Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Улсын яллагч: Э.Оюунтунгалаг,

            Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1809034830962 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 1, тоотод оршин суудаг гэх, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх, Б овогт Б.Б /регистрийн дугаар /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бүрт" төвд байрлах “Буян билүүт" барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч, сейфний хаалгыг хөшиж эвдэн 26 иргэний барьцаанд тавьсан 46 нэр төрлийн алт, алтан, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг, бэлэн 1.200.000 төгрөг хулгайлж, 26.884.900 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Чимэддаваагийн “НТС” маркийн гар утсыг утсаар чинь яриад өгье гэж худал хэлж шилжүүлэн авч, 120.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-нд шилжих шөнө Мягмардоржтой хамт гэрэлтүүлгийн дэлгүүрт очиж худалдан авалт хийсэн. Дараа нь ажил руу очиж Мөнхжин, Сайнбаяр хоёртой хамт ажилласан. Чимиддаваагийн гар утсыг авсан үйлдэлдээ маргахгүй. Гар утсыг нь мөнгө олох зорилгоор ажил руу авч явсан. Мөнгө олдохгүй байхаар нь шууд аваад явсан. Хулгайн гэмт хэрэгт ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

    Хохирогч Ч.Дуламсүрэнгийн “2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед “Сондор” гэрэлтүүлэг гэрлийн дэлгүүрийн эзэн гэх Зоригхүү над руу залгаад ломбард чинь хулгай орсон байна гэж хэлэхээр нь сандраад гэрээсээ гараад очсон чинь манай ломбард дотор байсан сейфний хаалгыг хөшиж онгойлгоод дотор байсан барьцааны ...26 хүний эд зүйлс алдагдсан байна. Манай барьцаалан зээлдүүлэх газар 17 хүний эд зүйлийн хохирлыг барагдуулсан байгаа. 9 хүний эд зүйл хугацаа дуусаад хураагдсан тул манай өмч болсон. Нийт манай барьцаалан зээлдүүлэх газар 26.884.900 төгрөгийн хохирлын хэмжээ тогтоогдсон. ...би барьцаанд эд зүйл тавьсан байсан иргэдийн хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо өөрийнхөө хохирлыг хулгай хийсэн хүнээс гаргуулан авах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34, 38-39 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ж.Чимэддаваагийн мэдүүлэг: …2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Б гэх залуу надтай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Саруул тэнгэр 2” хорооллын “57” гэх караокед уулзахаар болж, бид 18 цагийн үед уулзаад 1 цаг орчим дуулсан ба Б нь пиво захиалаад ирье гээд миний гар утсыг надаас гуйхаар нь би өгөөд явуулсан чинь тэр чигээрээ алга болсон. Тэгээд надтай уулзаагүй холбоо бариагүй бөгөөд миний гар утсыг өгөхгүй алга болсон тул би одоо гомдолтой байна. Надаас гуйгаад утсаар ярих хэрэгтэй байна гээд байсан болохоор би итгээд гар утсаа өгсөн юм. “НТС” маркийн шаргал өнгийн гар утас байсан юм гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 234-236 дугаар хуудас/,

   Эд зүйлийн үнэлгээ 46 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээ 26.884.900 төгрөг /Хэргийн 1 дүгээр хавтасын 103-104-дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ: НТС маркийн гар утас-120,000 төгрөг /Хэргийн 2 дугаар хавтасны 22-23 дугаар хуудас/,

 

Криминалистикийн шинжээчийн 03/430 дугаартай дүгнэлтэд:

2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрт” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах барьцаалан зээлдэх газраас эд зүйлс алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр шинжээч, цагдаагийн дэслэгч Ө.Цэвээндоржийн илрүүлж бэхжүүлсэн 2,5,6,7 гэж дугаарласан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 7 гэж дугаарласан дакто хальсан дахь гарын мөр нь папилон санд MN000610006208, MN000410006757, MN0000ШШГ03286, MN000510004661, MN005210003359, MN000210020578, МN0000СБД00512 гэсэн дугаараар тус тус бүртгэгдсэн Баатарсүрэнгийн Бын зүүн гарын алганы дардастай тохирч байна. 2, 5, 6 гэж дугаарласан гарын мөрүүд нь нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардсууд болон холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-20/ зэрэг болно.

 

Шүүх мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

  Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Бүрт" төвд байрлах “Буян билүүт" барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч, сейфний хаалгыг хөшиж эвдэн 26 иргэний барьцаанд тавьсан 46 нэр төрлийн алт, алтан, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг, бэлэн 1.200.000 төгрөг хулгайлж, 26.884.900 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Чимэддаваагийн “НТС” маркийн гар утсыг утсаар чинь яриад өгье гэж худал хэлж шилжүүлэн авч, 120.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч болон гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Чимэддаваагийн “НТС” маркийн гар утсыг утсаар чинь яриад өгье гэж худал хэлж шилжүүлэн авч, 120.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэг үйлдсэнийг мөнгөний хэрэг болоод аваад явсан юм гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд харин хулгайлах гэмт хэрэгт гэм буруугүй, дэлгүүрт орж худалдан авалт хийсэнээр хулгайн гэмт хэрэгт холбогдлоо гэж мэтгэлцэж байна.

 

Хэрэгт авагдсан гэмт хэрэгт хамааралтай нотлох баримтуудын шууд болон шууд бус эх сурвалжийг үнэлэхэд бусдын эд хөрөнгө алдагдсан үйлдэлтэй шүүгдэгчийн үйлдэл шалтгаант холбоотойг үгүйсгэсэн үндэслэл, нотолгоо хэрэгт байгаагүй бөгөөд шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Мөн хулгайлах гэмт хэргийн зайлшгүй байх шинж нь гэм буруутанд үл хамаарах, түүнийг өөрөө захиран зарцуулах ямар ч  эрхгүй бусдын эд хөрөнгийг хууль зөрчиж, нууц далд хэлбэрээр, хууль бусаар, шунахай сэдэлт зорилгоор, ямар ч үнэ төлбөргүйгээр өөрт болон бусад этгээдэд ашигтайгаар авах үйлдэл байдаг. Мөн гэм буруутай этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орчин тойрны хүмүүст болон өмчлөгч этгээдэд мэдэгдэхгүйгээр нууцаар авах, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг олох гэсэн зорилготой байдаг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн мөн бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргээс үзэхэд хохирогч Ч.Дуламсүрэн “Буян билүүт" барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйл барьцаанд тавьсан байсан 17 хүний 24 барьцааны баримт болон 17 хүний хохирол барагдуулан хохиролгүй болгосон мөн эд зүйл барьцаанд тавьж хугацаа хэтрүүлэн барьцаалдан зээлдүүлэх газрын эзэмшилд шилжсэн гэх 9 иргэний 11 барьцааны баримттай 25 ширхэг эд зүйлийн баримтыг хуулбарлан өгч мөрдөгч Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн /1-р хх-ийн 122-147 хуудас/ байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тайланд  46 нэр төрлийн алдагдсан гэх эд зүйлийн жагсаалтыг үнэлж нийт хохирлын хэмжээг 26884900 төгрөгөөр тогтоосон байна.

Мөн хохирогч Ж.Чимэддаваагийн “НТС” маркийн гар утсыг Хөрөнгийн үнэлгээний тайланд  120000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна.

Иймд хохирогч Ч.Дуламсүрэн, Ж.Чимэддаваа нар гэм буруутай этгээдээс дээрх хохирлыг нэхэмжилж байх тул шүүгдэгч Б.Баас нийт 27.004.900 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Дуламсүрэнд 26.884.900 төгрөг, хохирогч Ж.Чимэддаваад 120.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч нийт 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б.Быг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бын 4 /дөрвөн/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Б.Бын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 73 /далан гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Б.Бд урьд авсан цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 27.004.900 /хорин долоон сая дөрвөн мянга есөн зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Дуламсүрэнд 26.884.900 /хорин зургаан сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун/ төгрөг, хохирогч Ж.Чимэддаваад 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

     10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдьсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ОДОНЧИМЭГ