| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0068/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2017-04-11 |
| Зүйл хэсэг | 192.1., 192.2., |
| Улсын яллагч | Н.Отгонцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 243
Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат, Б.Бямбабаяр, С.Заяа нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Отгонцэцэг,
Ялтан Х.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, Б.Тэнгис,
Ялтан М.Мөнхбатын өмгөөлөгч Ж.Ганболд,
Ялтан С.Бямбабаярын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,
Ялтан С.Заяагийн өмгөөлөгч Н.Жамъяндорж,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, ялтан М.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, ялтан С.Бямбабаярын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, ялтан С.Заяагийн өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат, Б.Бямбабаяр, С.Заяа нарт холбогдох 2016 0100 0189 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Хаш овгийн Хашбаатарын Эрдэнэцэцэг, 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39 дүгээр байрны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УК88121301/,
2. Боржигон овгийн Мөнхжаргалын Мөнхбат, 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Амгалан Уртуу” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 5 дугаар гудамжны 36-01 тоотод оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 282 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж сулласан,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УМ88062014/,
3. Гал овгийн Баярсайханы Бямбабаяр, 1993 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 84 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:АЮ93092512,
4. Боржгин овгийн Саранчимэгийн Заяа, 1992 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар 21 дүгээр байрны 41 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УЗ92012631/,
Х.Эрдэнэцэцэг нь 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сац” нэртэй зочид буудалд Түмээ гэгчээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 2.2 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 2.2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 39 дүгээр байрны 43 тоот гэртээ болон өөрийн биедээ борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39 дүгээр байрны гадна М.Мөнхбат, С.Заяа, Б.Бямбабаяр нарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.5 грамм бодисыг 350.000 төгрөгөөр худалдан борлуулсан,
Б.Бямбабаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, С.Заяа нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагаас 22 цагийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 0.5 грамм бодисыг өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
М.Мөнхбат нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 28 дугаар байрны орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт тетрагидроканнабинолын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт “Каннабис” гэх ургамал /бодис/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт “Каннабис” гэх ургамал /бодис/-ыг өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
мөн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бямбабаяр, С.Заяа нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагаас 20 цагийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 0.5 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
С.Заяа нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, Б.Бямбабаяр нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Х.Эрдэнэцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар, Б.Бямбабаяр, С.Заяа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, М.Мөнхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Эрдэнэцэцэгийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Бямбабаярыг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, М.Мөнхбатыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, С.Заяаг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар Х.Эрдэнэцэцэгийг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Бямбабаярыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнхбатыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар С.Заяаг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан Х.Эрдэнэцэцэгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан М.Мөнхбатын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Бямбабаяр, С.Заяа нарыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан Х.Эрдэнэцэцэг 60 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Бямбабаяр, М.Мөнхбат, С.Заяа нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “3” гэж дугаарласан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “7” гэж дугаарласан гялгар уутны хамт 0.1 грамм метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “4” гэж дугаарласан 6x7.5 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай JN2281685 серийн дугаар бүхий Монгол Улсын 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “5” гэж дугаарласан 7x10 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай 5.5 см урттай, улбар шар өнгийн 5.5 см урттай, нэг үзүүрийг нь түлж наасан байдалтай хуванцар гуурс 1 ширхэг, “6” гэж дугаарласан 5.5x8x1.6 см харьцаатай “for the stylish ESSE” гэсэн бичиглэлтэй, цайвар өнгийн төмөр хайрцаг, хайрцаг дотор 5.5x8x0.5 см харьцаатай хар саарал өнгийн зөөлөвч зэрэг эд зүйлс, “6” гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай “Dirol” гэсэн бичиглэлтэй бохины цаас 1 ширхэг, “8” гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай, тунгалаг өнгийн гялгар уут 1 ширхэг, “6” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.5 грамм метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодис, цианокобаламин 0.5 мг/мл 1 мл 190216 до 03 18 гэсэн бичиглэлтэй, тарилгын уусмал 3 ширхэг (бүтэн), эвдэрхий улаан өнгийн асаагуур 1 ширхэг, хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, цианокобаламин 0.5 мг/мл 1 мл 190216 до 03 18 гэсэн бичиглэлтэй, тарианы шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Голомт” хотхоны С блок байрны хяналтын камерийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СD, Х.Эрдэнэцэцэгийн дүрс бичлэгийг харьцуулах шинжилгээнд хийгдсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СD, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийн хамт ирүүлсэн 4 ширхэг СD зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, Х.Эрдэнэцэцэг, Б.Бямбабаяр, М.Мөнхбат, С.Заяа нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Х.Эрдэнэцэцэгээс 350.000 төгрөгийг гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Эрдэнэцэцэг, Б.Бямбабаяр, М.Мөнхбат, С.Заяа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Ялтан Х.Эрдэнэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбатад хар тамхи буюу “Мөс” гэх бодисыг хориотой гэдгийг мэдсэн хирнээ өгч, уг бодисыг 350.000 төгрөгөөр зарж борлуулсан үйлдэлдээ маш их харамсаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэнээ хүлээн зөвшөөрч байна.
Би уг хэрэгт холбогдон тодорхой хугацаанд хоригдож байхдаа маш их гэмшиж ухаарсан. Би уг бодисыг анх хэрэглэхдээ хар тамхи гэдгийг мэдээгүй. Гэмт хэрэг болж хорих ял шийтгүүлэх хэмжээнд хүрнэ гэж бодож байгаагүйдээ харамсаж, залуу насандаа хар толбо үлдээж байгаадаа маш их гэмшиж байна.
Хар тамхи зарж борлуулсан 350.000 төгрөгийг улсын дансанд тушааж, өөрийн гэм буруугаа хүлээж, төрийн өмчлөлд шилжүүлсэн.
Миний бие ажил хөдөлмөр эрхэлж, хийж бүтээх насандаа анх удаагаа уг гэмт хэрэгт холбогдож, эрүүл мэнд болон гэр бүлийнхнийгээ сэтгэл зүйн хүнд байдалд оруулсан үйлдэлдээ өнөөдрийг хүртэл чин сэтгэлээсээ гэмшиж байгааг минь харгалзан үзэж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, сайхан амьдрал зохиож, улс орондоо хэрэгтэй хүн болоход минь тусалж, гэм буруугаа хүлээснийг минь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.
Ялтан Х.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Х.Эрдэнэцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Түмэндэлгэр буюу Түмээ гэх залуугаас тухайн мөс гэх бодисыг өөрийнх нь түр хадгалж байгаач гэсний дагуу гэртээ хадгалж хэрэглэсэн” гэж мэдүүлсэн бөгөөд Түмээ гэх залуу нь 2016 оны 1 дүгээр сарын эхээр Х.Эрдэнэцэцэгтэй “Тэнгис” кинотеатрын хажууд таарсан байдаг. Тэгтэл мөрдөн байцаалтын шатанд Түмээ буюу Түмэндэлгэрийг олж тогтоогоогүй. Түмээ гэгч нь гадагш явсан эсэх нь тодорхойгүй, түүнийг Монгол Улсын хилээр орсон, гарсан болохыг тодруулаагүй. Хэрвээ Түмэндэлгэрийг тодруулж шалгавал 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Х.Эрдэнэцэцэг нь тухайн мөс гэх бодисыг бусдад борлуулах зорилгоор гэртээ хадгалсан эсэх нь тодорхой болох юм.
2. Х.Эрдэнэцэцэгийн хувийн байдлын талаар гэр бүлийн гишүүн, найз нөхдөөс нь асууж тодруулаагүй бөгөөд хорих 461 дүгээр ангид хоригдож, шалгагдаж байсан хар тамхины хэрэгт холбогдсон сэжигтнүүдээс түүний талаар гэрчийн мэдүүлэг авсан.
Мөн шүүхийн шатанд өмгөөлөгч авах хүсэлт гаргахад ямар нэгэн хариу өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. /3-р хх 168-169/
3. Х.Эрдэнэцэцэг нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, С.Заяа, Б.Бямбабаяр нарт мөс гэх бодисыг 350.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх боловч С.Заяа, Б.Бямбабаяр нарыг Х.Эрдэнэцэцэг нь огт хараагүй, танихгүй, харин С.Заяа, Б.Бямбабаяр нар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “М.Мөнхбат ахад 350.000 төгрөг өгөөд “Өгөөж” ХХК-ийн харалдаа ирэхэд М.Мөнхбат “та хоёр эндээ зогсож бай, би мөс авах хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлээд замын урд талд байсан хуучны таван давхар орон сууц руу явсан. М.Мөнхбат удалгүй 10-15 минутын дараа ирснээ “за явъя” гэж хэлээд тэндээсээ такси бариад шууд Бичил хороолол руу явсан. /хх 233 сэжигтэн Б.Бямбаярын мэдүүлэг/ гэх мэдүүлгээр С.Заяа, Б.Бямбабаяр нар нь Х.Эрдэнэцэцэгийг М.Мөнхбаттай уулзаж мөнгө болон мөс өгсөн эсэхийг харах боломжгүй байгааг харуулж байгаагаас гадна Х.Эрдэнэцэцэг нь мөс гэх бодисыг С.Заяа, Б.Бямбаябаяр, М.Мөнхбат нарт худалдан борлуулаагүй болохыг харуулж байна.
4. М.Мөнхбат цагдаад баригдахаас хоёр хоногийн өмнө Х.Эрдэнэцэцэгийн байрны гадна мөс гэх бодисыг хэрэглэж байгаад Х.Эрдэнэцэцэгийг 00 руу яваад ирэх хооронд нь авч явсан мөс гэх бодисоо 2016 оны 9 дүгээр сарын 22-ны орой “хурдан авчирч өг” гэж нэхэж, шаардсаны дагуу буцааж авчирч өгөхдөө уут нь солигдсон, тал нь байхгүй байхаар нь маргалдаад салтал Starex загварын машин дагаад байх шиг санагдаад гэртээ орохоос айгаад М.Мөнхбатаас авсан мөсөө “Голомт” хотхоны тоглоомын талбайд нуусан. Тэгээд орцны үүдэнд очтол 3 хүнд баригдсан /хх 184/ гэх мэдүүлэг, мөн М.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би Х.Эрдэнэцэцэгийг мөс гэх бодисыг худалдан борлуулж байхыг харж байгаагүй. Харин 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс хэд хоногийн өмнө Х.Эрдэнэцэцэгтэй гэрийнх нь гадаа уулзсан. Тэр үед Х.Эрдэнэцэцэг надад “мөс байна” гээд “Esse” гэсэн бичигтэй саарал өнгийн жижиг төмөр хайрцаг гаргаж ирээд мөс гаргаж ирсэн. Түүнийг өөрөө хэрэглээд байсан. Тэгээд л би Х.Эрдэнэцэцэгт мөс гэх бодис байдаг юм байна гэж бодоод асуусан юм” гэх мэдүүлгээр тухайн өдөр Х.Эрдэнэцэцэгт М.Мөнхбат нь урьд авч явсан мөсөө таллаж авчирч өгсөн нь харагдаж байна.
Мөн тухайн өдөр Х.Эрдэнэцэцэг нь М.Мөнхбатаас 350.000 төгрөг аваагүй гэж удаа дараа мэдүүлдэг бөгөөд баригдахдаа ч Х.Эрдэнэцэцэгийн биеэс их хэмжээний мөнгө гарч ирээгүй болох нь эд зүйл хураан авах тогтоолоос харагддаг. Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат нарын мэдүүлэг нь зөрүүтэй 350.000 төгрөг өгсөн, авсан эсэх нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн ганц хүний мэдүүлгээр буюу М.Мөнхбатын мэдүүлгээр Х.Эрдэнэцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж хэт нэг талыг буюу яллах талыг барьж анхан шатны шүүх дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй гэсэн шаардлагыг хангаж чадаагүйд гомдолтой байна.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат нарын зөрүүтэй мэдүүлгүүдийг мухарлаж шалгаагүй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү ...” гэв.
Ялтан Х.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар хар тамхи, мансууруулах бодсыг худалдан бусдад борлуулсан гэдэг. Шийтгэх тогтоолын 9 дүгээр заалтад хууль бус аргаар олсон орлогыг улсын орлого болгоно, төрийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан. Х.Эрдэнэцэцэг болон түүний ар гэрийнхэн энэ нөхцөл байдлыг үндэслэлтэй байна гээд 350.000 төгрөгийг тушаасан баримтыг гаргаж өгч байна. Х.Эрдэнэцэцэг анх удаа гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа учраас анхан шатны шүүхээс жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Х.Эрдэнэцэцэг өөрийн гэм буруугийн талаар гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг хэрэглэх бүрэн боломжтой ...” гэв.
Ялтан М.Мөнхбат давж заалдах гомдолдоо: “... Миний бие “өвс” гэх зүйлийг түүж бэлтгэсэн, хадгалсан, “мөс” гэх зүйлийг хууль бусаар олж авсан, давтан гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгүүлсэн. Уг хоёр үйлдлийн “мөс” гэх зүйлийг худалдан авсан гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр болсон үйл явдлыг мэдүүлсээр байгаа бөгөөд чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж, ийм төрлийн бодисуудыг сонирхсон болон холбогдсон хүмүүсийн гэр бүлд болон өөрт нь ямар их сэтгэл зүйн хор хохирол учруулдгыг өөрийн биеэр мэдэрч, ойлгож, сонирхохгүй байхыг өөрийн хэмжээнд уриалж байгаа.
Харин “өвс” түүж бэлтгэсэн, хадгалсан гэх үйлдэл нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Бичил” хорооллоос түүгээгүй бөгөөд найз Ганбаа надад навчин тамхи шиг зүйл соруулсан юм. Ингээд шалгагдаж эхэлснээс хойш 40 хоногийн дараа байцаагч Нямрагчаа “шээсний шинжилгээнээс чинь “өвс” илэрсэн” гэж хэлсэн. Тухайн үед би Ганбаагийн соруулсан зүйл юм байна гэж бодсон хэдий ч “өвс гайгүй ээ, бараг хамаагүй, гол нь “мөс” худалдаж авсан асуудал чинь чухал байгаа” гэж хэлэхээр нь нэг их хамаатай биш юм бол Ганбааг энэ хэрэгт оролцуулаад яахав гэж бодоод “Бичил”-ээс түүсэн гэж худлаа мэдүүлсэн.
Ингэж тусдаа үйлдэл болж хүндэрч шийтгэгдэнэ гэж мэдээгүй. Байцаагчийн хэлсэн “өвс зүгээрээ, юу гэж мэдүүлсэн ч бараг хамаагүй” гэж хэлсэнд итгээд Ганбааг хамгаалснаас болж гэмт хэрэг давтан үйлдсэн гэж хүндрүүлэн ял шийтгүүлсэнд харамсалтай байна. “Өвс” түүж бэлтгэсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ганбаа гэж найзыгаа зааж өгч, өвс түүсэн гэх газрыг байцаагч шалгана гээд шалгалгүйгээр шүүхэд шилжүүлсэн. Иймд Ганбааг энэ үйлдлийг үнэн байдлыг тогтоохын тулд шалгуулж өгнө үү ...” гэжээ.
Ялтан М.Мөнхбатын өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
М.Мөнхбатын хувийн байдлын талаар гэр бүлийн гишүүн, найз нөхдөөс нь асууж тодруулаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт М.Мөнхбатын “... ингээд байрны гадаа гараад сандлын хажууд 5 салаа навчтай төстэй ургамал ургасан байхаар нь тасдаж аваад гэртээ харьж уг ургамлаа тамхи шиг ороож татсан. Гэтэл миний хоолой хорсоод байхаар нь гаргаж хаясан. Шээсний шинжилгээ авсны дараа “өвс” гэх зүйл мөн байна гэж ойлгосон ...” гэсэн мэдүүлгийг мухарлаж шалгаагүй.
Энэ нь гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоогоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл мансууруулах бодисыг хэн ургуулж тарьсан байж болохыг шалгах, цаашид байрны хажууд ургасан ургамлыг иргэд авч хэрэглэхгүй байх арга хэмжээг авах шаардлагатай байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Эрдэнэцэцэгийн “... анх энэ мөсийг Түмэндэлгэр надад сэргээш гэж хэлж өгсөн ...” гэсэн мэдүүлгийн дагуу Түмээ гэгч буюу Түмэндэлгэрийг шалгаж, эрэн сурвалжлах талаар ажиллагаа хийгээгүй, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон эсэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоогоогүй байна.
Дээрх нөхцөл байдлыг тал бүрээс шалгаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.
Ялтан С.Бямбабаярын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Бямбабаярт холбогдох эрүүгийн хэргийг дараах үндэслэлээр хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
Б.Бямбабаярт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсгүүдэд заасан болон бусад үндэслэлүүдээр хөнгөрүүлж өгнө үү.
Б.Бямбабаяр нь залуучуудын дунд яригддаг ярианаас сонсож, сонирхон найз нөхөдтэйгөө дарвиж, саваагүй болчимгүй зангаасаа болж тэр өдөр хэрэглэсэн гэдэг. Тэрээр анх удаа хэрэглэж үзсэн. Үнэхээр мансууруулах бодис мөн эсэхийг мэдэхгүй гэж ярьдаг. Тухайн өдөр тохиолдлоор М.Мөнхбатаас асуусан. Хэрэв М.Мөнхбат “үгүй” гэсэн бол тэгээд л өнгөрөх байсан гэдэг.
Сэтгэцийн байдлыг тодорхойлсон 962 тоот дүгнэлтэд түүний биеийн байдлыг эрүүл гэж дүгнээд, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай гэх шинж тэмдэг байхгүй байна гэж тодорхойлжээ.
Анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, урьд ял шийтгүүлж байгаагүй, уг хэрэгтээ маш их гэмшсэн, хийсэн хэргээ мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт чин шударгаар хүлээн мэдүүлсэн, зан төлөвийн хувьд төлөв даруу, томоотой, дээд сургуульд сурч байсан, тодорхой хэмжээгээр цагдан хоригдсон, бусдад учруулсан хохиролгүй, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд сайнгүй, баруун нүдний ухархайн яс цөмрөөд хиймэл эрхтэн суулгасан тул өвдөж, хавдаад байгаа бөгөөд шоронгийн нөхцөлд удаан хугацаагаар байхад биеийн эрүүл мэндийн байдалд нь муугаар нөлөөлж болзошгүй байгааг анхаарна уу.
Дээрх нөхцөл байдлуудыг онцгойлон анхаарч, түүнд оногдуулсан баривчлах ялыг хуульд заасан ялын доод хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.
Ялтан С.Заяагийн өмгөөлөгч Н.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
С.Заяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаагаа уламжилж байгаа билээ.
С.Заяа нь мансууруулах төрлийн бодисыг тухайн хэрэг гарах үед анх удаа хэрэглэсэн гэдэг нь хэрэгт авагдсан сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт, өөрийнх нь мэдүүлэг зэргээр хангалттай нотлогддог.
Харин урьд нь удаа дараа хэрэглэдэг байсан, донтсон байсан гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байдаг.
Иймд С.Заяагийн гэмт хэрэгт оролцсон байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хэргээ сайн дураараа хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнд оногдуулсан баривчлах ялын хэмжээг багасгаж өгнө үү ...” гэв.
Прокурор Н.Отгонцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат, Б.Бямбабаяр, С.Заяа нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Давж заалдах гомдлын тухайд шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Х.Эрдэнэцэцэг нь 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сац” нэртэй зочид буудалд Түмээ гэгчээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий 2.2 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 2.2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 39 дүгээр байрны 43 тоот гэртээ болон өөрийн биедээ борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан,
2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39 дүгээр байрны гадна М.Мөнхбат, С.Заяа, Б.Бямбабаяр нарт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 0.5 грамм бодисыг 350.000 төгрөгөөр худалдан борлуулсан,
Б.Бямбабаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, С.Заяа нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагаас 22 цагийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 0.5 грамм бодисыг өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
М.Мөнхбат нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 28 дугаар байрны орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт тетрагидроканнабинолын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт “Каннабис” гэх ургамал /бодис/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт “Каннабис” гэх ургамал /бодис/-ыг өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
мөн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бямбабаяр, С.Заяа нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагаас 20 цагийн хооронд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 0.5 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,
С.Заяа нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, Б.Бямбабаяр нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 10, 11-13/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 10/, хүний биед үзлэг хийх тухай тогтоол /1-р хх 15, 21, 28, 38/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 16, 17-19, 22-24, 29-34, 39-43/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 20, 25, 35, 46/, нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 48, 49-51, 52-55/, харьцуулах шинжилгээнд хэв, хэлбэр авах тогтоол, тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 56-64, 68-69/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх 65-67/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 13-35/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх 36-38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Х.Эрдэнэцэцэг-90 мл, М.Мөнхбат-100 мл, Б.Бямбабаяр-110 мл, С.Заяа-100 мл” гэж хаягласан шээсний дээжүүд хуванцар саванд тус тус авч ирүүлсэн нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц байгаа тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Шинжилгээнд ирүүлсэн Х.Эрдэнэцэцэгийн биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, Мөнхжаргал овогтой Мөнхбатын биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/, Баярсайхан овогтой Бямбабаярын биеэс авсан гэх шээсэнд метафетамин /МАМР/, Саранчимэг овогтой Заяагийн биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/ тус тус сэтгэцэд нөлөөт бодис илрэв. Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н 1971 “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг ...” гэсэн 8336 тоот дүгнэлт /2-р хх 51-52/,
“... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улбар шар өнгийн хуванцар гуурс, “6” гэсэн хаягтай төмөр хайрцаг зэргээс метамфетамин /methamptetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн JN2281685 сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй ...” гэсэн 8383 тоот дүгнэлт /2-р хх 58-59/,
“... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “7” гэж хаягласан цагаан өнгөтэй талстлаг зүйлийн найрлаганд метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “8” гэж хаягласан гялгар уут, “6” гэж хаягласан гялгар ууттай “Dirol” гэсэн бичиглэлтэй улаан өнгөтэй цаас зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна ...” гэсэн 8385 тоот дүгнэлт /2-р хх 62-63/,
“... Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйлийн найрлаганд метамфетамин /methamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно ...” гэсэн 8412 тоот дүгнэлт /2-р хх 66-67/,
“... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хоосон тарианы шилнээс метамфетамин /methamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Улаан өнгийн асаагуур, АН7239241 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй ...” гэсэн 8411 тоот шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх 73-74/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Х.Эрдэнэцэцэг нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж, баримт үгүй байна, мансуурах бодисоос хамааралтай иргэдийг Монгол Улсад, СЭМҮТөвд эмчлэх боломжтой, Х.Эрдэнэцэцэгт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна, сэтгэц нөлөөт бодисоос хамааралтай болон сэтгэц нөлөөт бодисын донтой гэсэн хоёр нэршил нь нэг ойлголт болно ...” гэсэн 1018 тоот дүгнэлт /2-р хх 112-113/,
“... Б.Бямбабаяр нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж, баримт үгүй байна, энэ төрлийн эмгэгийг Монгол Улсад, СЭМҮТөвд эмчлэх боломжтой, Б.Бямбабаярт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна, сэтгэц нөлөөт бодисоос хамааралтай болон сэтгэц нөлөөт бодисын донтой гэсэн хоёр нэршил нь нэг ойлголт болно ...” гэсэн 962 тоот дүгнэлт /2-р хх 115-116/,
“... М.Мөнхбат нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж, баримт үгүй байна, мансуурах бодисоос хамааралтай иргэдийг Монгол Улсад, СЭМҮТөвд эмчлэх боломжтой, М.Мөнхбатад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна, сэтгэц нөлөөт бодисоос хамааралтай болон сэтгэц нөлөөт бодисын донтой гэсэн хоёр нэршил нь нэг ойлголт болно ...” гэсэн 963 тоот дүгнэлт /2-р хх 120-121/,
“... С.Заяа нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна, сэтгэц идэвхит эм бодисын хамааралтай гэх шинж, баримт үгүй байна, мансуурах бодисоос хамааралтай иргэдийг Монгол Улсад, СЭМҮТөвд эмчлэх боломжтой, С.Заяад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна, сэтгэц нөлөөт бодисоос хамааралтай болон сэтгэц нөлөөт бодисын донтой гэсэн хоёр нэршил нь нэг ойлголт болно ...” гэсэн 964 тоот /2-р хх 124-125/ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд,
Б.Бямбабаярын Хаан банкин дахь 5023419338 дугаартай дансны орлого, зарлагын гүйлгээний талаарх дэлгэрэнгүй хуулга /1-р хх 191-192/,
Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат, Б.Бямбабаяр, С.Заяа нарын сэжигтэн, яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт /2-р хх 170-191, 193-209, 210-228, 229-245, 3-р хх 135-136, 197-217/ үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Х.Эрдэнэцэцэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар өөрийн гэртээ болон биедээ хадгалсан, бусдад худалдан борлуулсан,
Б.Бямбабаяр нь бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,
М.Мөнхбат нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт тетрагидроканнабинолын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт “Каннабис” гэх ургамал /бодис/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан,
мөн бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,
С.Заяа нь бусадтай бүлэглэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйл баримтууд тус тус тогтоогджээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн зөв үнэлсэн байх бөгөөд Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат, Б.Бямбабаяр, С.Заяа нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Ялтан Х.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, ялтан М.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нар давж заалдах шатны шүүхэд “... хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү ...” гэсэн гомдлууд тус тус гаргаж байгаа боловч Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгах зүйлгүй, шүүгдэгч нарын гэм буруутай байдлыг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр борлуулсан гэмт хэргийг төгс үйлдсэнд тооцогддог тул өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан Түмэндэлгэр гэгчийг олж тогтоох шаардлагагүй гэж үзэв.
Шүүх, ялтан Х.Эрдэнэцэцэг, М.Мөнхбат нарын гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан тэдгээрийн ял эдлэх дэглэмийг тогтоож, тухайн зүйл хэсгүүдэд заасан хорих ялын дээд хэмжээнээс доогуур хорих ял, ялтан Б.Бямбабаяр, С.Заяа нарт баривчлах ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул тэдний гаргасан “... оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлөх, хэргийг дахин шалгаж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдуулдыг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Х.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, ялтан М.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, ялтан С.Бямбабаярын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, ялтан С.Заяагийн өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х.Эрдэнэцэцэгийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39-43 тоотод нэгжлэг хийж хураан авсан “3” гэж дугаарласан 0.6 грамм метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг устгахдаа хэмжээг орхигдуулж бичсэн байх тул түүнийг зөвтгөж, шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад:
“... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “3” гэж дугаарласан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис ...” гэснийг “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “3” гэж дугаарласан 0.6 грамм метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис ...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Х.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, ялтан М.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, ялтан С.Бямбабаярын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, ялтан С.Заяагийн өмгөөлөгч Н.Жамъяндорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МӨНХТУУЛ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ