Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1605

 

ХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ-т холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед Улаанбаатар хотын Баянзүрхийн товчооноос БРА 3698 улсын дугаартай таксинд хөлс гэж 4 000 төгрөг төлөн Багануур дүүрэгт амьдардаг ээждээ хайрцагтай зүйл өгч явуулсан юм. Жолооч их яарч байсан болохоор олон юм ярьж амжаагүй юм.

Тосож авах хүндээ миний утасны дугаарыг өгчих тэгээд ирээд авна биз гэхээр нь утасны дугаарыг нь машины дугаартай нь авч үлдсэн. Би дүүгийнхээ утасны дугаарыг өгье гэхэд миний дугаарыг дүүдээ өгчих гээд манай дүүгийн дугаарыг аваагүй. Би тэр өдрөө жолооч, болон дүүтэйгээ ярихаа мартчихсан байж байгаад орой 22 цагийн үед дүү рүүгээ залгаж мэдээд жолооч руу залгахад хоёр хүүхэд ирээд авсан гэж хэлсэн, би наад хайрцаг дотор чинь аавын маань дээр үеийн үнэтэй хөөрөг байсан шүү гэж хэлсэн.

Миний бие анх хайрцгийг явуулахдаа хөөрөг байгаа гэж хэлээгүй. Яагаад гэвэл би хайрцагаа битүү скочдсон байсан. Хөөрөг миний гарын талд хүрэхээр хэмжээтэй байсан. Энэ хөөрөг бол манай ээж аавтай суухад л өв залгамжилж ирсэн дээр үеийн хөөрөг. Ажил төрөл бүтэмж муутай байхаар нь хүнд үзүүлэхэд ээж, аавынхаа удам дамжиж ирсэн зүйлийг эдэл гэсний дагуу би барьж байсан юм. Цагаан сараар ээж барчихаад буцаагаад надад өгөх байсан юм. Урьд нь зөндөө олон зүйл таксигаар явуулж байсан. Ийм зүйл болж байгаагүй. Хөөрөгний үнийг зах зээлийн үнэлгээгээр хамгийн багаар үнэлсэн байгаа. Иймд жолоочоос 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Улаанбаатар хотод Макс худалдааны төвийн урд хүн авах гээд зогсож байхдаа хоёр хүн машиндаа суулгасан байж байтал нэг залуу ирээд “...чи одоо гарах гэж байгаа юм чинь энэ эгчийн юмыг авчих...” гэж хэлээд надад өгсөн. Би машиныхаа дугаарыг өгчихөөд ачааны төлбөр 4 000 төгрөг авчихаад утасны дугаараа өгсөн. Тэгсэн надад дахин нэг дайвар ирэхээр нь аччихаад нөгөө эгчээс утасных нь дугаарыг авах гэтэл явчихсан байсан.

Тэгээд хүмүүс яаруулаад байхаар нь Багануур руу хөдөлсөн. Багануурт ирээд хоёр хүнээ буулгачихаад махтай дайвраа Жаргалантад аваачиж өгсөн. Ирээд таксины буудал дээр 20-30 минут хүлээхэд ирээгүй. Тэгээд 25-ын буудал дээр очоод зогсож байтал хоёр хүүхэд ирээд хайрцагтай юм авах гэсэн юм гэхээр нь машиныхаа хойд багажийг онгойлгоод энэ мөн үү гэхэд мөн байна гээд аваад явсан. Тухайн үед харанхуй болсон, гэрэлтүүлэг муу байсан учир хүүхдүүдийн царайг сайн анзаараагүй.

Гэртээ хариад байж байхад нэг хүн залгаад хайрцагтай зүйлээ авъя гэсэн, би хоёр хүүхдэд өгчихсөн гэхэд манайд тийм эмэгтэй хүүхэд байхгүй гэж хэлсэн, би гараад хайсан боловч олдоогүй, цагдаагийн хэлтэс орж камер шүүлгэсэн, олдоогүй гэртээ харьсан. Маргааш нь энэ хүн яриад өгч явуулсан зүйл дотор бэлэгний юм, үнэтэй хөөрөг байсан гэж хэлсэн.

Тэр өдөр энэ эгч 4-5 удаа залгаж, хүүхэд нь бас залгаж ядаж бэлэгний мөнгө өг гээд байхаар нь 73 500 төгрөг аваачиж өгсөн. Тэр үед цагаан сар болчихсон байсан, цагаан сарын амралт гээд 5-6 хоног болоод цагаан сарын дараа цагдаад өөрийн биеэр өргөдөл бичиж өгсөн бөгөөд байцаагч дуудна гэж хэлсэн боловч дуудахгүй нилээн удсан. Надад тэр хүүхдүүдийн талаар жаахан багцаа байсан, би байцаагчдаа хэлж хамт сургууль дээр нь очиж хайя гэхэд завгүй гэсээр байгаад хайгаагүй.

Тэгж явсаар байгаад шүүхэд дуудагдсан. Би хүүхдүүдийг өөр машинаас юм авах ёстой байгаад андуурч авсан гэж бодож байна. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд хайрцаг дотор хөөрөг байсан болох нь тогтоогдохгүй гэж хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч ХХХХ-өөс тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 1 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн явуулсан гээд байгаа пийсүү хөөрөг нь нэхэмжлэгчийн өмч биш
байна. Энэ талаар өөрсдийнх нь асуулгасан гэрч нар хэлсэн байдаг. /Гэрч
ХХХХХ “намайг анх энэ айлд ирэхэд л байсан хөөрөг, манай өвгөний хөөрөг..., та цагаан сараар хөөргөө өөрөө бариарай гэж надад хэлсэн” гэж мэдүүлсэн.
Энэ гэрч нь нэхэмжлэгчийн ээж гэх бөгөөд анх бэр болж ирснээ хэлж байна гэж
ойлгож байгаа.

Гэрч ХХХХХ “хөөрөг ээж аав хоёрынх эгчид байсан” гэж
мэдүүлсэн. Нэхэмжлэгч   өөрөө ч “аавын маань дээр үеийн үнэтэй хөөрөг гэдэг. Иймд  нэхэмжлээд  байгаа  хөөрөг  нь аав ээжийнх нь өмчлөлийн эд зүйл учраас нэхэмжлэгч надаас хөөрөгний үнийг нэхэмжлэх эрхгүй байна. Нэхэмжлэгч нь илгээсэн хайрцагтай зүйлийг өөр хүнд өгсөн талаар ярилцаж, цагдаагаар шүүлгэж шүүлгэж байхад хайрцагт цагаан сарын бэлэгний зүйл байсан” гэж байснаа, хяналтын камерын бичлэг шүүлгээд олдохгүй байна гэх үед хайрцагт хөөрөг байсан гэж анх удаа хэлж, үүнээс хойш хөөрөгний үнэ нэхэж эхэлсэн.

Мөн анх хайрцагтай зүйл хүлээлгэн өгөх үедээ өндөр үнэтэй хөөрөг байгаа гэж
хэлээгүй. Энэ талаараа өөрөө ч хэлдэг. Хайрцагны гадна талд авах хүний хаяг, утсыг бичээгүй, энэ тухай тодруулах гээд эргээд харахад явчихсан байсан. Би тухайн хайрцагт ямар эд зүйл байгаа талаар болон, ямар хаяг, утасны дугаараар хэн гэдэг хүнд өгөх талаар, явуулсан хүнийхээ тухай мэдээллийг авч чадаагүй байтал яваад өгсөн байсан. Явуулсан гээд байгаа бүх эд зүйл нь илгээсэн хайрцагт нь багтахааргүй байсан.

Өөрөөр хэлбэл явуулсан хайрцаг нь жижгэвтэр, дотор нь 90 ширхэг оймс, эрэгтэй хүний хүрэм, ноосон цамц, кист /бээлий/ 7 ш, 1 кг угаалгын нунтаг, чихэр, хөөрөг багтахаар том байгаагүй. Би хайрцагийг өгсөн хүүхдүүдийг олох зорилгоор Цагдаагийн байгууллагад
гомдол гаргасан. Дараа нь нэхэмжлэгч ч өргөдөл өгсөн. Уг асуудлыг шалгаад Багануур дүүргийн дүүргийн Прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор хайрцагт хөөрөг байсан нь тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн.

Цагдаа, прокурорын байгууллага шалгаад хайрцагт хөөрөг байсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнээд байхад шүүх хөөрөгний эзэн гэх 70 настай ХХХХХ, түүний охин болох ХХХХХ нарыг гэрчээр асуугаад, эдгээр хүмүүсийн мэдүүлгээр хөөрөг явуулсан нь нотлогдож байна гэж дүгнэн надаар төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

Шүүхэд гэрчээр асуугдсан ХХХХХ гэгч нь хөөрөгний жинхэнэ эзэн байсан, мөн гэрчээр асуухаар хуулийн заалтыг тайлбарлахад ер ойлгохгүй, гэрчээр асуусан ажиллагааны тэмдэглэл буюу ярьсан мэдүүлгийг нь бичсэнээ танилцуулахад уншиж чадахгүй, ойлгохгүй, хаана нь гарын үсэг зурахаа мэдэхгүй байсан. Тэгээд охин ХХХХХ нь “энд гарын үсэг зур” гэж хэлж зааж байж гарын үсгийг нь зуруулсан. Гэрч ХХХХХ нь хөөрөгний эзний төрсөн охин юм.

Гэрч нь хэрэгт хувийн сонирхолтой, эрх зүйн бүрэн чадамжтай эсэх нь эргэлзээтэй зэрэг байдлууд нь гэрч нарын мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахуйц нотлох баримт бус гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Гэтэл эдгээр гэрч нарын мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн цорын ганц үндэслэл болсон нь энэхүү шийдвэр нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

ХХХХХ-ыг гэрчээр асуух ажиллагаанд би нэхэмжлэгчээс “хөөрөгний чинь толгой нь байхгүй гэж та хэлсэн биз дээ, тэгээд толгойгүй хөөрөгний үнэлгээг яаж гаргуулсан юм бэ” гэж асуухад нэхэмжлэгч “алтан нуухтай шүрэн толгойтой байсан, би толгойг нь хулгайд алдчихаад дараа нь өөр юмаар орлуулж хийсэн” гэж хэлсэн. Тэгээд гэрчээр асуусан тэмдэглэлийг үйлдэхдээ шүүгчийн туслах нэхэмжлэгчийн хөөрөгний толгойны талаар ярьсан зүйлийг бүрэн бичээгүй байсан.

Хэрэв миний энэ үгийг худал гэвэл тухайн үеийн гэрч асуух ажиллагааны бичлэгийг үзэхэд тодорхой болно. Үнэлгээг дээр үеийн пийсүү чулуун хөөрөгний үнэлгээгээр гаргасан гэдгийг үнэлгээний баримтад тусгасан байдаг. Харин толгойны тухайд үнэлгээчинд ямар мэдээлэл өгснийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан би өөрөө зах зээлийн үнэлгээг нилээд судлан үзсэний эцэст нэхэмжлэгчийн яриад байгаа хөөрөг нь 1 000 000 төгрөгөөс хэтрэхгүй үнэлгээтэй гэдгийг олж мэдлээ. Иймд хөөргийг 1 800 000 төгрөгөөр үнэлсэн явдал ч үндэслэлгүй байжээ.

Иймд хариуцагч ХХХХ миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв шийдвэр биш гэж үзэж байгаа тул энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХөд холбогдуулан 1 800 000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Багануурт хүргүүлэхээр жолооч ХХХХөд хүлээлгэн өгсөн хайрцагтай эд зүйлс дотор хөөрөг байсан, жолоочийн буруугаас ачаа алдагдсан тул хөөрөгний үнийг гаргуулна гэж; хариуцагч нь хайрцагт ямар эд зүйлс байгааг хэлж хүлээлгэж өгөөгүй, хөөрөг байсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс хайрцагтай зүйлийг Багануурт хүргэхээр хүлээн авч, хөлсөнд 4 000 төгрөг авсан болон тээвэрлэсэн ачааг хүлээн авах ёстой хүнд өгөөгүй, ачаа алдагдсан талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн  393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Шүүх хэргийн дээрх үйл баримт тогтоогдсон талаар зөв дүгнэлт хийсэн байна.

            Нэхэмжлэгч ХХХ ачаа тээшийг дагалдах баримт бичиггүйгээр, ачааны тоо хэмжээ, бүрэлдэхүүн хэсгийн талаар тээвэрлэгчид хэлж мэдэгдээгүй боловч хариуцагч илгээгчээс ачаа, тээшийг бүхэлд нь хүлээн авсан тул Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээг хүчинтэй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч ачаа эзэндээ хүргэгдээгүйг мэдсэн даруйд тухайн өдрөө ачааны дотор хөөрөг байсныг хариуцагчид мэдэгдсэн болон мөн цагаан сараар ээждээ хөөргийг бариулахаар явуулсан талаарх гэрч ХХХХ, ХХХХХ нарын мэдүүлгээс тухайн ачаанд хөөрөг байсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

Хариуцагч ачаа, тээшийг Багануурт хүргэж, 2 хүүхэд ирж авсан гэх боловч хүлээн авагч нь мөн эсэх, хэн болохыг шалгаагүй, тээвэрлэгчийн буруугаас ачаа хүлээн авах эзэндээ хүрэлгүй алдагдсан гэж үзэхээр байна. Мөн Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт заасан тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл хэргийн нөхцөл байдлаас тогтоогдохгүй байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.3 дахь хэсэгт зааснаар тээвэрлэгчийн хариуцлагыг хязгаарлах, нотлох үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч ачаа алдагдсанд гэм буруугүй болохоо нотлоогүй тул шүүх хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Харин нэхэмжлэгч буюу ачаа илгээгч нь ачааны жин, түүний тоо хэмжээ, бүрэлдэхүүн хэсгүүдийг шалгаж, дагалдах бичиг баримтад тэмдэглэхийг тээвэрлэгчээс шаардах хуульд заасан эрх, боломжоо хэрэгжүүлээгүй, улмаар Багануурт ачааг хүлээн авах хүлээн авагчийн нэр, утас гэх шаардлагатай мэдээлэл, зааварчилгааг тээвэрлэгчид өгөөгүй нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 387 дугаар зүйлийн 387.1, 388 дугаар зүйлийн 388.3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэлгүйгээр ачааг илгээсэн нь өөр хүнд ачааг өгөх нөхцөл байдалд хүргэсэн гэж үзэхээр, тодруулбал, ачаа алдагдахад нэхэмжлэгчийн хууль хэрэгжүүлээгүй явдал нь нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд ачаа алдагдахад ачаа илгээгч, тээвэрлэгчийн гэм буруу адил хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг  хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэхэмжлэлийг хангасан дүн болон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулан хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болох 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэг болгосон өөрчлөлтийг оруулж зөвтгөх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсгүүдэд зааснаар” гэснийг “393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсгийг баримтлан” гэж,  “тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлтэд 1 800 000 төгрөгийг” гэснийг “900 000 төгрөгийг” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “43 750 төгрөгийг гаргуулж” гэснийг “26 150 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ