Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 371

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, иргэн Ч.М “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал, нэхэмжлэгч Ч.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан тушаалыг хууль, журам, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байхад эрх зүйн чадамжгүй Тэргүүлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоогоогүй, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхад, эрүүл мэндийн шалтгаанаар бие өвдөж эмнэлгийн шинжилгээ хийлгэх үед А/01 тоот тогтоолыг баталсан нь миний албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийг зөрчиж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулсан төдийгүй Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, ажилд эргүүлэн тогтоох шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.М Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Нэхэмжлэлтэй танилцаад Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоох боломжгүй тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд :

1. Нэхэмжлэгч Ч.М Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг эрх зүйн чадамжгүй тэргүүлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзжээ. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан бөгөөд ирц хүрээгүйн улмаас 23-ны өдөр нэмэлт санал хураалт явагдаж сонгуулийн дүнгээр байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.16 “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх"-д олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хурлын дарга, тэргүүлэгчдээ сонгож баталсан тул эрх зүйн чадамжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Тэргүүлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоолгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан гэжээ. Тухайн үед Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.М нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38. “төсвийн шууд захирагч” гэж төсвийн өрөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг, 16.4. “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:” 16.4.14. “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн;”-д тус тус зааснаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн шууд захирагч бөгөөд хурлын төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна.”-р, заасны дагуу тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн захиран зарцуулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр тушаал гаргаж хурлын төсвөөс 45 сая төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах үүргээ биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ:” 13.1.4. харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шиийдвэрийг биелүүлэх; дэх заалтыг зөрчиж, 26 дугаар зүйлийн 26.1. “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна" гэсний дагуу хурлын төсвөөс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 45 сая төгрөг захиран зарцуулсан үйлдэл нь зөрчлийн шинж байдлын хувьд ноцтой шинжтэй гэж тэргүүлэгчид үзсэн тул төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3. “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.” 26.2,”Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй.” гэсэн заалтыг тус тус үндэслэн сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. 

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6. “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх"-д зааснаар тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох эрх нь тухайн хурлын тэргүүлэгчдэд байдаг бөгөөд төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3. “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна." дахь заалтыг үндэслэн томилох эрх бүхий этгээд болох тэргүүлэгчид эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан.

Мөн нэхэмжлэгч Ч.М “Эрүүл мэндийн шалтгаанаар бие өвдөж эмнэлгийн шинжилгээ хийлгэх үед сахилгын шийтгэл оногдуулсан байна” гэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар бие өвдөж эмнэлгийн шинжилгээ хийлгэх тухайгаа  удирдлагадаа албан ёсоор мэдэгдээгүй.

Иймд нэхэмжпэгч Ч.М Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Ч.М Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 тоот  тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоолоор Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Мг албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр 45 сая төгрөгийг дур мэдэн зарцуулж сахилгын зөрчил гаргасан гэж үзэн ажлаас нь халсан байна. 

 Хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, Ч.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Шүүхээс хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь халахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” зарчмыг зөрчсөн гэж шүүхээс үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн зөвшөөрлөөр хурлын ажлын албаны дарга төсвөөс мөнгө захиран зарцуулах ёстой байтал Ч.М нь эрх мэдлээ хэтрүүлэн зөвшөөрөлгүйгээр мөнгө зарцуулсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн албанаас халсан гэж мэтгэлцсэн. 

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д “... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэж заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга нь төрийн захиргааны албан хаагчийн ангилалд хамаардаг албан тушаал байна.

           Нэхэмжлэгч Ч.М нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргаар ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/88 дугаар  тушаалаар хурлын ажлын албаны ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тусламж үзүүлэх зорилгоор 45 сая төгрөг зарцуулжээ.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн” шууд захирагч байна, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна” гэж тус тус заажээ. Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/03 дугаар  тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дотоод журмыг баталсан бөгөөд журмын 5.12-т “Батлагдсан төсвийг захиран зарцуулж төсвийн гүйцэтгэл зардлын тайланг улирал тутам гаргаж тайлагнаж байх” гэж зохицуулжээ.

Дээрх хуулийн заалт болон журмын зохицуулалтыг тодруулбал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга буюу Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн дарга нь тухайн жилийн баталсан төсвийн хүрээнд, зохих журмын дагуу хөрөнгө мөнгийг захиран зарцуулж, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд байх бөгөөд санхүүгийн гүйлгээ хийх тухай бүрт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг тодорхой зааж өгсөн бөгөөд Тэргүүлэгчид нь тухайн засаг захиргаа бүхий нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон бусад зохион байгуулалтын асуудлыг Хуралд дараа тайлагнахаар хэрэгжүүлдэг байна. Гэтэл Тэргүүлэгчид нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны эрх мэдэлд халдан, ажлын албаны дотоод асуудалд оролцох эрхийг хуулиар олгоогүй болно.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2016 оны дүүргийн төсвийн тодотголыг хэлэлцэх хуралдаанд Ч.М нь “... багаж хэрэгслийн зардлыг бууруулж, Хурлын Ажлын албаны албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, шагнал  урамшууллын зардалд зарцуулахаар тавьсан байгаа” гэж танилцуулж байсан ба уг хурлаар дүүргийн 2016 оны тодотгосон төсвийг баталсан  болохыг дурдах нь зүйтэй.

 Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/78, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/151, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/04, Б/05, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/38, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/49 дүгээр тушаалуудаар  хурлын ажлын албаны албан хаагч, ажилчдын нийгмийн асуудал шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, шагнах шийдвэрийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга нь батлагдсан төсвийн хүрээнд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс зөвшөөрөл авалгүйгээр бие даан гаргаж байсан байна.

 Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд Нийслэлийн аудитын газраас аудит хийж 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 604 дүгээр  аудитын гэрчилгээ олгогдсон байна. Аудитын тайлан, аудитын гэрчилгээ ёсоор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны  санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан зэрэг нь мөрдөгдөж байгаа заавар, журмуудын дагуу алдаагүй, үнэн зөв, шударга явагдсан байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл маргаан бүхий үйл баримт болох 45 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан  гэж үзээгүй байна.

Иймд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” гэж заасны дагуу 45 сая төгрөгийг батлагдсан төсвийн хүрээнд Хурлын ажлын албаны дарга захиран зарцуулах эрхтэй тул нэхэмжлэгч Ч.М нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Нэхэмжлэгч Ч. М нь төрийн албанаас халах тогтоол гарах үед өвчтэй байсан, Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор  2016 оны Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон тул Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар түүнийг халах ёсгүй гэж нэхэмжлэлээ үндэслэсэн. 

Хэдийгээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа боловч дээрх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар товлосон байна.  

Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2-т “Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд хуулийн заалт ёсоор сонгуулийн хороонд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг дээрх сонгуулийн хугацаанд төрийн албанаас чөлөөлөх, огцруулахыг хориглосон бөгөөд төрийн албан хаагч нь төрийн алба хаах явцад гаргасан алдаа дутагдалтай холбоотойгоор түүнд сахилгын шийтгэл ногдуулах харилцаанд хамааралгүй юм.

Мөн төрийн албан хаагч эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байх хугацаанд түүнийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн хүлээсэн нийтлэг үүргээ зөрчсөн, хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулсан зэрэг зөрчилд түүнд сахилгын шийтгэл ногдуулах харилцаанд хамааралгүй болно.

Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангасантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалинг 692,117 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тооцоолон Ч.Мд олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.4.14, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 7 дугаар зүйлийн 7.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ч.М Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/01 дүгээр тогтоолыг  хүчингүй болгож, Ч.Мг  урьд эрхэлж байсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга бөгөөд Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Ч.М 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нэг сарын үндсэн цалинг 692,117 төгрөгөөр тооцон олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ