлах шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан юм. Гэтэл тус шүүх 2016 оны 04 сарын 20-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдэхдээ орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй байна гэжээ. 1. ээж Д.О- хүү Г.Ө-нар *******ийн ззэлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй. Тус ББСБ авсан зээлийг Ч.Г- гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулаагүй бид 2 энэ зээлийг мэдээгүй.

2.Хэрэв ******* ББСБ нь зээлийг гэр бүлийн хэрэгцээндээ ашигласан гэж үзэн байсан бол Хөвсгөл аймгийн сум дундын 27-р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ч.Г-д манай байгуулага 2014 оны 06 сарын 10 өдөр 492 тоот зээлийн 492/01 тоот барьцааны гэрээгээр 55,000,000 сая төгрөгийг 6 сарын хугацаатай 2,8 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм гэж  Ч.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Дээрх нэхэмжлэлийг тус шүүх хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулмйн 74 дүгээр зүйлийн 74.2 зааснаар зээлийг Ч.Г- төлөхөөр хариуцагчын зөвшөөрлийг баталж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, дээрх үйл баримтаас харахад зээлж авсан мөнгө нь гэр бүлийн хэрэгцээнд ашиглаагүй гэдэг нь нотлогддог.

Ч.Г- *******-аас зээл авах талаар бидэнд хэлж бидний зөвшөөрлийг бичгээр авсан бол энэ талаар бид маргахгүй байсан.

Иргэний хуулийн 128-р зүйлийн 128.2 заасанаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заажээ. Хэрэв зээлийг ээж аав хоёр хоёулаа авч гэр бүлдээ ашигласан бол ******* ББСб нь Хөвсгөл аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамран хариуцагчаар ээжийг татан оролцуулах байсан гэж үзэж байна. Шүүх гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ноогдох хөрөнгийн хэмжээгээр өрийг нь хуваах ёстой. Гэр бүлийн гишүүдийн өрийг хувийн болон дундын гэж ялгах ёстой жишээ нь хувийн өр гэдэг нь гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн өр үүнээс үзэхэд Ч.Г- нь *******-тай өөрөө гэрээгээр үүрэг хүлээсэн байдаг. Д.О- Г.Өнөнболд бид хоёр тус ******* ББСБ-д зээлийн гэрээний үүрэг хүлээгээгүй учир гэр бүлийн дундын өмчлөлийг хуваахгүй шийдвэрлэж байгааг зөвшөөрөхгүй байна.

Гомдолын үндэслэл нь Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хамтран амьдарч байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэжээ. Дээрхи хууль зүйн үндэслэлээр Дархан сум 5 баг 20 хороолол 4 байрны ******* тоот 3 өрөө орон сууц  3 хүний  дундын өмч юм. Иргэний хуулийн 129-р зүйлийн 129.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн нь гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ноогдох хэсгийн талаар маргавал гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг нь тодорхойлно гэж зааж мөн хуулийн 129.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүн ногдох эд хөрөнгийн хэмжээг гэр бүлийн бүх гишүүдэд адил байна гэж заасан хууль зүйн зохицуулалт байдаг тул Ч.Гал-Эрдэнийн ногдох хувийг ээж бид 2 төлж шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Гэтэл шүүх ******* ББСБ барьцааны үүрэг дуусгавар болоогүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тус хэрэг маргаанд ******* ББСБ нь бие даасан шаардага гаргаагүй гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.5-д бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийвдэрлэхгүй гэсэн заалттай байдаг.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр  гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрийн зээлийн төлбөрийн талаар байнга маргаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 29-р зүйлийн 29.4 зааасан эрхийг эдэлж оролцох ёстой гэж үзэж байна. Шүүх иргэний хуулийн 129-р зүйлийн 129.1.1,129.2, 130-р зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан бидний дундын өмчлөлийн орон сууцыг Д.О-, Өнөболд бидэнд үлдээн аавд ноогдох хувийг ээж бид хоёроос гаргуулахаар шийдвэрлэх боломжтой байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О- хариуцагч Ч.Г-д холбогдуулж гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох орон сууцыг нэхэмжлэгч Д.О-, Г.Ө-нарын өмчлөлд үлдээж, хариуцагчид ногдох хэсгийг олгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Ч.Г- гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, дундын өмчлөлийн орон сууцыг өөрийн болон хүү Г.Ө-ын өмчлөлд үлдээж, хариуцагч Ч.Г-д ногдох хэсгийг тодорхойлох шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу зохигчдын гэрлэлтийг цуцалж, дундын өмчлөлийн орон сууцыг Д.О-, Г.Ө-нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ч.Г-д ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар бидний дундын өмчлөлийн орон сууцыг бидний өмчлөлд үлдээж, хариуцагч Ч.Г-д ногдох хэсгийг биднээс гаргуулж өгнө үү гэж давж заалдсан гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хөрөнгө гэдэгт гэр бүл болсноо эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн нөхөр, эхнэрийн мөн гэрлэгчидтэй хамтран амьдардаг гэрлэгчдийн төрсөн, үрчилсэн, дагавар хүүхэд, төрөл садангийн хүмүүсийн хамтран өмчлөх дундын болон хуваарьт хөрөнгийг хамааруулан ойлгох бөгөөд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үздэг.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байрны ******* тоот орон сууцыг гэрлэгчид 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр бусдаас худалдан авч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авснаар гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болсон нь нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан боловч хариуцагч Ч.Г- нь 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр   “*******” Хадгаламж зээлийн хоршооноос 55.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 2.8 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн үүргийн гүйцэтгэлд гэр бүлийн дундын өмчлөлийн дээрх орон сууцыг барьцаалсан болох нь нотлогдож байна. Дээрх зээл болон барьцаа хөрөнгийн талаар шийдвэрлэсэн Сум дундын 27 дугаар шүүхийн  2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн захирамж хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “*******” Хадгаламж зээлийн хоршоо барьцааны хөрөнгөөр тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой боловч анхан шатны шүүх гэр бүлийн өмчлөлийн дундын эд хөрөнгийг хуваах тохиолдолд барьцаагаар хангагдах үүргийг гэрлэгчдийн хэн нь хэрхэн хариуцахыг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэвэл зохино. Өөрөөр хэлбэл Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Д.О- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.        

                                   

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       С.ЭНХЖАРГАЛ                                

                                                                                                            Л.АМАРСАНАА