Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Хэргийн индекс: 135/2015/00062/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоотод оршин суух, Чанрав овогт Дашхүүгийн Оюунбилэг /РД:ТЖ69111663, утас: 9910 2896/,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг 20 хороолол 4 байрны 63 тоотод оршин суух Сүүлэнхүү овогт Гал-Эрдэнийн Өнөболд /РД:ТА97032739/ нарын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг 20 хороолол 4 байрны 63 тоотод оршин суух Сүүлэнхэн овогт Чимэдийн Гал-Эрдэнэ /РД:РЮ70082716, утас: 9593 1000/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж, хариуцагчид ногдох хэсгийг олгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагч Ч.Гал-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох Ч.Гал-Эрдэнэтэй 1999 онд танилцаж 2000 онд гэр бүл болсон. Бид 2 суусан цагаасаа л айлын байр түрээслэж амьдардаг байсан. Бид 2 гэрлээд сар ч бололгүй архи ууж хүү бид хоёрыг байнга зовоодог байсан. Хүү бид хоёр олон хоног гудамжинд ажил дээрээ ч хоног өнгөрүүлж байсан. Би зодуулснаас болж чих дүлий зүрх байнга өвддөг, хуруу хугархай, нуруу гэмтэлтэй, нөхөр сүүлд гутлаараа нүд рүү цохисноос нүд өвчтэй, шөнө унтахаар унтаж болдоггүй зэрэг олон  гэмтэл  авсан.  Би энэ олон жилийг байнгын дарамтанд байж, салъя гэж удаа дараа хэлдэг байсан боловч эрүүл болохоороо “чи надаас салбал би чинь гудамжны архичин болно ш дээ” гэдэг байсан. Ч.Гал-Эрдэнэ архи уугаад байхаар нь арга бараад 2013 онд 1 сая төгрөгөөр архинаас гаргах эмчилгээ хийлгэж байсан. Би энэ олон жилийн амьдралаа архи ууж агсан тавьдаг, байнгын түгшүүр төрүүлж, зоддог нөхөртэй л амьдарч ирсэн юм.

Бид 2002 оноос эхлэн хүнсний бизнес хийж эхэлсэн. Бизнесээрээ орлого орж 2012 онд 8% зээлд хамрагдаж байртай болсон юм. Байраа засахын тулд аавынхаа хашаа байшинг 14 сая төгрөгийн барьцаанд тавьж засвар хийж байсан. Сүүлдээ олон зээл авсан болохоор зээлээ яаж төлөх вэ, өрнөөсөө яаж гарах вэ гэж бодон зүтгэж олон жилийг ардаа орхижээ. Ч.Гал-Эрдэнэ 2012 онд УИХ гишүүн Энх-амгалангийн сонгуулийн сурталчилгаанд явснаасаа хойш л хүйтэн, хөндий болсон сонгуулийн сурталчилгаанд явж байхдаа нэг хүүхэнтэй танилцан түүнтэйгээ амрагийн харьцаа тогтоогоод нилээдгүй хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд тэр хүүхэн лүүгээ явахын тулд надад “найз нь том бизнес хийх гэж байгаа, санаа зоволтгүй, одоохон чи бид 2 томорно” гэх зэргээр худлаа хэлэн нийт 150 сая төгрөгийн зээлийг авахуулсан юм. Миний дүү Оюунгэрэлийн авсан зээлийг нь удаахгүй өгнө гэж хэлэн 40 сая төгрөг, биржийн наймаа хийдэг хүмүүсээс 50 сая төгрөг, Улаанбаатар хотод “Май капитал” ББСБ-аас 55 сая төгрөг авч алга болсон юм. Олон удаа нэг ч төгрөггүй ирж надаас мөнгө авчихаад л нөгөө хүүхэн лүүгээ явдаг байсныг мэддэгггүй явж ирсэн юм. Нэг өдөр гэртээ ирээд усанд орж байхад нь мессэжийг нь уншихад “миний хайр хоолоо сайн идээрэй, ээж Ханх сум руу явсан, үнсье” гэсэн мессэж ирсэн байсан. Тэгээд миний дотор муухай оргиод л хачин болсон, надад үнэхээр хүнд цохилт болсон. Энэ байдлыг асуух гэтэл цүнхэнд хамаг хувцасаа хийгээд бэлдсэн байсан, тэгээд л зугтаасан. Одоо утсаа ч авахгүй, ор сураггүй болсон. Миний бие одоо их хүнд байдалд байгаа, өртэй хүмүүс нь надаас нөхрийн өр нэхээд намайг хаяад явсан гэж хэлэхэд хэцүү, өөрийнх нь нэр хүндийг унагаахгүй гэж хүлээсээр байгаад ийм байдалд орсон юм. Миний биеийн байдал муу татдаг болсон. Нойр хүрэхгүй, эм ууж унтаж байна. Ч.Гал-Эрдэнэ Хөвсгөлд хүнтэй суугаад тэндээ амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот орон сууцыг өөрсдийн өмчлөлд үлдээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Ч.Гал-Эрдэнэд ногдох хэсгийг өгнө” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Өнөболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие аав Ч.Гал-Эрдэнээс гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Аав Ч.Гал-Эрдэнэ нь бидний дундын өмчлөлийн орон сууцаа “Май капитал” ББСБ-д 2014.06.10-ны өдөр зээлийн барьцаанд тавин 55.000.000 төгрөгийн зээл авч хамтран амьдарч байгаа хүүхэнтэйгээ хуйвалдан элсний орд газар авсан байсан юм.

Ингээд ээж анх 2014 оны 12 сард Дархан-Уул аймаг дахь сум дундын 7 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрлэлт цуцлах, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот, Ү-2003008360 дугаарт бүртгэлтэй орон сууцыг Д.Оюунбилэг, Г.Өнөболд нарын өмчлөлд үлдээлгэхээр шаардлага гаргаж байсан. Одоо би насанд хүрсэн тул нэхэмжлэлээ бүрэн дэмжин шаардлага гаргаж байна. Дээрх 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Оюунбилэг, Г.Өнөболд нарын өмчлөлд үлдээж, хариуцагч Ч.Гал-Эрдэнэд ноогдох хувь олгох хүсэлтэй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Өнөболд 1997 оны 3 дугаар сард төрсөн. Д.Оюунбилэг, Ч.Гал-Эрдэнэ нарын хүү нь юм. Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж 55.000.000 төгрөгийн ногдох хувийг гаргаж өгье гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Орон сууц “Май капитал” хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байна. Зээлийн үүргийг хэн хүлээсэн бэ гэдгийг тодруулаагүй гэж хэрэг Улсын дээд шүүхээс хүчингүй болсон. Д.Оюунбилэг хариуцагч Ч.Гал-Эрдэнээс 150.000.000 төгрөг авах ёстой. Одоог хүртэл Д.Оюунбилэг уг зээлийг төлж байгаа. Санхүүгийн боломжгүй болсон учраас хүү Г.Өнөболдоо сургуулиас нь гаргасан. “Май капитал” хадгаламж зээлийн хоршооны 55.000.000 төгрөгийн гэрээнд Д.Оюунбилэг гарын үсэг зураагүй тул зээлийг төлөх үүрэггүй. Нэхэмжлэгч нар 18.330.000 төгрөгийг Ч.Гал-Эрдэнэд өгөөд байраа өөрсдөө авъя гэж байгаа. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 129.3-т гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноор гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлохдоо гэрлэгсдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөр өөр тогтоож болно гэж заасан. Иргэний хуулийн 129.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт орон сууцыг үлдээж, ногдох хувийг нь гаргуулах нь хууль зүйн үндэслэл гэж үзэж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Улсын дээд шүүхийн тогтоолыг тодруулах зорилгоор зээл төлөх үүргийг хэн хүлээсэн бэ гэдэг талаар тодруулахаар Эд хөрөнгийн улсын бүртгэлээс лавлагаа гаргуулахад “Май капитал” хадгаламж зээлийн хоршоог төлөөлж Энхтуяа, зээлийн үүргийг Ч.Гал-Эрдэнэ хүлээсэн байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч Ч.Гал-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Д.Оюунбилэгтэй 2000 онд гэр бүл болсон. Хүү ээжийгээ дагаж ирсэн. Би бизнесээ авч явах гэж найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ зээл авдаг байсан нь үнэн. Архи уух үедээ Д.Оюунбилэгийг гомдоож байснаа үгүйсгэхгүй. Би найз Тогмидоосоо бизнест хэрэглэх гэж 30.000 доллар авч байсан. Манай найз зүрхний хагалгаанд явах шаардлагатай болсон тул Солонгос улс руу эмчилгээнд явах гэж надаас мөнгөө авахаар манайд ирсэн. Тогмид, Д.Оюунбилэг бид гурав энэ байдлаас хэрхэн гарах вэ гэж ярилцаад Чингүүнжавтай ярьсан. Тэр хүн орон сууцныхаа гэрэл зургийг нь аваад ир гэж  хэлсэн. Би Тогмидтой хамт гэрэл зургийг нь авч очсон. Эрдэнэчимэгээс 8.500.000 төгрөг, Саранцэцэгээс 15.000.000 төгрөг авсан. Энх-Амгалан надад тусалж байсан нь үнэн. Анх энэ байрыг 30.000 долларын барьцаанаас чөлөөлөхийн тулд Д.Оюунбилэг, Тогмид бид гурав ярилцаад Хас банкны зээлийн үлдэгдэл 32.000.000 төгрөгийг чөлөөлсөн. Тухайн өдөр ажил амжихгүй байсан учраас эхлээд Тогмид бид хоёр байр тавих газар очсон. Тухайн үед Оюунбилэг орон сууцныхаа гэрчилгээг чөлөөлүүлсэн. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Май капитал” хадгаламж зээлийн хоршоотой зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Д.Оюунбилэг зөвшөөрч байсан учраас барьцааны гэрээн дээр гарын үсгээ зурсан. Би хүний юмыг авсан учраас авсан зүйлээ буцааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Гэр бүл цуцлуулахад татгалзах зүйлгүй. Барьцаа хөрөнгөөр “Май капитал” хадгаламж зээлийн хоршооны өрийг барагдуулах ёстой гэж үзэж байна” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “Май капитал” ХЗХ нь Ч.Гал-эрдэнийг гишүүнээрээ элсүүлээд 55 000 000 төгрөгийг зээл өгч, барьцаа болгон Ч.Гал-Эрдэнэ, Д.Оюунбилэг нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 4 дүгээр байрны 63 тоот орон сууцыг барьцаалсан, гэрээнд Ч.Гал-Эрдэнэ, Д.Оюунбилэг нарын гарын үсэг байгаа.

Ч.Гал-Эрдэнэ зээлээ төлөхгүй байсан тул байгаа газрынх нь шүүх буюу Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхийн 0030 дугаартай шийдвэрээр 70 254 900 төгрөгийг “Май капитал” ХЗХ-д төлөхөөр гарсан. Шүүхийн шийдвэр гарсныг Д.Оюунбилэг мэдээд 2016 оны 01 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхэд хандсаныг харахад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд санаатайгаар зайлсхийж байна.

Д.Оюунбилэг барьцааны гэрээнд гарын үсэг зурснаар “Май капитал” ХЗХ-нд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1., 153.2., 157 дугаар зүйлийн 157.1.3, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулах, энэ хөрөнгөнөөс тэргүүн ээлжинд төлбөр гаргуулах зэрэг эрх нь үүссэн.

Ийм байхад гуравдагч этгээдийн шударга эзэмшигчийн эрх ашиг яригдаж эхэлнэ. Иймээс нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч бол нэхэмжилж болно байх гэхдээ гол нь хуваасных нь дараа нэхэх хэрэгтэй. Иймээс гэрлэлт цуцлуулахаас бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Оюунбилэг, Г.Өнөболд нар нь хариуцагч Ч.Гал-Эрдэнэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, дундын өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд үлдээж, хариуцагчид ногдох хэсгийг олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар  шийдвэрлэнэ.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, тэдний хүү Г.Өнөболд 18 насанд хүрж, эрх зүйн бүрэн чадамжтай болсон байгаа ч зохигчид эд хөрөнгийн талаар маргаантай байх тул нэхэмжлэгч Д.Оюунбилэг нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын харьяа шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл: нэхэмжлэгч Д.Оюунбилэг, хариуцагч Ч.Гал-Эрдэнэ нар 1999 онд танилцаж, 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, 1997 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүү Г.Өнөболд төрсөн, нэхэмжлэгч Д.Оюунбилэг хүү Г.Өнөболдын хамт амьдардаг  болох нь гэрлэгчдийн 0063693 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн №0000738384 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Засаг даргын “Д.Оюунбилэг нь нөхөр хүүхдий хамт ам бүл 3” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Оюунбилэгийн Ч.Гал-эрдэнэ олон жил архи ууж агсан тавьж намайг зоддог байсан. Тэрээр одоо өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон, бид тусдаа амьдарч байгаа. Хүү бид хоёр байнгын түгшүүртэй амьдарч ирсэн” гэсэн тайлбар, хариуцагч Ч.Гал-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх идэвх санаачлага гаргаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон байна.

 Иймд гэрлэгчдийн гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч Д.Оюунбилэг, хариуцагч Ч.Гал-Эрдэнэ нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

            Тэдний хүү Г.Өнөболд хөдөлмөр эрхлэх чадвартай, 18 насанд хүрсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д зааснаар эцэг, эхийн  тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байна. Харин хүүхэд нь эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг үүсдэг болохыг дурдав.

Шүүх нэхэмжлэгч Д.Оюунбилэг, Г.Өнөболд, хариуцагч Ч.Гал-Эрдэнэ нарын эд хөрөнгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2., 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу хувааж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж заасан тул нэхэмжлэгч Д.Оюунбилэг, Г.Өнөболд, хариуцагч Ч.Гал-Эрдэнэ нар нь нэг гэр бүлийн гишүүд болно.

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг, хариуцагч Ч.Гал-Эрдэнэ нар 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрсдийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2003008360 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот  3 өрөө орон сууцыг худалдан авсан нь орон сууц худалдах худалдан авах гэрээ /хх 29/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28/, талуудын тайлбараар тогтоогдож байгаа ч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д “...гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн...” гэж, 126.2.-т “... гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна ...” гэж, 126.2.4-т “... гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Оюунбилэг, Г.Өнөболд нар гэр бүлийн дундын эд хөрөнгө болох уг үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн өмчлөлд үлдээж, Ч.Гал-Эрдэнэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 55.000.000 төгрөгөөс ноогдох хэсгийг олгуулахаар шаардах эрхтэй.  /хх-81/

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасны дагуу дээрх орон сууцнаас нэг гишүүнд ногдох хэсгийг тодорхойлоход 18.333.333 /55.000.000:3/ төгрөг болж байна.

Хариуцагч Ч.Гал-Эрдэнэ Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот  3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд авах талаар маргаагүй тул уг орон сууцны үнийн 1/3 буюу 18.333.333 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан түүнд олгож, нэхэмжлэгч Д.Оюунбилэг, Г.Өнөболд нарын өмчлөлд уг орон сууцыг үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Гэхдээ хариуцагч Ч.Гал-Эрдэнэ “Май капитал” ХЗХ-той 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 492 дугаар зээлийн гэрээ байгуулан, 55.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлэхдээ барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот  3 өрөө орон сууцыг тавьсан байх ба Сум дундын 27 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2015/0030 дугаартай захирамжаар хариуцагч Ч.Гал-Эрдэнээс 70.254.900 төгрөгийг гаргуулж “Май капитал” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн байна.

Иймд гуравдагч этгээд “Май капитал” ХЗХ-ны барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх дээрх шүүхийн шийдвэр болон Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасны дагуу хөндөгдөхгүй юм. /хх 91-94, 127-130/

Барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл өөр этгээдийн аль нь ч байж болох боловч тухайн хөрөнгийн өмчлөгч байх үндсэн зарчимтай тул барьцааны гэрээний дагуу үүсэх шаардлагыг барьцааны зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдэд хандан гаргахаас үндсэн үүрэг гүйцэтгэгчид гаргах нь боломжгүй юм.

Иймээс гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох дээрх орон сууцыг хуваахад орон сууцыг хэний өмчлөлд үлдээснээс хамаарч, барьцаагаар хангагдах үүргийг хэн хариуцахыг тодорхойлох боломжтой гэж үзэж байна.

Харин нэхэмжлэгч Д.Оюунбилэг уг зээлийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаагүй, барьцааны гэрээнд Д.Оюунбилэг гарын үсэг зураагүй тул зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа ч баримтаар нотлоогүй.

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар дээрх барьцаа хөрөнгөөр хангагдах зээлийн үүрэг буюу 70.254.900 төгрөгийг гэр бүлийн насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай гишүүд болох эхнэр, нөхөрт хувааж хариуцуулах үндэслэлтэй тул хариуцагч Ч.Гал-Эрдэнийн хариуцах зээлийн үүрэг 35.127.450 /70.254.900:2/ төгрөгөөс эд хөрөнгийн ногдох хэсэг 18.333.333 төгрөгийг хасаж, үлдэх 16.794.117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Оюунбилэгт олгохоор шийдвэрлэлээ. Хүү Г.Өнөболд нь зээл авах үед насанд хүрээгүй байсан тул хасаж тооцсон болно.

Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гал-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж /гэрлэлт цуцлах 70.200 төгрөг, 16.794.117 төгрөгт ногдох 241.920 төгрөг/ нийт 312.120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Д.Оюунбилэг, Ч.Гал-Эрдэнэ  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дах заалтыг баримтлан “Май капитал” хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байгаа, Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 63 тоот 3 өрөө орон сууцыг Г.Өнөболд, Д.Оюунбилэг нарын өмчлөлд үлдээж, Ч.Гал-Эрдэнээс 16.794.117 /арван зургаан сая долоон зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван долоо/ төгрөг гаргуулан Д.Оюунбилэгт олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гал-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 312.120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосүгай.

4. Тус шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 652 дугаартай шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг заасугай.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ