Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 435

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шинжээч эмч С.Чулуунсүх,

Шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

Шүүгдэгч  Ж.О, түүний өмгөөлөгч С.Базарсад, Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б.Ж, М овогт Ж.О нарт холбогдох эрүүгийн 1809031941235 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй гэх Ш овогт Б.Ж /регистрийн дугаар /.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, ам бүл 2, охины хамт оршин суудаг, ял шийтгэлгүй гэх М овогт Ж.О, /регистрийн дугаар /.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Жнь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоотод өөрийн хамтран амьдрагч Ж.О-г зодож улмаар түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Онь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоотод өөрийн хамтран амьдрагч Б.Ж-тай  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь баруун хацар, баруун хөмсөг, баруун гарын долоовор хуруу, баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирэхэд хамтран амьдрагч Б.Ж архи уучихсан байдалтай мах, сонгино хэрчээд сууж байсан. Би хувцсаа сольж өмсчихөөд хийж байгаа зүйлээс нь хийх гэтэл хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би босоод явсан. Би жаахан ууртайгаар “чи дандаа яах гээд архи уугаад байдаг юм бэ? Миний аав, ээжийн гэр орон чиний архи уудаг газар биш шүү” гэж хэлсэн. Гэтэл араас юм шидэх шиг болсон. Миний хөлд юм унахаар нь хартал заазуур байсан. Ж босч ирээд намайг цохиж унагаагаад, хоолой боосон. Тэр үед ухаан балартаад, нүд харанхуйлаад, гар сарвагнаад үнэхээр хэцүү байсан. Миний гарт заазуур баригдахаар нь аваад савах шиг болсон. Хэдэн удаа савснаа санахгүй байна. Миний дээрээс цус гоожих шиг болсон. Ийм л зүйл болсон гэв.

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай аав, ээж манай гэрт ирсэн. Тэгээд охин Жаргалмааг гэррүүгээ аваад явсан. Би Оыг ирэхээс нь өмнө оройны хоолоо хийж байсан. О гаднаас орж ирээд цүнхээ орруу шидээд хэвтчихсэн. Би юу болсон талаар нь асуухад юу ч бүтэхгүй байна гээд уурлаад байсан. Би юу болохгүй байна ярь л даа гэтэл намайг түлхэхээр нь би хариу түлхчихсэн. Гэтэл цаашаагаа уначихаар нь татаад босгох гэтэл хажууд гурилын модон дээр байсан заазуурыг аваад надруу далайх шиг болсон. Миний баруун хөмсөг, хацар, гар зүсэгдсэн. Тэгээд О надад лент нааж өгсөн. Цус нь тогтохгүй байсан. Бинт байхгүй байна гээд О гэрээс гараад явсан. 20 цагийн үед хамаатны хүн болох Баярдэлгэрийн хамт орж ирсэн. Намайг түргэн дуудаад өгөөч гэтэл дуудаж өгөхгүй байсан. Манай аав, ээж бас ирсэн. Тэгээд би түргэн дуудаж өгөхгүй бол гарлаа гээд гараад явсан. Намайг 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр явж байхад Баярдэлгэр залгаад хамт гэмтлийн эмнэлэг  явъя гэж хэлсэн. Эмнэлэгт очоод оёдол тавиулсан. Ийм л зүйл болсон” гэв.

 

Хохирогч Ж.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18 цаг өнгөрч байхад гэртээ харьсан бөгөөд хамтран амьдрагч Б.Жнь гэртээ согтуу ногоон сонгино хэрчээд сууж байсан. Би ороод гэрийнхээ хувцсыг өмсөөд “яагаад архи уусан юм бэ? чи дандаа архи уух юм” гэж хэлэхэд “миний архи уух чамд ямар хамаа байна” гээд өмнөөс уурласан. Би хариуд нь наад сонгиныг чинь хэрчье гээд заазуурыг нь авсан юм. Тэгээд намайг харааж, хэрүүл өдөөд байхаар нь би заазуураа газарт тавиад босож явахдаа “миний гэр орон чиний архи уудаг газар биш шүү” гэж хэлэхэд араас заазуур шидэхэд миний хөлний хажууд унасан. Дараа нь босож ирээд намайг цохиж унагаагаад, хоолой боогоод багалзуурдсан. Тэр үед миний ухаан балартаж амь тэмцээд, гараа сарвагнуулахад гарт хамгийн ойр таарсан нь заазуур таараад би Б.Ж-ын байрлах зүг далайх шиг болсон чинь тэрүүгээр баахан цус болсон. ...чи энүүгээр намайг ал, алсан ч чамд ямар ч хохирол учрахгүй энүүгээр дүүрэн миний гарын мөр байгаа гэж хэлээд гэрийн үүд хашаад гаргахгүй байсан. Дараа нь би чамайг алах гэсэнгүй, чи намайг боогоод байхаар чинь сандарсандаа тэгсэн гэж хэлэхэд намайг гүйцээгээд ал гээд орилоод байсан... би архи уумаар байна надад архи аваад өг гэж хэлсэн. Надад 2000 төгрөг өгөхөөр нь би цүнхнээсээ гар утсаа аваад гэрээсээ гараад дүү Ж.Баярдэлгэр рүү залгаад болсон явдлын талаар яриад би гэртээ орохоос айгаад байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Баярдэлгэрийн “...эгч Ж.О над руу 18 цагийн үед залгаад би гэррүү орж чадахгүй байна, чи хүрээд ир, би айгаад гэртээ орж чадахгүй байна гэж хэлсэн. ...19 цагийн орчим найз Энхчимэгийн хамт очиход эгч дэлгүүрийн өнцөг дээр хүлээгээд зогсож байсан. ... гэррүү нь ороход нөхөр нь согтуу сууж байсан бөгөөд хацар дээрээ шархны хурууны боолт наасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.Жаргалмаагийн  “…Ж манай ээжийг цохиж байсан. Яг хэзээ гэдгийг санахгүй байна. 2 удаа зодож байсан. Ж гэрт байхдаа дандаа архи уудаг. Миний цуглуулж байсан мөнгөөр архи авч ууж байсан. Би чамд буцааж өгнө гэж хэлээд авсан. ...ээжийг оройтож ирэхээр гар утас болон зурагтны удирдлага газарруу шиддэг байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар /хуудас,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 7298 дугаартай дүгнэлтэд:

1. Ж.Оын биед тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг

  учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Ж ийн: ...2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 17-18 цагийн орчим тоотод байж байхад хамтран амьдрагч Ж.О нь гаднаас орж ирэхдээ ууртай орж ирсэн бөгөөд ажил бүтэхгүй байна гээд уурлаад чи архи уусан байна гэх мэтчилэн уурлаж уцаарлан тухайн үед би мах татаад сууж байсан бөгөөд хажууд ирээд суучихаад хэрүүл өдөөд байсан юм. Тэгэхээр нь би цаашаа бай гээд түлхсэн. Унахаар нь би босгох гээд араас нь бариад авсан чинь эргэж хараад заазуур барьж аваад миний хацар руу цохиод авсан. Тэгээд хацраас цус гоожоод би тухайн үед манараад Ж.О боолт аваад ирье гээд гарсан. ...20-21 цагийн орчим дүү Баярдэлгэр болон хамаатны эгч гээд нэг хүнийг дагуулж орж ирсэн. ...миний цус тогтохгүй болохоор нь би гэмтэл рүү Баярдэлгэртэй хамт явсан. ...баруун хацар, хөмсөг, баруун гарын долоовор хуруундаа оёдол тавиулсан. ...орж ирээд ажил бүтэхгүй байна гээд уурлаад унасан. ...намайг түлхэж унагаад татаад босгох гэтэл газраас барьж босож ирээд заазуураар баруун хацар хөмсөг баруун гарны долоовор хуруу болон гарны булчингийн хэсэгт зүссэн байсан. ...Отай хэрүүл хийж байсан, харин зодолдож байсан удаа байхгүй... тухайн өдөр манай аав, ээж хоёр хамт байсан учраас би архи уугаагүй... гэх мэдүүлэг /40 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Баярдэлгэрийн: “...би Ж ахыг дагуулаад гэмтэл орсон. Гэмтэлд очоод оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг 54 дүгээр хуудас,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8239 дугаартай дүгнэлтэд:

1.Б.Жын биед баруун хацар, баруун хөмсөг, баруун гарын долоовор хуруу, баруун бугалганд шарх гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... гэжээ. /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ / хавтаст хэргийн 91-100 дугаар хуудас/,

 

Шинжээч Т.Чимэд-Очирын “...Ж-ийн биед учирсан гэмтэл 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Тус дүүргийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ж.О-г өөрийн хамтран амьдрагч Б.Ж-тай  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд нь баруун хацар, баруун хөмсөг, баруун гарын долоовор хуруу, баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

   Улсын яллагч яллах дүгнэлтдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа шүүгдэгч Ж.Оын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч Ж.Баярдэлгэр, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна гэв.

 

   Уг гэмт хэргийн тухайд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: шүүгдэгч Ж.О 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоотод 18 цагийн үед гэртээ ирэхэд хамтран амьдрагч Б.Ж мах, сонгино хэрчээд сууж байсан байна. Тус гэрт шүүгдэгч, хохирогч нар маргалдаж, хоорондоо муудалцаж, улмаар шүүгдэгч Ж.О заазуураар Б.Ж-ын эрүүл мэндэд нь баруун хацар, баруун хөмсөг, баруун гарын долоовор хуруу, баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол, Б.Жнь  Ж.О-гзодож улмаар түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан байна.

 

   Энэ болсон үйл баримтын талаар шүүгдэгч Ж.О шүүх хуралдаанд ... араас юм шидэх шиг болсон. Миний хөлд юм унахаар нь хартал заазуур байсан. Ж босч ирээд намайг цохиж унагаагаад, хоолой боосон. Тэр үед ухаан балартаад, нүд харанхуйлаад, гар сарвагнаад үнэхээр хэцүү байсан. Миний гарт заазуур баригдахаар нь аваад савах шиг болсон. Хэдэн удаа савснаа санахгүй байна. Миний дээрээс цус гоожих шиг болсон... гэж мэдүүлж байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал гэрч Ж.Баярдэлгэрийн ... эгч Ж.О надруу 18 цагийн үед залгаад би гэррүү орж чадахгүй байна, чи хүрээд ир, би айгаад гэртээ орж чадахгүй байна гэж хэлсэн. ...19 цагийн орчим найз Энхчимэгийн хамт очиход эгч дэлгүүрийн өнцөг дээр хүлээгээд зогсож байсан. ... гэр рүү нь ороход нөхөр нь согтуу сууж байсан бөгөөд хацар дээрээ шархны хурууны боолт наасан байсан. Эгч балмагдсан айсан байдалтай, хүзүү нь боолгуулсан улаан ором гарсан байсан... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Жаргалмаагийн  “…Ж манай ээжийг цохиж байсан. Яг хэзээ гэдгийг санахгүй байна. 2 удаа зодож байсан. Ж гэрт байхдаа дандаа архи уудаг. Миний цуглуулж байсан мөнгөөр архи авч ууж байсан. Би чамд буцааж өгнө гэж хэлээд авсан. ...ээжийг оройтож ирэхээр гар утас болон зурагтны удирдлага газарруу шиддэг байсан…” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7298 дугаартай дүгнэлт, шүүх хуралдаанд өгсөн шинжээчийн мэдүүлэг, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр Б.Ж нь шүүгдэгч Ж.Оын бие, эрх чөлөөнд халдахаар заналхийлсэн үйлдэл гаргаж амь биед аюултай хүч хэрэглэсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.Оын холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой хэргийн шинжийг агуулсан боловч Үндсэн хуульд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооны эсрэг, түүнээс хамгаалалт хийж Эрүүгийн хуульд заасан гэм хор учруулсан байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д ‘’Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй’’ гэж, 4.1 дүгээр зүйлийн 2-т ‘’Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй’’ гэж тус тус заасан байна.      

 

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь тухайн үед Ж.О, Б.Жнар ямар байдалтай байсныг мэдүүлснээс биш Ж.О Б.Ж-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг гэрчилж нотлоогүй байна. Харин шинжээчийн 7298 дугаартай дүгнэлтэд Ж.Оын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий шинэ гэмтэл, энэхүү гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэж мөн шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа Оын биед тогтоогдсон гэмтэл мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүснэ. Мохоо зүйлд гар орох боломжтой. Хүзүүнд үүссэн гэмтэл 1-2 удаагийн үйлчлэлээр үүсч болно. Бугалга дахь гэмтэл базах, цохигдох үед үүсэх боломжтой. Хүний хүзүүг  багалзуурдахад хугацаа, хүчний нөлөөнөөс хамаарч ухаан балартана, амьсгалын хурц бүтэлт үүснэ, амь тэмцэлт явагдана, бие хамгаалах үйлдэл хийнэ гэж мэдүүлсэн байх ба хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан судлахад гэрч Ж.Баярдэлгэрийн ... эгч балмагдсан айсан байдалтай, хүзүү нь боолгуулсан улаан ором гарсан байсан... гэх мэдүүлэгээс үзэхэд шүүгдэгч Ж.Онь Б.Ж ын өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн эсрэг нэгэнт эхэлсэн, үргэлжилж байгаа, төгсөөгүй халдлагын эсрэг, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалт байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал шүүгдэгч Ж.О хохирогч Б.Ж-ын эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор зориуд заазуур барин цохьсон гэх шууд буюу шууд бус субъектив санаа зорилго байсан нь тогтоогдохгүй байна.

 

            Иймд тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, М овогт Ж.Оыг цагаатгахаар шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоотод өөрийн хамтран амьдрагч Ж.О-г зодож улмаар түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, гэрч Ж.Баярдэлгэр, насанд хүрээгүй гэрч А.Жаргалмаагийн гэрчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 7298 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ж-ын гэмт үйлдлийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Ж.О шүүгдэгч Б.Ж-аас энэ хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

            Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  3 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1., 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар М овогт Ж.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

           

            2. Шүүгдэгч Ш овогт Б Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ж-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ж, Б.О нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ