Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 358

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: 1967 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, эмэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1308  тоотод оршин суух, Дарьганга овогт Дамдинсүрэнгийн Үржинбадамын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: 1986 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар байрны 12 тоотод оршин суух, Боржигон хэлмэрч овогт Колягийн Эрдэнэтөгсөд холбогдох тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Үржинбадам, хариуцагч К.Эрдэнэтөгс нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Д.Үржинбадам шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд  өгсөн  тайлбартаа: Миний бие 2016.02.07-ны өдрийн 16 цагийн үед Улаанбаатар хотын Баянзүрхийн товчооноос БРА 36-98 улсын дугаартай таксинд хөлс гэж 4000 төгрөг төлөн Багануур дүүрэгт амьдардаг ээждээ хайрцагтай зүйл өгч явуулсан юм. Жолооч их яарч байсан болохоор олон юм ярьж амжаагүй юм. Тосож авах хүндээ миний утасны дугаарыг өгчих тэгээд ирээд авна биз гэхээр нь утасны дугаарыг нь машины дугаартай нь авч үлдсэн. Би дүүгийнхээ утасны дугаарыг өгье гэхэд миний дугаарыг дүүдээ өгчих гээд манай дүүгийн дугаарыг аваагүй. Би тэр өдрөө жолооч, болон дүүтэйгээ ярихаа мартчихсан байж байгаад орой 22 цагийн үед дүү рүүгээ залгаж мэдээд жолооч руу залгахад хоёр хүүхэд ирээд авсан гэж хэлсэн, би наад хайрцаг дотор чинь аавын маань дээр үеийн үнэтэй хөөрөг байсан шүү гэж хэлсэн. Би анх хайрцгийг явуулахдаа хөөрөг байгаа гэж хэлээгүй байсан. Яагаад гэвэл би хайрцагаа битүү скочдсон байсан. Хөөрөг миний гарын талд хүрэхээр хэмжээтэй хөөрөг байсан. Энэ хөөрөг бол манай ээж аавтай суухад  л өв залгамжилж ирсэн дээр үеийн хөөрөг. Ажил төрөл бүтэмж муутай байхаар нь хүнд үзүүлэхэд ээж, аавынхаа удам дамжиж ирсэн зүйлийг эдэл гэсний дагуу би барьж байсан юм. Цагаан сараар ээж барчихаад буцаагаад надад өгөх байсан юм. Урьд нь зөндөө олон зүйл таксигаар явуулж байсан. Ийм зүйл болж байгаагүй. Хөөрөгний үнийг зах зээлийн үнэлгээгээр хамгийн багаар үнэлсэн байгаа. Иймд жолоочоос 1.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч К.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Улаанбаатар хотод Макс худалдааны төвийн урд хүн авах гээд зогсож байхдаа хоёр хүн машиндаа суулгасан байж байтал нэг залуу ирээд чи одоо гарах гэж байгаа юм чинь энэ эгчийн юмыг авчих гэж хэлээд надад өгсөн. Би машиныхаа дугаарыг өгчихөөд ачааны мөнгө 4000 төгрөг авчихаад утасны дугаараа өгсөн. Тэгсэн надад дахин нэг дайвар ирэхээр нь аччихаад нөгөө эгчээс утасных нь дугаарыг авах гэтэл явчихсан байсан. Тэгээд хүмүүс яаруулаад байхаар нь Багануур руу хөдөлсөн. Багануурт ирээд хоёр хүнээ буулгачихаад махтай дайвраа Жаргалантад аваачиж өгсөн. Ирээд таксины буудал дээр 20-30 минут хүлээсэн чинь ирээгүй. Тэгээд 25-ын буудал дээр очоод зогсож байтал хоёр хүүхэд ирээд хайрцагтай юм авах гэсэн юм гэхээр нь машиныхаа хойд багажийг онгойлгоод энэ мөн үү гэхэд мөн байна гээд аваад явсан. Тухайн үед харанхуй болсон, гэрэлтүүлэг муу байсан учир хүүхдүүдийн царайг сайн анзаараагүй. Гэртээ хариад байж байхад нэг хүн залгаад хайрцагтай зүйлээ авъя гэсэн, би хоёр хүүхдэд өгчихсөн гэхэд манайд тийм эмэгтэй хүүхэд байхгүй гэж хэлсэн, би гараад хайсан боловч олдоогүй, цагдаагийн хэлтэс орж камер шүүлгэсэн олдоогүй гэртээ харьсан. Маргааш нь энэ хүн яриад өгч явуулсан зүйл дотор  бэлэгний юм, үнэтэй хөөрөг байсан гэж хэлсэн. Тэр өдөр энэ эгч 4-5 удаа залгаж, хүүхэд нь бас залгаж ядаж бэлэгний мөнгө өг гээд байхаар нь 73.500 төгрөг аваачиж өгсөн. Тэр үед цагаан сар болчихсон байсан, цагаан сарын амралт гээд 5-6 хоног болоод цагаан сарын дараа цагдаад өөрийн биеэр өргөдөл бичиж өгсөн бөгөөд  байцаагч дуудна гэж хэлсэн боловч дуудахгүй нилээн удсан. Надад тэр хүүхдүүдийн талаар жаахан багцаа байсан, би байцаагчдаа хэлж хамт сургууль дээр нь очиж хайя гэхэд завгүй гэсээр байгаад хайгаагүй. Тэгж явсаар байгаад шүүхэд дуудагдсан. Би хүүхдүүдийг өөр машинаас юм авах ёстой байгаад  андуурч авсан гэж бодож байна.  Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд хайрцаг дотор хөөрөг байсан болох нь тогтоогдохгүй гэж хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

                                                     ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.Үржинбадам нь хариуцагч К.Эрдэнэтөгсөд холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 1.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь хайрцагтай зүйлийг өөр хүнд андуурч өгснөө зөвшөөрч   байгаа боловч тухайн хайрцаг дотор хөөрөг байсан нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Зохигчдын хооронд 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт ““тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх,  тээвэрлүүлэгч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу тээвэрлэлтийн гэрээ байгуулагджээ.

           Зохигчдын  шүүхэд өгсөн тайлбар,  гэрч Л.Санжаажаргал нарын мэдүүлгээр тээвэрлэгч  К.Эрдэнэтөгс нь нэхэмжлэгчийн явуулсан эд зүйлийг Багануур дүүрэгт хүргэж өгөх үүрэг хүлээж 4000 төгрөгний хөлс авсан, уг зүйлийг  андуурч өөр хүнд өгсөн талаарх үйл баримт тогтоогдож байна.

            Хариуцагч нь К.Эрдэнэтөгс нь Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж эрүүгийн журмаар шалгуулсан боловч иргэний эрх зүйн маргаан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, мэдэгдэх, хуудас, хариу мэдэгдэх хуудас, Сэлэнгээстимэйтын эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагджээ.

         Талууд дээрх бичгийн  нотлох баримттай танилцсан боловч ямар нэг санал хүсэлт гаргаагүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага, тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч уг үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн татгалзал   нотлогдохгүй байна.

Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч Н.Сааралын шүүхэд өгсөн” Үржинбадам надад таньд хөөрөг явууллаа, цагаан сараар хөөргөө бариарай гэж хэлсэн. Энэ манай өвгөний хөөрөг юм” гэх мэдүүлэг, гэрч  Д.Нарандэлгэрийн шүүхэд өгсөн “ Өгч явуулсан зүйл дотор хөөрөг байгаа гэж надад хэлсэн. Цагаан сараар ээжид бариулах гэж хотоос явуулсан юм”  зэрэг мэдүүлгийг үндэслэн Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсгүүдэд тус тус  зааснаар нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

          1.  Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Боржигон хэлмэрч овогт Колягийн Эрдэнэтөгсөөс тээвэрлэлтийн гэрээний үүргийн биелэлт 1.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дарьганга овогт Дамдинсүрэнгийн Үржинбадамд олгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Үржинбадамд олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              П.ТУЯА.