Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/0067

 

“Д...” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын

Том татвар төлөгчийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:         Ц.Цогт

            Шүүгчид:                          Д.Батбаатар

                                                         Х.Батсүрэн

                                                          П.Соёл-Эрдэнэ                                                        

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:          Э.Бадамдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0925 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0239 дүгээр магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч татварын улсын байцаагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А, С.У нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260018013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1,021,321,449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д...” ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

1.2. “Д...” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах,

1.3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1. ...Манай компанийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татвар төлөлтийн байдлыг Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч Л.Н, Т.С нар шалгаад, 11,222,389,191.93 төгрөгийн борлуулалтын орлогыг экспортын “0” хувьтай экспортын орлогод тооцож, илүү төлөлт 1,094,983,684,80 төгрөг байхаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260018001 тоот актыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан. Түүнчлэн тус хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нар дахин хянан шалгаад илүү төлөлтийг 1,094,740,729.00 төгрөг байхаар баталгаажуулж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 26008013 тоот актыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан.

2.2. ... “Д...” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Том татвар төлөгчийн газарт хандан №1/18 тоот “Төсвөөс буцаан авах Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийн талаар хүсэлт”, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай 2/18 тоот албан бичгийг Татварын ерөнхий газрын даргад хаяглан илгээсэн. Уг албан бичгийн хариуг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Том татвар төлөгчийн газраас Хариу хүргүүлэх тухай 02/918 тоот албан бичгийг хүргүүлэхдээ “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.4, 15.6, 15.7-д тус тус зааснаар албан татварыг буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу танай компанийн илүү төлсөн татварыг буцаан авах хүсэлтийг Том татвар төлөгчийн газар нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хянан баталгаажуулж, буцаан олгуулахаар Сангийн яаманд хүргүүлдэг тул манай газар хяналт шалгалт зохих журмын дагуу хийх болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг ирүүлсэн.

2.3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нь манай компанийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй 6 сар гаруй буюу өдий хүрээд байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.7-д Том татвар төлөгчийн газар нь манай хүсэлтийг шийдвэрлэж татварын илүү төлөлтийг хянан баталгаажуулах, илүү төлөлтийг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэх хугацааг тодорхой заасан бөгөөд энэ хугацаа хэдий нь өнгөрөөд байна.

2.4. ... Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч тал нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолын дагуу татварын илүү төлөлтөө буцаан авч чадахгүй хохирч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх агуулгаар тайлбарлажээ.

3. Хариуцагчийн хариу тайлбар:

3.1. Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.Б нар: “... Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч Г.А, Ц.Б нарын Том татвар төлөгчийн газарт ирүүлсэн саналын шинжтэй 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260018013 тоот актын дүнгээр Сангийн яаманд хүргүүлэх боломжгүй, хуулийн дагуу зөвхөн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын шийдвэрийг үндэслэн Сангийн яамнаас буцаан олголт хийгддэг хуулийн зохицуулалттай.

3.2. Өөрөөр хэлбэл ... Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс татварын улсын байцаагчийн НӨ-21200000002 тоот актыг хүчингүй болгосноор уг татвар төлөгч төсвөөс буцаан авах татваргүй харин ч улсад төлөх ёстой татварыг төлөхөөргүй шийдвэрлэснээр тухайн татварын харилцаа дуусгавар болсон, татвар төлөгчийн хууль ёсны ашгийг хөндөөгүй эрх зүйн байдлыг дордуулаагүй болно ...” гэх агуулгаар тайлбар ирүүлэв.

4. Хэргийн нөхцөл байдал:

4.1. “Д...” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгаад, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Л.Н, Т.С нар 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн  260018001 тоот актаар нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 1,094,983,684,80 төгрөгөөр, мөн хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нар дээрх нөхцөл байдлыг дахин хянан шалгаад, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 260018013 тоот актаар илүү төлөлтийг 1,021,321,449.2 төгрөгөөр баталгаажуулж, саналаа Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/2071 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

4.2.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.У нар дахин шалгалт хийж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НӨ-21200000002 дугаартай Нөхөн ногдуулалтын акт үйлдсэн, уг актыг  эс зөвшөөрч “Д...” ХХК Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус гомдлыг хангаж, улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НӨ-21200000002 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.3. Нэхэмжлэгч “Д...” ХХК-иас “төсвөөс буцаан авах Нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийн талаарх” хүсэлтээ Татварын ерөнхий газарт хандан гаргасан,  Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02/918 тоот албан бичгээр “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.4, 15.6, 15.7-д тус тус зааснаар албан татварыг буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасны дагуу танай компанийн илүү төлсөн татварыг буцаан авах хүсэлтийг Том татвар төлөгчийн газар нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хянан баталгаажуулж, буцаан олгуулахаар Сангийн яаманд хүргүүлдэг тул манай газар хяналт шалгалт зохих журмын дагуу хийх болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Д...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0239 дүгээр магадлалаар: 1 дэх заалтаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Т.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж, 2 дахь заалтаар “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

7. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргаж магадлалын тогтоох хэсгийн 1, 2 дугаар зүйлийг бүхэлд нь буруу бичсэн байна. Учир нь манай хэргийн оролцогч биш Зам тээврийн яамны өөр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай гэсэн байна. Гэтэл манай нэхэмжлэгч талын гомдлоор зарлагдсан шүүх хурал юм. Мөн бид гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөөгүй бөгөөд хариуцагчийг хэмээн илэрхий ноцтой зөрчилтэй магадлал гарсан байна. Хэрэв үүнийг засахгүй бол шүүхийн шийдвэр биелүүлэх, дахин маргах, бусад магадлалтай давхцах зэрэг хууль зүйн зөрчил бүхий эрсдэл учраад байна.

7.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-ийг баримталсан нь үндэслэлгүй, уг заалтыг баримталж захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын биш маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар энэ хэрэг нь шүүхэд хэлэлцэгдэх явцад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна гэж огт хэлээгүй. Захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүй, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/918 дугаар албан бичгээр өгсөн хариуг яагаад захиргааны акт биш, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарласангүй. Дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан.

7.2. Анхан шатны шүүхээс улсын байцаагчийн актыг саналын шинжтэй баримт бичиг хэмээн буруу дүгнэсэн. ... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-21200000002 дугаар актыг Татварын маргаан таслах зөвлөлийн 15 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад шүүх бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж хүчин төгөлдөр бус эрх зүйн баримт бичгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй.

7.3. Дээрх 15 дугаар тогтоолоор буцаан олголтын асуудлыг шийдвэрлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. ... Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөж журмын тухай хуулийн заалтыг дүгнээгүй нь буруу....” гэжээ.

8. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” байж болзошгүй үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нарт 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан тухай утсаар мэдэгджээ. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн, хяналтын шатны шүүх энэ хүрээнд хэргийг хянав.

11. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Д...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0925 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцжээ.

12. Уг хэргийг хянан хэлэлцээд гаргасан давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0239 дүгээр магадлалд “анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна” гэх агуулгатай дүгнэлтүүдийг Хянавал хэсэгтээ хийсэн хэдий ч магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Т.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж, анхан шатны шүүхийн өөр шийдвэр, хэргийн оролцогчийг бичсэн, түүнчлэн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэжээ.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна” гэж заасан.

14. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0239 дүгээр магадлалын Тогтоох хэсэг нь дээрх байдлаар буруу бичигдсэн, үүнийг хяналтын шатны шүүхээс залруулах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болох тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

15. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн, магадлалыг хэргийн оролцогч нарт 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 болон 119.4-т тус тус заасан  магадлалыг шүүх хуралдааны оролцогчдод танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахаар заасантай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил болохыг мөн дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0239 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЦОГТ         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                     Д.БАТБААТАР       

                                                                          Х.БАТСҮРЭН

                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ