Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2018/0618/З |
Дугаар | 221/МА2019/0624 |
Огноо | 2019-12-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2019/0624
“Э э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0435 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0435 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э э Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын хавсралтын “Э э Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор” тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0,5 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар Зайсан толгойн налуу энгэр байршилд олгосон. “Э э Т” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөсөн төсөл, барилгын эскиз зургаар дархан цаазат Зайсан толгойг ухаж, нурааж төслөө хэрэгжүүлэх нь тодорхой тул нийтийн эрх ашиг, дархан цаазат газар буюу байгаль экологи хамгаалах зорилгоор дуусгавар болгосон. Энэ хуулийн үзэл баримтлал, зорилго нь дархан цаазат газрын хамгаалах, ёстой болохоос хууль зөрчсөний дараа, уулыг ухаж нураасны хойно хариуцлага тооцох, дуусгавар болгох биш юм. Иймд хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э э Т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/220 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт байрлах Зайсангийн ам гэх нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар 0,5 га газрыг ашиглах эрхтэй болсон бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн 2016/426 дугаартай гэрчилгээг мөн оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид олгосон байна.
Улмаар хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал, түүний хавсралтаар усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг зөрчиж буй 28 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний дор нэхэмжлэгчийн дээрх газар багтжээ.
Газар ашиглагчид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх” үйл ажиллагаа явуулахыг хориглох бөгөөд уг хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... “Э э Т” ХХК-ийн аялал жуулчлалын зориулалтаар төлөвлөсөн төсөл, барилгын эскиз зургаар дархан цаазат Зайсан толгойг ухаж, нурааж төслөө хэрэгжүүлэх нь тодорхой тул нийтийн эрх ашиг, дархан цаазат газар буюу байгаль экологи хамгаалах зорилгоор дуусгавар болгосон...” гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч “Э э Т” ХХК нь дээрх хуульд заасан хориглосон үйл ажиллагаа буюу “газар хагалсан, ухсан, тэсэлгээ хийсэн гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ анхан шатны шүүхийн “...уул нураах эрсдэлтэй гэж үзэж буй үндэслэлээ хариуцагч захиргааны байгууллага хангалттай тогтоогоогүй байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйл ажиллагаа явуулахдаа заавал бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...хуулийн үзэл баримтлал, зорилго нь дархан цаазат газрыг хамгаалах, ёстой болохоос хууль зөрчсөний дараа, уулыг ухаж нураасны хойно хариуцлага тооцох, дуусгавар болгох биш юм...” гэж дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “Э э Т” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн тушаалыг зөвтгөх боломжгүй.
Мөн хариуцагч 2018 оны А/76 дугаар тушаалыг гаргахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар албан бичгийг үндэслэл болгосон гэх боловч уг албан бичгээр ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтад нэхэмжлэгчийн нэр багтаагүй байна.
Хэдийгээр маргаж буй актад Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баримталсан ч уг заалт нь нэхэмжлэгчид хамааралгүй гэдэг нь сансрын зураг, шүүхээс хийсэн үзлэг, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд уг үндэслэлээр хариуцагч маргаагүй тул анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хамааралгүй хуулийн зүйл, заалтыг баримталсан гэж үзэн хассан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА