Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Ц.Гансүлд,

хохирогч Б.Ганболд,

шүүгдэгч Ч.Энхтөр,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 2-260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Чойжилсүрэнгийн Энхтөрд холбогдох эрүүгийн 2016 2601 2606  дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ны  өдөр хүлээн авч, тус шүүхийн танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигин овгийн Чойжилсүрэнгийн Энхтөр Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Хялгант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Техникийн инженер мэргэжилтэй, “Ханада” ХХК-ийн хэвлэх үйлдвэрт тасдагчаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 0-4 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 27 дугаар гудамжны 17 тоотод оршин суудаг бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их булгийн 1 дүгээр гудамжны 04 тоотод оршин суудаг гэх, ФЖ91042731 регистрийн дугаартай,

-урьд ял шийтгэл:

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

2. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 55 1  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан, түүний эдлээгүй үлдсэн 07 сар, 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ч.Энхтөр нь ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн автобусны буудлын орчим иргэн Б.Ганболдыг үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бөхчулуун бид хоёр РС тоглоомын газар тоглож байтал орой нь Амартөр утсаар яриад “ганц юм аваад хүрээд ир” гэж ярьсан. Тэгээд Бөхчулуун бид хоёр 0.75 гр “хараа” нэртэй архи авсан. Замдаа Батзаяагийн гэрт очиход Сонинбаяр хамт байсан. Ингээд Батзаяа, Сонинбаяр, Бөхчулуун нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутагт байдаг Амартөрийн гэрт очоод хашаанд нь эзэнгүй байдаг байшинд нь орж, тавуулаа архиа хувааж уусан. Тэгээд Амука буюу Амартөр “найз нь нэг юм зохицуулчихлаа” гээд “Азука” нэртэй ломбардад утас тавихаар болж, Амартөр, Бөхчулуун, Ганболд, Сонинбаяр, Батзаяа бид Амартөрийнхөөс гарч явсан. Замд явж байхдаа Ганболд бид хоёр урд гараад явсан. Замдаа Ганболдод “чи миний утсыг төлж өгнө гээд төлж өгсөнгүй алга боллоо” гэж маргасан. Зун сагсны шийтэн дээр сагс тоглож байхдаа утас хагарч Ганболдтой муудалцсан гэж бодсон. Тэгтэл тэр хүн нь Ганболд биш, түүний ихэр нь байсан юм байна лээ. Тэгээд маргалдаж байгаад хальтиргаатай байсан тул Ганболд унахдаа намайг татаад унагасан. Би маргалдаж байсан асуудлаасаа болоод намайг татаад унагачихлаа гэж бодоод Ганболдын нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд Бөхчулуун, Амартөр хоёр ирж салгаад дүүргийн буудал явъя гээд цаашаа явсан. Дүүргийн буудал дээр очоод Ганболдын утсыг ломбардад тавих гээд асуухаар Амартөр, Сонинбаяр, Батзаяа нар явах үед нь Ганболд машинд суугаад явчихсан. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 20-нд 20 цагийн үед Балжинням гэдэг манай хажуу айлын залуу утсаар яриад мөн манай хажууд байдаг Мөнхөө буюу Мөнхбилэг ахын гэрт ороод ир гэж дуудсан. Мөнхбилэгийн гэрт ороход Амартөр, Балжинням, Ган-Эрдэнэ, Мөнхбилэг дөрөв байсан. Мөнгөө нийлүүлж 1-2 шил архи авч ууя гэж ярилцаж байсан. Тэгээд мөнгөө нийлүүлж, Мөнхбилэг ахыг дэлгүүр явуулсан. 0.5 гр “Их монгол” нэртэй архи, 1 том боргио авч ирсэн. Түүнээс нь хувааж уусан. Архи нь жаахан үлдсэн. Тэгтэл Ган-Эрдэнэ, Балжинням хоёр РС тоглоно гээд явж, Амартөр, Мөнхбилэг ах бид гурав үлдэж үлдсэн архиа уусан. Тэр үед Амартөрийн утас дуугарч, гарч яриад эргэж орж ирэхдээ “манай хоёр найз 1 шил архитай ирж байна” гэсэн. Мөнхбилэг ахынд Энхтөр, Бөхчулуун хоёр архитай орж ирсэн. Мөнхбилэг ах “би согтсон байна, ах нь архи уухгүй, та нар гараад уучих” гээд биднийг гэрээсээ гаргасан. Тэгээд Амартөрийн хашаанд баригдаж байсан байшинд орж, Амартөр, Энхтөр, Бөхчулуун бид дөрөв архиа хувааж уусан. Тэгж байтал Амартөр намайг “гараад уулзъя” гээд байхаар нь гарч уулзахад Амартөр ”найзууд ирсэн байна, чи гар утсаа “Азука” ломбардад тавьчих, мөнгөөр нь архи, пиво авъя” гэсэн. Би эцэг, эх уурлана, гар утсаа ломбардад тавьж чадахгүй гэж хэлэхэд Амартөр ятгаад байхаар нь тэгье гэж хэлсэн. Тэгээд Амартөрийн байшингаас Энхтөр, Амартөр, Бөхчулуун, өөр нэг танихгүй залуу нарын хамт гарсан. Бид “Их Уул” дэлгүүрийн тэнд алхаж байсан. Энхтөр, Амартөр хоёр хойно юм яриад явсан. Улаанаа гэдэг залуу нь Энхтөрийг сугадаад явж байсан. Энхтөр их согтсон байсан. Би урд нь явж байсан. Бидний явж байсан газрын орчим нэг жижиг гол урсдаг. Тэр голын хажууд очсон. Тэгтэл Энхтөр шууд над руу ирээд уруул руу цохиод авахад би газар унасан. Би босч ирээд “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэсэн. Энхтөр их халамцуу байсан учраас миний хэлсэн үгийг хүлээж авахгүй байсан. Би гол дээр нүүрээ угаагаад, бид цаашаа далан тойроод авто сургуулийн урд очоод, тэндээсээ дүүргийн буудал явсан. Тэгээд Амартөр, Бөхчулуун нар миний утсыг тавих гээд ломбард, зочид буудал байдаг байшин руу  орсон. Би буудлынх нь шатан дээр зогсож байсан чинь Амартөр нар гарч ирээд утас авахгүй гэнэ гэсэн. Би “нэгэнт утас авахгүй гэж байгаа бол яахав дээ” гэж хэлсэн. Тэгээд бид дүүргийн “ТҮЦ” рүү орж 2 ширхэг тамхи авсан. Тэр үед би “ТҮЦ”-ний лангууг нь түшээд зогсож байтал Энхтөр миний хөлийн гуя хэсэг рүү өшиглөсөн. Би зөрүүлээд мөн хөлнийх нь гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл “ТҮЦ”-ний худалдагч “зодолдлоо, гар” гээд биднийг хөөж гаргасан. Тэгээд “ТҮЦ”-ний гадаа гараад би “ТҮЦ” тулаад зогсож байсан. Амартөр миний урд зогсож байсан. Энхтөр нь Амартөрийн цаана зогсож байснаа Амартөрийн урдуур орж ирээд дахиад миний хавдсан байсан уруул руу цохиод авсан. Энэ үед миний уруулаас их цус гарсан. Тэгээд Энхтөр “чи ганц юм авч өгсөнгүй, ганц юм авч өгөөд явна шүү” гээд байсан. Би гудамж руу хараад зогсоход Энхтөр надад “чи цагдаа дуудах гээд байгаа юм уу” гээд байсан. Би эд нараас салаад явах юмсан гэж бодож байсан. Тэгтэл бидний урд такси ирээд зогссон. Цонх руу нь харахад жолооч нь манай ангийн хүүхдийн ах нь байсан. Тэгэхээр нь би машинд нь орж суугаад “эд нар намайг дээрэлхээд байна, надад мөнгө алга, намайг гэрт хүргээд өгөөч” гэж хэлээд гэртээ хүргүүлсэн.

Би урьд нь Ч.Энхтөрийг таньдаггүй байсан. Харин мөрдөн байцаалтын явцад манай сургуулийн хүүхдийн ах нь юм байна гэдгийг мэдсэн. Би ихэр юм. Би манай ихэртэй Ч.Энхтөр урьд нь шийтэн дээр маргасан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тухайн өдөр Ч.Энхтөр надтай “сагсны шийтэн дээр утас хагалсан” гэж маргалдсан зүйл болоогүй, надад тийм зүйл ч яриагүй. Учир зүггүй л гэнэт намайг цохисон. “Чи ганцхан утастай нь юм уу” гээд байсан. Тэр үед Ч.Энхтөр их ууртай байсан. Би тэр өдөр тэнд байсан хүмүүсээс ганцхан Амартөрийг л таньдаг байсан. Бусдыг нь танихгүй. Мөн Баярсайхан гэдэг гэрчийг ч би танихгүй. Энэ хэрэгт гэрчээр байцаагдсан хүмүүс Ч.Энхтөрийн найзууд юм.

Ч.Энхтөрд цохиулсаны улмаас уруул хавдаж, сэтэрээд нэг хэсэгтээ хэцүү байсан. Мөн нэг шүд суларсан байсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэг орсон. Гэрээр өвчин намдаах эм уусан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Би Ч.Энхтөрөөс хохирлын мөнгө нэхээгүй, Ч.Энхтөр надад хохиролд мөнгө төлсөн зүйл байхгүй. Одоо уруул зүгээр болсон. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 2016 2601 2606 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

1.Хохирогч Б.Ганболдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гараад Хархорин зах ороод дүү Ган-Эрдэнэтэй уулзаж автобусны мөнгө өгчихөөд буцаад автобусанд суугаад 21 дүгээр хорооллын авто сургуулийн буудлын тэнд буугаад гэр рүүгээ алхаж байтал Амука /Амартөр/ гэдэг  манай гэрийн урд гэр нь байдаг найз маань танихгүй хоёр найзтайгаа явж байсан. Тэндээс тэд нартай гэр рүүгээ хамт алхаад манай гэрийн хажууханд гэртээ ганцаараа байдаг Мөнхөө гээд ахын гэрт нь бүгдээрээ орсон. Тухайн үед Мөнхөө ахын гэрт Амука хоёр найзынхаа хамт нэг шил архи гаргаж ирээд бүгдээрээ хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад байж байсан чинь Амука намайг гараад ир, хоёулаа уулзъя гэхээр нь гараад уулзсан. Амука  надад “чи гар утсаа тавьчихаач, тэгэх үү, ганц нэг юм ууя” гэж хэлэхээр нь би яах юм бэ, би гэр рүүгээ ингээд орохгүй бол ээжийн санаа нь зовж байгаа байх, найз нь гэртээ орохгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Амука чи тэгээч дээ гээд намайг ятгаад байсан. Тэр үед Мөнхөө ахын гэрээс Амукаагийн хоёр найз нь гарч ирээд бид хэд доошоо дэлгүүр рүү явж байсан. Гудамжны булан эргээд явж байтал нэг найз нь шууд миний уруул руу цохиод авахад уруулнаас цус гараад хавдсан. Энэ үед Амука “чи явах юм уу, яах гээд байгаа юм” гэж хэлэхэд би “одоо явахгүй” гэж хэлсэн чинь миний нүүр рүү цохисон банди “явъя, явъя” гээд байсан.

Сонгинохайрхан дүүргийн буудлын тэнд очоод түүний ард байдаг буудал руу орчихоод ирье, чи байж байгаарай гэж хэлээд орсон. Би гадаа нь хүлээж байсан чинь 10 минут болоод тэр гурав хамт гараад ирсэн. Тухайн үед миний гар утсыг тавих гээд дэлгүүр хайгаад яваад байсан. Нэг дэлгүүр рүү ороод “гар утас барьцаанд авах уу” гэж асуутал дэлгүүрийн эгч авахгүй гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрийн гадаа гарч ирээд Амукаагийн найз нь надтай маргаад намайг өшиглөөд авахаар нь би чи яагаад байгаа юм бэ гээд зөрүүлээд өшиглөсөн. Дахин маргаж байгаад миний хавдсан уруул руу дахин цохиод авсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гэж асуусан чинь тэр залуу “чи цагдаа дуудах” гээд байгаа юм уу гэхээр нь би “үгүй” гэж хэлээд дүүргийн буудал дээр зогсож байсан чинь нэрийг нь мэдэхгүй, зүс таньдаг 10 жилд хамт сурч байсан залуу машинтайгаа ирээд зогсчихсон байхаар нь очоод машинд нь ороод суусан. Тэгтэл Амука намайг цохидог найзтайгаа ирээд “Ганболдоо хаачих гэж байгаа юм” гэж асуухаар нь би “харьлаа” гэж хэлээд шууд гэр рүүгээ явсан. Амука гэж манай хажуу талын хашаанд байдаг Амартөр гэдэг нэртэй найз байгаа юм. Тэр өдөр хамт явсан хоёр найзыг нь би урьд харж байгаагүй.  Танихгүй хоёр залуу байсан. Ямар ч байсан намайг цохисон залууг “Шомбороо” гэж дуудаад байсан. Нөгөө нэг залуугийн нэрийг нь мэдэхгүй, би тэр хоёр залуутай нэрээ солилцож танилцаагүй. Тухайн үед архи уугаад дахин архи авч уух гээд мөнгөгүй болчихоор нь миний гар утсыг тавих гээд намайг дургүйцсэн чинь зодсон байх гэж бодож байна. Амукагийн найз Шомбороо гэдэг залуу намайг ганцаараа зодсон. Нөгөө хоёр залуу нь намайг зодоогүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг [1] ,

-түүний 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин мэдүүлсэн: “...Миний өмнө хохирогчоор өгсөн мэдүүлгийн зарим нь үнэн, зарим нь худлаа мэдүүлэг байсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон асуудлын талаар ээж, ааваасаа айгаад цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн. Би тухайн үед аав ээждээ ийм тийм хүмүүстэй уулзлаа гэж хэлээгүй. 20 цаг болох гэж байхад гэрээсээ гараад манай гэрийн хажуу талд байдаг Мөнхөө ахын гэрт нь явж орсон чинь Амука, манай дүү Ган-Эрдэнэ, Балжинням, Мөнхбилэг ах дөрөв хамт байсан. Тухайн үед Амука “мөнгө байна уу” гэж надаас асуусан. Надад тухайн үед 11,000 төгрөг байснаас 8,000 төгрөг өгөөд, түүн дээр Амука 6,000 төгрөг нэмээд Мөнхөө ах дэлгүүр рүү яваад нэг шил 0,75 литрийн архи, 2,5 литрийн савтай пиво авч ирсэн. Мөнхбилэг ахын гэрт нь Амука, Балжинням, Ган-Эрдэнэ бид дөрөв хувааж уусан. Дараа нь Ган-Эрдэнэ, Балжинням хоёр “РС” тоглоно гээд Мөнхөө ахын гэрээс гараад явсан. Мөнхөө ахын гэрт Амука бид гурав үлдсэн. Энэ үед Амука утсаар яриад манай хоёр найз ирж байна гэж хэлсэн. Удалгүй Энхтөр нэг найзтайгаа Мөнхөө ахын гэрт орж ирсэн. Тэр хоёр орж ирэхдээ нэг шил архитай орж ирсэн. Мөнхөө ах одоо ах нь уухгүй, та нар харьж унтацгаа гэж хэлээд гэрээсээ бид нарыг гаргасан. Тэгээд бид хэд Амукагийн байшинд ороод нөгөө архиа хувааж уугаад дууссан. Амука энэ үед хоёулаа гараад уулзъя гэж хэлэхээр нь би гараад уулзсан чинь Амука “Ганболдоо чи гар утсаа тавиад ганц, хоёр юм авчих” гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би “гар утсаа тавих юм бол ээж, аав уурлана” гэж хэлсэн чинь Амука намайг шантаачлаад гуйгаад байхаар нь “за за” гэж зөвшөөрөөд буцаж байшин руу ороод эргээд бүгдээрээ гараад явсан. Их нарангийн тэнд байдаг “Их уул” гэдэг нэртэй дэлгүүр өнгөрөөд би хамгийн урд ганцаараа алхаад явж байсан чинь Энхтөр намайг хажуугаас шууд миний уруул руу цохиод авсан. Би энэ үед газар унаад босож ирээд “яаж байгаа юм бэ” гээд Энхтөрд уурласан чинь хажуугаас Амука Энхтөрд “яагаад Ганболдыг цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Энхтөр “наадах чинь дургүй хүргээд байна шүү дээ” гэж хэлсэн. Намайг “голын усанд нүүрээ угаа” гэж хэлэхээр нь уруулнаас гарсан цусаа жижиг горхи урсдаг голд очиж угаагаад цаашаа явсан. Тэр үед Амука “одоо зүгээр яваарай” гэж хэлсэн. Бид нар Сонгинохайрхан дүүргийн хойд талаар байдаг далангийн замаар алхаж явсан. “Азука” гэдэг караокены урд замаар гараад бие засаад зогсож байсан чинь Энхтөр миний хойноос ирээд хоорондоо юм ярьсан. “Чи намайг яасан гэж цохиж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь Энхтөр чи манай найзтай юу яриад байгаа юм гэж хэлэхээр нь би юу ч яриагүй гэж хэлсэн. Тэгтэл Амука дуудаад “за за явъя“ гээд цаашаа яваад авто сургуулийн буудлын хойно түр зогсоод юм ярьж байсан чинь Энхтөрийн хамт явсан найз нь “та хоёр маргалдаад байгаа юм бол нэг сайхан зодолдчих” гэж хэлэхээр нь “үгүй, үгүй би зодоон цохионд дургүй” гэж хэлсэн. Тэгтэл Энхтөрийн найз нь “яасан надтай зодоон хийх юм уу” гэсэн чинь Амука “боль боль” гээд салгасан. Амука “Дүүргийн буудлын хойд талын зочид буудал оръё, тэнд гар утас авдаг юм” гэж хэлээд очоод буудал руу Амука, Энхтөр, хамт явсан найз нь ороод эргээд гараад ирэхээр нь би “яасан” гэж асуусан чинь “гар утас авахгүй гэж байна” гэж хэлсэн. Тэгээд Амука “ТҮЦ” орж утсаар яръя гээд цаашаа явсан. “ТҮЦ”-рүү явж очоод дотор нь зогсож байсан чинь Энхтөр намайг зүгээр зогсож байхад өшиглөөд авахаар нь би зөрүүлээд өшиглөсөн. Тэгээд ТҮЦ-нээс гараад зүгээр зогсож байсан чинь Энхтөр миний хавдсан уруул руу дахин цохиод авсан. Би доошоо тонгойгоод зогсож байсан чинь Энхтөр хажууд ирж зогсчихоод “чи найздаа ганц пиво авч өгч чадахгүй байна уу, чи өнөөдөр найздаа пиво авч өгөхгүй бол явахгүй шүү, цагдаа дуудах гээд байгаа бол дууд” гэж яриад зогсож байтал зүс мэддэг таньдаг ах таксинд явж байгаад миний хажууд ирээд зогсохоор нь хүнтэй уулзъя гэж хэлээд машинд ороод суугаад тэд нараас зугтаагаад явсан. Би Энхтөрийг урьд нь таньж мэддэггүй, тэр өдөр анх танилцсан. Танилцахдаа надад манай 10 жилийн ангийн хүүхдийн ах нь гэж өөрөө хэлсэн. ...” гэх мэдүүлэг [2] ,

 

2.Гэрч Н.Амартөрийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн:

“...Тэр өдөр орой 19 цагийн үед гэрээсээ гараад “Их-Уул” гэдэг нэртэй дэлгүүрийн урд Ган-Эрдэнэ, Балжинням хоёртой уулзсан. Тэндээсээ Мөнхбилэг гэдэг манай гэрийн хажууханд гэр нь байдаг ахын гэрт нь орсон. Тэдний гэрт Ган-Эрдэнэ, Балжинням бид гурав хамт орсон. Тэнд 30-40 минут болж байхад Ганболд орж ирсэн. Тухайн үед бие биедээ байгаа мөнгөө нийлүүлж байгаад ганц юм авч ууя гэж бүгдээрээ санаа нийлээд надад байсан 6,000 төгрөг дээр Ганболдод байсан 8,000 төгрөгийг нийлүүлж дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи, нэг сав 2,5 литрийн пиво авч Мөнхбилэг ахын гэрт уусан. Тэгээд хэсэг сууж байсан чинь Балжинням “ангийнхаа хүүхэдтэй явж РС тоголлоо” гэж утсаар яриад байсан. Тухайн үед Балжинням Ган-Эрдэнийг “хоёулаа хамт явах уу” гээд байсан. Ган-Эрдэнэ “тэгье” гээд тэр хоёр хамт Мөнхбилэг ахын гэрээс гарсан. Мөнхбилэг ах Ганболд бид гурав үлдээд нөгөө авсан архинаас бага зэрэг үлдсэн байсан архийг хувааж уусан. Тэгээд Мөнхбилэг ах та нар одоо гэр рүүгээ явж амарцгаа гэж хэлэхээр нь Ганболд бид хоёр гэрээс гарсан. Улаанаа гээд манай найз над руу залгаад хаана байгаа юм андаа гэж асуухаар нь гэрийнхээ хажууханд байна гэж хэлсэн чинь аан за гэж хэлээд тасалсан. Дахин хэсэг байж байгаад заалгаад “хаана байгаа юм, хальт уулзах уу” гэж хэлэхээр нь “тэгье” гэж хэлчихээд байж байсан чинь манай найз Улаанаа, Шомбороо хоёр нэг танихгүй бандитай явж байсан. Тэр хэд ирэхдээ нэг шил 0,75 литр Улаанбаатар архи авч ирсэн. Нөгөө архийг нь Мөнхбилэг ахын гэрт ороод ууя гэж яриад гэрт нь орсон чинь Мөнхөө ах бид нарыг “яасан олуулаа юм бэ, та нар зайл” гэж хэлээд хөөсөн. Бид нар Мөнхөө ахын гэрээс гараад манай хашааны урд баригдаж байгаа байшин руу ороод нөгөө авч ирсэн архийг нь хувааж уусан. Тухайн үед Ганболд “хүний юм уусан юм чинь яаж зүгээр байх вэ, найз нь ганц юм утсаа тавиад авчих уу” гэж асуухаар нь би “яасан ч яахав” гэж хэлээд болохгүй бол маргааш 5-10 цаас цуглуулж байгаад авчихъя гэж хэлсэн. Тэгээд дүүргийн хойно шинэ замын хажууд байдаг “Азука” ломбард орсон чинь хаалттай байсан. Тэгэхээр нь “за одоо хаачих вэ” гээд цаашаа “ямар ч байсан 21 дүгээр хороолол оръё” гээд явж байсан. ...Нэг их эвгүй газар хоёулаа унасан. Шомбороо энэ үед босож ирээд Ганболдыг нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Наанаас нь би очоод тэр хоёрыг салгаад цаашаа 21 хороолол руу явж байсан. Ломбардууд хаалттай байхаар нь буудал орж үзэх үү гэж хэлээд буудлаар явсан чинь тийм зүйл байхгүй гээд авахгүй байсан. Тэндээсээ дүүргийн автобусны буудлын дэлгүүр ороод дэлгүүрийн тэнд тамхилаад зогсож байсан чинь Шомбороо Ганболд хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Шомбороо Ганболдын гуя хэсэг рүү нь өшиглөсөн чинь Ганболд буцаагаад нэг удаа өшиглөсөн. Тэгээд удалгүй Ганболд таксинд суугаад явсан. Би араас нь очоод хоёулаа хамт явъя гэсэн чинь зогсохгүй шууд чигээрээ явсан. Шомбороо гэж Энхтөрийг хэлж байгаа. Би одоогоос 3-4 сарын өмнө Их наранд танилцаж байсан. Харин Улаанаа гэх залуугийн жинхэнэ нэрийг нь мэдэхгүй, Энхтөрийн найз нь байгаа юм. Тэр хоёр хоёулаа халамцуу байсан. Юунаас болж маргалдсаныг би мэдээгүй. Тухайн үед Ганболд бид хоёр хоорондоо ярьж байгаад утсаа тавихаар болсон. Тухайн үед Ганболд, Энхтөр, Улаанаа, нэг танихгүй нэрийг мэдэхгүй залуу хамт явсан. ...” гэх мэдүүлэг [3],

 

3. Гэрч Б.Бөхчулууны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд 15 цагийн үед байх Шомбороо гэдэг найзтайгаа Ханын материалд уулзсан. Бид “Маргад” нэртэй “РС” тоглоомын газар тоглож байгаад тэндээс 19 цаг өнгөрч байсан байх, цаг сайн хараагүй, бид утсаар Амука /Амартөр/ руу залгасан чинь “гэртээ ганцаараа байна, та хоёр хүрээд ир” гээд байсан. Тэгэхээр нь замаасаа дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи аваад Амукагийн гэрт очсон. Тэдний гэрт Ганболд гэдэг нөхөр хамт байсан. Тэд нилээн уучихсан согтуу байцгааж байсан. Тэгээд бид дөрөв гаднаас авчирсан архийг хувааж уугаад дууссан. Ганболд хэдүүлээ ийшээ “Азука” орж ломбарданд гар утсаа тавья гээд байсан. Бид хамт гараад “Азука” дээр ирсэн чинь ломбард нь хаалттай байсан. Тэгээд дүүрэг ороод тэнд гар утсаа тавьж пиво авч ууя гээд явсан. Энэ үед манай найз охин миний гар утас руу залгаад “чи хаана байгаа юм, гэртээ ирээч” гэж яриад явж байсан чинь Амукаа намайг дуудаад “хөөе нөгөө хоёр чинь зодоон хийх гээд байна салгаачээ” гэж хэлэхээр нь би очоод “ууж идэж чадахгүй юм бол битгий архи уу, одоо харьцгаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр “архи уунаа ууна, хэдүүлээ ганц хоёр юм уучихаад салцгаая” гээд тэндээсээ дүүргийн ТҮЦ-рүү орсон. Тэгээд гар утсаа тавихаар болсон чинь Ганболд машин бариад зугтаагаад явсан. Сүртэй зодоон болоогүй. Шомбороо гэж Энхтөрийг дууддаг. Намайг Улаанаа гэж дууддаг. Би Ганболдыг урьд нь таньдаггүй байсан. Тэр үед Амукаагийн гэрт нь анх харсан. Тэр хоёр яг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй. Би урд нь утсаар яриад явж байсан чинь ард маргасан юм шиг байна лээ. Хоорондоо барьцалдаад авсан байхаар нь очиж салгасан...” гэх мэдүүлэг [4] ,

 

4.Гэрч Н.Мөнхбилэгийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрийнхээ хашаанд мод хагалаад байж байсан чинь орой 20 цагийн орчим манай гэрт гаднаас Балжинням, Амартөр, Ган-Эрдэнэ гээд манай гудамжинд байдаг банди нар орж ирсэн. Тэрний араас Ган-Эрдэнэ, Ганболдыг утсаар дуудаад орж ирсэн. Анх эхлээд тэд нар орж ирэхдээ нэг шил архи, нэг пиво авч орж ирсэн. Би тэд нарт “та нар наадахаа хурдан уугаад гараарай, манай охин 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирнэ шүү” гэж хэлсэн. Тэд нар манай гэрт нөгөө авчирсан архи, пивоо хувааж уусан. Би тэр архинаас нь хоёр удаа татсан байх. Тэгээд удалгүй Балжинням, Ган-Эрдэнэ хоёр нь тоглоно гээд түрүүлээд гараад явахад архи нь дуусаагүй байсан. Тэр архийг нь Амартөр, Ганболд хоёр хувааж уусан. Удалгүй манай гэрээс Ганболд, Амартөр нар гараад явсан. Манай гэрт байхад ямар нэгэн хэрүүл зодоон болоогүй. ...” гэх мэдүүлэг [5],

5.Гэрч Д.Балжиннямын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байгаад гараад 19-20 цагийн орчим санагдаж байна Ган-Эрдэнэ гээд манай гэрийн хажуу талд байдаг найзтайгаа уулзаад “Их-Уул” гэдэг дэлгүүр орсон. Тэнд Амукатай /Амартөр/ таараад бид гурав хамт Мөнхөө /Мөнхбилэг/ ахын гэрт очсон. Тэдний гэрт байж байсан чинь гаднаас Ганболд орж ирсэн. Бид хэд мөнгөө нийлүүлж, дэлгүүр ороод архи, пиво аваад Мөнхөө ахын гэрт хувааж уусан. Архи дуусаагүй байхад би найз Ган-Эрдэнийн хамтаар “РС” тоглохоор Мөнхөө ахын гэрээс гараад явсан. Тэдний гэрээс намайг гарахад Амука, Ганболд, Мөнхөө ах гурав үлдсэн. ...Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй. Би Энхтөрийг Шомбороо гэх хочоор нь зүс мэднэ. Би тухайн үед Энхтөр гэдэг хүнтэй уулзаагүй, бид нарыг Мөнхөө ахын гэрт байхад ирээгүй...” гэх мэдүүлэг [6],

 

6.Гэрч Э.Баярсайханы 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн:

 “...Би Энхтөрийг нэг их сайн таньдаггүй. Манай найз Амартөрийн найз гэдгээр нь танина. Бид хоёрын дунд ямар нэгэн сүртэй холбоо гээд байх зүйл байхгүй. Би Ганболдыг танина. Бид хоёр танилцаад нэг жил гаруй болж байна. Ганболдын гэр нь манай ар талын гудамжинд байдаг. 2016 оны 07 дугаар сарын хавьцаа байхаа миний санаж байгаагаар наадмын дараахан байсан байх Мандал-Овооны доод талд байдаг Их-Уулын тэнд байх сагсны шийтэн дээр тоглож байсан чинь Ганболд, Энхтөр хоёр хоорондоо маргаж байгаад салсан. Тухайн үед юунаас болж маргасныг би мэдэхгүй байна. Өөр зүйл мэдэхгүй байна. Намайг Шинээ гэж манай гэрийнхэн болон найз нөхөд маань дууддаг...” гэх мэдүүлэг [7],

 

7.Ч.Энхтөрийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн:

“...Би тэр өдөр бүтэн нэрийг нь мэдэхгүй Ханын материалд гэр нь байдаг Улаанаа гэдэг найзынхаа хамтаар РС тоглож байгаад, ...тэндээс гараад Амука гээд найз руугаа залгасан чинь “гэртээ ганцаараа байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би Улаанаатай хамт замаасаа дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн архи аваад Амукагийн гэрт нь очсон. Бид хоёрыг явж очиход Амукаа найз болох урд нь Их наранд зүс харж байсан Ганболд гэдэг залуутай хамт байж байсан. Бид хэд Амукагийн гэрт авч очсон архиа уусан. Тэгтэл Амука, Ганболд хоёр урагшаа явъя, нэмж нэг юм авъя гээд гэрээсээ гарсан. Бид хэд хамт “Азука” нэртэй ломбард дээр явж очсон чинь хаалттай байсан. Тэгээд авто сургуулийн буудлын тийшээ явъя гээд уруудаад алхацгаасан. Энэ үед Ганболд бид хоёр зэрэгцэж явж байгаад муудалцсан. Урд нь 2016 оны 07 дугаар сарын хавьцаа байх сагсны шийтэн дээр тоглож байхдаа муудалцаж байсан. Тэрийг ярьж байгаад хоорондоо муудалцсан юм. Тэгээд Ганболд бид хоёр гараараа мөрөн дээгүүрээ мөрөлдсөн явж байсан чинь Ганболд хальтирч унахдаа намайг татаад хамт унасан. Тэгээд би босож ирээд Ганболдын нүүр болон амных нь хавьд нэг удаа цохиод авсан чинь хариуд нь Ганболд намайг нэг удаа өшиглөсөн. Хажуугаас Улаанаа Амука хоёр ирж салгаад цаашаа яваад дүүргийн буудал дээр очоод байж байтал Ганболд ямар ч юм хэлэлгүй таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд бид нар тэндээс гэр, гэр рүүгээ явцгаасан. Бид хоёр өмнө нь 2016 оны 07 дугаар сард Их нарангийн “Их-Уул” гэдэг нэртэй дэлгүүрийн тэнд байдаг сагсны шийтэн дээр сагс тоглож байгаад намайг мөргөчихөөр нь тэрнээс болж маргаж байсан. Тэр асуудлаа сүүлд ярьж маргасан. Мөн намайг хальтирч унахдаа татаад хамт унагачихаар нь уурласандаа цохисон. Би Ганболдыг урд таньдаг байсан. Манай төрсөн дүү Энхтулгын ангийнх нь хүүхэд гэдгээр нь танина. Сагсан бөмбөгийн шийтэн дээр маргасан зүйлийг Улаанаа, Шинээ, Даваа гурав мэднэ...” гэх мэдүүлэг [8],

-түүний 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн:

“...Би Ганболдыг өмнө нь таньдаг байсан. Бид хоёр 2016 оны 07 дугаар сарын үеэр, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Их-Уул” дэлгүүрийн сагсны шийдэн дээр тоглож байгаад намайг мөргөчихсөн. Тэрнээс болж зодоон хийх гээд маргаад больсон. Энэ асуудлаас болж сүүлд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зодоон хийсэн. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай найз Улаанаа бид хоёр Ханын материалын “РС” тоглоомын газар тоглож байгаад Амука руу ярьсан чинь “хаана байгаа юм гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Бид хоёр замаараа дэлгүүрээр орж нэг шил 0,75 литр архи аваад Амукагийн гэр рүү явсан. Амукагийн гэрт очсон чинь Ганболд, Амука хоёр согтуу байсан. Бид дөрөв миний авч очсон 0,75 литр архийг уучихаад Ганболд, Амука хоёр ийшээ “Азука” хамт явъя гээд гэрээс нь гараад явсан. “Азука” гэдэг ломбард нь хаалттай байсан. Тэгээд авто сургуулийн буудлын тийшээ алхацгаасан. Урд Улаанаа Амука хоёр түрүүлээд алхсан. Ганболд бид хоёр хойно нь юм ярьж явж байгаад хоорондоо маргалдсан. Ганболд намайг мөрлөж явж байгаад хальтирч унахдаа намайг хавсараад хамт газар унахаар нь босож  ирээд би гараараа Ганболдын нүүрэн тус газар нь нэг удаа цохиж авсан. Ганболд намайг зөрүүлээд нэг удаа нуруу руу өшиглөсөн. Тэгтэл цаанаас Улаанаа Амука хоёр  ирээд бид хоёрыг салгасан. Тэндээсээ дүүргийн буудал дээр дөнгөж очоод байж байсан чинь Ганболд нэг жижиг тэргэнд суугаад юу ч хэлээгүй яваад өгсөн. Би гар утас энэ тэр тавих гэж байгааг нь мэдээгүй, сүүлд нь мэдсэн. Тэгээд би Амукад наадахынхаа гар утсыг тавих гээд байгаа юм уу, зүгээр явуул явуул, наадах чинь гай болно гэж хэлсэн. Ганболдыг манай дүү Энхтулгын ангийн хүүхэд гэдгээр нь мэднэ. Бүр их сайн таньдаг найз нөхөд бол биш сүүлд 2016 оны зун сагсан бөмбөгийн шийдэн дээр тоглож байгаад маргаж байсан, өөрөөр бол сайн танихгүй. Манай гэрийнхэн намайг бага байхаас Шомбороо гэж дууддаг. Ганболд Амука хоёр нилээн согтуу байсан. Улаанаа бид хоёр бага зэрэг согтуу байсан. Ганболдын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны орой би цохьсоноос болж үүссэн гэмтэл гэж бодож байна...” гэх мэдүүлэг [9],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14542 тоот актын:

 

“...-.Б.Ганболдын биед үүдэн 1 шүдний сулрал, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч М.Энхтайван/...” гэсэн дүгнэлт [10],

 

9.Шүүгдэгч Ч.Энхтөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа [11], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [12], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [13], Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 004 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [14] , Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаар магадлалын 1, 80 дугаар хуудас [15], Улсын дээд шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 173 дугаар тогтоолын 1, 15 дугаар хуудас [16], Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаар “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” захирамжийн хуулбар [17],

-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогч Б.Ганболдын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт [18], бусад бичгийн нотлох баримтыг талууд шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

1.Шүүгдэгч Ч.Энхтөр нь ялтай байхдаа, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, мөн тус хороонд байрлах дүүргийн автобусны буудлын орчим иргэн Б.Ганболдыг “гар утсаа ломбардад тавьж пиво авч өгөхгүй байна, пиво авч өгчихөөд явна шүү” гэх зэрэг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэнд нь цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад:

 -хохирогч Б.Ганболдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Амука  надад “чи гар утсаа тавьчихаач, тэгэх үү, ганц нэг юм ууя” гэж хэлээд, ...чи тэгээч дээ гээд намайг ятгаад байсан. Тэр үед Мөнхөө ахын гэрээс Амукаагийн хоёр найз нь гарч ирээд бид хэд доошоо дэлгүүр рүү явж байсан. Гудамжны булан эргээд явж байтал нэг найз нь шууд миний уруул руу цохиод авахад уруулнаас цус гараад хавдсан. ...Сонгинохайрхан дүүргийн буудлын тэнд очоод түүний ард байдаг буудал руу орчихоод ирье, чи байж байгаарай гэж хэлээд орсон. Би гадаа нь хүлээж байсан чинь 10 минут болоод тэр гурав хамт гараад ирсэн. Тухайн үед миний гар утсыг тавих гээд дэлгүүр хайгаад яваад байсан. ...Тэгээд дэлгүүрийн гадаа гарч ирээд Амукаагийн найз нь надтай маргаад намайг өшиглөөд авахаар нь би “чи яагаад байгаа юм бэ” гээд зөрүүлээд өшиглөсөн. Дахин маргаж байгаад миний хавдсан уруул руу дахин цохиод авсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гэж асуусан чинь тэр залуу “чи цагдаа дуудах” гээд байгаа юм уу гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. ...намайг цохисон залууг “Шомбороо” гэж дуудаад байсан. ...Тухайн үед архи уугаад дахин архи авч уух гээд мөнгөгүй болчихоор нь миний гар утсыг тавих гээд намайг дургүйцсэн чинь зодсон байх гэж бодож байна. Амукагийн найз Шомбороо гэдэг залуу намайг ганцаараа зодсон. ...” гэх мэдүүлэг [19] ,

-2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин мэдүүлсэн: “...Энхтөр нэг найзтайгаа Мөнхөө ахын гэрт орж ирсэн. Бид Амукагийн байшинд ороод нөгөө архиа хувааж уугаад дууссан. ...Амука “Ганболдоо чи гар утсаа тавиад ганц, хоёр юм авчих” гэж надаас гуйсан. ...Амука намайг шантаачлаад гуйгаад байхаар нь “за за” гэж зөвшөөрсөн. Их нарангийн тэнд байдаг “Их Уул” гэдэг нэртэй дэлгүүр өнгөрөөд би хамгийн урд ганцаараа алхаад явж байхад Энхтөр намайг хажуугаас шууд миний уруул руу цохиод авсан. Би энэ үед газар унаад босож ирээд “яаж байгаа юм бэ” гээд Энхтөрд уурласан. Хажуугаас Амука Энхтөрд “яагаад Ганболдыг цохиж байгаа юм бэ” гэхэд Энхтөр “наадах чинь дургүй хүргээд байна шүү дээ” гэж хэлсэн. ...Амука “Дүүргийн буудлын хойд талын зочид буудал оръё, тэнд гар утас авдаг юм” гэж хэлээд очоод буудал руу Амука, Энхтөр, хамт явсан найз нь ороод эргээд гараад ирэхээр нь би “яасан” гэж асуусан чинь “гар утас авахгүй гэж байна” гэж хэлсэн. Тэгээд ...“ТҮЦ”-рүү явж очоод дотор нь зогсож байсан чинь Энхтөр намайг зүгээр зогсож байхад өшиглөөд авахаар нь би зөрүүлээд өшиглөсөн. “ТҮЦ”-нээс гараад зүгээр зогсож байсан чинь Энхтөр миний хавдсан уруул руу дахин цохиод авсан. ...Энхтөр хажууд ирж зогсчихоод “чи найздаа ганц пиво авч өгч чадахгүй байна уу, чи өнөөдөр найздаа пиво авч өгөхгүй бол явахгүй шүү, цагдаа дуудах гээд байгаа бол дууд” гэсэн. ...Би Энхтөрийг урьд нь таньж мэддэггүй, тэр өдөр анх танилцсан.  ...” гэх мэдүүлэг [20] , хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

-гэрч Н.Амартөрийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Нэг их эвгүй газар хоёулаа унасан. Шомбороо энэ үед босож ирээд Ганболдыг нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Наанаас нь би очоод тэр хоёрыг салгаад цаашаа 21 хороолол руу явсан. ...Дүүргийн автобусны буудлын дэлгүүр ороод дэлгүүрийн тэнд тамхилаад зогсож байсан чинь Шомбороо, Ганболд хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Шомбороо Ганболдын гуя хэсэг рүү нь өшиглөсөн чинь Ганболд буцаагаад нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг [21],

-гэрч Б.Бөхчулууны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Бид хамт гараад “Азука” дээр ирсэн чинь ломбард нь хаалттай байсан. Тэгээд дүүрэг ороод тэнд гар утсаа тавьж пиво авч ууя гээд явсан. Энэ үед манай найз охин миний гар утас руу залгаад чи хаана байгаа юм, гэртээ ирээч гэж яриад явж байсан чинь Амукаа намайг дуудаад “хөөе нөгөө хоёр чинь зодоон хийх гээд байна, салгаачээ” гэж хэлэхээр нь би очоод ууж идэж чадахгүй юм бол битгий архи уу, одоо харьцгаа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [22],

-Шүүгдэгч Ч.Энхтөрийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сэжигтнээр  мэдүүлсэн: “...Ганболд бид хоёр гараараа мөрөн дээгүүрээ мөрөлдсөн явж байсан чинь Ганболд хальтирч унахдаа намайг татаад хамт унасан. Тэгээд би босож ирээд Ганболдын нүүр болон амных нь хавьд нэг удаа цохиод авсан чинь хариуд нь Ганболд намайг нэг удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг [23],  түүний 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Ганболд намайг мөрлөж явж байгаад хальтирч унахдаа намайг хавсараад хамт газар унахаар нь босож  ирээд би гараараа Ганболдын нүүрэн тус газар нь нэг удаа цохиж авсан. ...Тэгтэл цаанаас Улаанаа Амукаа хоёр ирээд биднийг салгасан. ...” гэх мэдүүлэг [24],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14542 тоот дүгнэлт [25] зэрэг бичгийн нотлох баримтаар  тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Энхтөр нь хохирогч Б.Ганболд бид хоёр урьд нь сагсны шийтэн дээр тоглож байгаад миний гар утас хагараад хэрүүл маргаан болж байсан. Б.Ганболдод “чи миний утасыг төлж өгнө гээд алга боллоо” гэж энэ асуудлаас болж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр маргасан. Тэр өдөр Б.Ганболд намайг мөрлөөд явж байсан. Б.Ганболд хальтирч унахдаа намайг татаад хамт унасан. Би маргалдаж байсан асуудлаасаа болоод татаад газар унагалаа гэж бодоод Б.Ганболдын нүүр хэсэгт нь нэг удаа цохисон” гэж гэм буруу, сэдэлтийн талаар маргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан шүүх хуралдаанд өмгөөллийн эхний саналдаа шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай, хоёр дах тайлбартаа шүүгдэгч Ч.Энхтөрд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах саналыг тус тус гаргаж оролцсон ба өмгөөллийн эхний саналдаа  шүүгдэгч Ч.Энхтөрийн үйлдэлд догшин авирлаж танхайрсан үйлдэл харагддаггүй. Харин Ч.Энхтөрийн үйлдэл нь тодорхой сэдэлттэй байна. Энэ нь хохирогч Б.Ганболдтой “урьд нь 2016 оны 7-р сард сагсны шийтэн дээр гар утас эвдсэн” гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харьцаанаас болж Б.Ганболдыг цохисон байна. Иймд шүүгдэгч Ч.Энхтөрд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Өмгөөллийн хоёр дахь саналдаа хохирогчийн мэдүүлэг, гэрч Н.Амартөрийн мэдүүлэгийн зөрүүг арилгаагүй, догшин авирласан гэж улсын яллагч яллаж байгаа боловч үүнийгээ мөрдөн байцаалтаар тогтоогоогүй, ажиллагаа дутуу хийгдсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т зааснаар “гэмт хэргийн сэдэлт-”ийг тогтоолгохоор мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан баримтаас үзвэл хохирогч Б.Ганболдын мөрдөн байцаалтад анх удаа өгсөн тайлбар, мөн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа, дараа өгсөн мэдүүлэг нь гэмт хэргийн гарсан байдал, арга, гэмт хэргийн шалтгаан нөхцөл зэргийн талаар зөрүүгүй, тогтвортой мэдүүлжээ. Хохирогчийн эдгээр мэдүүлэгт “Амукагийн найз нь /Ч.Энхтөр/ шууд миний уруул руу цохиод  авахад би газар унасан, дараа нь дүүргийн буудлын “ТҮЦ”-ний гадна өшиглөж, дахин уруул руу цохисон. Ч.Энхтөрийг урьд нь таньдаггүй байсан, анх удаа тэр өдөр танилцсан. Над руу чи яагаад гар утсаа тавьдаггүй юм гэж дайраад байсан. Чи өнөөдөр пиво авч өгөхгүй бол явахгүй шүү гэсэн. Тэгээд зүс таньдаг ах таксинд явж байхаар нь машинд нь сууж тэд нараас зугтаасан...” гэж мэдүүлсэн. Мөн гэрч Н.Амартөрөөс “...Шомбороо гэж хочилдог Ч.Энхтөр нь Ганболдыг нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон. Шомбороо Ганболдын гуя хэсэг рүү өшиглөсөн ...” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн газар байсан тус гэрчийн мэдүүлэг нь хохирогчийн дээрх мэдүүлэгтэй зөрүүгүй.

Нөгөө талаас хохирогч Б.Ганболд урьд нь шүүгдэгч Ч.Энхтөрийг таньдаггүй байсан байх ба, тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй.

Догшин авирлах гэдэг нь олон нийтийг ил үл хүндэтгэж, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, танхайрах үйлдлээ удтал үргэлжлүүлэх, танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулахыг ойлгоно.

Тухайн гэмт хэрэг нь гудамж талбайд, олон нийтийн газар болсон байх ба шүүгдэгч Ч.Энхтөр нь хохирогчийг гар утсаа ломбардад тавьж пиво авч өгсөнгүй гэх шалтгаанаар “Их Уул” дэлгүүрийн орчим нүүрэнд нь цохиж, улмаар цаашаа явж байхдаа дүүргийн буудлын орчим байдаг гэх “ТҮЦ” дотор болон “ТҮЦ”-ний гадна өшиглөх, уруул руу нь дахин цохих зэргээр танхайн үйлдлээ удтал үргэлжлүүлж, танхайрах явцдаа хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах тухай саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч Ч.Энхтөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Шүүгдэгч Ч.Энхтөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ганболдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Б.Ганболд нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ганболд нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

3. Шүүгдэгчийн хувийн байдал

Шүүгдэгч Ч.Энхтөр нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон бусад баримтаар 2 удаа ял шийтгэгдсэн байх ба сүүлд:

 -Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 4 дугаар шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 173 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 55 1  дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан, түүний эдлээгүй үлдсэн 07 сар, 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх ба хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцогдох”-оор заасан бөгөөд хуульд заасан энэ хугацаа өнгөрөөгүй байхад буюу ялтай хугацаандаа шүүгдэгч Ч.Энхтөр нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна.  

 

4.Бусад асуудлаар.

Шүүхээс шүүгдэгч Ч.Энхтөрд ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба, согтуурсан үедээ, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ч.Энхтөр урьд хорих ял эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг  чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэстэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Энхтөрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Боржигин овгийн Чойжилсүрэнгийн Энхтөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чойжилсүрэнгийн Энхтөрийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхтөрд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхтөрийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 12 хүртэл цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хохирогч Б.Ганболд нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Энхтөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Энхтөрд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 18 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[9]Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 47 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 49 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 102-104 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 56-94 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 95-96 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 96-97 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 98 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 111 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.

[23] Хавтаст хэргийн 42 дугаар тал.

[24]Хавтаст хэргийн 44-45 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 23 дугаар тал.