Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0655

 

“А т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/667 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, “А т” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-д холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/667 дугаар шийдвэрээр: “1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1, 1.5, 1.10-д заасныг баримтлан “А т” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ” 10 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай“ гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “А т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шүүгч У.Б нь хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээтэй талаас үл үнэлж хэргийн бодит үйл баримтад дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар иш татан тайлбарлаж, өөр бусад нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд үл нийцэж “А т” ХХК-ийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироогоод байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ гэж хуульчилсан байх ба дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд байцаагч Б.Ц нь “А т” ХХК нь тийм төрлийн зар сурталчилгааг ийм хэлбэрээр ингэж явуулсан энэ нь ийм нотлох үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлж “А т” ХХК-ийг маргаан бүхий лого тэмдгийг ашиглаж зар сурталчилгаа явуулсан болохыг нотлоогүй байх атал анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шийтгэх хуудас хуульд нийцсэн гэх дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Хэрвээ анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар шийтгэх хуудсыг хуульд нийцсэн гэж үзэж байгаа бол “А т” ХХК-ийг маргаан бүхий лого тэмдгийг ашиглан ийм төрлийн зар сурталчилгааг явуулж сошиал ертөнцөөр хэрэглэгчийг төөрөгдүүлсэн нь хавтаст хэргийн тэд тэд дахь талд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж иш татан дүгнэлт хийх ёстой боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаар нэг ч дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг шийдвэрлэсэн.

Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4 дэх хэсэгт заасан зөрчлүүд нь өөр өөр зөрчлүүд бөгөөд Барааны тэмдэг эзэмшигчээс “А т” ХХК-ийг Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 13.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргаад байгаа учир шалган шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ба байцаагч мөн хуулийн 13.1.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан нь нотлогдсон гэсэн дүгнэлт хийсэн атлаа тус хуулийн 13.1.1 дэх хэсгийг үндэслэл болгосон байх атал анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдууллаа.

Маргааны зүйл болох лого тэмдэг ашиглан зар сурталчилгаа явуулж хэрэглэгчийг сошиал ертөнцөд төөрөгдүүлсэн зөрчил гаргасан эсэх талаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад маргасаар байх атал анхан шатны шүүх “А т” ХХК-ийг энэ талаар маргаагүй гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүх шийтгэх хуудас оногдуулсан үндэслэл нь албан бланк дээр лого тэмдэгтэй тайлбар өгсөн үйлдэл биш байсан гэдгийг анхаарсангүй. Шүүх шийтгэх хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “А т” ХХК-ийн Оюуны өмчийн газарт 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан 018/123 тоот албан бичгээр лого тэмдэг ашигласан болох нь тогтоогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь Оюуны өмчийн газарт лого тэмдэгтэй тайлбар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн нь урьд өмнө нь маргаан бүхий барааны тэмдгийг ашигладаг, ирээдүйд ашиглаж болзошгүй гэсэн ойлголт биш юм. Барааны тэмдэг эзэмшигчийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтийн агуулгаас үзвэл хүсэлт гаргахаас өмнөх үеийн зөрчил гаргасан үйлдлийг шалгуулахаар байх бөгөөд байцаагч Б.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтээс өмнө гаргасан ямар ч зөрчлийг тогтоохгүй, нотлохгүйгээр шийтгэх хуудас оногдуулсан ба 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн логотой баримтаар биднийг урьд өмнө ашиглаж байсан мэт хийсвэр таамаглал төдий зүйлээр шийтгэх хуудасны үндэслэлийг шүүхэд тайлбарласан байх атал анхан шатны шүүх үнэхээр урьд өмнө ашиглаж байсан үйл баримт байгаа эсэх талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг өнгөцхөн дүгнэж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж хуульчилсан байх ба энэ зохицуулалтын хүрээнд Б.Цэндээхүү нь “А т” ХХК-ийг зар сурталчилгаа явуулж хэрэглэгчийг сошиал ертөнцөд хэрхэн яаж төөрөгдүүлсэн болохыг нотлох үүрэгтэй байна. Гэвч анхан шатны шүүх дээрх зөрчлийг яаж хэрхэн юугаар тогтоосон талаар дурдсангүй.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт шийтгэх хуудас оногдуулахдаа нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтооно гэж хуульчилсан байх ба энэ зохицуулалтын хүрээнд байцаагч Б.Ц нь нотлох баримтыг бүрдүүлж зөрчлийг тогтоохгүйгээр шийтгэх хуудас оногдуулсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

“А т” ХХК нь “К г л” ХХК-ийн барааны тэмдгийг ашиглан зар сурталчилгаа болон олон нийтийн сошиал ертөнцөөр үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлсэн нь өргөдөлд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж үзээд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү ”А т” ХХК эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...зар сурталчилгаа явуулж хэрэглэгчийг сошиал ертөнцөд хэрхэн яаж төөрөгдүүлсэн болохыг нотлох үүргээ улсын байцаагч хэрэгжүүлээгүй, энэ талаар шүүх дүгнэлт өгсөнгүй” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч, хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шатны шүүх “...албан бланкинд маргаж буй лого бүхий барааны тэмдэг байгаа гэсэн хариуцагчийн тайлбар, холбогдогчоос авсан тайлбар, материалаар зөрчил гаргасан нь нотлогдож байна” хэмээн маргааны зүйлд тодорхой дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай болжээ.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 06/993 дугаар албан бичгээр “К г л” ХХК-ийн “...манай улс хоорондын шуудан илгээмжийн газар нь анх одоогийн “А т” ХХК-тай хамтран үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд 2014 оноос тус тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн ... гэтэл манай лого тэмдгийг “А т” ХХК нь ашиглан зар сурталчилгаа болон олон нийтийн сошиал ертөнцөөр үйлчлүүлэгчид төөрөгдүүлсэн мэдээлэл явуулж байгаа тул энэхүү компанид сануулах арга хэмжээ авахуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг Оюуны өмчийн газарт хүргүүлжээ.

Үүний дагуу Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц зөрчлийн хэрэг нээн, холбогдогчоос тайлбар авч, зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа “...үзлэг хийх, нотлох баримт цуглуулах байдлаар ажиллагаа хийгээгүй, хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн “А т” ХХК-ийн ажиллах цагийн хуваарийг, холбогдох утасны дугаар, “К г л” ХХК-ийн логоны хамт хаалган дээр байршуулсан фото зураг, “А т” ХХК-ийн хариу тайлбар болон харилцсан албан бичигт мөн тухайн логог ашигласан байдал, уг фото зураг дээрх утасны дугаар луу шалган залгаж ярьснаар тогтоогдсон тул зөрчилд тооцон шийтгэл оногдуулсан тухайгаа шүүх хуралдаан дээр хариуцагч тайлбарлаж байна.

Гомдол гаргагч “А т” ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/27 дугаар тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, “К г л” ХХК-д олгосон 15276 дугаар улсын бүртгэлийн дугаартай барааны тэмдгийн гэрчилгээтэй барааны тэмдгийг буюу компанийн лого бүхий /галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц бүхий зураглалтай/ тэмдгийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 018-098, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 018//124, 018/123 дугаар албан бичгүүдээр улсын байцаагч Б.Ц-д хүсэлт, тайлбараа хүргүүлэхдээ тухайн хэвлэмэл хуудас дээрээ ашигласан болохоо үгүйсгээгүй, харин “тухайн лого бүхий тэмдгийг хамт бүтээлцсэн, манайд хадгалагддаг тухайгаа нотлохын тулд ийнхүү хүргүүлсэн” гэж тайлбарлаж байна.

Түүнчлэн “А т” ХХК 018/123 дугаар албан бичгээр зөрчлийн хэрэгт гаргасан тайлбар, мөн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр холбогдогчоор өгсөн М.Т-ын мэдүүлэг зэрэгт “...Коко гэсэн нэр томьёо, уг лого зэргүүдийг бид ах дүүгээрээ Америк, Канад, Монгол улсад урт удаан хугацаагаар ашиглаж байсан төдийгүй бидний хийсэн лого болохыг нотлох баримтаар нотолж байна” гэх тайлбарыг гаргаснаас үзвэл уг лого тэмдгийг ашигладгаа үгүйсгээгүй, “барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгуулах хүсэлтэй”-гээ илэрхийлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “лого тэмдгийг ашиглаж байгаагүй, улсын байцаагч зөрчлийг шалган тогтоогоогүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэгэнт зөрчил гаргагч өөрөө тухайн барааны тэмдгийг ашиглаагүй талаар тайлбар гаргаагүй, хүсэлтэд ирүүлсэн фото зургуудад авагдсан дүрс зураг хуурамч талаар маргаагүй атлаа шүүхэд ийнхүү маргаж байгааг хүлээн авах үндэсгүй юм.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол;” 13.1.4-т “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернет, сурталчилгаанд ашигласан бол” барааны тэмдгийг ашигласанд тооцохоор заасныг зөрчиж, үйлчилгээнд болон албан бичигт хэрэглэсэн гэж үзэн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн үйлдэлд хариуцлага оногдуулсан нь хууль тогтоомжид нийцжээ.

Иймд барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдын барааны тэмдгийг ашигласан зөрчилд оногдуулсан шийтгэл нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх гомдлын шаардлагад хамааралтай холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/667 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “А т” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Ц-ийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 10 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА