Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 0857

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Х.Ундраххэрлэн

шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Саранчимэг

хохирогч: Б.З  

шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт Э А  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1903 00000 0148 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Э А, 19 оны 9 дүгээр  сарын 18-ны  өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд  төрсөн,  настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам  бүл 3, 2 хүүхдийн хамт тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Э.А нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10-11 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордоны зүүн талд байрлах ХААН банкны зогсоолд  улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.З мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв.

           Хохирогч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 03 дугаар сарын 21-ний өдөр осолд орсон. Энэ ослоос болж хөлний тавхайн яс няцралттай, зүүн шагайны хугаралттай гарсан. Би 25-ны өдөр гибсдүүлсэн. Би 45 хоног гибстэй байсан. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Хуруу үеэрээ хөдлөхгүй байгаа. 6 сар болж байж хөл дээрээ гишгэнэ гэж хэлсэн. Орой болохоор хавдаад байдаг. 6 сарын хугацаанд хавдана гэж эмч хэлсэн. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Хувийн эмнэлэгүүдээр өдрийн 50.000 төгрөгнөөс дээш төлбөртэй эмчилгээ байдаг юм байна. Эмчилгээнд 3 сар уух эмний нэг сарын эм нь 60.000 төгрөг болдог. Нийт зардлаа тооцоогүй байгаа. Нэг эмнэлэгт очиж уулзахад өдрийн 80.000 төгрөгөөр 7 хоног хэвтэж эмчлүүл гэж хэлсэн. Ажлаасаа акт бичүүлж авсан. Ажлаасаа гарна гэж бодож байгаа. 3, 4 сар ажиллаагүй тул лист бичиж өгөөгүй гэв.

         Шүүгдэгч  Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 10.00 цагийн орчимд би өөрийнхөө эзэмшлийн  УБН дугаартай Т.Марк-2 машиныг жолоодон  ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг офицерүүдийн ордны зүүн талд байрлах Хаан банкны урдуур гараад Номин болор сургалтын төв орохоор ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа явж байгаад зүүн гар тийшээгээ эргээд зүүн зүг рүү 5 орчим км цагийн хурдтай явах үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хойд талд зүүн зүг рүү явж байсан. Уг зогсоолд машинууд зогссон байсан. Миний хажуу талаар 2-3 машин зөрж өнгөрсөн. Ингээд би уг хоёр хүний араас нь зөөлөн явж байхдаа арынхаа машиныг харах гээд зүүн гар талынхаа толиндоо харчихаад урагшаагаа зам руу харах үед миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа нэг эмэгтэй эгч гүйж орж ирээд миний машины зүүн урд буфер хэсэгт мөргөгдөөд унасан. Би тэр үед шууд тоормос гишгээд зогссон. Тэгтэл миний урд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хойшоогоо ухраач гэхээр нь би хойшоогоо ухрах үйлдэл хийх гэж байгаад сандрахдаа араагаа солиогүй хаазаа гишгэтэл машин урагшаагаа хөдлөөд газар унасан байсан эгчийн хөлийг нь дайрчих шиг болсон. Ингээд тэр дороо зогсоод машинаасаа буугаад харахад нөгөө эгч ёолоод хагас сууж байсан. Би шууд 103-д дуудлага өгсөн. Тухайн үед зам хуурай, тэгш зам байсан. Үзэгдэх орчин ч чөлөөтэй байсан. Би архи уугаагүй эрүүл явж байсан. Би эмчилгээний зардалд нь 359.200 төгрөг төлсөн байгаа гэжээ. /хх-ийн 31/  

         Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 10.00 цагийн орчимд би ажил руугаа явж байсан. Ингээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр офицерүүдийн ордны зүүн талд байрлах Хаан банкны урд талын зогсоолд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа зам хөндлөн гарах гэж байсан. Гэтэл ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийшээгээ нэг машин өнгөрөөд явахаар нь нэг алхах үед мөн адилхан баруунаасаа зүүн тийшээгээ явсан цагаан өнгийн суудлын автомашины зүүн урд дугуйнд мөргүүлээд унах үед нөгөө машин зогссон. Тэгснээ нөгөө машин дахин урагшаагаа хөдлөөд миний баруун хөлийг зүүн урд дугуйгаараа шахаж дайрах үед хоёр залуу чи хүний хөл дайрчихлаа ш дээ гэхэд нөгөө машин хойшоогоо ухраад зогссон. Тэгээд машинаас нэг эмэгтэй бууж ирээд эгч ээ би таныг машиндаа суулгаад эмнэлэг рүү явья гэхээр нь би хөл хөдлөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд уг эмэгтэй жолооч түргэн, цагдаад дуудсан. Миний баруун хөлний хоёр газар ясны хугаралтай гэж гарсан. Уг жолооч эмэгтэй миний эмчилгээний төлбөрийг төлж байгаа гэжээ. /хх-н 12-15 /

        Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 17/

         Б.З иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 16/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-н 18-19/, ажлын тодорхойлолт /хх-н 20-21/

          ЦЕГ-н мэдээлэл, шуурхай удирдлагын төв: дуудлагын лавлагааны хуудас /хх-н 24-25/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-н 27-28/

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээгр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-11/

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 33/

         Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3744 тоот шинжээчийн дүгнэлт:

1.Б.Зн биед баруун тавхайн бэлбэрхийн завь яс, гадна шаантаг ясны хугарал, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 34/

        Баруун талын тавхайн соронзон резонансттомографийн шинжилгээ /хх-н 35-38/

          Мөрдөгчийн 116 дугаартай  лавлагаа: /хх-н 38-39/

         1. УБН улсын дугаартай Т.Марк-2 маркын автомашины жолооч Э А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Б З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно “ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 39/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 40-41/

          Э.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 48/, жолоочийн согтууруулах ундаа  хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: /хх-н 52/ хэрэглээгүй байна., тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-н 50-51/

          Э.А Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 1-2/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-45/,

        Э.А хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол  /хх-н 42-43/ зэрэг болно.

         Э.А нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 10-11цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордоны зүүн талд байрлах ХААН банкны зогсоолд  улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “ замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1-д заасан “ жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх,чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Золзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

         Хохирогч Б.З  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийшээгээ нэг машин өнгөрөөд явахаар нь нэг алхах үед мөн адилхан баруунаасаа зүүн тийшээгээ явсан цагаан өнгийн суудлын автомашины зүүн урд дугуйнд мөргүүлээд унах үед нөгөө машин зогссон. Тэгснээ нөгөө машин дахин урагшаагаа хөдлөөд миний баруун хөлийг зүүн урд дугуйгаараа шахаж дайрах үед хоёр залуу чи хүний хөл дайрчихлаа ш дээ гэхэд нөгөө машин хойшоогоо ухраад зогссон. Миний баруун хөлний хоёр газар ясны хугаралтай гэж гарсан. Уг жолооч эмэгтэй миний эмчилгээний төлбөрийг төлж байгаа гэсэн мэдүүлэг  /хх-н 12-15 /

         Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 3744 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.З биед баруун тавхайн бэлбэрхийн завь яс, гадна шаантаг ясны хугарал, баруун тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ.  /хх-н 34/

          Шүүгдэгч  Э.А  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн .. миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа нэг эмэгтэй эгч гүйж орж ирээд миний машины зүүн урд буфер хэсэгт мөргөгдөөд унасан. Би тэр үед шууд тоормос гишгээд зогссон. Тэгтэл миний урд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хойшоогоо ухраач гэхээр нь би хойшоогоо ухрах үйлдэл хийх гэж байгаад сандрахдаа араагаа солиогүй хаазаа гишгэтэл машин урагшаагаа хөдлөөд газар унасан байсан эгчийн хөлийг нь дайрчих шиг болсон. Ингээд тэр дороо зогсоод машинаасаа буугаад харахад нөгөө эгч ёолоод хагас сууж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/  зэрэг болно.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

  Э.А холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Зам тээврийн осол гарахад цаг агаарын болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй, харин автотээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч нарын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол гарсан байна.

  Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулсан байна. Цаашид гарах зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болно.          

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Хохирогч эмийн зардалд 199.140 төгрөг нэхэмжилсэнийг төлүүлэхээр шийдвэрлэв. Мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэнэ гэж байгаа боловч энэ талаарх шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь шаардлага хангахгүй, хангалттай нотлох баримт бүрдүүлж ирээгүй байх учир нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй. Б.З нь одоогоор ажил эрхэлж чадахгүй байгаа, эмчийн зөвлөсөнөөр 6 сар гишгэж  болохгүй гэсэн гэж мэдүүлж байгааг үндэслэн шүүх ажилгүй байгаа 3 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээгээр бодож 1 сард 300.000 төгрөгөөр тооцож 4,5,6 сард нийт 600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

          Э.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.

          Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Х  овогт Э А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А 500  нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А  нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 166.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А  нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Энэ хэргийн улмаас Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг   тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.А 799.140 төгрөгийг гаргуулж Б.З олгох, Б.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.А  авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН