Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 216

 

Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Нархажид,

шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ц.Алтанцол, М.Хувцагаан, Ж.Батбаяр,

шүүгдэгч Ч.Сугар, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Г.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаярын гаргасан 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Нархажидын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох 2015250001712 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тугчин овгийн Бат-Эрдэнийн Лхамсүрэн, 1996 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн цахилгаан хангамжийн 2 дугаар дамжаанд суралцаж байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн 6 дугаар баг, Өнөр 25 дугаар байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЮ96013013/,

2. Зээрдүүл овгийн Чимэдийн Сугар, 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн 4 дүгээр баг, ШСТТС-ийн 2 дугаар байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЮ97042531/,

3. Хүслэг овгийн Ганбаатарын Лхагвасүрэн, 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмэг эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баянтүмэн сум, Цагаан дэрс 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЮ96112712/,

1. Б.Лхамсүрэн нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Эрдэмномыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан,

2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтуугаар хохирогч Ч.Сугарын толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутга барьж хөөж алахыг завдсан,

2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Ганзоригийг алахыг завдсан гэмт хэрэгт,

2. Ч.Сугар нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Лхамсүрэн нь А.Эрдэмномыг 62 удаа хутгалснаас А.Эрдэмном их хэмжээний цус алдан амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх бололцоо байсан боловч, зохих байгууллагад мэдэгдээгүйгээс А.Эрдэмном нас барсан, Б.Лхамсүрэнг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт,

3. Г.Лхагвасүрэн нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Лхамсүрэн нь А.Эрдэмномыг 62 удаа хутгалснаас А.Эрдэмном их хэмжээний цус алдан амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс А.Эрдэмном нас барсан, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Лхамсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.16 дахь хэсэгт зааснаар, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын дагуу гэмт хэргийн улмаас чухам хэн хэрхэн хохирсон байдал, 80.1.3 дах заалтын дагуу гэмт хэргийн сэдэлт, 80.1.4 дэх заалтын дагуу яллагдагчид хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд зэрэг мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих дор дурдсан зарим асуудлыг гүйцэт тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтойгоор зөрчсөн. Үүнд:

1.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 863 дугаар тогтоол болон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 168 дугаар тогтоолд "Б.Лхамсүрэн нь зэвсэг хэрэглэн танхайрсан эсвэл танхайрах явцдаа хүнийг санаатай алахыг завдсан үйлдлийн алин болохыг тогтоох зорилгоор түүний санаа зорилго, сэдэлтийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байна" гэсэн заалтыг биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь:

Б.Лхамсүрэнгийн “2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод иргэн Г.Ганзоригийн гэрт хутга, заазуур барьж дайран орж, ална хэмээн заналхийлсэн” гэх үйлдлийн санаа зорилго, сэдэлтийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

2.  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12
дугаар сарын 1-ний өдрийн 776 дугаар магадлалын: “Харин мөрдөн байцаалтын шатанд шүүх хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг эдлүүлэх боломжгүйгээр, хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөх замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь буруу болжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхой заасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ганзоригийн эхнэр Б.Номин-Эрдэнэ “...би 00-ын хаалгыг онгойлгоод гараад ирэхэд хоёр гартаа хутга барьсан, гарын 2 шуу зэрэг нь цус болчихсон залуу байсан. Тэр залуу хутга барьсан гараараа над руу заангаа “Буцаад ор” гээд захирангуй аястай хэлсэн. Би эргээд 00-ын өрөө рүүгээ ороод хаалгыг нь дотроос нь түгжсэн. Тэгээд ванны өрөөнд байсан өөрт таарах боломжтой хувцаснуудыг давхарлаж өмсөөд сууж байсан... тэгтэл нөгөө залуу “Би чамайг түрүүлж алах уу, энэ эмэгтэйг түрүүлж алах уу” гэж асууж байсан... Тухайн үед маш их айж байсан болохоор сандарсан... Танихгүй айлд орж ирчихээд ийм авир гаргасанд маш их гомдолтой” гэж мэдүүлснээс дүгнэхэд шөнийн цагаар хутга барин гэрт нь дайрч орсон шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн үйлдлээс хохирогч Г.Ганзориг болон түүний эхнэр Б.Номин-Эрдэнэ нарын хэн алины амь нас, эрүүл мэнд хохирч болох аюултай нөхцөл байдалд байсан нь тодорхой байхад мөрдөн байцаалтын шатанд түүнийг хохирогчоор тогтоолгүйгээр гэрчээр мэдүүлэг авсан төдийгөөр хязгаарлаж түүний хохирогчийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан “...өмгөөлөгч авах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцаж тайлбар гаргах...” зэрэг хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан нь буруу байна. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны дээр дурдсан ноцтой зөрчлийг арилгаж, Б.Лхамсүрэнгийн үйлдлийг бүхэлд нь зөв зүйлчилж тохирсон зүйлээр яллагдагчаар татан байцаах, гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдүүдийг бүрэн зөв тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах, холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулснаар анхан шатны шүүхийн тогтоолд дурьдсан зөрчлүүдийг арилгах бүрэн боломжтой...” гэсэн заалтыг биелүүлээгүй байна. Б.Номин-Эрдэнэ нь Солонгос Улсад жилийн хугацаанд суралцахаар явсан гэх боловч тухайн хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийн төлөөлөгчийг тогтоох боломжтой.

3. Б.Лхамсүрэнд 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтуугаар танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар иргэн А.Эрдэмномыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтуудаар,

2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтуугаар иргэн Ч.Сугарыг толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутга барьж хөөн алахыг завдсан,

2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод иргэн Г.Ганзоригийн гэрт хутга, заазуур барьж дайран орж, ална хэмээн заналхийлж алахыг завдсан гэх үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.16 дахь заалтуудаар яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь заалтад хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн гэдэгт хүнийг санаатай алсан болон алахаар завдсан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгоно.

Гэтэл Б.Лхамсүрэнд сонсгосон ялыг өөрчилж шинээр ял сонсгон, улмаар яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь заалтыг орхигдуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан төгссөн болон төгсөөгүй давтан үйлдэлтэй гэмт хэргийг зүйлчлэх тохиолдолд төгссөн болон төгсөөгүй үйлдлийг тус тусад нь бус, төгсөөгүй үйлдэлтэй гэмт хэргийг төгссөн үйлдэлтэй гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн ач холбогдолтой.

Иймд Б.Лхамсүрэнд холбогдох хэргийг бүхэлд нь зөв зүйлчилж, түүнд Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэгт заасан ял сонсгон, яллагдагчаар байцааж, яллах дүгнэлт үйлдэх шаардлагатай байна.

4. Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг яллагдагч нарт тус тус танилцуулалгүй эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарлан зөрчжээ.

Дээрх мөрдөн байцаалтын ажиллагаануудыг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох 2015250001712 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Нархажид бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Мөрдөн байцаалтын явцад Б.Лхамсүрэн нь зэвсэг хэрэглэн танхайрсан эсвэл танхайрах явцдаа Ч.Сугар, Г.Ганзориг нарыг санаатай алахыг завдсан аль нь болох талаар мөрдөн байцаалтын хийгдвэл зохих бүхий л ажиллагааг хийсний эцэст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн “танхайн сэдэлтээр 2 хүнийг санаатай алахыг завдсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.16 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдсэн. Яллагдагч Б.Лхамсүрэнгийн дээрх гэмт үйлдэл нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Тухайлбал: Насанд хүрээгүй хохирогч Ч.Сугарын: “...Би Лхамсүрэнг хутга барьсан байсан болохоор нь айсан. тэгээд шууд над руу хүрээд ирсэн, их чанга дуугаар орилоод хүрээд ирсэн болохоор нь зугтаасан. Би түүнийг зогсоох боломж байгаагүй шууд зугтаагаад өрөөнд ороод хаалгаа татсан, тэр үед хутгыг булаах, зогсоох гэсэн бодолч орж ирээгүй, зугтаахаа л бодсон. Яагаад гэвэл талийгаачийг хэвтэж байхыг харсан тэгээд над руу дайрсан болохоор би намайг бас хутгалах юм байна гэж бодоод айгаад зугтаасан. ...надад амь насанд аюул учирсан байсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг, хохирогч Г.Ганзоригийн “2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын үед унтаж байсан чинь манай эхнэр Номин-Эрдэнэ “хаалга тогшоод байна, Орших ирчихсэн юм биш үү” гэж хэлэхээр нь би миний төрсөн дүү Оршихын ажил оройтож тархаараа манай гэрт ирж хонодог учир Орших ирсэн юм байх гэж бодоод хаалган дээр очоод “хэн бэ” гэж асуусан чинь “би би” гэж яг манай дүү Оршихтой адилхан дуутарахаар нь хаалгаа онгойлгосон чинь дээгүүрээ ногоон фудволк, доогуураа бараан өнгийн дотуур өмдтэй, хөл нүцгэн, баруун гартаа хар иштэй жижиг хутга, зүүн гартаа хар өнгийн иштэй скочоор ороочихсон заазуур барьчихсан 20 орчим настай, өндөр, туранхай залуу их эвгүй сонин царайтай болчихсон шууд гэрт орж ирээд намайг гал тогооны хөргөгчний буланд шахаад нэлээн хэдэн удаа “бос, суу” гэж босч
суулгаал нэг, хоёр, гурав гэж өөрөө хэлээд намайг нэлээн хэдэн удаа дагаж
хэлүүлчихзэд одоо “би чамайг ална чи яаж алуулах вэ, чамайг хэдэн хэсэг хэсэг
болгох вэ” гэж хэлээд байж байх үед манай эхнэр ариун цэврийн өрөөнөөс
гараад ирсэн чинь манай эхнэрийг “буцаад ор” гэсэн чинь манай эхнэр айгаад
шууд буцаад ариун цэврийн өрөөнд ороод хаалгаа цоожилсон. Тэгээд нөгөө залуу
“би юм идмээр байна” гэхээр нь би хөргөгч онгойлгоод олигтой идэх юм байхгүй
байхаар нь “KFC”-д идэж байсан хоолны үлдэгдэл байхаар нь өгсөн чинь “би ийм
бэлэн юм идэхгүй лемон, сармис байна уу” гэхээр нь ашгүй нөгөө 2 нь хөргөгчид байхаар нь би гаргаад ирсэн чинь авахгүй байж байснаа гартаа барьсан цустай хутгаа долоож байснаа хөргөгчинд задлаад хийчихсэн компот байсныг харчихаад наад дотор чинь хэдэн ширхэг байна уг нь 16 ширхэг байдаг гэхээр нь би “2 ширхэг байна гэж хэлсэн чинь тэгвэл “би чамайг хоёр л хуваачихья, наад 00-ын хаалгаа онгойлго онгойлгохгүй бол чамайг ална шүү, би сая хүн дүрчихсэн” гэж хэлээд баруун гартаа барьсан хутгаа нааш цааш нь хөдөлгөөд над руу ойртоод байхаар нь би зүгээр байж байгаад алуулж байхаар эсэргүүцэж байгаад учраа олъё гэж бодоод ойртоод ирэхээр нь баруун гар руу нь зүүн гараараа цохисон чинь хутга нь уначихаар шууд 2 гарыг нь цээжээр нь тэвэрч аваад зүүн гартаа барьсан заазуур нь уначихаар шууд элэг рүү нь гараараа цохьсон чинь манай гэрийн буйдан дээр уначихаар нь дээрээс нь дарж байгаад эхнэрийгээ дуудаад гараад ир гэж хэлсэн чинь манай эхнэр шууд хөл нүцгэн гараад гүйчихээр нь би нөгөө залууг газар дарж хөдөлгөөнгүй бариад байж байхад “чи наад хаалгаа хаагаачээ” гэж хэлээд инээгээд байсан. 10-15 минутын дараа хоёр цагдаа орж ирээд нөгөө залууг аваад гарсан. Тэр залуугийн баруун гар нь нил цус болчихсон, мөн хутга нь маш их цустай баисан, зүүн гарыг нь сайн анзаарч хараагүй. Цустай хутганыхаа цусыг нэг удаа долоосон. Тухайн үед би маш их айсан ингээд алуулчихлаа л гэж бодсон. Одоо чамайг ална, чи яаж алуулах вэ, хоол байна уу гээд нэхээд байсан, мөн “би сая хүн дүрчихсэн гэж хэлж байсан. Номин-Эрдэнэ Солонгос Улс руу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил хийхээр, тодорхойгүй хугацаагаар явсан, хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Номин-Эрдэнэ тухайн үед айсан байсан, нойлын өрөөнд байсан. түүний эрүүл мэнд биеийн хувьд ямар нэг хохирол учраагүй, сэтгэл санааны хувьд тухайн үед их айсан байсан, тэгээд хэрэг гарснаас хойш гайгүй болсон. Би Лхамсүрэнг манай гэрт орж ирэхийг хараад 2 гарт нь хутга заазуур байсан нүд нь эвгүй гөлийсөн байсан, аймаар харагдсан яг намайг алах юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Тэгээд хаашдаа алах юм байна гэсэн бодол төрөөд зүгээр алуулж байснаас түүний өмнөөс хөдөлсөн нь дээр гэж бодоод хөдөлсөн. Би анхнаасаа түүнийг тайвшруулах гэж их үзсэн тайван бай хөгшөөн гээд юм ярих гэж үзсэн, огт тоохгүй, ...над руу бүр ойртоод ирсэн. ...Түүний гар нь цус болсон байсан. аль гарыг нь мэдэхгүй байна сарвуу шуу хэсэгтээ цус болсон нь илт харагдаж байсан. ...хөл нүцгэн байсан. ...Гал тогоо коридор нэг болохоор сайн гэрэлтэй харагдаж байсан. Хутга заазуур нь цус болсон харагдаж байсан. Би дахин шүүх хуралдаанд оролцох сонирхол байхгүй, өмнөх шүүх хуралдаануудад бүх үнэнээ хэлсэн гэх мэдүүлэг, ...Номин-Эрдэнэ Солонгос Улс руу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил хийхээр тодорхойгүй хугацаагаар явсан, хэзээ ирэхийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, Гэрч Б.Номин-Эрдэнийн: “Би нөхөртэйгээ хамт унтаж байтал манай гэрийн хаалгыг тогшоод байх шиг болохоор нь сэрсэн. ...Тэгтэл нөхөр “хэн бэ” гэхэд “би байна” гэж хэлж байсан. Би тэгээд өөрөө 00-ын өрөө рүү орж бие зассан, тэр үед хаалга онгойлгож байгаа чимээ сонсогдсон, тэгээд бос, суу гэх дуу сонсогдсон мөн манай нөхрийн айж сандарсан аястай дуу сонсогдож байсан. ... Тэгтэл нөгөө залуу "би чамайг түрүүлж алах уу, энэ эмэгтэйг түрүүлж алах уу” гэж асууж байсан. Тэгээд ер нь бол нэг хоёр үг хэлээд араас нь сонин аястай инээж байсан. ...би чамайг алчих уу? яаж алах уу? гээд байнга тэгж хэлж байсан. ...Би утсаа авах гэтэл утас маань том өрөөнд байсан болохоор шууд гарч гүйгээд манаачийн байр руу очиж макаачийн утсаар дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, Гэрч Л.Ганболдын “Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт
байдаг 18А, 18Б байрны гадаа зогсоолын манаач хийдэг юм. 2015 оны 2 дугаар
сарын 17-ноос 18-ны өдөр шилжих шөнө манаачийн постондоо үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 04 цагийн үед гуталгүй хөл нүцгэн, эрээн өнгөтэй халаадтай 20
гаруй насны охин уйлчихсан нэлээн сандарсан байдалтай “ахаа та цагдаа дуудаад
өгөөч манайд заазуур барьсан хүн орж ирээд манай нөхрийг алах гээд байна. Та
манай гэр рүү ороод өг” гэхээр нь би “би юу гэж ордог юм” гэж хэлээд утсаа өгсөн.
Тэр охин миний утсаар цагдаа руу дуудлага өгч байсан. Тэр охин маш сандарсан
байдалтай байсан. Манай нөхөр намайг гарч бай гээд өөрөө дотор нөгөө хүнтэй
үлдсэн гэж хэлж байсан. Манай нөхөр намайг гарч бай гээд өөрөө дотор нөгөө хүнтэй үлдсэн гэж хэлж байсан. Тэгээд удалгүй 20-иод минутын дараа 2 цагдаа ирээд тэр охиныг дагуулаад гарсан” гэх мэдүүлэг тус тус болно.

Иймд нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааны явцад яллагдагч Б.Лхамсүрэн нь иргэн Ч.Сугар, Г.Ганзориг нарыг алахаар завдсан үйлдэл нь тогтоогдсон гэж үзэж байна.

Б.Номин-Эрдэнэ нь Солонгос Улсад суралцахаар явсан болох нь хилээр нэвтрэн гарсан лавлагаа, мөрдөн байцаагч фейсбүүк хаягаар нь холбогдож,  ДВД дээр хуулбарлан авсан бичлэг, тэмдэглэл зэргээс үзэхэд Б.Номин-Эрдэнэд бие эрхтэн сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учраагүй, өөрөө хохирогчоор тогтоолгох шаардлагагүй гэсэн байхад заавал хохирогчоор тогтоохыг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шүүх хохирогчоор тогтоогдвол зохих этгээдийн төлөөлөгчийг тогтоох боломжтой.

Шүүгчийн захирамжид Б.Лхамсүрэнд сонсгосон ялыг өөрчилж шинээр ял сонсгон. улмаар яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь заалтыг орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт заасан “Хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн” гэдэгт урьд нь хүнийг санаатай санаатай алсан буюу алахаар завдсан гэмт хэрэг үйлдэж, хэргийн бүрдэл төгсөн шүүхээр шийтгүүлсэн буюу шийтгүүлээгүй этгээд дахин энэ хэргийг үйлдсэний аль аль нь хамаарах бөгөөд уг этгээд хэргийнхээ алинд ч эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөгдөөгүй байхыг ойлгоно.

Харин Эрүүгиин хуулиин тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.16 дахь хэсэгт заасан “Хоёр буюу түүнээс олон хүнийг” алсан гэдэгт гэмт этгээд хоёр буюу түүнээс олон хүнийг алах гэсэн нэгдмэл санаа зорилгоо нэг цаг хугацаанд эсхүл тодорхой хугацааны дараа хэрэгжүүлсэн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл тус тусдаа бүрдэл төгсөөгүй, завсарлагагүй эсвэл тодорхой хугацааны дараа үйлдэгдсэн байдгаараа хүнийг давтан алах гэмт хэргээс ялгагдана.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төгссөн болон төгсөөгүй давтан үйлдэлтэй гэмт хэргийг зүйлчлэх тохиолдолд төгссөн болон төгсөөгүй үйлдлийг тус тусад нь бус, төгсөөгүй үйлдэлтэй гэмт хэргийг төгссөн үйлдэлтэй гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн ач холбогдолтой гэсэн нь ойлгомжгүй байна.

Улсын Дээд Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолд: “Хүнийг санаатай алсан болон алахыг завдсан гэмт үйлдлүүдийг тус тусад нь зүйлчилж, ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэн эдлэх ялыг тогтооно” гэж тайлбарласан.

Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нар болон өмгөөлөгч нар нь хэргийн материалтай бүхэлд нь танилцсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэгэн гомдол санал гаргаагүй байхад оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан хувцас хэн хэнийх болох нь хавтаст хэрэгт байсаар байхад яллах дүгнэлтийн хавсралтанд тэмдэглээгүй гэж заасан нь шүүх хуралдаанд саад учруулах үндэслэл болохгүй шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад эд мөрийн баримтуудыг шинжлэн судлах явцад тогтоогдох бүрэн боломжтой юм.

Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн 187 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Гэрлээгийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би прокурорын эсэргүүцэл, шүүгчийн захирамжтай танилцаагүй. Би Эрдэнэт хотод амьдардаг. Хохирогч тал миний садан төрлийн хүмүүс. Иймд би өөрийн садан төрлийн хүмүүсийн төлөө явж байгаа. Намайг өөр орон нутагт амьдарч байгаа учир надад мэдээллийг огт өгөхгүй байна. Би давж заалдах шатны шүүх хуралдаан болох гэж байна гэж шүүгчийн туслахаас сонсоод ирсэн. Би шүүх хуралдаанд ирээд прокурорын эсэргүүцэлтэй танилцлаа. Энэ хэрэг шийдэгдэхгүй 2 жил гаран хугацаа болж байна. Хохирогч нар энэ хэрэгт туйлын тэвчээртэй хандаж байгаа. Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч нар түүнд батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүсч байгаа юм байна. Үүнийг хохирогч нар сонсоогүй байгаа. Мөрдөн байцаагч, прокурор, шүүх ажил үүргээ хангалтгүй биелүүлсэнээс болж хохирогчийн эрх ашиг материаллаг зүйлээр улам хохирсоор байна. Давж заалдах шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан магадлалын заалт биелэгдээгүй байна гэж анхан шатны шүүгч үзэн шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Би улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Номин-Эрдэнийг хохирогчоор тогтоогоогүй гэх асуудлын талаар дараах тайлбар хэлье. Хэрэв миний бие эрхтэнд хохирол илтэд учирсан, сэтгэл санааны хувьд хохирол амссан буюу айсан цочирдсноосоо болж тодорхой хэмжээгээр стресст орж түүнийгээ тайлах эмчилгээ хийлгэсэн гэх зэрэг илтэд хуулийн байгууллагынхан харахад хохирогчоор тогтоохоос өөр нөхцөл байдал харагдаж байвал хуулийн зүйл заалтын дагуу шууд хохирогчоор тогтооно гэж бодож байна. Харин би тухайн үедээ айсан боловч надад ямар ч гэмтэл учраагүй байхад, хохирогчоор тогтоогдохгүй гэж өөрөө хэлж байхад шүүхээс чи заавал хохирогч бол гэж шаардах нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх асуудалыг шүүх болон прокурор хоёр өөр талаас нь тайлбарлаж байна. Хэрэв шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзвэл хөнгөрүүлэн зүйлчлэх эрх хэмжээ нь байгаа. Яллагдагч нарын эрхийг хязгаарлаж, хүсэлтийх нь хариуг өгөөгүй байна гэж шүүх үзсэн байна. Хэргийн материалтай танилцахад цаг хугацаа алдсан асуудал байсан. Мөрдөн байцаагч оролцогчийн эрхийг хангах, хүсэлтийг шийдвэрлэх ажиллагаанд туйлын хангалтгүй ажилласан. Гэхдээ эдгээр хүсэлтүүдээ шүүхийн шатанд гаргавал шүүх шийдвэрлэх боломжтой. Эд мөрийн баримтаар авагдсан хувцасны тухайд анхан шатны шүүх хуралдаанд хэн, хэний хувцас вэ гэдгийг бүрэн тогтоосон. Шүүгдэгч нар өөрсдийн хувцсыг заасан. Үүнийг шүүхийн шатанд ялгаж, салгах бүрэн боломжтой. А.Эрдэмномын амь насыг хохироосон үйлдэл тогтоогдсон гэж үзэж байна. Хэрэг янз бүрийн асуудлаар дахин дахин мөрдөн байцаалтад буцаж байна. Шүүгдэгч нарын ар гэрээс нэг ч төгрөг оршуулгын зардалд өгөөгүй. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “миний хүү энэ хэргийг үйлдээгүй” гэсэн яриа гарчихсан байсан. Мөн гэрчид нөлөөлөх гэж оролдсон. Эдгээр асуудлыг би бүгдийг бичиж хэрэгт өгсөн. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримт хангалттай цугласан учир шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалт хангагдаагүй. Давж заалдах шатны шүүхээс үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн. Шүүгчийн захирамжид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.3, 80.1.4 дэх хэсгүүдэд заасныг тодруулах шаардлагатай гэсэн. Энэ хэргийн улмаас эрдэнэт хүн амь насаа алдсан нь үнэн боловч хэн энэ хэргийг үйлдсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх тогтооно. Хэрэгт асар олон зөрчилтэй зүйл байгаа. Энэ олон зөрчилтэй зүйлүүдийг шалган, нэг мөр, бүрэн гүйцэд бодит байдлыг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг буцаасан. Энэ ажиллагааг бүрэн гүйцэт хийвэл Б.Лхамсүрэнгийн эрх зүйн байдал дээрдэж ч болно, дордож ч болно. Гэхдээ эцсийн дүндээ хуулийг л дагах ёстой. Яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэдэг. Бид яллах дүгнэлтийн хүрээнд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэлт дүгнэлт хийж өмгөөллийнхөө үйл ажиллагааг явуулдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан. Гэтэл яллах дүгнэлтэд энэ хэргийг ямар санаа зорилгоор үйлдсэн бэ гэдгийг бичээгүй байж шүүх шийдэх ёстой гэж болохгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.” гэв.

Шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ц.Алтанцол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүссэн үеэс Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэт явагдаагүйгээс болж маргаан үүсч байна. Шүүх, прокурорт урдаас хөдөлбөргүй нотлогдсон нотлох баримт гэж байх ёсгүй. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан магадлал гаргасан. Гэтэл магадлалд заасан ажиллагаа огт хийгдээгүй. Прокурор өнөөдөр магадлалын заалтыг хэрэгжүүлэхийн тулд гаргасан шүүгчийн захирамжид эсэргүүцэл бичиж байгаа нь үндэслэлгүй байна. А.Эрдэмномын амь нас хохирсон асуудал тогтоогдсон мэт ярьж байна. Би энэ талаар гаргаж буй М.Хувцагаан өмгөөлөгчийн саналтай санал нэг байна. Би яллах дүгнэлтээс А.Эрдэмномын амь нас эмнэлгийн тусламж үзүүлээгүйгээс болж хохирсон уу эсвэл Б.Лхамсүрэнгийн үйлдлээс болж хохирсон уу гэдгийг ойлгохгүй байна. Бид хуулийг нэг мөр ойлгон, тайлбарлаж, гэмт хэргийн шалтгаант холбоог зөв тодорхойлж зүйлчлэлийг зөвтгөх хэрэгтэй. Энэ байдал мөрдөн байцаалтын явцад бүрэн төгс шалгагдаж маргаангүй байдлаар тогтоогдоогүй. Өмнөх давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалыг хэн ч өөрчлөх эрхгүй. Гэтэл прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар Номин-Эрдэнийг хохирогчоор тогтоох нөхцөл байдал байхгүй мэт ярьж байна. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд Номин-Эрдэнийг хохирогчоор тогтоож, байцаалт авах ёстой гэж заасан. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Магадлалын заалт биелэгдээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй, асуудал тал бүрээсээ маргаантай байгаа учир хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй гэж үзэж байна. Эд мөрийн баримтуудад шүүх хуралдаанд үзлэг хийхэд хэд хэдэн зүйл хэнийх болох нь тогтоогдоогүй. Эзэнгүй хувцас эд мөрийн баримтан дунд байсан. Үүнийг цэгцлэн тогтоосон байх ёстой. Хэргийг санаа сэдэлтийн хувьд шалгаж тогтоохгүй бол болохгүй. А.Эрдэмномыг шууд санаатай алсан эсэхийг ялган зааглах ёстой. Г.Ганзориг, Номин-Эрдэнэ, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарыг үнэхээр ална гэсэн сэдэлт санаа зорилго байсан эсэхийг хөдөлбөргүй тогтоох ёстой. Цагаатгах талаас нь хандах ёстой. Гэмт хэргийн шалтгаант холбоог тогоож байж, зүйлчлэлийг зөв тогтоох боломжтой гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ж.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ц.Алтанцол, М.Хувцагаан нартай санал нэг байна. Анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч шийдвэрлэлгүй хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байна. Онц хүнд гэмт хэрэг шалгагдаж байгаа хүн 24 сараас илүү хориж болохгүй гэж заасан байдаг. Хорих хугацааг 6 сараар сунгаж болох бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Б.Лхамсүрэн нь 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нийт 24 сар хоригдож байна.  Б.Лхамсүрэн нь хэргийн талаар тогтвортой мэдүүлэг өгдөг. Тэрээр мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй. Хэрэг прокурорын хяналтаас 3 удаа, анхан шатны шүүхээс 3 удаа,  давж заалдах шатны шүүхээс 1 удаа буцаж байсан бөгөөд одоо давж заалдах шатны шүүхээр хэргийг 2 дахь удаагаа хэлэлцэж байна. Мөрдөн байцаагч 5 удаа солигдож, прокурор 5 удаа солигдсон. Хэрэг шүүхээс мөрдөн байцаалт руу буцаж буй шалтгаан нь хэргийн бүрдэл дутуу, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг шалгаагүй байна гэсэн шалтгаан юм. Чадвар муутай мөрдөн байцаагч хэргийг мөрдөж, прокурор хэргээ сайн хянахгүй байна. Дээрх байдлаас үүдэн Б.Лхамсүрэнгийн эрх чөлөө тодорхой хэмжээгээр зөрчигдөж байна гэж үзэж байна. Б.Лхамсүрэн нь ходоодны архаг үрэвсэл оноштойгоор өвдөж хорих ангийн эмнэлэгт байнга хэвтэж байсан. Б.Лхамсүрэн хоол идэж чадахгүй байгаа тул жин нь огцом буурсан. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Лхамсүрэнд батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Сугарын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Ч.Сугар мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй. Прокурор “шүүх шийдвэрлэнэ биз” гэсэн байр сууриар хандсан. Гэм буруугаа хүлээж байхад “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдуулахгүй байгаа асуудал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан бүх ажиллагааг хийж гүйцэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ бүрэн гүйцэт гүйцэтгээгүй тул шүүх гэм бурууг эцэслэн тогтооход төвөгтэй байдал үүссэн гэж үзсэн. Удаа дараа хэргийн бүрдэл хангагдахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж байна. Д.Батбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Г.Лхагвасүрэн мөн адил хүсэлт гаргасан. Хэдийгээр Г.Лхагвасүрэнгийн бусдад туслахгүй байхыг хүссэн ухамсарт үйлдэл нь байсан гэдгийг тогтооход хэцүү боловч нэг нутаг, найзалж байсан зэрэг нөхцөл байдлыг тал талаас нь бодоод Г.Лхагвасүрэн “ер нь би эмнэлэгийн тусламж дуудсан бол яах ч байсан юм билээ” гэж ухамсарлаад энэ гэмт хэргээ үйлдснээ хүлээж “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдуулж өгөхийг хүссэн хүсэлтээ бичгээр өгсөн. Гэтэл үүнийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд шийдвэрлэсэнгүй. Шүүгч захирамжиндаа “хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан байна” гэж тодорхой дурдсан. Прокурорын шатанд хүсэлтэд хариу өгөхгүй байж байгаад хэргийг шүүхэд шилжүүлдэг хууль бус практик тогтоод байна. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэх гэхээр зарим зүйлийг таахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна. Ч.Сугарын мэдүүлэгт "Г.Лхагвасүрэн над руу хутга бариад дайрсан” гэсэн байдаг. Гэтэл энэ нь агууллагаараа Б.Лхамсүрэн хутга барьж дайрсан асуудлыг ярьсан байгаа юм. Хэргийг нэгэнт мөрдөн байцаалтад буцааж байгаа бол ийм асуудлуудыг засуулах, яллах дүгнэлтэд хэргийг санаатай үйлдсэн гэдгийг бичүүлэх хэрэгтэй. Эдгээрийг шүүх таамаглаж хэргийг шийдвэрлэх ёсгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлд үүнийг тодорхой зааж өгсөн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.Сугар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

ХЯНАВАЛ:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох 2015250001712 дугаартай эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор П.Нархажидын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 50 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд яллах дүгнэлтэд Б.Лхамсүрэнгийн зарим үйлдлийн сэдэлт, санаа зорилгыг бүрэн тусгаж бичээгүй, мөн түүний бусдыг алахыг завдсан үйлдэл төгссөн эсэхэд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн зохих заалтыг зөв журамлаж чадаагүй байна.

Түүнчлэн Б.Лхамсүрэн нь 18а байрны 44 тоотод амь хохирогч А.Эрдэмномыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан, нэг дор хохирогч Ч.Сугарын толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутга барьж хөөж алахыг завдсан, уг байрны 57 тоотод иргэн Г.Ганзоригийг алахыг завдсан үйлдлүүд нь тус тусдаа эхлэл, төгсгөлтэй, өөр орон зай болон цаг хугацааны дараа үйлдэгдсэн байхад Б.Лхамсүрэнгийн дээр үйлдлүүдийг нэг дор үйлдэгдсэн мэтээр нэгтгэж зүйлчилсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “Б.Лхамсүрэнд сонсгосон ялыг өөрчилж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.10 дахь заалтыг орхигдуулж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна… Иймд Б.Лхамсүрэнд холбогдох хэргийг бүхэлд нь зөв зүйлчилж, түүнд Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэгт заасан ял сонсгон, яллагдагчаар байцааж, яллах дүгнэлт үйлдэх шаардлагатай” гэж дүгнэсэн атлаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан төгссөн болон төгсөөгүй давтан үйлдэлтэй гэмт хэргийг зүйлчлэх тохиолдолд төгссөн болон төгсөөгүй үйлдлийг тус тусад нь бус, төгсөөгүй үйлдэлтэй гэмт хэргийг төгссөн үйлдэлтэй гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх эрх зүйн ач холбогдолтой” гэж харилцан зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсныг дурдах нь зүйтэй гэж үзэв.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Нархажидын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Нархажидын бичсэн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэргэсхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Лхамсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                                            Ц.ОЧ