Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 259

 

Ч.Энхтөрд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гансүлд,

ялтан Ч.Энхтөр /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Энхтөр, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ч.Энхтөрд холбогдох 201626012606 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Чойжилсүрэнгийн Энхтөр, 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Техникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 27 дугаар гудамжны 17 тоотод оршин суух,

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            2. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 1 сарын хорих ялаар тогтоож, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар нийт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сар хорих ялаар тогтоосон.

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 275 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 7 сар 1 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан. /регистрийн дугаар: ФЖ91042731/,

           

            Ч.Энхтөр нь ялтай байхдаа, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны буудлын орчим иргэн Б.Ганболдыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ч.Энхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Боржигин овгийн Чойжилсүрэнгийн Энхтөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Чойжилсүрэнгийн Энхтөрийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ч.Энхтөрд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ч.Энхтөрийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч Б.Ганболд нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,

Ч.Энхтөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ч.Энхтөр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие танхайрах гэмт хэрэг үйлдээгүй. Ганболдыг гар утсаа ломбарданд тавьж пиво авч өгсөнгүй гэж үл ялих зүйлээр шалтаглан түүнийг цохиж гэмтээгээгүй. Мөрдөн байцаалтын шатанд Ганболдын өгсөн “...Бид хоёр маргаж байгаад Ч.Энхтөр намайг цохиж авсан, ...дахин маргаж байгаад харилцан өшиглөлцсөн” гэх мэдүүлэг нь бидний хооронд маргаан болсон гэдгийг харуулдаг. Гар утсаа ломбарданд тавьж архи авч өгсөнгүй гэж түүнийг зодсон байх боломжгүй. Учир нь Ганболд гар утсаа барьцаанд тавьж архи авах асуудал Амартөр тэр хоёрын хооронд болоход би байгаагүй. Тухайн үед маргаан юунаас болсон талаар Батзаяа нотлоно. Мөрдөн байцаагч Батсайхан нь хэт яллах талыг барьж гэмт хэргийн сэдэлтийг олж тогтоогоогүйгээс болж миний эрх зүйн байдлыг онц ноцтойгоор зөрчиж, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж хүнд хэрэгт намайг яллагдахад хүргэсэн. Болсон явдлын тухайд бид “Азука” гэх ломбард руу явж байтал урд Батзаяа, Ганболд хоёр муудалцсан. Тэгэхээр нь би очоод Батзаяад “...андаа наадах чинь согтсон, боль” гээд салгаад тэр хоёрыг зодолдуулахгүйн тулд Ганболдыг авч урд нь гараад явж байсан чинь Ганболд намайг байн байн түлхээд “тэр найзыгаа аваад ир, тийм атаман юм уу, харахаас олиггүй амьтан байна” гээд байхаар нь би “чи өөрөө тийм олигтой юм уу, зун сагсан бөмбөгийн шийдэн дээр гар утас эвдчихээд төлж өгнө гээд алга болсон биздээ” гэхэд Ганболд “чи юу хуцаад байгаан” гээд ярьж явж байгаад унахдаа намайг дэгээдээд татаж унагасан. Тэгэхээр нь би маргаанаас болж албаар уначихлаа гэж бодоод “яаж байгаа юм бэ” гээд нүүр рүү нь нэг удаа цохисон. Ганболд намайг зөрүүлээд өшиглөсөн. Маргалдаж байхад Бөхчулуун, Батзаяа, Амартөр нар ирж салгасан. ...бид тав ярилцаад дүүргийн буудал орохоор болсон. Тэнд очоод 2-3 дэлгүүрээр ороод Амартөр “утас авахгүй байна” гэхээр нь би “хэний утас” гэж асуухад “Ганболдын гар утас” гэхээр нь би “яах гээд байгаа юм бэ, наад Ганболд чинь гай болно” гэтэл Ганболд Амартөрд “андаа ийм хачин п.... нартай юундаа нийлдэг юм бэ” гэхээр нь би очоод “хэнийг хэлээд байгаа юм бэ” нэг удаа өшиглөсөн чинь Ганболд зөрүүлээд намайг өшиглөсөн. Тэгээд Амартөрөөс утсаа булааж аваад юу ч хэлэлгүй нэг жижиг автомашинд суугаад яваад өгсөн. Үүнээс өөр зүйл болоогүй юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Ялтан Ч.Энхтөрийн өмгөөлөгч Ц.Дарьжав гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх шийтгэх тогтоолд “хохирогч Б.Ганболдын мэдүүлэг зөрүүгүй, тогтвортой” гээд гэрч Амартөрийн мэдүүлгээс 2 өгүүлбэр авч энэ нь “хохирогчийн мэдүүлэгтэй зөрүүгүй” хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Тухайлбал хохирогч Б.Ганболд:

- Цагдаагийн байгууллагад хандан 2016 оны 10 дугаар сарын 21-нд бичсэн өргөдөлдөө “...Амука үл таних 2 найзтайгаа цуг утсаа тавиад пиво авч өг гэж дарамтлан нэг найз нь хажуугаас цохиж утсаа тавихгүй бол хутгалана гэж сүрдүүлсэн” гэж,

- 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тайлбартаа “...Амука намайг гэрт оруулахгүй хоргоогоод гар утсаа тавиад манай найзуудад ганц юм аваад өгчих гээд тухайн үед Амукагийн найз намайг зодчих гээд Амука руу хэлээд байсан ба би яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Амукагийн найз нь миний уруул руу цохиод авсан гэж,

- 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “...Амукагийн найзын авч ирсэн архийг хувааж уугаад дуусаад байтал Амука намайг гараад ир уулзая гэхээр нь би араас нь хамт гараад уулзахад чи гар утсаа тавьчихаач тэгэх үү, нэмж ууя гээд ...ятгаад байсан ба Мөнхөө ахын гэрээс 2 найз нь гарч ирээд бид дэлгүүр явж байхад нэг найз нь миний уруул руу цохиод авсан ...дахин маргаад өшиглөж авахаар нь зөрүүлээд өшиглөсөн ...дахин маргаж байгаад уруул руу дахин цохисон, миний гар утсыг тавих гээд намайг дургүйцсэн чинь цохисон байх” гэж,

- 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ “...миний хохирогчоор өгсөн байцаалт мэдүүлэг зарим нь үнэн зарим нь худал байсан юм. ...Мөнхөө ах биднийг гэрээсээ гаргасан тул Амукагийн байшинд орж архиа хувааж уугаад дууссан чинь Амука хоёулаа гараад уулзаадах уу гэхээр нь гарч уулзахад Ганболдоо гар утсаа тавиад ганц хоёр юм авчихаач гээд гуйхаар нь за за гээд зөвшөөрөөд буцаж байшин руу ороод эргээд бүгд гараад явсан” гэж,

-2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...намайг найзтай нь юм ярьж байхад шууд цохисон, ...утас авахгүй байна гээд цохисон, ...Ч.Энхтөртэй маргалдаагүй, ...Ч.Энхтөрийг анх удаа тэр өдөр харсан, ...утсаа тавихыг зөвшөөрөөгүй” гэх мэдүүлгүүд нь өөр хоорондоо төдийгүй гэрч Амартөр, Баярсайхан нарын мэдүүлгүүдээс зөрүүтэй байх тул хохирогч Ганболдыг гэрч Амартөр, Баярсайхан нартай нүүрэлдүүлэн байцааж мэдүүлгийн зөрүүг арилган Ч.Энхтөр, Ганболд нар маргалдсан эсэх тийм бол юунаас болж маргасан болох, утас барьцаанд тавих яриа зөвхөн Ганболд, Амартөр хоёрын хооронд болсон уу эвсэл үүнд Ч.Энхтөр оролцож шахаж шаардаж, цохиж зодсон эсэх, утсаа барьцаанд тавихыг Ганболд зөвшөөрсөн эсэх зэргийг тодорхой болгох хэрэгтэй байна. Гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг гаргаагүйгээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан /гэмт хэргийн сэдэлт/ нотолбол зохих асуудал тодорхой болоогүйн улмаас хэргийг танхайрах гэмт хэргийн шинжтэй хэмээн үзэхэд хүрч шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон байх талтайг анхаарах нь зүйтэй. Тухайлбал:

1. Хохирогч Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гар утсыг ломбарданд тавихыг зөвшөөрөөгүй талаар мэдүүлсэн боловч гэрч Амартөрийн “...тухайн үед Ганболд хүний юм уусан юм чинь яаж зүгээр байх вэ найз нь ганц юм утсаа тавиад авчих уу гэж асуухаар нь би яасан ч яахав гэж хэлээд болохгүй бол маргааш 5-10 цаас цуглуулж байгаад авчихъя гэж хэлсэн тэгээд архи авахаар явцгаасан” гэх мэдүүлгээс зөрж байгаа болно. Амартөрийн мэдүүлгээр бол Энхтөр нь Ганболдыг утсаа тавьж архи авч өг хэмээн дарамталж зодсон байж таарахгүй, энэ асуудал зөвхөн Ганболд, Амартөр нарын гадаа ярьж тохирсон асуудал болж байна. Хохирогч Ганболд, гэрч Амартөр нарын эдгээр мэдүүлэг ноцтой зөрүүтэй байх тул тэднийг нүүрэлдүүлэн байцааж мэдүүлгийн зөрүүг гаргах нь Энхтөрд холбогдох хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх, гэмт хэргийн сэдэлтийг тогтооход ач холбогдолтой.

2. Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт Бөхчулуун буюу Улаанаа, Шомбороо хоёр нэг танихгүй залуугийн хамт явж байсан гээд тэр залуу эзэнгүй байшинд архи уухад болон Ганболдын утсыг тавьж архи авахаар явахад хамт явсан талаар дурдагдсан, уг танихгүй залууг Ч.Энхтөрөөс асуухад Батзаяа гэдэг гээд Батзаяа нь Ганболдтой маргалдаад байсан гэж, Ганболдоос асуухад танихгүй залуу хувцасаа тайлаад зодолдох гээд дайраад байсан гэж тус тус хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан байна. Хохирогч Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Ч.Энхтөрийн нөгөө хамт явсан найз нь та хоёр маргалдаад байгаа юм бол нэг сайхан зодолдчих гэж хэлэхээр нь үгүй үгүй би зодоон цохионд дургүй гэж хэлсэн” хэмээн мэдүүлсэн байгаагаас үзвэл Батзаяа нь Ч.Энхтөр, Ганболд нартай ойр байж ярилцан тэдний маргааныг сонссон байх тул Батзаяаг байцааж маргаан юунаас болсон, ямар асуудлаар тэд маргалдсан болохыг тодруулах нь маргаан болсон эсэх талаарх Ганболдын мэдүүлгийн зөрүүг гаргах баримт бүрдэх болно.

3. Гэрч Баярсайхан “...би Ганболдыг танина, танилцаад нэг жил гаруй болж байна. 2016 оны 7 дугаар сарын үед Ганболд, Ч.Энхтөр хоёр сагсны шийдэн дээр тогтож байсан, сүүлрүүгээ хоорондоо маргалдаж байгаад салсан, яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй” гэж мэдүүлсэн нь Ганболдын “...Энхтөрийг огт танихгүй тэр өдөр харсан” гэх мэдүүлэгтэй ноцтой зөрүүтэй байх тул тэднийг нүүрэлдүүлэн байцааж Ч.Энхтөр “...2016 оны зун сагс тоглож байгаад Ганболд намайг мөргөж утас унаж хагарсан ба төлж өгнө гээд алга болсон, дэлгүүрийн гэрэлд хараад би Ганболдыг таньж уг асуудлаа ярьж маргаж цохиж авсан” гэх мэдүүлэг үнэн эсэхийг тогтоох нь гэмт хэргийн сэдэлтийг тодорхойлоход ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх талтайг анхаарч дурдсан нэмэлт ажиллагааг хийлгэх боломж олгон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Б.Ганболдын мэдүүлэг нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт эрс зөрүүтэй гарсан. Сэдэлт санаа зорилго тогтоогдоогүй гэж ярьж байна. Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо ямар нэгэн байдлаар зөрүүгүй. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар тогтвортой мэдүүлдэг. Хэрэг гарах болсон шалтгаан нь гар утас ломбарданд тавьж согтууруулах ундааны зүйл хэрэглэх зорилготой байсан. Явахдаа замдаа Ч.Энхтөр хохирогчийн нүүр рүү “чи ганцхан утастай юм уу” гээд шууд цохьсон. Цаашаа яваад дүүргийн хажууд байх ТҮЦ рүү яваад хөл рүү нь өшиглөөд “чи өнөөдөр гар утсаа ломбарданд тавьж надад архи авч өгчөөд явна шүү” гээд үл ялих зүйлээр хохирогч руу дайрч бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж тохуурхан басамжилж гэнэтийн хэрүүл маргаан үүсгэсэн. Улмаар хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Энхтөрийн гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан хэргийн нөхцөл байдлыг судлахад Ч.Энхтөр нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандал овооны 24 дүгээр гудамжны 28 тоот хашааны урд баригдаж буй барилга дотор Б.Ганболд, Н.Амартөр, Б.Бөхчулуун, Батзаяа нарын хамт архи ууж, улмаар нэмж архи авч уухаар тохиролцож гарч явж байх замдаа автобусны буудлын орчим хохирогч Б.Ганболдтой “Зун сагсны талбай дээр маргалдаж байсан” гэх асуудлаас болж маргалдаж түүний нүүрэн тус газарт цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь “Үүдэн нэг шүдний сулрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Ч.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...авто сургуулийн буудлын тийшээ уруудаад алхсан. Энэ үед Б.Ганболд бид хоёр зэрэгцэж явж байгаад муудалцсан ба урд нь 2016 оны 7 дугаар сарын хавьцаа байхаа сагсны шийдэн дээр тоглож байхдаа муудалцаж байсан. Тэрийг ярьж байгаад хоорондоо муудалцсан юм. Тэгээд Б.Ганболд бид хоёр гараараа мөрөн дээгүүрээ мөрөлдсөн явж байсан чинь Б.Ганболд халтирч унахдаа намайг аваад хамт унасан. Тэгээд би босч ирээд Б.Ганболдын нүүр болон ам хавьцаа нэг удаа цохиод авсан чинь хариуд нь Б.Ганболд намайг нэг удаа өшиглөөд авсан. Улаанаа, Амукаа хоёр ирж салгаад цаашаа яваад дүүргийн буудал дээр очоод байж байтал Б.Ганболд юу ч хэлэлгүй таксинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-42/,

хохирогч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нөгөө архиа хувааж уугаад дууссан ба Амукаа /Н.Амартөр/ энэ үед хоёулаа гараад уулзаадхъя гэж хэлэхээр нь би гараад уулзсан чинь Амукаа “Ганболдоо чи хөгшөөн гар утсаа тавиад ганц хоёр юм авчихаач” гэж надаас гуйгаад байхаар нь зөвшөөрөөд, бид бүгдээрээ гараад явсан чинь Ч.Энхтөр намайг хажуугаас шууд миний уруул руу цохиод авсан ба би энэ үед газар унасан. Босч ирээд “яаж байгаа юм бэ” гээд Ч.Энхтөрд уурласан чинь “Наадах чинь дургүй хүргээд байна шүү дээ” гэж хэлсэн. …“Одоо зүгээр яваарай” гэж Амукаа хэлсэн. …Зогсож байсан чинь Ч.Энхтөр миний хойноос ирээд хоорондоо юм ярьсан. “Чи намайг яасан гэж цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн. Ч.Энхтөрийн хамт явсан найз нь “Та хоёр маргалдаад байгаа юм бол нэг сайхан зодолдчих” гэж хэлэхээр нь “Үгүй үгүй би зодоон цохионд дургүй” гэж хэлсэн…ТҮЦ рүү явж очоод зогсож байсан чинь Ч.Энхтөр намайг өшиглөөд авахаар нь би зөрүүлээд өшиглөсөн. ТҮЦ-нээс гараад Ч.Энхтөр миний хавдсан уруул руу дахиад цохисон. Ч.Энхтөр хажууд ирээд “Чи найздаа ганц пиво авч өгч чадахгүй байна уу, чи өнөөдөр найздаа пиво авч өгөхгүй бол явахгүй шүү, цагдаа дуудах гээд байгаа бол дууд” гэж яриад зогсож байтал зүс мэддэг таньдаг ах ирэхээр нь автомашинд нь орж суугаад тэд нараас зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-13/,

гэрч Н.Амартөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дүүргийн автобусны буудлын дэлгүүр ороод дэлгүүрийн тэнд тамхилаад зогсож байсан чинь Шомбороо /Ч.Энхтөр/, Б.Ганболд хоёр хоорондоо маргаад байсан. Тэгснээ Шомбороо Б.Ганболдыг гуя хэсэг рүү нь өшиглөсөн чинь Б.Ганболд буцаагаад нэг удаа өшиглөсөн ба удалгүй Б.Ганболд таксинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Ганболдын биед үүдэн 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 14542 тоот шинжээчийн дүгнэлт /хх-23/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Харин Ч.Энхтөр нь хамт архи ууж байсан хохирогч Н.Ганболдыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, харилцан цохилцож байсан үйл баримтыг анхан шатны шүүх “үл ялих зүйлээр шалтаглан хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, гэмт хэргийн сэдэлтийг буруу дүгнэж Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч Ч.Энхтөрийг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, харин өмгөөлөгч Ц.Дарьжавын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолд: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Чойжилсүрэнгийн Энхтөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигин овгийн Чойжилсүрэнгийн Энхтөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигин овогт Чойжилсүрэнгийн Энхтөрийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чойжилсүрэнгийн Энхтөрийг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Чойжилсүрэнгийн Энхтөрийг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхтөрд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхтөрд оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                Ц.ОЧ