Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01683

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 210/МА2024/01683

 

 

Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02074 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХГ ХХК, БНХАУ-ын Х ХХК-д тус тус холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЗТЯ,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,599,571,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ү ХХК нь авто замын барилгын ажлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хатуу хучилттай авто зам барих төрлийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээд юм. Монгол Улсын Засгийн газраас Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн хүрээнд Улаанбаатар хот-Дархан чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замыг шинэчлэх, сэргээн засварлах барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн төслийг Азийн хөгжлийн банктай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр МОН-3679 тоот зээлийн гэрээ байгуулан, зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэн ажиллаж байна. Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл-ийн хүрээнд Улаанбаатар хот-Дархан чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замын Багц 1-1 буюу Баруун бүсийн тойрог замаас Хар модотын давааны ар хүртэлх 37.26 км зам-ын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ХГ ХХК хийж гүйцэтгэхээр шалгаран 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай СW1-1 тоот Улаанбаатар-Дархан Замын сэргээн засварлах, Баруун бүсийн тойрог замаас Хар модотын давааны ар хүртэл 37,26 км замын хэсэг гэрээ байгуулан төслийн ажлыг эхлүүлсэн. Ү ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлах, Баруун бүсийн тойрог замаас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км замын ажил гүйцэтгэх Г-01/79 тоот гэрээг ХГ ХХК-тай байгуулан тус замын ПК-17.26-аас ПК37.26 хүртэлх 20 км замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр, ажлын гүйцэтгэлд 5,264,474.12 ам долларыг төлөхөөр тус тус тохиролцон барилгын ажлыг эхлүүлсэн. Ү ХХК болон ХГ ХХК хооронд байгуулсан Г-01\79 тоот гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар талууд Монгол Улсын хуулийг мөрдлөг болгохоор тусгасан бөгөөд Г-01/79 тоот гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ болно. Г-01/79 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр Ү ХХК нь замын барилгын ажлыг барилгын зураг төслийн дагуу техникийн шаардлага, норм дүрэм, стандартад нийцсэн, зөвлөх, захиалагчийн хүлээн зөвшөөрсөн материал, бүтээгдэхүүнээр Барилгын тухай хууль, Авто замын тухай хуульд заасан шаардлагыг ханган барилгын ажлыг гүйцэтгэх, ХГ ХХК нь барилгын ажлын хяналтыг хэрэгжүүлэгч Intercontinental Consultants and Technocrats Pvt Ltd хэмжин чанарын хяналт хэрэгжүүлэн хүлээн авсан, хоёрдугаарт ХГ ХХК-ийн санхүүгийн албаны нягтлан бодогч шалган тооцоо нийлж, хүлээн зөвшөөрсөн, гуравдугаарт ХГ ХХК нь өөрөө тухайн гүйцэтгэлийг үндсэн захиалагч болох Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн, мөн түүнчлэн төслийн санхүүжүүлэгч гүйцэтгэлийг зөвшөөрч төлбөр төлсөн зэргээс үзэхэд Ү ХХК-ийн гүйцэтгэл чанарын доголдолгүй болох нь нотлогдож байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1, 353.2 дахь хэсэгт зааснаар Ү ХХК-ийн 09 болон 10 дугаар сарын гүйцэтгэл эрхийн болон биет байдлын доголдолгүйд тооцогдоно. Ү ХХК нь Г-01/79 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх заасныг үндэслэн 2019 оны 09,10 дугаар сарын гүйцэтгэлийн ажлын хөлсийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үндэслэлгүйгээр төлөхөөс татгалзсан тул шүүхэд хандсан. Г-01Ү79 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т заасныг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн хэлэлцээрийн дагуу ажлын хөлсөнд 173,648.7 ам.доллар буюу 590,020,080 төгрөг, 2020 оны нэмэлт ажлын төлбөрт 190,527.48 ам.доллар буюу 647,370,461 төгрөг, чанарын баталгааны барьцаанд 106,593.46 ам.доллар буюу 362,181,126 төгрөг, нийт 1,599,571,667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэнээс хэдэн төгрөг яаж гаргуулахаар шаардаад байгаа нь тодорхойгүй. БНХАУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсантай маргахгүй. Монгол Улс дахь хуулийн этгээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрх зүйн харилцаанд оролцсон зүйл байдаггүй, харин нэхэмжлэгчийн хариуцагчийг тодорхойлсон үндэслэлээр хариуцагчийн хувиар орж ирсэн. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй талаар хуульчилж өгсөн. Иймд Монгол Улсын хуулийн этгээдийн тухайд гэрээтэй холбоотой гэрээний шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хятад дахь хуулийн этгээдийн хувьд: Ү ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн засварлах гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ПК-17.26-ПК 37.26 хүртэлх 20 км замын ажлыг нэхэмжлэгч Ү ХХК хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Уг гэрээний дагуу 2016 оны 06 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд 20 км замын ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгээгүй, нийт 6.9 км-ийн зам тавиад ажлаа хаяад алга болчихсон. Биет байдлын доголдолтой гүйцэтгэснээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч албан бичгээр хандаж байсан. 9,10 дугаар сарын төлбөрийг өгөөгүй нь шалтгаантай. Гэрээний 2.3-т зааснаар талууд эхний 15 хоногийн санхүүжилтийг зөвлөх болон захиалагч байгууллагаас баталгаажуулсан тоо хэмжээг төлбөрийн гэрчилгээг баталгаажуулсны дараа ажлын гурван хоногт багтааж ажил гүйцэтгэгчид олгохоор тохиролцсон. 9, 10 сарын төлбөрийн гэрчилгээг бидэнд олгоогүй, Азийн хөгжлийн сангаас хасаад шийдвэрлэчихсэн. Энэ ажлын хүрээнд хийсэн ажил нь доголтой байгааг А ХХК болоод захиалагч ЗТЯ-наас удаа дараа тогтоогоод шаардлага хүргүүлж байсан. Энэ шаардлагын хүрээнд ХГ ХХК-ийн зүгээс Ү ХХК-д удаа дараа зөрчлийг арилгах шаардлага хүргүүлж байсан. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, одоо болтол манай компанийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн асуудал байгаа. 20 км замыг бид нар хийгээд дуусгасан гэж байгаа нь худлаа, үндэслэлгүй, ажлаа хаяад явсан тухай гэрчийн мэдүүлэг ч байдаг. Авто замын тухай хуулийг зөрчсөн талаар Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүд болон эрх бүхий байгууллагын эрх зүйн актууд байдаг. 2019 онд Сангийн сайдын тушаалаар ХГ ХХК-ийг зам тээвэртэй холбоотой ажил дээр НӨАТ-аас чөлөөлсөн байдаг. НӨАТ-тай холбоотой баримт хэрэгт байхгүй, тоо зохиож тавиад төл гэж нэхээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн 5 хувийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тооцоо нийлсэн баримт дээр 106,1 ам доллар буюу 6,7,8,9,10 сард хийсэн ажлыг суутгасан ажлын хөлсийг шилжүүлээд өгчихсөн. 1,8 сая доллартоо орж байгаа. Өөрөөр хэлбэл, ажлыг хийж гүйцэтгэсний дараа 5 хувийг өгөх боломжтой. Нэхэмжлэгч нэмэлт ажил хийсэн гэж тайлбарладаг боловч бичгийн нотлох баримт байхгүй, зүгээр л нэг хүснэгт гаргаад өгчихсөн. Гэтэл эрх бүхий байгууллага нь нэмэлт ажил гэж үзэхгүй, гэрээнд заасан хийх ажлын хуваарьт ороогүй ажил гээд хүлээн зөвшөөрдөггүй. Нэгэнт эрх бүхий байгууллагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажлыг бид нар хүлээн зөвшөөрөөд өгөх боломжгүй. Талуудын харилцан тохиролцсоноор эрх бүхий байгууллагыг хүлээн авсны дараа мөнгийг өгнө гэж тохиролцсон. Энэ нөхцөлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд хангалттай баримтуудыг гаргаж өгөөгүй, зөвхөн тайлбаруудыг өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Ү ХХК-аас талуудын хооронд байгуулсан Замын ажил гүйцэтгэх тухай Г-01/79 тоот гэрээний 2.3, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 1,576,385,864 төгрөгийг ХГ ХХК-аас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагатай маргаан нь зөвхөн хоёр талын буюу гэрээтэй холбоотой маргаан байна. Түүнчлэн, Азийн хөгжлийн банкны зээлээр Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын Багц 1-1 хэсэг буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 38,26 км авто замын ажлыг өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээж аваагүй байгаа гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХГ ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд Х- / Х ХХК/-аас чанарын баталгааны мөнгө 106,593 ам.доллар буюу 362,181,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажлын гүйцэтгэлийн төлбөр, нэмэлт ажлын төлбөр 364,175 ам.доллар буюу 1 237,390,541 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч А ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 197 830 /3 814 903 + 4 382 927/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХГ ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд Х- /Х ХХК/ нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,968,856 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/424-19, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/378-19, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/414-19 тоот албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хоорондын тооцоо нийлсэн акт, Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 075 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн мэтгэлцэж оролцсон.

Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Г-01/79 дугаартай гэрээний 1.4-т заасны дагуу манай компаниас ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхийн тулд зайлшгүй нэмэлт ажил хийх шаардлагатай болсон тухайн цагт зөвлөх болон хариуцагч компанид мэдэгдэн өдөр тутам зөвлөх компаниар хянан баталгаажуулж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү үйл баримтыг А ХХК зөвлөх компанийн ажилтан Ж.Ө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгээр нотолдгоос гадна, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хоорондын тооцоо нийлсэн актаар талууд холбогдох газруудаар батлуулсны дараа хариуцагч нь нэхэмжлэгч талд төлөх үүргийг хүлээсэн нь тус тус нотлогддог. Улмаар энэхүү нотлох баримтын хүрээнд манай компани нь гэрээ болон тооцоо нийлсэн баримтаар хүлээсэн үүрэг буюу нэмэлт ажил гүйцэтгэсэн нотлох баримтуудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/68 дугаартай албан бичгээр нотлогддог. Гэтэл хариуцагч компани нь захиалагч компаниар батлуулах үүргээ биелүүлээгүйгээс нэмэлт ажлын санхүүжилт олгогдоогүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний хариуцлагын дагуу хариуцагч манай компанид олгох үүрэгтэй байхад шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул, шийдвэрийн нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрөхгүй хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс 190,000 ам.долларын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг боловч үйл баримтаар тогтоогддоггүй. Нэхэмжлэгчийн тайлбараар тухайн ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх албан бичгийг А ХХК-д өгөхөөр нэмэлтээр хийсэн ажлын талаарх баримтгүй байдаг бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан бичгээр тайлбарладаг. Мөн А ХХК-ийн албан бичгээр нэмэлт ажил хийгдээгүй гэж дүгнэсэн учраас хариуцагчийн зүгээс уг төлбөрийг төлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- нь уг доголдлыг 12 дугаар сард багтаан засаж сайжруулна гэх албан бичгийг хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл тухайн доголдлыг арилгаагүй бөгөөд өөр компаниар тухайн доголдлыг арилгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй учраас гэрээний төлбөрийг шаардах боломжгүй. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаар хуульчилж өгсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 45.1, 45.2-т заасан нөхцөл биелэгдээгүй буюу нэхэмжлэгч Ү ХХК нь чанарыг доголдлоо бүрэн арилгаагүй, гүйцэтгэгч зөрчил гологдлыг арилгасан тухай гүйцэтгэгч тал мэдэгдэл өгөөгүй тийм баримт хэрэгт авагдаагүй байхад шаардах эрхтэй хэмээн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй байна.

Түүнчлэн, зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн хэлэлцээрт дурдсан Нэхэмжлэгч Ү ХХК нь нийт хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний дүн 314,566.25 ам.доллароос гүйцэтгэсэн ажлын чанарт асуудал гарсан гэж үзэж шаардлага хангаагүй хэсгийн засварлах мөнгө болох 173,648.7 ам.долларыг хасаж тооцсон гэх гэрээний утга санаа нь санхүүжүүлэгч буюу захиалагчаас тухайн мөнгийг суутгасан бус хүлээн аваагүй тул доголдолтой холбоотой хэсгийн мөнгийг огт шилжүүлээгүй буюу тухайн хэсэгт ногдох мөнгөн хөрөнгийг хасаж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад энэхүү мөнгөн хөрөнгийг хариуцагч компани дур мэдэн суутган авсан мэтээр дүгнэж байгаа нь илтэд үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь тухайн чанарын баталгааны мөнгийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь чанарын баталгаанд зориулж мөнгөн хөрөнгө байршуулсан санхүүгийн анхан шатны баримтаа гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байхад хэрэгт байхгүй баримтаар дүгнэлт хийж байгаа нь шүүхийн шийдвэр Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11.1 дэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Тооцоо нийлсэн хэлэлцээрийн талаар тодорхой үнэлэлт дүгнэлт хийсэн хэдий ч тухайн хэлэлцээрийг хийх үндэслэл болсон 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тооцоо нийлэх акт-ыг огт үнэлж дүгнээгүй байна. 314,566.25 ам.долларыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хэлэлцээрээр шийдвэрлэсэн бөгөөд үлдэх 1,817,302.86 ам.долларыг хариуцагчид бүрэн шилжүүлсэн болохыг энэхүү тооцоо нийлсэн актаар талууд тооцож гаргасан ба тухайн тооцоогоор нэхэмжлэгчийн шаардаад буй 106,593.46 ам.долларыг нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн болохыг талууд акт үйлдэж баталгаажуулсан. Гэтэл шүүхээс энэхүү нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөж шийдвэр гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Мөн миний бие 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуралтай талаар дурдаж хүндэтгэн үзэх шалтгаан бүхий баримтаа шүүхэд хүргүүлсэн байхад тухайн хүсэлтийг хүлээн авалгүй төлөөлөгч намайг биечлэн оролцох боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэн нь эрх тэгш мэтгэлцэх, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн болно. Төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөж хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн нөхцөл байдал үүссэн гэж төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Түүнчлэн, энэхүү шүүхийн шийдвэрээс үүдэн нэхэмжлэгч үндэслэлгүйгээр давхар 106 593.46 ам.долларыг хоёр удаа хариуцагчаас авах нөхцөл байдал үүсээд байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч ХГ ХХК, БНХАУ-ын Х ХХК-д тус тус холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн хэлэлцээрийн дагуу ажлын хөлсөнд 173,648.7 ам.доллар буюу 590,020,080 төгрөг, 2020 оны нэмэлт ажлын төлбөрт 190,527.48 ам.доллар буюу 647,370,461 төгрөг, чанарын баталгааны барьцаанд 106,593.46 ам.доллар буюу 362,181,126 төгрөг, нийт 1,599,571,667 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Ү ХХК нь БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК-тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Г-01/79 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн замын сэргээн засварлах: Баруун бүсийн тойрог замаас Хар Модотын давааны ар хүртэл 37,26 км замын ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэгч Ү ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ПК17,26-ээс ПК37,26 хүртэлх 20 км замын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүрэн дуусган ашиглалтад оруулах, захиалагч Х ХХК нь 5,264,474.12 ам.долларын ажлын хөлс төлөхөөр талууд харилцан тохиролцжээ./хх11-33/

 

2.1. Дээрх Г-01/79 дугаар гэрээнд захиалагч тал нь Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч байгууллага нь Азийн хөгжлийн банк, гүйцэтгэгч нь БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК, зөвлөхөөр А ХХК, туслан гүйцэтгэгч нь Ү ХХК гэж тусгасан байна. Мөн хариуцагч Х- ГХОХХК нь дээрх гэрээний гүйцэтгэгч тал болох БНХАУ-ын хуулийн этгээд Х ХХК-ийн охин компани гэх бөгөөд дээрх гэрээг хариуцан ажилласан талаар талууд маргаагүй байна.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв.

 

4. Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч ХГ ХХК-ууд дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, улмаар Ү ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний дүн 314,566 ам.доллар болсон боловч 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын чанарт асуудал гарсан гэж үзэн ЗТЯ-наас 2019 оны 10 дугаар сард нийт ажлын гүйцэтгэлийн дүнгээс 173,648.7 ам.долларыг чанарын шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон суутган авсан. Талууд харилцан тохиролцож ажлын гүйцэтгэлийн дүн 314,566 ам.доллараас 173,648.7 ам.долларыг хасаж тооцон 140,917,55 ам.долларыг төлөхөөр болов. Чанарын шаардлагыг хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон суутган авсан 173,648.7 ам.долларыг Ү ХХК 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гүйцэтгэгч талын тавьсан шаардлагын дагуу тус хэсэгт засвар үйлчилгээ хийж холбогдох газруудаар шалгуулах ёстой.Мөн тус газруудаас тэнцсэн эсэхийг шалгасны дараа ЗТЯ-наас суутган авсан мөнгө гүйцэтгэгч талын дансанд буцаан олгомогц Ү ХХК-д цаг алдалгүй шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Хэрэв Ү ХХК гүйцэтгэгч талын шаардлагыг хангахгүй, мөн ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгэгч тал тус хэсгийг өөрөө засварлах эрхтэй. Мөнгийг Ү ХХК-д олгохгүй байж болно. Ү ХХК-ийн нэмэлт ажлын гүйцэтгэл болох 190,527.48 ам.доллар дээрх дүнд ороогүй. Энэ нь холбогдох газруудаар баталгаажаагүй дүн юм. Хэрэв талууд холбогдох газруудаар батлуулсны дараа Ү ХХК-д гүйцэтгэгч тал нэгж үнийн дагуу төлбөрийг төлнө. гэж 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн хэлэлцээр-т харилцан тохиролцсон байна.

/2хх 75,78/

 

5. Дээрх гэрээг дүгнэж тооцон нийлэн, хэлэлцээр хийснээс хойш нэхэмжлэгч Ү ХХК ажил үүрэг гүйцэтгээгүй, дээрх хэлэлцээрт дурдсан ажлын доголдлыг арилгаагүй, мөн гэрээнээс талууд татгалзсан талаар талууд маргаагүй. Харин дээрх тооцоо нийлсэн акт болон хэлэлцээрт дурдагдсан ажлын хөлсний үлдэгдэл 173,648.7 ам.доллар буюу 590,020,080 төгрөг, 2020 оны нэмэлт ажлын төлбөрт 190,527.48 ам.доллар буюу 647,370,461 төгрөг, чанарын баталгааны барьцаанд 106,593.46 ам.доллар буюу 362,181,126 төгрөг, нийт 1,599,571,667 төгрөгийг төлөх эсэх тухайд талууд маргасан байна.

 

5.1. 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тооцоо нийлсэн актын 1 дэх хүснэгтээр нийт гүйцэтгэсэн ажлаас чанарын баталгааны барьцаа болгож 5%-иар тооцож суутгасан 106,593.46 ам.долларыг нэхэмжлэгчид олгох 314,566.25 ам.долларт оруулан тооцоод уг дүнгээс 173,648.7 ам.долларыг чанарын шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон суутган авсан болох нь дээрх хэлэлцээр нэртэй баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхээс чанарын баталгааны барьцаанд суутгасан 106,593.46 ам.доллар буюу 362,181,126 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангана.

 

5.2. Мөн ажлын хөлсний үлдэгдэл 173,648.7 ам.доллар буюу 590,020,080 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь дээрх хэлэлцээрт дурдагдсаны дагуу ЗТЯ-наас 2019 оны 10 дугаар сард нийт ажлын гүйцэтгэлийн дүнгээс чанарын шаардлагыг хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон суутган авсан 173,648.7 ам.долларыг, Ү ХХК 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө гүйцэтгэгч талын тавьсан шаардлагын дагуу тус хэсэгт засвар үйлчилгээ хийж холбогдох газруудаар шалгуулаад мөн тус газруудаас тэнцсэн эсэхийг шалгасны дараа ЗТЯ-наас суутган авсан мөнгө гүйцэтгэгч талын дансанд буцаан олгомогц Ү ХХК-д цаг алдалгүй шилжүүлэхийг зөвшөөрсөн. Хэрэв Ү ХХК гүйцэтгэгч талын шаардлагыг хангахгүй, мөн ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгэгч тал тус хэсгийг өөрөө засварлах эрхтэй. Мөнгийг Ү ХХК-д олгохгүй байж болно гэж тохиролцсон байх ба дээрх доголдлыг нэхэмжлэгч Ү ХХК арилгасан, мөн ЗТЯ-наас уг санхүүжилтийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн талаар нотлох баримтгүй байна. Түүнчлэн, дээрх доголдлыг нэхэмжлэгч тал арилгаагүй бөгөөд гүйцэтгэгч талаас өөр компаниар дээрх доголдлыг хийж гүйцэтгүүлж арилгуулсан талаар хариуцагч талаас тайлбарлаж, талуудын хооронд харилцсан албан бичгүүдийг ирүүлснийг нэхэмжлэгч талаас үгүйсгэсэн нотлох баримтгүй байна.

 

5.3. Нэхэмжлэгч талаас 2020 оны нэмэлт ажлын төлбөрт 190,527.48 ам.доллар буюу 647,370,461 төгрөгийг нэхэмжилж байх боловч мөн дээрх хэлэлцээрт тохиролцсоны дагуу нэмэлт ажлын гүйцэтгэл болох 190,527.48 ам.доллар дээрх дүнд ороогүй. Энэ нь холбогдох газруудаар баталгаажаагүй дүн юм. Хэрэв талууд холбогдох газруудаар батлуулсны дараа Ү ХХК-д гүйцэтгэгч тал нэгж үнийн дагуу төлбөрийг төлнө. гэсэн байх боловч гэрээний зөвлөх А ХХК нь уг нэмэлт ажилд холбогдох баримтуудыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлээгүй зэрэг үндэслэлээр баталгаажуулаагүй байна.

 

5.4. Иймд дээрх үндэслэлүүдээр ажлын хөлсний үлдэгдэл 173,648.7 ам.доллар буюу 590,020,080 төгрөг, 2020 оны нэмэлт ажлын төлбөрт 190,527.48 ам.доллар буюу 647,370,461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй нь үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ү ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон дээрх гэрээний захиалагч тал болох ЗТЯ-наас Азийн хөгжлийн банкны зээлээр Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын Багц 1-1 хэсэг буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 38,26 км авто замын ажлыг өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээж аваагүй байгаа гэсэн тайлбарыг гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Хариуцагч талаас гаргасан анхан шатны шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэсэн гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагч талаас шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргасан хүсэлтийг тухайн шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02074 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХГ ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд /Х-/ Х ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,599,571,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ү ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын үлдээж, хариуцагч ХГ ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд /Х-/ Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,968,856 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэснийг үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 6,345,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 1,968,856 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ