Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2022/1075/з |
Дугаар | 001/ХТ2023/0068 |
Огноо | 2023-10-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2023/0068
Б.Э-гийн нэхэмжлэлтэй,
Авлигатай тэмцэх газрын даргад
холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: М.Батсуурь
Шүүгчид: Д.Батбаатар
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0354 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0429 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 321 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч Б.Э нь Авлигатай тэмцэх газрын даргад холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын даргын нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалын 1 дэх хэсгийг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 96,739,272 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж өөрчлөн зөвтгөж, дутуу олгосон 20,729,844 төгрөгийг Б.Э-д олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1.Нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газрын даргад хандан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан. Тус газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... (нууц) тушаалаар ... ахлах ажилтан, ахлах комиссар Б.Э-г 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, түүний гаргасан хүсэлтийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар Б.Э-д 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 76,009,428 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.
2.2.Энэхүү олгосон тусламжийн хэмжээг эс зөвшөөрч нэхэмжлэгч маргажээ.
3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... “Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны Б/100 дугаар тушаалыг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан, тухайн өдрөө гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй... Миний бие төрийн албанд 35 жил, 6 сар, 23 өдөр, үүнээс Авлигатай тэмцэх газарт 15 жил, 5 сар, 18 өдөр ажиллан өндөр насны тэтгэврээ тогтоолгосон. Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан 2,687,202 төгрөгийн цалин авч байсан. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30.8, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т заасны дагуу (2,687,202x36 cap) буюу 96,739,272 төгрөгийн буцалтгүй тусламж авах хууль ёсны эрхтэй. Гэтэл Авлигатай тэмцэх газар нь миний төрийн албанд ажилласан сүүлийн 3 жилийн цалингийн дунджаар тооцон, эрх ашгийг маань хохироож, зөрүү 20,729,844 төгрөгийг дутуу олгосон. Авлигатай тэмцэх газрын даргын буцалтгүй тусламж олгох тушаал хуульд нийцээгүй.
3.2.Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, 30.8-д зааснаар сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ гэсэн заалтууд зөрчигдсөн. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход мөрдөх журмыг баримтлаад байгаа нь үндэслэлгүй ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1.“... “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1, 2.2-т заасныг баримтлан Б.Э-д олговол зохих нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцох дундаж цалин нь тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж болох 2,111,373 төгрөг байхаар тооцоо гарсан. Дээрх журмын 2.2-т зааснаар уг дундаж цалинг 36 сараар үржүүлэхэд нийт 76,009,428 төгрөг болсон.
4.2.Авлигын эсрэг хуульд албан хаагчид олгох буцалтгүй тусламжийн хэмжээг туйлын тодорхой байдлаар тусгаагүй, түүнчлэн албан тушаалын цалингийн хэмжээг хэрхэн тогтоох журам хуульд тусгагдаагүй. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчид олгох буцалтгүй тусламжийн хэмжээг тогтоохдоо Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журмыг баримтлан тэтгэмжийн хэмжээг тогтоон олгодог.
4.3.Б.Э нь цэргийн албан хаагч эсхүл боловсрол болон эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагч биш тул дээрх журмын 4 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7, 30.8-д зааснаар Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, буцалтгүй тусламж, нэмэгдлийг давхардуулан олгохгүй байх зохицуулалттай бөгөөд сонголтыг албан хаагч хийхээр хуульчилсан ч аль нэгийг илүүг сонгох тухай асуудлыг хуульчлаагүй. Нэхэмжлэгч өргөдөл гаргахдаа Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмжээ авъя гэснийг манай байгууллага сонголтоо хийсэн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0354 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
5.1. ... Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалаар Б.Э-д нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1, 2.2-т заасныг баримтлан тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дундаж 2,111,373 төгрөгийг 36 сараар тооцож, нийт 76,009,428 төгрөгөөр тогтоосон нь Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, дээрх журмын 4.4-т заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.
5.2.Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журмын 12.1.2-т “... Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур, нөхцөлийг тодорхойлохдоо Засгийн газраас тогтоосон журмыг баримтална.” гэж заажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй...” гэх зэргээр дүгнэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0429 дүгээр магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.Нэхэмжлэгч Б.Э Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасны дагуу тэтгэмжээ авах хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тул хариуцагч энэ хуульд заасны дагуу тэтгэмжийг тооцож олгох үүрэгтэй. Учир нь эрх зүйт төрийн үндсэн зарчмын хүрээнд хариуцагч хууль тогтоогчийн баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд аливаа үйл ажиллагаа нь зайлшгүй хууль ёсны зарчимд нийцсэн байх шаардлагатай. Нэхэмжлэгч Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасан “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан байх” хуулийн урьдчилсан нөхцөл шаардлагыг хангаж байх тул түүний эрхэлж байсан албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцож олгох нь зүйтэй.
6.2.Авлигын эсрэг хуульд заасан “36 сар хүртэл” гэснийг хэрхэн тооцох талаар энэ хууль болон бусад хууль, журамд нарийвчлан тайлбарлаж тусгаагүй тул “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгчийн хувьд хамгийн багадаа төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлж тооцохоор байна.
6.3.Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Авлигатай тэмцэх газрын даргад хандан гомдол гаргасанд хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03/17351 дүгээр албан бичгээр хариу хүргүүлснийг эс үйлдэхүй гэж үзэхгүй, харин нэг удаагийн буцалтгүй тусламжийн зөрүүг олгохгүй байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна.
6.4.Иймд “нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож, зөрүүг олгоход шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах” байдлаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжтой. Үүний хууль зүйн үндэслэл нь ... эрх зүйн баталгаатай байдлыг хангах зорилго бүхий төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг болох Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим юм.
6.5.Харин “2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/100 дугаар тушаалын 1 дэх хэсгийг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 96,739,272 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж өөрчлөн зөвтгөж, дутуу олгосон 20,729,844 төгрөгийг Б.Э-д олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан жилийг хэдэн жилээр тооцож, 36 хүртэлх сартай тэнцэх хэмжээгээр бодож нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал байна … Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэх зэргээр дүгнэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
7.2.Б.Э-аас гаргасан хүсэлтийг Авлигатай тэмцэх газраас шийдвэрлэхгүй орхигдуулсан, эс үйлдэхүй гаргаагүй болно. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасан 36 сар хүртэл гэж заасныг болон “албан тушаалын цалингийн хэмжээ”-г хэрхэн тогтоох журамлал (процедур)-ыг хуульд нарийвчлан заагаагүй. Иймд хэн нэгэн этгээдэд давуу байдал олгохгүй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлэхгүй байх, албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагаар буцалтгүй тусламж тооцох албан тушаалын цалинг Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар тодорхойлж, хэмжээг Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан журмыг баримтлан олгож байгаа болно. Энэ зарчмыг ч “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын “Арван хоёр” дахь хэсгийн 12.1.2-т тусган хэрэгжүүлж байна.
7.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 болон холбогдох бусад хуулийг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Б.Э нь өөрөө “Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т заасны дагуу албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно уу” гэж өргөдөл гаргасан тул сонголтоо өөрөө хийсэн гэж үзнэ. Засгийн газрын журмын “Дөрөв” дэх хэсэгт нэхэмжлэгч хамаарахгүй... нөгөө талаар дээрх зохицуулалт нь холбогдох албан хаагчдад “буцалтгүй тусламж” бус “тэтгэмж” олгох зохицуулалт юм.
7.4. ... Магадлалын Хянавал хэсгийн 3.2-т зөвхөн Авлигын эсрэг хуульд зааснаар “... албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасныг үндэслэж байгаа хэрнээ 3.6-д шийдвэр гаргагч Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмыг үйл ажиллагаандаа баримтлан буцалтгүй тусламжийг тогтоон олгохоор, 3.10-т зааснаар “... 36 сар хүртэлх сартай тэнцэх хэмжээгээр бодож нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох хариуцагчийн эрх хэмжээний асуудал” буюу шийдвэр гаргагчийн эрхэд үлдээн шийдвэрлэж байгаа нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүйн дээр хэн нэг этгээдэд давуу байдал олгож, авлига, ашиг сонирхлын авлигын зөрчилтэй шийдвэр гаргах үр дагаврыг үүсгэж байна ...
7.5.Талууд буцалтгүй тусламжийг “36 сараар” тооцон олгосон асуудалд маргаагүй бөгөөд давж заалдах журмаар гаргасан гомдолд “36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг буруу тооцсон” гэснээс өөрөөр гомдол гаргаагүй атал шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 114 дүгээр зүйлийн 114.3-т заасныг зөрчиж дүгнэлт хийсэн ... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг хэрэглэх, хамаарах эсэх талаар дүгнэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
7.6.Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэл хамгаалагдах” зарчим үйлчлэх онцгой нөхцөл бий болоогүй ... Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
8.Нэхэмжлэгч талаас “хариуцагчийн гомдол үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны тул хэвээр үлдээж өгнө үү” гэсэн утгатай тайлбарыг өгөв.
ХЯНАВАЛ:
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
10.Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
11.Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” гэж заасан нь агуулгын хувьд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчдад төрөөс олгодог нэг удаагийн тусламж буюу нийгмийн баталгааны нэг төрөл юм.
12.Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д “Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ” гэснийг Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4-т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг нь сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй.” гэсэнтэй ижил агуулгаар ойлгож болно. Энэ утгаараа “журмын холбогдох зохицуулалт нэхэмжлэгчид хамааралгүй, тэтгэмж нь тусламж биш, Авлигын эсрэг хуулийн дээрх заалт нь аль илүүг нь сонгоно гэсэн утгагүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй (Тодорхойлох хэсгийн 7.3-т заасан).
13.Гагцхүү нэхэмжлэгч Б.Э нь Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-ийн дагуу буюу “бусад хуульд зааснаар” нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлт гаргасан боловч энэ нь түүний хувьд Төрийн албаны тухай хуулиар тусламж авах байснаас “илүү” гэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:
14.Нэгдүгээрт, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтын “албан тушаалын цалин” гэх ойлголт нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийн “үндсэн цалин”-тай адил агуулгатай байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар төрийн албан хаагчийн “цалин хөлс” нь: 57.2.3.“тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон ... бусад нэмэгдлээс” бүрдэхээр; 57.4-ийн дагуу “... албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасан.
15.Төрийн албаны тухай хуульд “үндсэн цалин” гэх ойлголтыг тодорхойлоогүй, харин дээр дурдсанчлан “цалин хөлс”-ний бүрэлдэхүүнийг тодорхой заасан байна. Иймд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэсний дагуу үзвэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “цалин хөлс” нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэхээр байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.4-т цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо 1.4.1-д “үндсэн цалин” нь албан тушаалын цалин (... тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс) байхаар заажээ. Иймээс аль аль хуульд байгаа “цалин хөлс” гэх ойлголт нь цалингийн хэд хэдэн бүрэлдэхүүнтэй бөгөөд үүнд үндсэн буюу албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүд хамаарч байна.
16.Нэхэмжлэгчийн албан тушаалын цалин нь Улсын Их Хурлын 2021 оны 85 дугаар тогтоолоор 2023 оны 01 дүгээр сараас 2,687,202 төгрөг болж нэмэгдсэн, үүнээс өмнө буюу 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд 1,919,430 төгрөг байсан, энэ талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч “сүүлийн 3 жилийн албан тушаалын цалингийн дунджаар бус, сүүлд авч байсан цалинг (2,687,202 төгрөгийг) 36 сараар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах ёстой” гэж маргажээ.
17.Иймд хоёрдугаарт буюу “тусламж тооцох албан тушаалын цалингийн хэмжээг сүүлийн 3 жилийн дунджаар тооцох тухайд: Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т “... 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” гэсэн нь хариуцагчид буюу захиргаанд “сонгох боломж”-ийг олгосон зохицуулалт байна. Үүний дагуу хариуцагч “зарчмын хувьд” 1-36 сарын хооронд сонголт хийх боломжтой юм. Энэхүү сонгох боломжийн хэрэгжилтийг хянах шүүхийн хяналтын хүрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасан хүрээгээр хязгаарлагдана. Тухайлбал, “шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.”
18.Хариуцагч Авлигын эсрэг хуулиар олгогдсон сонгох боломжийг хэрэгжүүлэхдээ албан хаагчдад тэгш, шударга хандах үүднээс Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон Засгийн газрын журмыг хэрэглэхээр Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журамд (тус газрын даргын 2018 оны А/70 дугаар тушаалаар батлагдсан журмын 12.1.2-т) зааж, хэрэгжүүлж буйг “хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, зорилгодоо нийцээгүй байдлаар хэрэглэсэн” гэж үзэхгүй.
19.Нэгэнт хариуцагч Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг хэрэглэх тохиолдолд тус журмын 2.1-д зааснаар “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.” Үүний дагуу нэхэмжлэгчид олгох нэг удаагийн тусламж тооцох үндсэн буюу албан тушаалын цалин нь 2,111,373 төгрөг, үүнийг 36 сараар үржүүлэхэд нийт 76,009,428 төгрөг болж байна. Энэ хэмжээний тусламжийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгосон байх тул “хууль бус эс үйлдэхүй гаргаагүй” гэх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлтэй.
20.Дээрх журмын 2.2-т “... 2.1-д зааснаар тогтоосон үндсэн цалингийн дунджийг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно...” гэсэн нь дараагийн өгүүлбэр болох “...Төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байна.” гэснээр хязгаарлагдана. Үг зүйн хувьд “ажилласан жилтэй тэнцэх сар” гээгүй, харин “ажилласан жилийн тоотой тэнцэх сар” гэснээс гадна, уг заалтыг бүхэлд нь авч үзвэл тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын буюу 3 жилийн дундаж цалингаас их байх боломжгүй байна. Иймээс “ажилласан жилийн тоотой тэнцэх сар” гэдгийг 1 жил=1 сар гэж ойлгохоос бус 1 жил=12 сар гэж ойлгох боломжгүй юм. Үүнээс үзвэл, журмын 2.2 дахь заалтын эхний өгүүлбэр нь төрийн албанд 36 жилээс бага ажилласан албан хаагчдын хувьд хэрэглэгдэнэ. Харин нэхэмжлэгчийн тухайд төрийн албанд нийт 35 жил, 6 сар, 23 өдөр ажилласан, хариуцагчаас түүний үндсэн цалингийн дунджийг нь хууль, журамд заасан дээд хэмжээ болох 36 сараар тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байх тул эрх зүйн байдал нь дордсон гэх үндэслэлгүй бөгөөд “... хэрэв Засгийн газрын журмаар тусламж олгох бол үндсэн цалингийн дунджийг төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлж авах ёстой ...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй болно.
21.Мөн “цалингийн дунджийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-аар тооцох ёстой” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. Учир нь уг журам нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны “дундаж цалин хөлс”-ийг тодорхойлоход баримтлагдана (Журмын 1.1). Харин энэ тохиолдолд төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоход хэрэглэгдэх тусгайлсан зохицуулалт болох Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан журам үйлчлэх бөгөөд уг журмын дагуу тусламжийн хэмжээг “дундаж цалин хөлс”-өөр биш, “үндсэн цалингийн дундаж”-аар (сүүлийн 3 жилийн) тооцохоор тодорхой заасан.
22.Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн хувьд Авлигын эсрэг хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж авах нь Төрийн албаны тухай хууль, холбогдох журмын дагуу авах байсантай адил, өөрөөр хэлбэл “илүү” гэх үндэслэлгүй байна. Харин түүнээс дордсон байдлаар авсан, эсхүл захиргааны байгууллага ижил нөхцөлтэй албан хаагчдад тэгш бус хандсан байсан бол Захиргааны ерөнхий хуульд заасан “итгэл хамгаалах зарчим” үйлчлэх учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүх уг зарчмыг үндэслэл болгон хариуцагчийг “хууль бус эс үйлдэхүй гаргасан, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэсэн нь буруу, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол (Тодорхойлох хэсгийн 7.6) үндэслэлтэй.
23.Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2023/0429 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ