Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 746

 

 

 

 

 

 

 

2019           7             25                                             2019/ДШМ/746                                               

 

Э.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Э.Ундраххэрлэн,

            хохирогч Б.З,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг, 

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.З, шүүгдэгч Э.А-гийн өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А-д холбогдох 1903000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Э-ийн А, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Дорнын ирээдүйн гэр бүл хөгжил” ТББ-ын дэргэдэх “Номинболор” сургалтын төвд багш ажилтай, ам бүл 3; хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 44а гудамжны 805 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;

 

Э.А нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны зүүн талын “ХААН” банкны зогсоолд “Toyota mark-II” загварын 86-60 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замны хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Зг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас Э.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын дотор 1 сард 166,667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэргийн улмаас Э.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.А-гаас 799,140 төгрөгийг гаргуулж Б.З-д олгох, Б.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Э.А-гийн өмгөөлөгч Д.Саранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолын Э.Агаас 799,140 төгрөгийг гаргуулж Б.Зд олгохоор заасан заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  

            Э.А нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогчид нийт 1,109,200 төгрөгийг төлсөн. Эмчилгээний зардлын үлдэгдэл 199,140 төгрөг болж байгаа ба 550,860 төгрөгийг шүүгдэгч илүү төлсөн байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчийн хохиролд төлсөн 750,000 төгрөгийг хохиролд төлснөөр оруулан тооцоогүй байна.

            Иймд шүүхээр шийдвэрлэсэн 799,140 төгрөгөөс шүүгдэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баримтаар хохирогчид шилжүүлсэн 750,000 төгрөгийг хасаж тооцон зөвтгөж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч Э.Агаас хохирогч Б.Зд ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 3 сарын хугацааны хөдөлмөрийн хөлсийг доод хэмжээгээр бодож 1 сард 300,000 төгрөгөөр тооцож, 2019 оны 4, 5, 6 дугаар сард нийт 900,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 857 дугаар шийтгэх тогтоолын 5 дугаар нүүрний 20 дахь мөрдөнд “...ажилгүй байгаа 3 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 1 сард 300,000 төгрөгөөр тооцож, 2019 оны 4, 5, 6 дугаар сард нийт 600,000...” гэж техникийн алдаа гаргаснаас болоод тогтоох хэсгийн 8 дахь заалтад нийт хохиролд 799,140 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ажилгүй байсан хугацааны 900,000 төгрөг, эмийн зардал 199,140 төгрөг нийт хохирол 1,099,140 төгрөг болох байтал тооцооны алдаа гаргасан байна. Шүүгдэгч Д.А-аас 359,900 төгрөгийг миний бие өөрийн гар дээр аваагүй бөгөөд энэ мөнгө нь зураг авахуулах, өвчин намдаах тос, эм тариа авахад эмнэлэгт зарцуулагдсан, мөн прокурор дээр байхад 750,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу залруулга хийж өгнө үү ...” гэв. 

 

Шүүгдэгч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Б.Зд ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу хөдөлмөрийн хөлсийг доод хэмжээгээр бодож 1 сард 300,000 төгрөгөөр тооцож, 2019 оны 4, 5 дугаар сард нийт 600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний зүгээс хохирогчид 750.000 төгрөг төлсөн бөгөөд 2 сарын ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар 199,140 төгрөгийн эмчилгээний зардалтай дүйцэж байна гэж ойлгосон. Хохирочид төлсөн 750,000 төгрөгийн баримтыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдаж өгөөгүй байсан ...” гэв.

 

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд шилжүүлэх үед шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Зд 750,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Шүүхийн шатанд хохирогч Б.З нь 199.140 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсийг доод хэмжээгээр бодож 1 сард 300,000 төгрөгөөр тооцож, 2019 оны 4, 5 дугаар сард нийт 600,000 төгрөг гэж шийдвэрлэсэн. Харин 6 дугаар сарыг шийдвэрлээгүй орхисон. Тухайн үед 5 дугаар сарын 28-ны өдөр байсан учир баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар тайлбарлаж хэлсэн. Хохирлын баримтаар олгогдох ёстой зөрүү мөнгө болох 49.100 төгрөгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолын 8 дахь заалтанд 799.140 төгрөг гэснийг 49.100 төгрөг болгож өөрчлөлт оруулах саналтай байна ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.А-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Э.А нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Офицеруудын ордны зүүн талын “ХААН” банкны зогсоолд “Toyota mark-II” загварын 86-60 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замны хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.З-г дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

 

Хохирогч Б.З-гийн “... авто зогсоол дээр автомашинд мөргүүлэн унаж, хөлөн дээгүүрээ дайруулсан ...” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

Яллагдагч Э.А-гийн “... зүүн гар талын толиндоо арын автомашиныг харчихаад урд замаа харах үед нэг эмэгтэй гүйж орж ирээд мөргөгдөөд унасан. Тухайн үед шууд тоормоз гишгээд зогссон. Тэгтэл миний урд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ухараач гэхээр нь би хойш ухрах үйлдэл хийх гэж байгаад сандараад араагаа солиогүй хаазаа гишгэтэл автомашин урагш хөдлөөд газар унасан эгчийн хөлийг нь дайрчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 31/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч зураглал /хх 5-10/,

хохирогч Б.З-гийн биед баруун тавхайн бэлбэрхийн завь яс, гадна шаантаг ясны хугарал, баруун тавхайд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3744 тоот дүгнэлт /хх 33/,

“... жолооч Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй...” гэх мөрдөгчийн 116 тоот магадлагаа /хх 38-39/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Э.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирчээ.

 

Харин анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сарын дотор нэг сард 166,667 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасанд нийцэхгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно.” гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, торгох ялыг биелүүлэх хамгийн богино хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоног буюу 3 сар гэж үзэх тул торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоногоос доош хугацаагаар тогтоож, мөн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс торгох ялыг биелүүлэх хугацаа, хуваарь тогтоосон 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “...шүүхийн тогтоосон хугацаанд...” гэснийг “...хуульд заасан хугацаанд...” гэж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Б.З нь ажил хөдөлмөр эрхэлж байсан хэмээн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөө нэхэмжилж, ажил олгогчийн цалингийн тодорхойлолт /хх 21, 81/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх 18/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хавсарган ирүүлжээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж зааснаас үзвэл нөхөн төлбөр шаардах эрх нь гэм хор учруулах үед цалин хөлс, орлогогүй байсан хүнд хамааралтай зохицуулалт байна. Хохирогч Б.З гэмт хэрэг үйлдэх үед ажил хөдөлмөр эрхэлж байсан нь хангалттай баримтаар нотлогдоогүй боловч хохирогчийг ажил, хөдөлмөр эрхэлж байсныг шууд үгүйсгэх боломжгүй юм.  

 

Гэтэл анхан шатны шүүх “... нотлох баримт нь шаардлага хангахгүй, хангалттай нотлох баримт бүрдүүлж ирээгүй учир нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй...” гэж үндэслэлтэй дүгнэсэн атлаа ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгааг нь үндэслэн 3 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтын агуулгыг зөрчсөн, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг байж болзошгүй байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулж хохирогчийн эрхийг хязгаарласан шийдвэр байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар шүүгдэгч Э.Агаас 799,140 төгрөг гаргуулсныг хүчингүй болгож, түүний оронд хохиролд 750,000 төгрөг төлсөн болохыг /хх 75/ дурьдсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, нөхөн төлбөр нэхэмжилсэн хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 857 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “... шүүхийн тогтоосон хугацаанд ...” гэснийг “... хуульд заасан хугацаанд ...” гэж, 8 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.А-гаас 799,140 төгрөг гаргуулж Б.Зд олгох, Б.З нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “Шүүгдэгч Э.А нь хохирогч Б.Зд 750.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан давж заалдах гомдлын “...шүүгдэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр баримтаар хохирогчид шилжүүлсэн 750,000 төгрөгийг хасаж тооцон зөвтгөж өгнө үү...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг болон хохирогч Б.З-гийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ОЧМАНДАХ

 

                             ШҮҮГЧ                                                                 М.АЛДАР

 

                             ШҮҮГЧ                                                                 М.ПҮРЭВСҮРЭН