Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2024/01675

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 28 210/МА2024/01675

 

 

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/02468 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК-д холбогдох,

 

Гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 146,911,692 төгрөг гаргуулах үндсэн, 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, өмгөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар .... аймгийн ...... сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах хатуу хучилттай 2,8 км автозамын болон .... аймгийн Тариалан сумын төвөөс Хархираа баг хүртэлх 25 км сайжруулсан шороон замын ажлын гүйцэтгэгчээр М ХХК шалгарч, 2019-2020 онуудад .... аймагт байнгын үйл ажиллагаа явуулж байгаа. М ХХК-ийн төслийн удирдагч 2020 оны 06 сарын 14-ний өдөр Ц ХХК-ийн захиралтай уулзсан уулзалтаар хатуу хучилттай 2,8 км автозамын ажилд асфальт бетон зуурмаг 1 тонныг 100,000 төгрөгөөр нийлүүлэхээр харилцан тохирсон. М ХХК нь дээрх 2,8 км замын ажлыг 2,911,190,573 төгрөгөөр гүйцэтгэх гэрээ байгуулж, эхний санхүүжилт 1,065,145,344 төгрөгийг 2020 оны 07 сарын 03-ны өдөр төрийн сангаар дамжуулан төсвөөс гаргуулан авсан байдаг. Гэвч М ХХК нь ажлын хөлс 140,379,710 төгрөгийг Ц ХХК-д одоог хүртэл өгөөгүй. Иймд хариуцагч М ХХК-иас 140,379,710 төгрөг гаргуулж, Ц ХХК-д олгож өгнө үү гэжээ.

1.а.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.  Үүнд: М ХХК нь өөрийн материалыг Ц ХХК-д өгч замын асфальтийг тонн тутмыг 50,000 төгрөгөөр зууруулах, ингэж үнээ бууруулсны зөрүүд Ц ХХК-ийн тавьж байгаа 1,8 км замын хучилтыг М ХХК-ийн техникээр гүйцэтгүүлэхээр тохирсон бөгөөд Mотор Сервис ХХК-д нийлүүлсэн нийт асфальтын үнийг 150,000,000 төгрөгөөр тооцох талаар аман байдлаар тохирсон. М ХХК-д нийлүүлсэн асфальтын үнэ 150,000,000 төгрөг, Битум 48,333,600 төгрөг, Авто бордиур 10*20 хавтан, краны хөлс нийлээд 187,090,800 төгрөг болсон, харин Ц ХХК нь М ХХК-д эрдэс, хайрга, шатахууны үнэнд 26,711,090 төгрөг төлөх тооцоог гаргаж, М ХХК нь өмнө нь 20,000,000 төгрөг төлсөн үнийг хасаад, харилцан үүргийг тооцоод үлдэгдэл нь Ц ХХК нь 140,379,710 төгрөгийн авлагатай гэж нэхэмжилсэн байсан. Гэтэл тооцоог дахин нягталж шалгахад М ХХК-д нийлүүлсэн асфальтийн үнэ 150,000,000 төгрөг, Битум 48,333,600 төгрөг, Авто бордиур, 10*20 хавтан, краны хөлс нийлээд 186,540,800 төгрөг, харин Ц ХХК нь М ХХК-д эрдэс, хайрга, шатахууны үнэд 19,629,108 төгрөг төлөх тооцоог гарч, М ХХК нь өмнө нь 20,000,000 төгрөг төлсөн үүнийг хасаад, харилцан үүргийг тооцоход Ц ХХК 146,911,692 төгрөгийн авлагатай гарч авлагын хэмжээ өмнөх тооцооноос 6,531,982 төгрөгөөр өсөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 6,531,982 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 146,911,692 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

М ХХК нь .... аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт 2,9 км авто замын ажил хийж гүйцэтгэсэн ба энэхүү ажилд Ц ХХК ямар ч хамааралгүй бөгөөд 2 компанийн хооронд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулаагүй, ялангуяа нэхэмжлэгч талаас гаргасан Бүтээгдэхүүн нийлүүлж хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй болно. М ХХК нь дээрх ажлаа хийж гүйцэтгэхийн тулд .... аймагт ажиллахгүй байсан бетон зуурмагийн үйлдвэрийг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, түүнийг суурилуулж, ажиллуулах мэргэжилтний хамт Улаанбаатар хотоос өөрийн зардлаар авч суурилуулан хэрэгцээтэй нүүрсийг буулган бүрэн ажиллагаатай болгож замд шаардлагатай асфальт зуурмаг гарч эхэлсэн. Ингээд М ХХК нь өөрийн ажилд шаардлагатай асфальт зуурмагийн үнэд Ц ХХК-ийн тендерээр авсан дээрх 5 байрлалын замын ажил хийж өгөхөөр тохиролцсон боловч тухайн үед тус компани хэдэн төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийлгэх нь тодорхойгүй, хэлэхгүй байсан тул гэрээ хийх боломжгүй болсон. Ц ХХК дангаараа болон туслан гүйцэтгэгчээр тендерт шалгарч авсан замын ажлын байрлал, тоо хэмжээний дагуу манай компанийн хийсэн ажил тодорхой боловч хэдий хэмжээний төсөвт зардалтай ажлыг бид хийсэн нь өнөөдөр хүртэл тодорхойгүй байна. Хариуцагч М ХХК нь Ц ХХК-ийн дээрх 5 байрлалд хийх замуудын асфальтбетон хучилтын ажлыг хийхийн тулд хучилтын өмнөх нягтаршуулалт, тэгшилгээ, инженер техникийн ажилтан, замчин, техник тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эд бараа материал авах зэрэг ажлыг өөрийн хөрөнгөөр хийж бэлэн болгосон. Дээрх 5 байрлалд хийх замын ажлыг Ц ХХК хийгээгүй, нэг ч төгрөгийн хөрөнгө зарцуулаагүй өөрөөр хэлбэл өөрсдийнх нь хийх ажлыг хариуцагч М ХХК хийж гүйцэтгэсэн. Харин нэхэмжлэгч Ц ХХК нь дээрх 5 байрлалд дангаараа болон туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тендер авсан, гэрээ байгуулсан атлаа тухайн замын ажилд зарцуулахаар төсөвлөгдсөн тендерийн төсөв мөнгийг зориулалтаар нь зарцуулаагүй, хууль бусаар завшсан гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлын хөлс 140,379,710 төгрөгийг Иргэний хуулийн 343.1-д зааснаар шаардсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулга хийхдээ шаардлагаа ямар ч үндэслэлгүйгээр ажлын хөлс биш авлага болгон зөрүүтэйгээр өөрчилсөн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ийнхүү нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй, маргааныг зөв тодорхойлж шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт болох дээрх 5 байрлалд хэдий хэмжээний төсөвт зардалтай замын тендер авсан, хийлгэсэн талаарх баримтгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Ц ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл нь М ХХК нь өөрийн зардлаар Ц ХХК-ийн ажиллагаагүй байсан зуурмагийн үйлдвэрийг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, түүнийг суурилуулан ажиллуулах мэргэжилтний хамт Улаанбаатар хотоос аваачин засварлуулж, замд шаардлагатай асфальт зуурмаг гаргах боломжтой болгосон.

Ингээд Ц ХХК нь манайд шаардлагатай 5000 тонн асфальт зуурмаг нийлүүлэх, манай компаниас Ц ХХК-ийн өөрийн болон туслан гүйцэтгэх гэрээтэй дараах 5 байрлалын замын ажлыг хийхээр харилцан тохиролцсон. Үүнд:

Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт-6 Эмнэлэг-ийн 0.340 км замын ажил,

Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт-7 60 айл-ын 0.152 км замын ажил,

Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт-10 Бурхант-ын 0.373 км замын ажил,

Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт-5 Бөхийн өргөө 0.164 км замын ажил,

Цас тогтоох дэлгүүрээс Заяшик хүртэлх 0.752 км зам буюу нийт 1,302,197,057 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн.

Эдгээр замуудыг компанийнхаа инженер, техникийн ажилтан, замчин, техник тоног төхөөрөмж, машин механизм, түүхий эд бараа материал авах, тээвэрлэх зэрэг бүхий л ажлыг өөрийн хөрөнгөөр хийж 287,647,030 төгрөг зарцуулсан.

Мөн зуурмагийн үйлдвэрийг засаж, ажлын эхлүүлэхэд шаардлагатай бүтээгдэхүүн битум, хайрга, эрдэс, нүүрсийг өөрийн хүн хүч, машин техникээр нийлүүлэн зуурмагийн үйлдвэрийн хаашанд буулган, ажлаа эхлүүлэхэд шаардлагатай 20,000,000 төгрөгийг өгсөн.

Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ...манай компаниас 20,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд Ц ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4.Нэхэмлжэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

...20 сая төгрөг нэхэмжилж байгаа бол зээлээр шаардаж байгаа юм уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөр шаардаж байгаа юм уу, эс үгүй бол тодорхой хугацааны дараа буцааж авах нөхцөлтэй, тусгай нөхцөлд заасан хэлцэл юм уу ямар хэлбэрээр буцаан шаардах эрхээ хуульд заасны дагуу хуулийн үндэслэлээр шаардаад байгаа нь тодорхойгүй байна... 20 сая төгрөг бол өөрөө 2020 оны 06 сард Ц ХХК-ийн захирал Батдорж, М ХХК-ийн захирал Адьяадорж 2 уулзаад нэг талаас материалаа гаргах, нөгөө талаас асфальт зуурч өгөх тохиролцооны дагуу асфальт зуурмагийн төлбөр яригдаад байна шүү дээ. Өгнө гээд байгаа төлбөрийн чинь урьдчилгаа төлбөр нь юм аа. Энэ бол өөрөө 20 сая төгрөг Ц ХХК-д орж ирсэн учраас асфальт нийлүүлж ажил гүйцэтгэж эхэлсэн. ...Иргэний хуульд заасны дагуу 43.2.1-ээрээ хэлцэл хүчин төгөлдөр болох нөхцөл байдлыг энэ 20 сая төгрөг чинь бий болгочхоод байгаа юм. ...Тэгэхээр энэ мөнгө өгнө, урьдчилгаа өгсөн гэдэг асуултууд чинь нийлүүлсэн асфальтын зөрүү төлбөрийн асуудал 20 сая чинь урьдчилгаа төлбөр нь учир танайх үлдэгдэл төлбөрөө өгөх ёстой гэж бид нар нэхэмжилж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. ...Худалдагч, худалдан авагч бүтээгдэхүүн, бараа материалыг хүлээлгэж өгсөн бол буцаан шаардах эрх нь үүснэ. Тэгэхлээр 1 талаас бүх зүйлээ хүлээлгэн өгсөн учраас өнөөдөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл болохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 7,657,200/долоон сая зургаан зуун тавин долоон мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 139,254,492 /нэг зуун гучин есөн сая хоёр зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун ерин хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 979,846/есөн зуун далан есөн мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 137,465/нэг зуун гучин долоон мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхээс Үндэслэх хэсгийн 12-д Ц ХХК нь өөрийн зуурмагийн үйлдвэрийг ашиглан М ХХК-ийн тавьж буй замын ажилд нь тодорхой хэмжээний асфальт бетоныг өөрсдийнх нь материалаар, хөнгөлөлттэй үнээр зуурч өгсөн, автобродюрь, хавтанг нийлүүлсэн гэж дүгнэлт өгсөн атлаа Үндэслэх хэсгийн 14-д Ц ХХК нь 130,000,000 төгрөгийн асфальт, 48,333,600 төгрөгийн битум нийлүүлсэн болохоо бичгийн баримтаар нотлоогүй гэх хууль зүйн дүгнэлт өгсөн. Нэхэмжлэгч Ц ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,962,670 тн асфальт нийлүүлсэн гэдгээ бүрэн нотолсон. Тухайлбал 1ХХ-ийн 96-100 хуудаст авагдсан Ц ХХК-ийн асфальт бетон заводоос гарсан асфальт бетоны тооцооны хуудас, 109-125 хуудаст авагдсан Ц ХХК-ийн асфальт бетоны заводоос гарч байгаа гарцын мэдээний хуудас, Гэрч Ц.Орхонсэлэнгэ, М.Гэрлээ нарын мэдүүлгээр бүрэн нотолж тогтоосон. Мөн Хариуцагч М ХХК нь хүртэл асфальт авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн атал шүүхээс асфальтбетон нийлүүлсэн гэдгээ нотлоогүй гэж дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй юм.

2. Үндэслэх хэсгийн 15-д М ХХК-д Асфальт бетон нийлүүлсэн гэх тооцооны баримтууд нь хариуцагч талд хүлээлгэж өгснийг бүрэн нотлоогүй тул тухайн баримтуудыг нотлох баримаар үнэлэх боломжгүй гэх дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.1, 44.2-д заасан бичмэл нотлох баримтын шаардлага бүрэн хангасан баримт байхад шүүх үнэлэх боломжгүй баримт гэж дүгнэлт өгсөн нь мөн хуулийн 40.2-т заасныг зөрчиж нотлох баримтаар тогтоогдсон зүйлийг нотлогдоогүй гэж нотлогдоогүй зүйлийг нотлогдсон байдлаар хэт нэг талын тайлбарт хөтлөгдөж дүгнэлт өгсөн нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тул тухайн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-д заасныг зөрчсөн илт үндэслэлгүй шийдвэр байна. Мөн Асфальт хүлээлгэж өгсөн баримт үйлдсэн, хүлээн авсан Ц.Орхонсэлэнгэ нь Хариуцагч М ХХК-ийн хяналтын инженер гэдгийг шүүх анхаарч үзээгүй, тухайн баримтыг бүхэлд нь хэрэгт ач холбогдолгүй талаас нь үнэлсэн байна.

3. Ажлын хөлс хэрхэн тооцох талаар дүгнэлт өгөөгүй.

Шүүхийн шийдвэрт талуудын хооронд бий болсон Асфальт, битум нийлүүлсэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн тул ажил гүйцэтгэлийн хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс, төлөх үнийг зах зээлийн дундаж үнээр тодорхойлох буюу гүйцэтгэгч Ц ХХК-ийн гаргасан зах зээлийн үнийн саналаар үнийг тодорхойлж хэргийг шийдвэрлэх боломжтой атал тухайн нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн дугаар 181/ШШ2024/02468 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...М ХХК-ийн хэрэгжүүлж байгаа 2,8 км замын төсөлд хяналтын үүргийг Соёмбо зам ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Ц.Орхонсэлэнгэ нь тус компанийн инженер.

М ХХК 2,8 км авто замд 5,000 тонн асфальт нийлүүлэх байсан боловч 3,900 тонн асфальт нийлүүлсэн. Ингэхдээ манай 5 байршилд байгаа автозамын асфальтыг тэгшитгэх, хучих, ажиллах, техник/ зэрэг бүх зүйлд 287,647,000 төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл, талууд бартерын ажил хийсэн. ...нэхэмжлэгч тал анхнаасаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байхад иргэний хэрэг үүсгэсэн. Анх Ц ХХК манай 5 байршлын ажлыг хийж, М ХХК танай компанийн 2,8 км замын асфальтад ордог бүхий л бүтээгдэхүүнийг нийлүүлж, нэхэмжлэгч байгууллагын хашаанд буулгаж байсан. Ажил дууссаны дараа нэхэмжлэгч тал ажлын хөлс нэхсэн бөгөөд хэдэн төгрөгийн үнэтэй ажил байсан, хийсэн нь тодорхой бус байсан тул шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч тал 1,8 км замыг 1,300,000,000 төгрөгийн өртөгтэй ажлыг М ХХК-иар хийлгэсэн. Талууд авсан өгсөн зүйлүүдийн тооцоо нийлсэн бөгөөд ажлын хөлсөө бартераар хийсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв үнэлж, дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 146,911,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1. М ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр .... аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус аймгийн ...... сумын 12 дугаар багт 2.8 км хатуу хучилттай автозамыг 2,911,190,573 төгрөгөөр барьж гүйцэтгэн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч улсын коммист хүлээлгэн өгөх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болгож өөрчилсөн /2.хх-ийн 40-41, 212-213/,

 

3.2. Ц ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шинэ их холдолт ХХК-тай ажил туслан гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, .... аймгийн ...... сумын 3 дугаар багт нийтийн эзэмшлийн талбайн авто зогсоол болон замын ажлаас гадна Бөхийн өргөөний орчим 173.8 метр, түүнчлэн 16 айлын орчим 166 метр, Эмнэлгийн ар талд 291.5 метр, Бурхан багшийн сэрэг дүр орчим 433 метр замын ажил, түүнчлэн ус зайлуулах суваг, худагнуудын тагны материалыг нийт 577,647,057 төгрөгөөр хийж гүйцэтгэх /1.хх-ийн 200, 201-210/,

 

3.3. Мөн Ц ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр .... аймгийн Засаг даргатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ...... сумын 7 дугаар багт Цас тогтох дэлгүүрээс Заяшк хүртэлх 0.8 км замын ажлыг 724,550,000 төгрөгөөр хийж гүйцэтгэн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ /2.хх-ийн 59-60/.

 

Зохигчид эдгээр гэрээг бусад этгээдтэй байгуулсан үйл баримтын талаар маргаагүй боловч замын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор хоорондын төлбөр тооцооны талаар маргасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Ц ХХК нь асфальтын үнэ 150,000,000 төгрөг, битумын үнэ 48,333,600 төгрөг, авто бордюрын үнэ 3,204,000 төгрөг, краны үнэ 550,000 төгрөг, хавтангийн үнэ 4,453,200 төгрөг, нийт 186,540,800 төгрөгөөс хариуцагч М ХХК-д төлөх эрдэс, хайрга, шатахууны үнэ 19,629,108 төгрөг болон урьдчилгаанд авсан 20,000,000 төгрөгийг тус тус хасаж 146,911,692 төгрөгийг нэхэмжилжээ.

 

4. Талуудын тайлбараар М ХХК нь дээр дурдсан 2.8 км хатуу хучилттай автозамыг барьж гүйцэтгэхэд шаардлагатай асфальтыг Ц ХХК-иас авах, үүний хариу төлбөрт Ц ХХК-ийн 5 байршилд хийж гүйцэтгэх замын ажлыг өөрийн техник, ажилтнуудын тусламжтайгаар хийж гүйцэтгэж өгөхөөр тохирсон байна.

 

Өөрөөр хэлбэл, нэг талаас хариуцагч нь нэхэмжлэгчээс асфальт худалдан авах, нөгөө талаас нэхэмжлэгч нь хариуцагчаар ажил гүйцэтгүүлэх ба талууд худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг харилцан тооцохоор болжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д заасныг зөв тайлбарлаж зохигчдын хооронд холимог гэрээ буюу худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

5. Хэрэгт цугларсан Ц ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн болон 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тооцоогоор тус компани асфальт зуурахад шаардлагатай материалыг М ХХК-иас авч, хариуцагчид зөрүү төлбөрт 18,405,180 төгрөгөөс гадна шатахууны зардалд 1,224,000 төгрөгийг төлөх, харин М ХХК нь асфальт, битум, авто бордюр, хавтан болон краны үнэд нийт 256,571,800 төгрөг төлөх ёстойгоос урьд өмнө төлсөн 20,000,000 төгрөг, өглөг 19,629,108 төгрөгийг тус тус хасаад 216,942,692 төгрөг төлөх тооцоо нь хэргийн нэг талын баримт бөгөөд бусад баримтаар нотлогдохгүй байна /1.х.х-ийн 11, 101/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зааснаар зохигчид ажил гүйцэтгэх гэрээний хөлсний талаар харилцан тохиролцох эрхтэй ба Ц ХХК-ийн 5 байршилд хийж гүйцэтгэх ёстой байсан замын ажлыг М ХХК нь хийж гүйцэтгээд авах ажлын хөлс нь тус компанийн асфальт худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс бага байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй.

 

Зохигчид М ХХК нь асфальт зууруулахад шаардлагатай материалыг Ц ХХК-д өгч зууруулдаг байсан үйл баримтын талаар маргаагүй ба анхан шатны шүүх тэдгээрийн хооронд тооцоо нийлсэн актыг үндэслэн авто бордюрын үнэд хариуцагчаас 7,657,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгахгүй, энэ талаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргаагүй /1.х.х-ийн 224-226/.

 

Үүнээс гадна Ц ХХК нь дээр дурдсан 5 байршилд хийж гүйцэтгэх ёстой байсан замын ажлыг М ХХК-ийг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн эсэх талаар баримтаар няцаагаагүй байна.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар Ц ХХК нь М ХХК-ийн ...... сумын 12 дугаар багт 2.8 км хатуу хучилттай автозамыг хийж гүйцэтгэхэд нийт 3,962,670 кг асфальтыг нийлүүлсэнийг уг замын ажилд хяналт тавьсан Соёмбот зам ХХК-ийн инженер Ц.Орхонсэлэнгэ нь хүлээн авсан талаар тэрээр гэрчийн мэдүүлэг өгчээ /1.х.х-ийн 96-100, 109-125/.

 

Хэдийгээр М ХХК-ийн зүгээс ийм хэмжээний асфальтыг Ц ХХК-иас хүлээн авсан талаар маргадаггүй боловч 1 тонн асфалтыг хэдэн төгрөгөөр тооцсон, үүнээс хариуцагчийн нийлүүлсэн материал, түүний нэхэмжлэгчид хийж өгсөн 5 байршлын ажил гүйцэтгэх гэрээний хөлс нь тус тус чухам хэдэн төгрөг болсныг ийнхүү хасаад нэхэмжилж байгаа нь тодорхой бус, энэ талаар нэхэмжлэгч баримт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Тодруулбал, зохигчдын байгуулсан асфальт худалдах, худалдан авах гэрээ, мөн ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн тодорхойгүйгээс улбаалан Ц ХХК-ийн М ХХК-д нийлүүлсэн 3,962,670 кг асфальтын үнийн зөрүүд хариуцагчийг асфальтын үнэ 150,000,000 төгрөг, битумын үнэ 48,333,600 төгрөг, авто бордюрын үнэ 3,204,000 төгрөг, краны үнэ 550,000 төгрөг, хавтангийн үнэ 4,453,200 төгрөг, нийт 186,540,800 төгрөг төлөх ёстой гэсэн тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн баримтаар талуудын бүтээгдэхүүн нийлүүлж хамтарч ажиллах гэрээний төсөлд асфальтын болон гүйцэтгэх ажлын хөлс тодорхой бус, гэрч нарын мэдүүлгээр 1 тонн асфальтын төлбөрийг 50,000 төгрөг байхаар тохирсон гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэхгүй /1.хх-ийн 212-218, 3.хх-ийн 216-219, 249-250, 4.хх-ийн 1-3/.

 

Иймээс анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдсон 7,657,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон шийдлийг өөрчлөхгүй.

 

Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхэд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг баримталсан, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн атлаа энэ талаар тогтоох хэсэгт дурдаагүй орхигдуулсан байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д нийцнэ.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/02468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 7,657,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 139,254,492 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч М ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Ц ХХК-д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

 

Б.МАНДАЛБАЯР