Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 711

 

 

 

 

 

 

 

 

 

                                                           

       Б.Б-ад холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Б.Б-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-ад холбогдох эрүүгийн 1809034830962 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Б.Б-, 19.. оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “.......” ХХК-д ахлах мужаан ажилтай, ам бүл 1, .......... дүүргийн ......... дугаар хороо, ........... дугаар гудамжны .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан.

            Б.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бүрт” төвд байрлах “Буян билүүт” барьцаалан зээлдүүлэх газарт нэвтэрч, сейфний хаалгыг хөшин эвдэж 26 иргэний барьцаанд тавьсан 46 нэр төрлийн алт, алтан, мөнгөн, монетан ээмэг, бөгж, гинж, гар утас, мөнгөн аяга, хөөрөг, бэлэн 1.200.000 төгрөг хулгайлж, 26.884.900 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Чимэддаваагийн “НТС” маркийн гар утсыг “гар утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж шилжүүлэн авч, 120.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас. Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Б.Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 73 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 27.004.900 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Дуламсүрэнд 26.884.900 төгрөг, хохирогч Ж.Чимэддаваад 120.000 төгрөгийг тус тус олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрт холбогдох хулгайн гэмт хэргийг хийгээгүй учир гомдол гаргаж байна. Миний бие 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өөрийн ажиллаж байсан газрын эзэн Мягмардорж, Бэрцэцэг нарын хамт өдрийн 15 цагийн үед “Бүрт” төв дотор байрлах “Сондор” гэрэлтүүлэг, гэрлийн дэлгүүрт орж 560.000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Дэлгүүрээс гараад өөр дэлгүүр болон худалдааны газраас авсан материалуудаа ачаад Улаанбаатар дээд сургуулийн баруун талд байрлах 64 дүгээр байрны 5 давхарт байх Мягмардоржийнд ирж ажлаа хийсэн. Тэнд надаас цалин авдаг Сайнбаяр, Мөнхжин гэх хоёр залуу хамт байрлаж ажилладаг байсан. Сайнбаяр, Мөнхжин хоёртой ажилаа хийж байгаад 7 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед амарцгаасан байдаг. Энэ талаар гэрч Сайнбаяр, Мөнхжин, Бэрцэцэг, Мягмардорж нар мэдүүлсэн. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч авч хэлэлцээгүй.Мөн гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. “Бүрт” төв дотор “Буян билүүт” болон “Сондор” гэрэлтүүлгийн газар хамт үйл ажиллагаа эрхэлдэг. “Буян билүүт” барьцаалан зээлдүүлэх газарт миний гарын хээ болон бусад нотлох баримтууд байдаггүй. Ганцхан “Сондор” гэрэлтүүлгийн дэлгүүр дотор байрлах 170 см өндөртэй суурин кондейшний хажуу талаас гарсан миний алганы хээнээс үүдэж шалгасан ба надаас гадна 3 хүний алганы хээ илэрсэн гэх шинжээчийн дүгнэлт байдаг. Тус 3 хүнийг шалгалгүйгээр миний өмнөх хэргийн байдал болох 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Суллагдаж гарч ирсний дараа насанд хүрээгүй байхдаа үйлдсэн нэгтгэж шийдүүлээгүй үйлдэл нь сүүлд гарч ирэн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 6 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Өмнөх хувийн байдлыг үндэслэн прокурор намайг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн ба анхан шатны шүүх хуралдаан дээр энэ хэргийг үйлдээгүй гэдгээ, нотлох баримт байдаггүй гэдгээ ч мөн адил хэлсэн боловч урьд хувийн байдлыг үндэслэн 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэнд маш их гомдолтой байна. Хулгай орсон “Буян билүүт” барьцаалан зээлдүүлэх газарт намайг хулгай хийсэн гэх камерийн бичлэг, гарын хээ, нотлох баримт байхгүй.  Тус газартай нэг зааланд байх “Сондор” гэрлийн дэлгүүр дотор байрлах кассын хажуугийн кондейшн дээрээс илэрсэн алганы хээн дээрээс үндэслэн намайг ялласан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч, дэслэгч Н.Аюурзана нь намайг зам шалгалтаар авч явахдаа хэргийн газарт очиж шалгаагүй, надаас гадна 3 хүний алганы хээ илэрсэн байхад энэ талаар шалгаагүй. Тус хэрэг болсныг би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн. Хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу уг гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсэг нь үндэслэл муутай гарсан байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.  

Прокуророос Б.Б-ын “Хулгайлах” гэмт хэрэг нь хэргийн газраас олдсон Б.Б-ын хурууны хээг илрүүлсэн криминалистикийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж ялласныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгч Б.Б-ыг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил хорих ял шийтгэжээ.

Хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн газарт үзлэг хийж, зүүн хойд буланд байрлах цагаан өнгийн агааржуулагч төмөр төхөөрөмжөөс 4 ширхэг гарын мөр илэрсэн /1 хх 13/-ийг бэхжүүлж авсан байх ба улмаар нөхөн үзлэг хийж, уг газрын байршлыг тогтоож схем зураг үйлдсэн байна /2 хх 20/.

Уг схем зургаас үзэхэд, Бүрт худалдааны төв доторх гэрэлтүүлэг чимэглэл худалдаалах тасгийн зүүн талд буюу орох хаалганы хойд талын буланд барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулдаг, баруун талд буюу хаалганы эсрэг цонхны хажууд дээрх агааржуулагч төхөөрөмж байрладаг байна.

Хэргийн газрын үзлэгээр, агааржуулагч дээрээс Б.Б-ын зүүн гарын алганы дардас илэрсэн болох нь криминалистикийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 03/430 дугаартай дүгнэлт /1 хх 75/-ээр тогтоогджээ.

Үүнээс өөрөөр уг хулгайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-ыг буруутгаж болох нотлох баримт байхгүй бөгөөд Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг няцаах нотлох баримт хэрэгт байхгүй, зохих ажиллагааг хийгээгүй байна. Мөн тухайн худалдааны төвд хэд хэдэн камерийн бичлэг байгаа талаар хохирогч, гэрчүүд мэдүүлсээр байхад энэ талаарх баримтыг хэрэгт бэхжүүлж аваагүй нь буруу болжээ.  

Иймд дээрх ажиллагаануудыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэсний эцэст хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Б.Б-ын давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/425 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-ад холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ 

ШҮҮГЧ                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ