Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2023/0239

 

 

 

 

 

 

 

 

  “Д с т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Д с т” ХХК

Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260018013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1,021,321,449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч Д с т ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,

1.2.“Д с т” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах,

1.3. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 925 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0770/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Д с т” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260018013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1.021.321.449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д с т” ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Д с т” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 925 дугаар шийдвэрээр:

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан 260018013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1.021.321.449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч “Д с т” ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох сүүлд нэмэгдүүлсэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ж.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын "Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан" 26008013 тоот акт болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулсан 1.021.321.449.00 төгрөгийн илүү төлөлтийг нэхэмжлэгч "Д с т" ХХК-д буцаан олгуулах саналаа холбогдох баримт бичгийн хамт Сангийн яаманд хүргүүлэхгүй байгаа" эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Д с т” ХХК-ийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яаманд хүргүүлэхийг Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт даалгуулах, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 7 дугаар 6-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах хэмээн дээрх гурван нэхэмжлэлийн шаардлага гаргаж холбогдох үндэслэл, тайлбарыг бичгээр болон шүүх хуралдаанд амаар гаргасан болно.

Гэвч анхан шатны шүүх хэт нэг талыг барьж холбогдох хуулиудыг буруу хэрэглэж тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, шүүх тухайн шийдвэрийг гаргахад нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэг. Шүүгч шийдвэрийн тогтоох хэсгээ буруу хууль үндэслэсэн тухайд:

Шүүгч шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон тогтоож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийн тогтоох хэсэгт хуульд үндэслэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-ийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүгч шийдвэрээ уншиж сонсгохдоо зөвхөн "Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 260018013 тоот акт нь саналын шинжтэй баримт бичиг бөгөөд заавал биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хариуцагчид үүсээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болголоо" хэмээн тайлбарласан. Мөн “гуравдугаар нэхэмжлэлийн шаардлага болох Том татвар төлөгчийн газрын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгийг хүчингүй болгосноор нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд шууд ач холбогдолгүй байна” гэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар энэхүү хэрэг нь шүүхэд хэлэлцэгдэх явцад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна гэж огт хэлээгүй юм.

Гэтэл шүүгч шийдвэрээ бичгээр гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-ийг үндэслэхдээ Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 02/918 дугаартай албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаас захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна хэмээн дүгнэсэн байна.

Бид захиргааны актыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд бидний гаргасан гурван нэхэмжлэлийн шаардлага нь хоорондоо уялдаа холбоо бүхий юм. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасны дагуу эс үйлдэхүйтэй холбоотойгоор захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх нэхэмжлэл гаргасан юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана" гэж, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж тус тус зааснаар хууль зүйн агуулга нь шүүх хэргийн оролцогчдын маргасан асуудал бүрт шүүх дүгнэлт хийх ёстой.

Дүгнэлтэд шийдвэр гаргасан үндэслэлээ тайлбарлах ёстой боловч яагаад татварын байцаагчийн акт саналын шинжтэй болох тухай огт тайлбарлаагүй байдаг.

Харин талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй байтал маргаан таслах зөвлөлийн нэгэнт шийдэж, талууд маргаагүй асуудлыг шүүх буруу тайлбарлаж шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн талаар талууд огт маргаагүй ба уг шийдвэрт нийцүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг хэрхэн олгох тухай процессын маргаан үүссэн юм.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзахдаа хариуцагчийн 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 02/918 дугаартай албан бичгээр өгсөн хариуг яагаад захиргааны акт биш, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэж буй үндэслэлээ тайлбарласангүй.

Уг албан бичиг нь манай байгууллагад хаяглагдсан бөгөөд бидний нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг авах хүсэлтэд татгалзсан агуулгатай байгаагаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан байдаг. Мөн уг албан бичгээр хариуцагч нь манай байгууллагын илүү төлсөн татварыг буцаан авах хүсэлтэд хуульд байхгүй үндэслэл зааж татгалзсан байдаг тул уг албан бичиг нь хууль бус бөгөөд үүний улмаас бид илүү төлсөн татвараа буцаан авч чадахгүй хохирч байгааг шүүх анхаарсангүй.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны  260018013 дугаартай актаар манай байгууллагын Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг хянан шалгаж, тус татварын хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1859 тоот албан бичгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасны дагуу Татварын ерөнхий газарт баталгаажуулахаар хүргүүлсэн байдаг.

Улмаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын улсын байцаагч нараас Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т "татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ" гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-т "...15.1.2-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж..." гэж заасны дагуу хянаж, татварын улсын байцаагч нарын 2020 оны НӨ-21200000002 тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн, уг нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2021 оны 15 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Маргаан таслах зөвлөл нэгэнт шийдсэн тохиолдолд Том татвар төлөгчийн газар нь манай байгууллагын татварын илүү төлөлтийг дахин шалгах эрх зүйн үндэслэл байхгүй, харин Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д "Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон буюу өөрчилсний улмаас бүрэн буюу хэсэгчлэн буцаан олгох татвар, торгууль, алдангийг татварын буцаан олголтын актаар баталгаажуулна" гэж заасны дагуу "буцаан олголтын акт"-ыг үйлдэж Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй байхад хариуцагч нь маргаан бүхий 02/918 дугаартай албан бичгийн агуулга нь "...манай газар хяналт шалгалт зохих журмын дагуу хийх болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариу өгсөн нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах татвар төлөгчийн эрхийг үгүйсгэж, бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулах зэрэг сөрөг үр дагавар үүсгэж” байна.

Мөн хянах хугацаа аль хэдий өнгөрч, үүнээс хойш нэг жил гаруй хугацаа болжээ. Захиргааны байгууллага ингэж ажлаа хийж байхад анхан шатны шүүх өмөөрч хаацайлсан шийдвэр гаргажээ.

Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар "татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй”, 76 дугаар зүйлийн 76.1.3-т зааснаар "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох ёстой атал хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нь дээрх албан бичгээр хуульд байхгүй үйл ажиллагаа буюу "дахин хяналт шалгалт хийх"-ээр мэдэгдэж байгаа нь бидний хүсэлт шийдвэрлэгдэхгүй байх, улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын маргаан дахин дахин үүсэж дуусахгүй байх сөрөг үр дагаврыг үүсгэж байна.

Хоёр. Улсын байцаагчийн актыг саналын шинжтэй баримт бичиг хэмээн буруу дүгнэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрт "эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэрийнхээ 8 дахь хэсэгт "Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Баянгол хэсэгт дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 260018013 тоот акт нь дээрх хуульд заасан саналын шинжтэй баримт бичиг бөгөөд үүнийг хариуцагч Том татвар төлөгчийн газраас заавал биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хуулиар үүсээгүй байхад хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй" гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй, хууль бус үндэслэл болжээ.

Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.А, Ц.Б нарын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан" 26008013 тоот акт нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д "нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан, баталгаажуулсан баримт бичгийг" гэсний дагуу заавал биелэгдэх шинжтэй улсын байцаагчийн хянан баталгаажуулсан акт юм.

Аймаг нийслэл дүүргийн улсын байцаагчийн актыг хариуцагч тал саналын шинжтэй албан бичиг гэж шүүх хуралдаанд тайлбарласныг манай тал няцааж дүүргийн улсын байцаагчийн акт нь заавал биелэгдэх шинжгүй, санал байдаг юм бол бусад тохиолдлуудын актууд юу болох вэ, хэрэв шүүх ингэж шийдвэрлэвэл хуульд нийцэхгүй буруу жишиг тогтох эрсдэлийг хэлсэн.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.26-д "татварын акт" гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, татварын буцаан олголтын актыг" мөн хуулийн 6.1.27-д "татварын буцаан олголтын акт" гэж татварын албаны үндэслэлгүйгээр илүү хураасан мөнгөн дүнд алданги тооцож олгоход үйлдэх баримт бичгийг" тус тус ойлгохоор хуульд тодорхой зохицуулсан байна.

Хуульд саналын шинжтэй баримт бичиг гэсэн ямар нэг зохицуулалт, ойлголт огт тусгагдаагүй. Аливаа улсын байцаагчийн акт нь хууль зүйн үр дагавар бүхий заавал дагаж мөрдөх шинжтэй баримт бичиг болно. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэсэн байдаг.

Бид нэхэмжлэлийн үндэслэлдээ Том татвар төлөгчийн газарт 2022 оны 2 дугаар сарын 15 болон 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр удаа дараа хүсэлт гаргасан талаараа дурдсан, мөн Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д дурдсанаар хариуцагч нь хүсэлтийг ажлын 7 өдрийн дотор хянаж баталгаажуулалтын акт үйлдэж, 2 хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлэх хуулийн зохицуулалт байсаар байхад шууд "хуулийн үүрэг үүсээгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтууд болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15,4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" гэж ямар нэгэн хоёрдмол утгагүйгээр, эрх олгосон агуулгагүйгээр үүрэг болгож тодорхой заасан тул хариуцагч захиргааны байгууллага нь илүү төлөлтийг баталгаажуулж холбогдох саналыг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй юм.

Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтыг "...харьяалах татварын байцаагчийн саналыг үндэслэн Татварын ерөнхий газрын улсын байцаагчийн актаар эцэслэн баталгаажихаар байна" гэж Том татварын төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн хязгааргүй эрх мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь шүүхийн тайлбарласан Том татвар төлөгчийн газрын татварын байцаагчийн эрх хэмжээ хэрэгжээд дууссан, уг эрхийн хүрээнд гарсан нөхөн ногдуулалтын актыг маргаан таслах зөвлөл хүчингүй болгож шийдвэрлэснийг анхаараагүйгээс Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн "нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах" үйл ажиллагаа дахин дахин явагдах, татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулж өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

Зүй нь Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх заалтын дагуу хариуцагч нь баталгаажуулалтын актыг шууд олгох үүрэгтэй юм.

Гурав. Татварын Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг харгалзаагүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т "Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд зааснаар Баянгол дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн санал нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын актаар буцаан олгох татварын хэмжээ нь эцсийн байдлаар тодорхойлогдон баталгаажаагүй, харин ч эсрэгээрээ татвар төлөх ёстой гэсэн акт гарсан нь тодорхой байхад нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчиж буцаан олгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй" гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, утга нь ойлгомжгүй байна.

Уг хэсэгт "...эсрэгээрээ татвар төлөх ёстой гэсэн акт гарсан нь тодорхой байхад, нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн байхад" гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй байна. Бид буцаан олголт аваагүй тул нэхэмжлэл гаргасан, мөн манай байгууллагад нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-21200000002 тоот актыг Татварын маргаан таслах зөвлөлийн 15 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад шүүх бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, хуулийн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.

2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-21200000002 дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нийцэхгүй, бусад татварын улсын байцаагчдын шийдвэр, акттай зөрчилдсөн, өмнөх татварын байцаагчдын актыг хүчингүйд тооцоогүй байдаг.

Бид шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ энэхүү 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НӨ-21200000002 тоот актыг Татварын Маргаан таслах зөвлөлийн 15 дугаартай тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т "Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна" гэсний дагуу хүчингүй болгосон, мөн энэхүү шийдвэрийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.18-т "Маргаан таслах зөвлөлийн гаргасан шийдвэрийг зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчилнө" гэсэн боловч уг шийдвэр өнөө хүртэл хүчинтэй байгаа тул нөхөн ногдуулалтын акт нь хүчингүй болж Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Ариунцэцэг, Ц.Бундхорол нарын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан" 26008013 тоот актын хэрэгжилтийг хангуулах талаар хариуцагч хуульд заасан үйлдлээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй үзүүлж байгаа талаар мэтгэлцсэнийг шүүх мөн харгалзан үзэж шийдвэртээ дүгнэлт хийгээгүй байна.

Мөн шийдвэрийн дээрх хэсэгт “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, буцаан олгуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй гэсэн" Татварын Маргаан таслах зөвлөлийн 15 дугаартай тогтоолыг шүүх илтэд үгүйсгэж Татварын ерөнхий хуулийн 46, 47 дугаар зүйлийг огт хайхарсангүй.

Шүүхийн шийдвэрийн 11 дэх хэсэгт "...Маргаан таслах зөвлөлийн тогтоол гарснаар ...тайлангийн үлдэгдэл баталгаажуулах, буцаан олгохтой холбоотой үйл ажиллагаа дуусгавар болсон" гэсэн нь үндэслэлгүй. Учир нь:

а/ Татварын эрх зүйн харилцаа нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойших татвараа тодорхойлох, тайлагнах, тушаах, татварын хяналт шалгалт хийх, татварыг хураах, илүү төлсөн татварыг буцаан олгох, суутгах тооцуулах зэрэг маш олон үйл ажиллагаанаас бүрддэг бөгөөд манай байгууллага нь 2012-оос 2019 онуудын татварын тайлангаа тухай бүр гаргаж, татварын албанд хүргүүлсэн төдийгүй тухайн онуудын тайлангаар ...төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтын тайлан гаргаж харьяалах татварын албанд тушаасан, энэхүү тайлангуудад өөрчлөлт ороогүй.

б/ Мөн манай байгууллага тайлангаар тодорхойлсон нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтаа авахаар хүсэлт, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаж байна.

 в/ Маргаан таслах зөвлөлийн 15 дугаартай тогтоолоор манай байгууллагад ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн асуудлыг шийдвэрлэсэн болохоос бус буцаан олголтын асуудлыг шийдвэрлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Хэрэв шүүх "...нэмэгдсэн өртгийн тайлангийн үлдэгдэл баталгаажуулах, буцаан олгохтой холбоотой үйл ажиллагаа дуусгавар болсон" гэж үзэж байгаа бол Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д "Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ", мөн хуулийн 29.1.3-т "суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах" гэж заасны дагуу манай байгууллагын гаргасан тайлан хэрхэх, тайлангаар илүү гарсан татварыг буцаан авах бидний эрх /Татварын ерөнхий хуулийн 12.1.4/ хэрхэн үгүйсгэгдэх тухайд дүгнэлт хийх ёстой байтал хийсэнгүй ба шүүх хуулийн үндэслэлгүй, дур зоргын шинжтэй шийдвэр гаргажээ.

 Дөрөв. Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн заалтыг шүүгч дүгнээгүй тухайд:

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хэрэгжихээр дагаж мөрдөх журмын тухай хуульд орсон. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл "2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ" гэж заасан.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын дагаж мөрдөх журмын хуулийн 4 дүгээр зүйлд "2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан.

Шинэчилсэн найруулга нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөөд үүнээс хойш манай байгууллагын эрх зүйн байдлыг дордуулахаар байсан учраас энэ хуулийн заалтыг барьж, Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн 15 дугаар тогтоолыг гаргасан.

Энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хяналт шалгалтын хугацаа 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр эхэлсэн учраас энэ өмнөх хуулиар бидний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хяналт шалгалт хийх ёстой. Хуулийн энэхүү журам Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар баталсан журмын хэрэглээнд ч нэгэн адил хамаарна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Татварын газраас бидэнд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой байдал бидэнд эс үйлдэхүй үзүүлээд ашиг сонирхлыг зөрчөөд 30 хоногийн дотор ямар ч хариу өгдөггүй эс үйлдэхүйг гаргаж байна.

2022 оны 2 дугаар сарын 15, 5 дугаар сар, сүүлд 7 дугаар сарын 6-ны өдрийн хариу ирүүлээд байгаа нь 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т зааснаар шуурхай, тасралтгүй байх зарчмыг мөн зөрчөөд байгаа юм. Ийм байдлаар манай гомдол хүсэлт шийдэгдэхгүй 3 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас татвар төлөгч манай компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөөр байна.

Иймээс өмнө дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 128/ШШ2022/0925 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

   1.Баянгол дүүргийн татварын хэлтсээс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэн нэхэмжлэгчийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнг 1.021.321.449,2 төгрөг байхаар өөрчлөн баталгаажуулсан тус дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 260018013 тоот актыг хүчингүй болгосон эсэхээс үл хамааран “Д с т” ХХК-ийн явуулсан үйл ажиллагааг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-д хамаарахгүй, иймд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна” гэсэн зохицуулалт хэрэглэгдэхгүй болохыг Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эцэслэн дүгнэсэн байна.

   Тухайлбал нэхэмжлэгчээс “…Монгол Улсын Засгийн газартай 1993 онд байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Дорнод аймгийн Матад, Хал гол сумын нутагт газрын тосны үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын “Д О Ф л”, “Д и”, “Д о”, “Д г д” компаниуд ба Монгол Улсын хуулийн этгээд “П д т” ХХК-тай 2012-2018 онд “Ажиллах боловсон хүчнээр хангаж хамтран ажиллах гэрээ” байгуулан ажилласан, гэрээний үндсэн захиалагч, төлбөр төлөгч нь Монгол Улсад оршин суугч бус дээрх БНХАУ-ын компаниуд бөгөөд “П д т” ХХК-ийн хувьд гэрээний гүйцэтгэлд хяналт тавих туслах үүргийг гүйцэтгэж байсан, иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ” гэдэгт хамаарах тул “0” хувиар татвар ногдуулах ёстой…” гэсэн үндэслэлээр дээрх баталгаажуулалтын саналын дагуу Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас нэхэмжлэгчийн 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НӨ-21200000002 тоот актаар 1.440.539.525,15 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч маргажээ.

   2.Хэдийгээр Маргаан таслах зөвлөлийн дээрх тогтоолоор төлбөр ногдуулсан актыг хүчингүй болгосон боловч татварын улсын байцаагчдын “Д с т” ХХК-ийн “Ажиллах боловсон хүчнээр хангаж хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хүлээн авсан 2016 оны 1.803.915.402,4 төгрөгийн, 2017 оны 337.384.145,95 төгрөгийн, нийт 2.141.299.548,35 төгрөгийн үйлчилгээний орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан “экспортын орлого” биш, харин 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан Монгол Улсын хилийн дотор хийгдсэн ажил, үйлчилгээ гэж үзэн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу 10 хувиар албан татвар ногдоно гэж үзсэнийг зөв, учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувь хэрэглэх үйлчилгээний үндсэн шалгуур, нөхцөл нь тухайн үйлчилгээг “экспортод гаргасан” байхаар хуульчилсан тул “Д с т” ХХК-ийн аливаа бараа, үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулагдсан, хийж гүйцэтгэсэн тохиолдолд тэдгээрийг “экспортод гаргасан” гэж үзэж үзэж “0” хувь хэрэглэгдэхгүй гэж дүгнэсэн.

   Харин “…гагцхүү энэ тохиолдолд Татварын ерөнхий газраас Баянгол дүүргийн татварын хэлтэст 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 02/615 тоот болон Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/3230 албан бичгээр өгсөн хариу, мөн дүүргийн татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгчийн төсвөөс буцаан авах үлдэгдлийг  1.021.321.449,2 төгрөгөөр баталгаажуулсан байдал, ингэхдээ маргааны үйл баримтад холбогдох үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварын тэг хувь хэрэглэж илүү төлөлтийг баталгаажуулсан, үүний улмаас татвар төлөгч тухайн үйлчилгээнд татварын тэг хувь хэрэглэж тооцсон зэргээр захиргааны байгууллага нь удаа дараагийн үйл ажиллагаагаар гомдол гаргагчид итгэл үүсгэсэн, татварын албаны буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн…” гэсэн үндэслэлээр татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэх зарчмыг баримтлан нөхөн ногдуулалтыг актыг хүчингүй болгосон байдаг. 

   3.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн буцаан олгуулахыг хүссэн илүү төлөлтийг баталгаажуулсан акт хууль зүйн хувьд үндэслэлгүй, тухайлбал нэхэмжлэгчийн БНХАУ-ын компаниудад үзүүлсэн ажил, үйлчилгээнд экспортын “0” хувь хэрэглэгдэхгүй болох талаар дүгнэсэн энэ тохиолдолд нөхөн ногдуулалтын актыг Маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгосон, ингэснээрээ илүү төлөлтийг баталгаажуулсан акт хүчин төгөлдөр байгаа гэх хэлбэрийн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд гарчээ.

   4.Түүнчлэн нэхэмжлэгчээс 2012-2018 онд “Ажиллах боловсон хүчнээр хангаж, хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллах хугацаандаа 2016 оны 1 дүгээр сар хүртэл уг гэрээний дагуу хүлээн авсан үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан тайлагнаж төсөвт төлж байснаа мөн оны 2 дугаар сараас эхлэн үйлчилгээний орлогыг “экспортын орлого”-д хамруулан нэмэгдсэн өртгийн албан татварын “0” хувиар албан татвар ногдуулж, тайлагнасан болох нь татварын бүртгэл, мэдээллийн системээр нотлогдсон талаар Маргаан таслах зөвлөлийн тогтоолд дүгнэсэн, үүнийг ч нэхэмжлэгчээс үгүйсгээгүй, иймд эрх зүйн орчин өөрчлөгдөөгүй, тухайн харилцааг зохицуулсан хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад 10 хувийн татвар ногдох үйлчилгээний орлогод 2016 оны 2 дугаар сараас эхлэн “0” хувиар татвар ногдуулж тайлагнаснаас шалтгаалан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт үүссэн мэт нөхцөлийг үүсгэсэн байна.

   5.Маргаан таслах зөвлөлийн тогтоолд энэхүү зөрчилд нэхэмжлэгчээс илүү татварын байгууллагыг буруутгаж, улсын байцаагчийн 2020 оны 21200000002 тоот актыг хүчингүй болгосон нь хуулийн дагуу тайлагнан төлөх байсан 1.440.539.525,15 төгрөгийн албан татварыг нөхөн төлөх үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлснөөс бус үндэслэлгүйгээр баталгаажуулсан илүү төлөлтийг буцаах авах эрхийг үүсгэхгүй.

   Учир нь Нэмэгдсэн өртийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээ” эсхүл 12.1.4-т заасан “Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ”-ний аль алинд нэхэмжлэгчийн үйлчилгээ хамаарахгүй.

   Иймд шийдвэрийн үндэслэл хэсгийн 8-д “Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Баянгол дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 260018013 тоот акт нь дээрх хуульд заасан саналын шинжтэй баримт бичиг бөгөөд үүнийг хариуцагч Том татвар төлөгчийн газраас заавал биелүүлж хэрэгжүүлэх үүрэг хуулиар үүсээгүй байхад хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

   6.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Албан татварыг буцаан авах” харилцааг зохицуулахдаа хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нь харьяалах татварын албанаас хянан шалгаж, баталгаажуулсан албан татварыг буцаан олгуулахаар ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш түүнийг дахин хянаж баталгаажуулан улмаар албан татвар буцаан олгох саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр заасан.

   Татварын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг шүүхийн шийдвэрт “саналын шинжтэй” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалттай уялдаатай байгаагаас гадна уг актыг заавал биелэгдэх үр дагавартай гэж үзэхгүй. Татварын ерөнхий газрын “саналыг хянаж баталгаажуулах” гэдэгт эрх, үүргийн аль аль нь хамаарна.

   7.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/918 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг хүссэн хүсэлтийн хариу буюу бие даасан захиргааны акт биш, энэхүү албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актад хамаарахгүй талаар шийдвэрт зөв дүгнэжээ.

   Шүүх хуралдааны тэмдэглэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан шийдвэр гаргасан болох нь тусгагдсан, иймд хуулийн эдгээр зүйл, заалт нь 2022 оны 02/918 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагад хамаарах тул “…шүүхэд хэлэлцэгдэх явцад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байна гэж огт хэлээгүй…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Т.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

                 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БААТАРХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН