Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0456

 

 

 

  

2019 оны 08 сарын 29 өдөр             

Дугаар 221/МА2019/0456

                                         Улаанбаатар хот

 

Ц.Б-н нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

    

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-н нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох, захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр:Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-н Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар ногдуулсан албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандэлгэрийн шүүхийн хэлэлцүүлэгт хариу тайлбарлахдаа...үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсын эхний 2 хуудаст өгвөл зохих 100 онооноос өгсөн 85 оноо гэсэн байгаа нь үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг төлөвлөсөн ажилтнуудын гаргасан техникийн шинжтэй алдаа байна... гэх тайлбар гаргасан нь нэхэмжлэгч Ц.Б намайг илтэд тохуурхан доромжилсон үйлдэл гэж ойлгож байна. 

Учир нь Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсээс гаргасан үнэлгээг Засаг дарга хүлээн зөвшөөрч 85 хувиар намайг үнэлсэн болно. Энэхүү үнэлгээ нь 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Төрийн албаны зөвлөлийн дугаар 134 тогтоолын хавсралт 1-т “В” буюу сайн үнэлгээ гэж үзэж болно. Гэтэл Засаг даргын үнэлсэн 85 хувийн үнэлгээг ямар хүн засаж 68.1% гэж бичсэнийг тус шүүхээр тогтоолгох хүсэлтийг удаа дараа гаргахад хангаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. 

Тус үнэлгээг хэзээ, хэн, хэрхэн засан эсэх дээр шинжээч томилуулах хүсэлтэй байна. Үнэлгээг зассан хүнг тогтоож эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх шаардлагатай байна.

Гэрч Аудитын менежер А.Догсмаа шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ: Хүний нөөцийн аудитаар нийт тус төвийн 27 албан хаагчдаас 22 албан хаагчидтай ганцаарчилсан уулзсан. Тэднээс бид өөрсдийн боловсруулсан 11 асуулгаар асуулга авсан юм. Үүнээс хамгийн их анхаарал татсан асуулга нь ялгаварлан гадуурхах, үл хүндэтгэх тохиолдол гарч байсан уу гэсэн асуулгад оролцогчийн 24.2 хувь нь байдаг гэж хариулсан. Асуулгын явцад нэмэлтээр удирдлагын дарамт шахалт их гэсэн хариултыг асуулгад оролцогч нар надад тавьж дээрх асуулгад оруулахгүй байхыг хүссэн...гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхлээр дотоод аудит, хяналт шалгалт хийх дээ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гүйцэтгэх ажиллагаа явуулсанд гомдолтой байна. Учир нь хувь хүний зан чанар, ажлын бүтээмж, ажилдаа хандах хандлагыг шалгах байтал авилгын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа мэт асуулга асуусанд маш их гомдолтой байна. Нотлох баримтаар тус асуулгыг ямар зорилгоор авсныг шалгуулах хүсэлтэй байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дотоод журам, байгууллагын ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлэн нэг багаар ажиллаж байна гэх 25 хүний гарын үсэг бүхий албан бичгийг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна.

Тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 20 шийдвэрийн 12 дугаар хуудсанд  26 байгууллагаас 15 дугаар байранд орж ардаа 11 байгууллага орхисон гэдэг нь тус төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа илэрхийлэхгүй, харин тус төвөөс ч хангалтгүй үнэлэгдсэн 11 байгууллага байгааг илтгэж буй хэрэг юм... гэжээ. 

Энэ нь шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэх байтал аймгийн Засаг даргын ажлыг өмнөөс нь хийж байгаа мэт ойлголтыг төрүүлж байна. Ц.Б миний нэхэмжлэл гаргасан уг шалтгаан бол Засаг дарга намайг үнэлэхдээ 85 хувь гэсэн байж байсанг 68.1 хувь болсноор Б/01 дүгээр захирамж гарсан. Энэ тоог засаж буй үйлдлээс болж ийм захирамж гарах боллоо гэж ойлгож байна.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Б/01 дүгээр захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэсэнд гомдолтой байна. 

Учир нь сахилгын шийтгэл оногдуулахдаа шат дараатай оногдуулна гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв байгууллагын үйл ажиллагаа 56.65 хувь үнэлэгдэж, 26 байгууллагаас 15-т орсноор сахилгын шийтгэл оногдуулах гэж буй бол эхний ээлжид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т зааснаар сануулах арга хэмжээ авах байсан. Гэтэл сануулах арга хэмжээ авалгүй шууд үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Ц.Баярсайхан би 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 169 дүгээр захирамжаар Асрамжийн газрын даргаар томилогдсон өдрөөс хойш 2019 оны 01 дүгээр сарын 22-ны хүртэл огт хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй болно. 

Ажил олгогч нь тухайн албан тушаалд томилогдсон ажилтантай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар 20 хувь сахилгын арга хэмжээ авсанд гомдолтой байна.

Иймд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дугаар 20 шийдвэрийг хүчингүй болгож, Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ц.Б-г Хөвсгөл аймгийн Засаг даргын “2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар: “Аймгийн Засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээг дутагдалтай дүгнүүлсэн, тус аймгийн Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгээр дутагдалтай дүгнэгдсэн, Санхүүгийн хяналт, аудитын албаны нийцлийн аудитын хяналт, шалгалтаар их эрсдэлтэй дүгнэгдсэн тул хууль тогтоомжийн дагуу албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. 

Дээрх шийтгэлийг Ц.Б ”Уг шийдвэр нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөж байна, Хөвсгөл аймаг дахь төрийн Аудитын газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09/126 дугаар албан бичгээр “Зөрчилгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байхад Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалтаар их эрсдэлтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-д заасныг тус тус баримтлан тус аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б-н албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар буруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. 

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, Төрийн албаны  тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн  гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:..”, 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэснээс үзвэл төрийн үйлчилгээний албан хаагчийн статус буюу хөдөлмөрийн харилцааг тодорхойлох гол шалгуур нь Хөдөлмөрийн хуулийн хүрээнд байгуулагдах “хөдөлмөрийн гэрээ” байхаар байна. 

Нэхэмжлэгч Ц.Б-н албан тушаалын тухайд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.38-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу “төсвийн шууд захирагч” гэдэг ангилалд хамаарагдах тул “...төрийн үйлчилгээний албан тушаалтан байтал 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Хөдөлмөрийн гэрээ надтай байгуулаагүй...” гэх гомдол үндэслэлгүй байна гэж үзэв. Харин Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна.”, 40.3-т ”Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж хуульчилсны дагуу жил бүр аймгийн Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулан дүгнүүлэх ёстой.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2-т ”хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох эрхтэй” гэж зааснаар Аймгийн Засаг дарга нь уг Үр дүнгийн гэрээний дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид шийтгэл ногдуулах үндэслэл бүрдсэн байжээ. Энэ талаар анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийсэн байна.

Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлд  131.1 “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.1 “сануулах”, 131.1.2 “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж зааснаар дээр сахилгын шийтгэлийн төрлөөс аль нэгийг “шийдвэр гарган ногдуулна “ гэсэн утгатай хуулийн зохицуулалт бөгөөд дэс дараалалтайгаар сахилгын шийтгэлийг оногдуулна гэсэн ойлголт биш тул нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                    ШҮҮГЧ                                        Ц.САЙХАНТУЯА

         ШҮҮГЧ                              Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                     Э.ЗОРИГТБААТАР