Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0654

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М Т В” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч Р.М, хариуцагч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0670 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “М Т В” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүүд холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0670 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасныг тус тус баримтлан “М Т В” ХХК-ийн гаргасан “Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Цэндээхүү давж заалдах гомдолдоо: “... “М п э” ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 216 дугаартай ирүүлсэн гомдлын дагуу зөрчлийн 1802000353 дугаартай хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж www.mass.mn сайтад 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болно. Учир нь www.MPA.mn сайтын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг Төрийн ордонд танилцуулсан /26 минут 40 секунд/ үйл явдал, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Бөхийн өргөөний хаалгыг эвдсэн хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж байна” гэсэн гарчигтайгаар мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Д.М-д холбогдох хэргийн шүүх хурлын гэрэл зургийг “Д.М-д үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа” гэсэн гарчигтайгаар тус тус зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.3 дахь заалтыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0670 дугаартай шийдвэрийн /хуудас 7/ дээрхээс үзэхэд “М Т В” ХХК-ийн www.mass.mn сайтад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан байршуулж, нийтэд түгээсэн бичлэг, гэрэл зураг нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл”-д хамаарсан тохиолдолд түүнийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, нийтэд түгээхийг хориглохоор, дээрх хуулийн 8.1.6-д “Болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл”-д хамаарсан тохиолдолд зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй байхаар зохицуулжээ.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зохиогчийн эрх гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг гэж заажээ. Мөн хуулийн 7 дугаар зүйлд зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл, 7.1.8-д дуу авиа бүхий дүрс бүтээл гэж заажээ. “М п э” ХХК нь өөрийн албан ёсны www.MPA.mn сайтад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг Төрийн ордонд танилцуулсан /26 минут 40 секунд/ үйл явдал, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Бөхийн өргөөний гадна хаалгыг өшиглөж танхайрсан үйлдлийн гэрэл зургийг “Бөхийн өргөөний гадна хаалгыг эвдсэн хэргийг цагдаагийн албан хаагчид шалгаж байна” гэсэн гарчигтайгаар мөн оны 08 дугаар сарын 08-ны өдөр УИХ-ын гишүүн Д.Мд холбогдох хэргийн шүүх хурлын гэрэл зургийг “Д.Мд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа” гэсэн гарчигтайгаар тус тус нийтэлсэн нийтлэлийн гэрэл зургууд нь 7.1.8, видео бичлэг нь 7.1.9-д хамаарч байгаа юм. Учир нь уг гэрэл зургийг авахын тулд хөдөлмөр гаргаж, цаг хугацаа зарцуулан, аль талаас нь авах вэ, гэрэл сүүдэр гээд оюуны бүтээлч хөдөлмөр шингэсэн байдаг. Авсан гэрэл зураг тод байх, хүмүүсийн сэтгэлийг татах, аль агшинг авах гэдэг нь мэргэжил, ур чадвар ухаан шаарддаг. Олон арван зураг дараад тэдгээрээс сонгож зөвхөн ганцыг тавьж байгаа. Энэ үүднээсээ ч оюуны бүтээл юм.

Гэтэл шүүгч Б.А Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 7.1.9 дэх хэсгээр хамгаалагдсан бүтээл, түүний үнэ цэнэ, цаг хугацаа, бүтээлийг бий болгосон нөлөөлсөн оюуны бүтээлч хөдөлмөрийг үл ойшоон Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8.1.6-д хамааруулсан нь үндэслэлгүй байна. “М Т В” ХХК нь гэрэл зураг, бичлэгийг оролцуулалгүйгээр болсон үйл явдлын талаар үгэн мэдээлэл өгсөн эсвэл өөрийн бүтээлээ нийтэлсэн бол Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8.1.6-д хамаарч болох байсан. Гэтэл “М Т В” ХХК нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан хязгаараас давж хүний оюуны бүтээлийг буюу энэ зөрчлийн хэргийн объект болох гэрэл зураг, видео бичлэгийг зөвшөөрөлгүйгээр шууд хуулбарлан тавьсан байгаа.

1802000353 дугаартай зөрчлийн хэрэгт “М п э” ХХК-ийн анх мэдээлсэн мэдээний үйл явдалтай огт холбоогүй, зөвхөн мэдээг хүргэхэд ашиглагдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар хамгаалагдсан гэрэл зургийн бүтээл болон видео бичлэгийн бүтээлтэй хамааралтай билээ.

Иймд гэрэл зургийн бүтээл болон видео бичлэгийг болсон үйл явдалтай андуурсан шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байна.

Хариуцагчаас “М Т В” ХХК-ийн www.mass.mn сайтад эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан байршуулж нийтэд түгээсэн бичлэг, гэрэл зургууд нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д “гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл”-д аль хэсэг нь хэрхэн хамаарах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д “бүтээлийг хуулбарлах”, 12.2.3-д “бүтээлийг нийтэд түгээх” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үндэслэсэн нь нотлох баримттай огт нийцэхгүй байна.

1802000353 дугаар зөрчлийн хэргийн /хуудас 8-9/ гомдол гаргагч “М п э” ХХК-ийн www.MPA.mn сайтын мэдээндээ хэрэглэсэн гэрэл зураг, видео бичлэгийн хуулбар байгаа. “М Т В” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийн /хуудас 4, 5, 10, 11/ зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар хамгаалагдсан гэрэл зургийн болон видео бичлэгийн бүтээлийг хуулбарласан баримтууд нь хавсаргагдсан байгаа. Иймд эдгээр үндэслэлийг огт харгалзан үзээгүйгээр шийдвэр гаргасныг буруу гэж үзэж байна. 1802000353 дугаартай хэргийг шүүсэн шүүгч аль нь зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл ба үл хамгаалагдах бүтээл вэ, гэдгийг хооронд нь ялгаж чадахгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0670 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 12 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч www.mass.mn сайтын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5.000.000 /Таван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “М Т В” ХХК-аас “... www.mass.mn сайт нь бие даасан хуулийн этгээд биш, шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, зөрчилд дурдагдсан гэрэл зураг, бичлэг нь зохиогчийн эрхийн бүтээл биш тул зохиогчийн эрхээр хамгаалахгүй” гэх үндэслэлээр “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан байна.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.11-д “зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээл” гэж бүтээлийг шууд тоглосон тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрүүлгийг, 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаална”, 7.1.8-д “гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл”, 7.1.9-д “дуу авиа бүхий дүрст бүтээл” гэж тус тус заасан боловч зөрчилд дурдагдаж буй дүрс бичлэг, гэрэл зургуудыг хуульд заасан зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээл гэж үзэхгүй.

Тодруулбал, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Дараахь бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалахгүй” гээд 8.1.6-д “болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл” гэж заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд болсон үйл явдлын талаарх мэдээ, мэдээлэл нь зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй.

Иймээс зөрчилд дурдагдаж буй Монгол ардын намын Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг Төрийн ордонд танилцуулсан үйл явдлын дүрс бичлэг, мөн Бөхийн өргөөний хаалгыг өшиглөж танхайрсан үйлдэл болон Д.М-д холбогдох шүүх хуралдааны гэрэл зургууд нь болсон үйл явдлын талаарх мэдээ, мэдээллийн шинжтэй, оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болоогүй тул зохиогчийн эрхээр хамгаалахгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.4 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”, 8.3 дугаар зүйлийн 1-д “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн ... хүнийг ... төгрөгөөр, хуулийн этгээдийг ... торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд “Холбогдогч” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг ойлгох бөгөөд хуульд зааснаар шийтгэлийг зөвхөн хүн, хуулийн этгээдэд оногдуулахаар байна. Гэтэл хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодруулалгүй, хуулийн этгээдийн эрхгүй www.mass.mn  сайтад шийтгэл оногдуулсан, мөн “М п э” ХХК болон гэрэл зурагчин Б.Б-ын хэн алины эрх зөрчигдсөн эсэхийг тодруулалгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөсөн өөрчлөлтийг орууллаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0670 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг тус тус баримтлан “М Т В” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Ц-ийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                 С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                                 Ц.САЙХАНТУЯА