Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 632

 

185/2019/0384/Э

 

 

 

 

 

2019           6             25                                          2019/ДШМ/632                                                  

 

Б.Ж , Ж.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор Ж.Энх-Амгалан,

цагаатгагдсан этгээд Ж.Оюунбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Жадамбын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ж , Ж.О нарт холбогдох эрүүгийн 1809031941235 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ш овгийн Б-ын Ж , ......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

2. М овгийн Ж-ны О, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

 

Б.Ж  нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжны 307 тоотод, өөрийн хамтран амьдрагч Ж.Оюунбаярыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.О нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжны 307 тоотод, өөрийн хамтран амьдрагч Б.Ж тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь баруун хацар, баруун хөмсөг, баруун гарын долоовор хуруу, баруун бугалганд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ж , Ж.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж.Оюунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Жадамбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жадамбыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Ж , Б.О  нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ж , Б.О  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ж  давж заалдах гомдолдоо: “...Б.Ж  би мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны явцад болсон процессыг шударгаар мэдүүлж байсан. Гэтэл Ж.Оюунбаярыг гэм буруугүй гэж үзэн, намайг гэмт хэрэгтэн болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.О намайг заазуураар цавчиж алахыг завдсан, би энэ үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор, Ж.Оюунбаярын биед учруулсан гэмтлийг учруулсан байж болно. Гэтэл хүн алахыг оролдсон хүн гэм буруугүй гэж, биеэ хамгаалсан би гэм буруутай болдог нь ямар хуулийн ёс юм. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ж.Оюунбаяртай эхнэр, нөхөр бололцож, нэг гэрт амьдарч байсны хувиар хүлээцтэй, энэрэнгүй хатуурхаж хандаагүй, гэтэл шүүх хурал болсны дараа намайг тохуурхсан байдалтай байсанд нь гомдож байна. Би бодохдоо эр, эм хоёр хүн эрх тэгш байдаг гэж боддог. Гэхдээ гэр бүлийн харилцаанд эр хүний ноён нуруу алсыг харах хараа зэрэг нь түлхүү байдаг гэдэг утгаараа Ж.Оюунбаярыг би гэмт хэрэгтэн болгохыг хүсээгүй. Гэвч миний энэ нөхцөл байдлыг ойлгохгүй доромжилсон, гутаасан шинжтэй байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэж, асуудлыг зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Жадамбын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хоолойг боох явцад амьсгал бачимдсан байсан учраас тухайн үед гартаа барьж байсан заазуураар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан. Санаатайгаар гэмтэл учруулаагүй. Миний хоолойг боосон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. ...” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Жадамбын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болох хохирогч Ж.Оюунбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Жадамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ж.Оюунбаярын үйлдлийг аргагүй хамгаалалт гэж дүгнэсэн нь мөн үндэслэлтэй гэж үзэж, прокуророос улсын яллагчийн эсэргүүцэл бичээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Б.Ж  нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжны 307 тоотод, өөрийн хамтран амьдрагч Ж.Оюунбаярыг цохиж унагаах, багалзуурдаж хоолойг нь боох зэргээр зодож, эрүүл мэндэд нь”...тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл...” санаатай учруулсан болох нь:

хохирогч Ж.Оюунбаярын “...2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 18 цаг өнгөрч байхад гэртээ харьсан бөгөөд хамтран амьдрагч Б.Ж  нь гэртээ согтуу, ногоон сонгино хэрчээд сууж байсан. Би ороод “яагаад архи уусан юм бэ?, чи дандаа архи уух юм” гэж хэлэхэд “миний архи уух чамд ямар хамаа байна” гэж өмнөөс уурласан. Би хариуд нь “наад сонгиныг чинь би хэрчие” гэж заазуурыг нь авсан юм. Тэгээд намайг харааж, хэрүүл өдөөд байхаар нь би заазуураа газарт тавиад босож явахдаа “миний гэр орон чиний архи уудаг газар биш шүү” гэж хэлэхэд араас заазуур шидэхэд миний хөлний хажууд унасан. Дараа нь босож ирээд намайг цохиж унагаагаад, хоолой боогоод багалзуурдсан. Тэр үед миний ухаан балартаж амь тэмцээд, гараа сарвагануулахад гарт заазуур таараад би Б.Жадамбын байрлах зүг далайх шиг болсон чинь тэрүүгээр баахан цус болсон. ...” /хх 48/,

гэрч Ж.Баярдэлгэрийн “...Эгч Ж.О над руу 18 цагийн үед залгаад би гэр рүү орж чадахгүй байна, чи хүрээд ир, би айгаад гэртээ орж чадахгүй байна гэж хэлсэн. ...19 цагийн орчим найз Энхчимэгийн хамт очиход эгч дэлгүүрийн өнцөг дээр хүлээгээд зогсож байсан. ...Гэр рүү нь ороход нөхөр нь согтуу сууж байсан бөгөөд хацар дээрээ шархны хурууны боолт наасан байсан. Эгч балмагдсан, айсан байдалтай байсан. Хүзүү нь боолгуулсан, улаан ором гарсан байдалтай байсан. ...” /хх 54/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “...Ж.Оюунбаярын биед тархи доргилт, баруун бугалга, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” 7298 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт /хх 61/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Ж  нь “...Ж.О намайг заазуураар цавчиж алахыг завдсан, би энэ үйлдлийг нь таслан зогсоох зорилгоор Ж.Оюунбаярын биед гэмтэл учруулсан тул хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Жадамбын өөрийнх нь мөрдөн байцаалтад “...хажууд ирж суугаад хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би цаашаа бай гээд түлхсэн, унахаар нь би босгох гээд гараас нь бариад авсан чинь эргэж хараад, заазуур аваад миний хацар руу цохиод авсан. Тэгээд хацраас цус гоожоод би тухайн үед манараад. ...” /хх41/ гэж хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгийг хохирогч Ж.Оюунбаярын “...араас заазуур шидэхэд миний хөлний хажууд унасан. Дараа нь босож ирээд намайг цохиж унагаагаад, хоолой боогоод багалзуурдсан. Тэр үед миний ухаан балартаж амь тэмцээд, гараа сарвагануулахад гарт заазуур таараад би Б.Жадамбын байрлах зүг далайх шиг болсон чинь тэрүүгээр баахан цус болсон. Тэгээд цусаа хараад намайг тавьсан...” /хх 48/, гэрч Ж.Баярдэлгэрийн “...Эгч Ж.О над руу 18 цагийн үед залгаад би гэр рүү орж чадахгүй байна, чи хүрээд ир, би айгаад гэртээ орж чадахгүй байна гэж хэлсэн. ...Гэр рүү нь ороход нөхөр нь согтуу сууж байсан бөгөөд хацар дээрээ шархны хурууны боолт наасан байсан. Эгч балмагдсан, айсан байдалтай байсан. Хүзүү нь боолгуулсан, улаан ором гарсан байдалтай байсан. ...” /хх 54/ гэсэн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд, Б.Жадамбын хүч хэрэглэн унагаасан, хоолойг нь боосон үйлдлийн эсрэг Ж.О аргагүй хамгаалалт хийж, Б.Жадамбын биед заазуураар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 8239 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “...Б.Жадамбын биед баруун хацар, баруун хөмсөг, баруун гарын долоовор хуруу, баруун бугалганд шарх гэсэн хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн гэмтэл-“ийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх:

Б.Жадамбын Ж.Оюунбаярыг цохиж унагаах, багалзуурдаж хоолойг нь боох зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг” -ийн шинжтэй гэж үзэх,

Ж.Оюунбаярын өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Б.Жадамбын эхэлсэн, үргэлжилж байгаа, төгсөөгүй халдлагын эсрэг заазуураар биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлд заасан ”Өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт  хэрэгт тооцохгүй.” гэсэн аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүхийн Б.Ж , Ж.О нарын үйлдлийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Жадамбын бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

 

Гэхдээ шүүгдэгч Б.Жадамбын үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдсэн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд өнгөрсөн байх тул Б.Ж д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ж.Оюунбаярт холбогдуулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Ж.Оюунбаярын Б.Жадамбын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт хэрэглэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “...гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдэд заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулж, шүүгдэгч Б.Жадамбын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 435  дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж.Оюунбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Ж.Оюунбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай...” гэж өөрчилсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Ж д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жадамбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ