Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2023/0062

 

“Т Б Э э з” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрчим хүчний зохицуулах хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                                                 Г.Банзрагч                           

                                                                    М.Батсуурь

                                                                    Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                     Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Э.Бадамдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0015 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2023/0411 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 305 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, А.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Х.Н нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Т Б Э э з” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “... Хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ***, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, “Т Б Э э з” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих 20/**** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгахшаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар тогтоолоор “Т Б Э э з” ХХК-д Эрчим хүчний барилга байгууламж (Салхин цахилгаан станц-50 МВт) барих тусгай зөвшөөрлийг 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг уг тогтоолын хавсралтаар баталжээ.

2.1.Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаар тогтоолоор “Т Б Э э з” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Хангалтгүй” гэж дүгнэжээ.

2.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолоор “Т Б Э э з” ХХК-д олгосон 20/**** дугаартай эрчим хүчний барилга байгууламж (50МВт-ын хүчин чадалтай салхины эх үүсгүүр) барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэжээ.

2.3.Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолоор “Т Б Э э з” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж (****** аймгийн ******* суманд 50 МВт-ын хүчин чадалтай салхины эх үүсгүүр) барих 20/**** дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

3.Нэхэмжлэгч компаниас “... эрчим хүчний барилга байгууламж барих төслийг 4 үе шат дамжин хэрэгждэгээс манай компани 3 шатны ажлыг амжилттай гүйцэтгэсэн, бидний үйл ажиллагаанаас хамаарахгүй төрийн байгууллагын үйл ажиллагааны удаашрал зэргээс хамаарч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барилгын угсралтын ажил дуусаагүй, барилга угсралтын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулах хугацаа хойшлоход нөлөөлсөн нөхцөл байдлуудаас зөвхөн Эрчим хүчний тухай хуулийн 28.2.1-д заасны дагуу барилгын зөвшөөрөл авах хүсэлтэд техникийн нөхцөлийг хавсаргахаар заасан, техникийн нөхцөлийг сунгуулах хүсэлтийг 2018 онд гаргасан боловч Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн техникийн нөхцөл сунгах асуудлыг түр түдгэлзүүлсэн талаар шийдвэр хэлсэн, мөн 2019 онд дахин сунгуулах хүсэлт гаргахад Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 08 дугаар тэмдэглэлийг үндэслэн ижил хариу өгсөн, энэ нь зөвхөн манай компанид хамааралтай бус, бүх сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчидтэй холбоотой бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн, дээрх шийдвэрүүдийн дагуу аргагүйн эрхэнд 1 жил гаруй хугацаанд түр зогсолт хийж, үйл ажиллагаа явуулж чадаагүй байхад Эрчим хүчний хорооноос манайхыг буруутган, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, хууль бусаар хүчингүй болгосон, хариуцагчаас шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нарийвчлан судлаагүйн зэрэгцээ санал, мэдээлэл аваагүй, тайлбар танилцуулга хийх боломж олгоогүй, хуралд оролцуулалгүйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хууль ёсны ашгийг зөрчиж, хууль бус шийдвэрүүдийг ар араас нь гаргасан, энэ нь нэхэмжлэгч компанийг дампууруулахад хүргэж байна, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг Тусгай зөвшөөрлийн аж ахуйн харилцааны дүрэмд заасан аргачлалын дагуу бүрэн гүйцэт үнэлж дүгнээгүй, хийгдсэн ажиллагааг бодитой бус үнэлсэн, ...” гэж;

3.1.Хариуцагчаас “... шийдвэрүүдийг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангаж шийдвэр гаргах тухайгаа албан бичгээр тогтмол мэдэгдэж байсан, нэхэмжлэгчээс ямар нэгэн тайлбар өгч байгаагүй, Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6.8.3.4 дэх хэсэг зааснаар гэрээ байгуулсан бол 40% гэдэг оноо ба Засгийн газартай ямар ч гэрээ байгуулаагүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, барилга угсралтын ажлаа эхлүүлээгүй учраас бусад оноог өгөөгүй, нэхэмжлэгчийн техникийн нөхцөлийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дууссан, дууссан техникийн нөхцөлийг үнэлэх боломжгүй, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй, уг ажлаа хийгээгүй учраас энэ үзүүлэлтийг биелээгүй гэж үзсэн, тусгай зөвшөөрөлгүй тул цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй гэж үзэн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ болон Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл авснаас хойш 34 сарын дараа ирүүлсэн тул тус заалтыг 20 хувиар дүгнэсэн, нөхцөл шаардлагын 6 заалтын дунджаар дүгнэсэн, зураг төслөө хийж гүйцэтгэсэн бол ажил эхлүүлэх зөвшөөрөл авах боломжтой байсан, 2018, 2019 оноос хойш Эрчим хүчний яамнаас гарсан бодлогын хувьд энэ хүртэл сэргээгдэх эх үүсвэрийн тусгай зөвшөөрөл маш замбараагүй олгогдсон, сэргээгдэх эрчим хүч өөрөө эрчим хүчний салбарт хүндрэл учруулахаар байна, иймд тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсооё гэдэг байдлаар шийдвэр гарсан, ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 24 дүгээр зүйлийн 24.3.1, Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг тус тус  баримтлан  “Т Б Э э з” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаар, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн **** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, “Т Б Э э з” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих 20/**** дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах шаардлага” бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

6.Нэхэмжлэгч “Т Б Э э з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 305 дугаар тогтоолоор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгахгэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Нэхэмжлэгч “Т Б Э э з” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ээс шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргажээ.

7.1.Хорооноос тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 8-н үзүүлэлтийн 6-г үнэлсэн, 6 үзүүлэлтээс нь 4.4 болон 4.6 дахь хэсгээс бусад 4-н үзүүлэлт нь Эрчим хүчний яамтай холбоотой хийгдэх ажил байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын үзүүлэлтийн 4.1, 4.2, 4.3, 4.5-д заасан зөвшөөрөл, бичиг баримтыг авсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага биелэх боломжтой байсан. Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн компанийн ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон, тус шийдвэрт компанийн нэр байхгүй ч Эрчим хүчний яамнаас манай компанийг хамруулан дээрх бичиг баримтыг олгох ажлыг түр түдгэлзэж, зогсоосон байсныг шүүх хуралдааны гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Үйл ажиллагаа зогсоосон ч ажлын байрны түрээс, цалин хөлс зэрэг зардлуудыг гаргаж, цаг хугацаа, санхүүгийн байдлаар хохирсоор тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд салхин цахилгаан станцыг барих боломжгүй болж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг гаргасан. Тусгай зөвшөөрөл авснаас хойш тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлж, салхин цахилгаан станцын барилга угсралтын ажлыг хийхэд шаардлагатай ... ажлуудыг гүйцэтгэсэн, ажлыг бодит нөхцөл байдалд тулгуурлан бүрэн дүүрэн дүгнээгүй байж, тусгай зөвшөөрлийн эрхгүй болгосон нь хууль бус болжээ.

7.2.Эрчим хүчний барилга байгууламжид Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасны дагуу “Барилгын ажлын зөвшөөрөл авах” хүсэлтэд “Техникийн нөхцөл”-ийг хавсаргахаар заасан, манай компани 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн EJ/**** дугаар албан бичгээр Эрчим хүчний яаманд “Техникийн нөхцөл”-ийг сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийг үндэслэн “Техникийн нөхцөл” сунгах асуудлыг “түр түдгэлзүүлсэн” гэсэн шийдвэр гаргасан байсан, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн EJ/**** дугаар албан бичгээр хүсэлтийг дахин яаманд гаргасан боловч Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 08 дугаар тэмдэглэлийг үндэслэн дээрхтэй ижил хариу өгсөн.

7.3.Нэхэмжлэгчээс үл хамаарах, төрийн байгууллагын шийдвэр, хүнд суртлын улмаас үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлэхэд саад болсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн сүлжээний горимын үйл ажиллагаа, “Д ү т” ХХК-ийн шийдвэрийн улмаас 2023 он хүртэл түр хүлээлтийн байдал байгаа тус төвийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/***, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/*** дугаар албан бичгүүдээр нотлогдоно. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхад нэхэмжлэгчийг буруутгасан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. Үүний улмаас зураг төсөл, барилга угсралттай холбоотой, батлагдсаны дараагаар хийгдсэн ажлуудад нөлөөлсөн зэрэг тусгай зөвшөөрөл олгогдсон 4 жилийн  хугацаанд өөрөөс хамааралгүй шалтгаан, саад үүссэн байгааг шүүхүүд анхаарсангүй.

7.4.Монгол Улсын хууль тогтоомжид нөхцөл шаардлага зохих ёсоор хэрэгжүүлсэн байдал, хэвийн үйл ажиллагаа явуулах боломж гэсэн 2 нөхцөлийг харгалзан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл зөвхөн маргаан бүхий 2019 оны *** дугаар тогтоолыг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэснийг Хорооны 2020 оны **** дугаар тогтоолыг зөвтгөж, Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн. Хорооны 2019 оны **** дугаар тогтоол нь хууль зөрчсөн төдийгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүндэтгэн үзэх нөхцөл тохиолдсон байхад нөхцөл шаардлагыг буруу үнэлж, дүгнэлт гаргасан.

7.5.Хорооноос тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** дугаар тогтоол гарах үед дэлхий нийтээр Корона вируст халдвар дархач, Монгол Улсын хил 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хаагдаж, ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын Hydrochino Corporation-аас энэ байдлыг харгалзан гэрээний хугацааг сунгах хүсэлт ирүүлснийг, давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг удаа дараа хүссэн боловч шийдвэр гаргах ажиллагаанд энэ талаар огт дурдаагүй нь тус тогтоол гаргах хуралдааны тэмдэглэлээр нотлогддог.

7.6.Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг боломжит хэмжээнд биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүрэн боломжтой болох нь “Хөрөнгө оруулалтын гэрээ” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг баталгаажуулсан “банкны баталгаа” зэргээр бүрэн тогтоогдоно. Дээрх байдлаар уг хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах нөхцөлийг хангасан байхад хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэж, сунгахаас татгалзсан нь хууль бус болсон.

8ариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Эрчим хүчний зохицуулах хорооны (цаашид “Хороо” гэх) 2015 оны *** дугаар тогтоолоор “Т Б Э э з” ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай Эрчим хүчний барилга байгууламж (50 МВт-ын салхин цахилгаан станц) барих тусгай зөвшөөрөл олгож, 20/**** дугаар гэрчилгээг олгон, тусгай зөвшөөрлийн 8 нөхцөл, шаардлагыг баталжээ.

11.Ийнхүү “Т Б Э э з” ХХК нь 2015 оноос буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш цахилгаан үйлдвэрлэх тарифыг Хороогоор батлуулах, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар батлуулах, шинэчилсэн Техник эдийн засгийн үнэлгээний дагуу салхин сэнсний газрын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтад дахин оролцож **** га газрын эзэмших эрхийн гэрчилгээ авах, Төвийн бүсийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллагааны үеийн горимын тооцоог Эрдэм шинжилгээ судалгааны эрчим төвөөр хийлгэн дүгнэлт гаргуулах, “Д ү т” ХХК-ийн зөвшөөрлийг авах, БНХАУ-ын Hydrochino Corporation-тэй “Зураг төсөл ханган нийлүүлэлт, барилга угсралтын гэрээ”-г байгуулах, Эрчим хүчний яамнаас эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох Техникийн нөхцөлийг жилийн хугацаатай авах, Эрчим хүчний яамнаас олгосон эрхийн дагуу “Д ү т” ХХК-тай ***** дугаартай Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ (PPA), хөрөнгө оруулалтын сан TBF International Group Inc-тай Хөрөнгө оруулалтын гэрээ, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг эрчим хүний барилга байгууламж барихад шаардлагатай ажлуудыг хийж, гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

12.Түүнчлэн тус компаниас 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн EJ/**** дүгээр албан бичгээр Эрчим хүчний яаманд “Техникийн нөхцөл сунгуулах” хүсэлтийг гаргахад, Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлийн 1ё, 1в-г үндэслэн ... Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдах хүртэл хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих нар, салхины эх үүсвэрийн ТЭЗҮ-ийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй байхыг, шинээр нар, салхины эх үүсвэрийг барих тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсоохыг үүрэг болгосны дагуу техникийн нөхцөл сунгах асуудлыг ч түр түдгэлзүүлсэн гэх шийдвэр танилцуулагдсан, уг сайдын зөвлөлийн шийдвэрийн улмаас техникийн нөхцөлийг сунгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагчаас нотлох баримтаар үгүйсгээгүй байна.

13.Хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн **** дугаар тогтоолоор “Т Б Э э з” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар “хангалтгүй” гэж дүгнэсэн; Хорооны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар тогтоолоор тус компанид олгосон 20/**** дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангалтгүй биелүүлсэн, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжгүй гэж үзэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн; мөн Хорооны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 526 дугаар тогтоолоор эрчим хүчний барилга байгууламж (**** аймгийн **** суманд 50 МВт-ын хүчин чадалтай салхины эх үүсгүүр) барих 20/2015 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор тус компаниас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг үе шаттайгаар гүйцэтгэж байсан, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаануудаар эрчим хүчний барилга байгууламж барих, үйлдвэрлэх ажиллагаа удааширсан учир хугацаандаа амжаагүй, хийгдсэн ажлууд болон хөрөнгө оруулалтаар хохирсон нөхцөл байдлыг харгалзалгүйгээр бодитой бус шийдвэрүүд гаргасан” гэж маргажээ.

Хууль хэрэглээний хувьд:

14.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж; 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна ...”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана” хэмээн тус тус заажээ.

15.Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг тогтоосон үзүүлэлтийн дагуу жил бүр дүгнэсэн тайланг голлох үзүүлэлт болгон “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн эсэх, техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэх”-ийг хурлаараа хэлэлцэж, тогтоол гарган шийдвэрлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх, түүний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх нь Эрчим хүчний зохицуулах хорооны бүрэн эрх буюу түүнд хуулиар олгогдсон сонгох боломж нь боловч энэ хэргийн тохиолдолд хариуцагч сонгох боломжийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

16.Учир нь хариуцагчаас тусгай зөвшөөрөл эзэмшигч “Т Б Э э з” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэхдээ бодитой дүгнээгүй буюу хариуцагчийн дээд шатны байгууллага болох Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэлээс үзэхэд ... Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдах хүртэл шинээр нар, салхины эх үүсвэрийг барих тусгай зөвшөөрөл олгохыг түр зогсоохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрлэлтэд тусгай зөвшөөрөл олгосон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэх талаар нарийвчлан тусгаагүй байхад нэхэмжлэгч компанийн барьж байгуулах станцыг эрчим хүчний нэгдсэн системд холбох техникийн нөхцөл сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй, хугацааг сунгаагүйн улмаас эрчим хүчний станц барих үйл ажиллагаа зогсонги байдалд хүрч, энэ нь тус тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд сөргөөр нөлөөлсөн, гэтэл Хорооноос ажлын хэсэг байгуулж компанийн үйл ажиллагааг дүгнэхдээ дээрх өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдал үүссэнийг харгалзалгүйгээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн биелэлтийг “хангалтгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

17.Тодруулбал, нэхэмжлэгч компани нь 2015 онд тусгай зөвшөөрөл авснаас хойш өөрсдөөс шалтгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн (Хянавал хэсгийн 11) нь баримтаар нотлогдсон, хариуцагч байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагууд эрчим хүчний цахилгаан станцын барилга байгууламж барих үйл ажиллагааг дэмжин, харилцан гэрээнүүдийг байгуулсан, мөн Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2018 оны 03 дугаар тэмдэглэлээр “эрчим хүчний барилга байгууламж барих, үйлдвэрлэх”-тэй холбоотой асуудлыг түр түдгэлзүүлснээр тус компанийн техникийн нөхцөлийг сунгаагүй, уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийн хэрэгжилт удааширч, үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл үүссэн, энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаан буюу төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах хугацаа удааширсан (нөхцөл байдал байсан) болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

18.Хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигч цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой эсэхийг дүгнэж хянах шатандаа тус тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэхэд шууд нөлөөлөх нөхцөл байдлыг дутуу үнэлж, бодитой хийгдсэн ажлуудыг “хангалтгүй” гэж дүгнэснээр нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.

19.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхад нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй, энэ нь зураг төсөл, барилга угсралттай холбоотой, батлагдсаны дараагаар хийгдсэн ажлуудад нөлөөлсөн зэрэг тусгай зөвшөөрөл олгогдсон 4 жилийн  хугацаанд өөрөөс хамааралгүй шалтгаан, саад үүссэн байгааг шүүхүүд анхаарсангүй” гэх агуулгатай хяналтын гомдол үндэслэлтэй тул Хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ****, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

20.Харин нэхэмжлэлийн шаардлагын “Т Б Э э з” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих 20/*** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Хороонд шууд даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй. Учир нь Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.”, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”, 9.2-т “Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунганагэж тус тус заасан.

21.Иймээс хариуцагч энэхүү шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлтүүдийг анхаарч, дахин үнэлгээ хийх, улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй тул шүүхээс хугацаа сунгахыг шууд даалган шийдвэрлэх боломжгүй учир нэхэмжлэгчийн “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

22.Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2023/0015 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2023/0411 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т Б Э э з” ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ***, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх “Т Б Э э з” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих 20/**** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                          М.БАТСУУРЬ

                                                                                Ц.ЦОГТ

                                                                                          Х.БАТСҮРЭН