Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0634

 

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6, 38.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахаас татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг батлахыг хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга давж заалдах гомдолдоо: “...сумаас гаргасан бид бүхний шийдвэрийг хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Бид бүхэн тус хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хариу тайлбар, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа шалтгаан тайлбаруудаа удаа дараа тус компанид болон Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг газруудад албан бичгээр хандаж байсан. Шүүхээс дээр дурдсан компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлуулах гээд байгаа үйлдэл эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож өгөхгүй байгаа учир шүүхэд гомдол гаргахад хүрч байна. Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, “Ц” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...төлөвлөгөөг батлуулахаар Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад 2019 оны 01 дүгээр сарын 15, 2019 оны 01 дүгээр сарын 17, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус хаяглан хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй, 2019 оны 05 дугаар сарын 26-30 хооронд бие төлөөлөгчөө Өвөрхангай сум руу явуулж төлөвлөгөөг батлахыг биечлэн уулзаж хүссэн боловч баталж өгөөгүй” гэж тайлбарласан бол хариуцагч “... “Ц” ХХК-д “Дэлт” нэртэй газарт XV-018151 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус сумын иргэдийн эрх ашгийг хөндөн тухайн үед аймгийн эрх барьж байсан дарга нар олгосон” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” заасны дагуу тухайн төлөвлөгөөг батлах үүрэгтэй юм.

Гэтэл XV-018151 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ц” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлэх зорилгоор 2019 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар хүргүүлсэн байхад уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар хариуцагч тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзаж, эс үйлдэхүй гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчихөд хүргэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчийн 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйгээ “Ц” ХХК нь 2015 онд хайгуулын тусгай зөвшөөрлийг авахдаа нийтийн эрх ашгийг хөндсөн хэмээн тайлбарлах бөгөөд уг үндэслэлийг хүлээн авч, хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх боломжгүй юм.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь аж ахуйн нэгж байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоон, хамгаалалт хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгах бөгөөд байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал хугацааг тодорхойлон тусгасан баримт төлөвлөгөөг ойлгох ба хариуцагчид тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхийг хуулиар олгоогүй тул түүний ийнхүү нэхэмжлэгчийн 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлаагүй үйлдэл нь хууль бус байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 848 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын XV-018151 дүгээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан байх бөгөөд нэхэмжлэгч нь Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад 2019 оны 01 дүгээр сарын 15, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд буюу 30 хоногийн дотор хандсан байх бөгөөд үүнтэй хариуцагч маргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

                                    ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА