Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00020

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ц-ийн Б-ы нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар ногдуулсан албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Ө, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Ц.Б намайг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн Засаг даргын Б/01 тоот захирамжаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус төвийн үйл ажиллагаанд мэдээллийн мөрөөр хийсэн санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлтээр дутагдалтай дүгнэсэн гэжээ. Энэ дүгнэлт нь учир дутагдалтай байна.

1.Аймгийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 01 дүгээр сарын 24-нд удирдах ажилтны зөвлөгөөнийг Мөрөн суманд зохион байгуулж 2018 оны ажлыг дүгнэсэн үзүүлэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс танилцуулсан.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын 2018 оны жилийн үйл ажиллагааны ажлыг дүгнэхэд 26 байгууллагаас манай төв 56,64 хувийн үнэлгээгээр 15 дугаар байранд орсон нь байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг гэрчилж байна.

2.Манай төвийн 2018 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн /цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний болон төсвийн гүйцэтгэлийн тайлан/-г материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС-т нийцүүлэн Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн бодитой илэрхийлсэн тул “Зөрчилгүй” санал дүгнэлтийг Хөвсгөл аймаг дахь төрийн аудитын газар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09/126 дугаартай албан тоотоор гаргасан байна.

Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар надад ногдуулсан сахилгын шийтгэл нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудтай зөрчилдөж байна. Учир нь миний эрхэлж буй албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагддаг. Энэ нь үр дүнгийн гэрээгээр зохицуулагддаг хөдөлмөрийн харилцаа биш, зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах харилцаа гэж ойлгож байна. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэсэн заалт байна.

Аймгийн Засаг даргын 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 137 дугаар захирамжаар намайг Бүрэнхаан дахь асрамжийн газрын даргаар томилон ажиллуулсанаас хойш надтай ажил олгогч хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хийгээгүй байсан.

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар захирамжийн дагуу Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр өргөдлөө 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор хүргүүлсэн болно. Иймд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар надад ногдуулсан албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү.

Эрсдэлтэй үнэлгээ гэж яриад байгаа юм. Тухайн үнэлгээг гаргахдаа манай ажилчдаас нууцаар санал авсан байдаг. Тэгэхээр нь би тухайн 12 зүйлээр ажилчдаасаа санал аваад нэг хувийг нь аймгийн Засаг даргад нөгөө хувийн нь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд явуулсан байдаг. Би тухайн гарын үсгүүдийг хуурамчаар зураагүй. Санхүүгийн хяналт, аудитын алба гэж тийм хаалттай байгууллага байдаг юм уу. Тухайн шалгалтаараа 79,3 хувь гэсэн эрсдэлтэй үнэлгээ өглөө гэж тайлбарласан. Засаж залруулах дутагдал гарсан түүнийг нь бид тэр дор нь шалгалтынхаа явцад засаж залруулж байсан. Манай байгууллагад эрсдэл учраад үйл ажиллагаа нь доголдоод явсан зүйл байхгүй гэдгийг манай 25 ажилтан албан хаагчид нотлоод өгсөн байна. Би шалгалтын дараа хурал дээр “ажилчдаас ярих асуудал байна уу” гэхэд манай ажилчид “байхгүй” гэж хэлсэн. Би “хүмүүсийн өгсөн саналыг үзье, дутагдалаа засъя” гэхэд надад үзүүлээгүй. Догсмаа бид дээрээс өгсөн аргачлалын дагуу ажлаа хийж байна гэж хэлсэн.  Бид дээд газраас нь өгсөн аргачлалтай нь танилцаж байж шалгуулах ёстой биз дээ. Зөвхөн захиалгатай аргачлалаар хийгддэг юм уу. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр удирдамж батлуулж ирээд 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зөвлөмж ирүүлээд 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дүнгийн хурал хийсэн. Хяналт шалгалтын илтгэх хуудас 2019 оны 02 дугаар сард гарч, 2018 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарсан Ч.У дарга 2019 оны 02 дугаар сард илтгэх хуудаст гарын үсэг зурсан тул илтгэх хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй.

Их эрсдэлтэй гэдэг бол өмч хөрөнгөний асуудал биш шүү дээ. Хаанаас яагаад ингэж их эрсдэлтэй гэж дүгнэдэг юм бэ. Догсмаа тайлбартаа тусгай загварын дагуу санал хүнээс манай байгууллага санал аваад үнэлэлт гаргадаг гэж хэлсэн. Шалгалтаар очиж байгаа хүмүүс яагаад энэ талаараа тайлбарлаад өгч болдоггүй юм бэ. Яагаад шууд 79 хувь эрсдэлтэй гээд гаргачихдаг юм бэ. Би үүн дээр их эргэлзэж байна. Би түүнээс Засаг даргын гаргасан шийдвэрийг үгүйсгээд байгаа юм биш. Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд 30 гаруй байгууллага байдаг. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт аудитын байгууллагыг Засаг даргыг эрсдэлээс сэргийлсэн байгууллага гэж тайлбарлаж байна. Уг байгууллага нь гэтэл шалгалтынхаа талаар танилцуулахгүй шууд л 79 хувьтай их эрсдэлтэй гээд дүгнэж байна. Би үүнд нь гомдолтой байна. Энэ их эрсдэлээ яагаад тайлбарлаж өгдөггүй юм бэ. Тэгвэл тухайн ажилтанууд нь яагаад үйл ажиллагаа ном дүрмийн дагуу явагдаж байна гэж байхад яагаад их эрсдэлтэй гэж гардаг юм бэ. Тэгэхээр тухайн албан тушаалтнуудыг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна. Их эрсдэлтэй гарсан гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамж дээр дурдсан байсан. Манай байгууллагын 25 ажилтны гарын үсгээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа гэж зурсан байхад яагаад үйл ажиллагаа нь их эрсдэлтэй гэж гарч байгаа юм бэ. Тухайн үед гарсан жижиг зөрчлүүдийг би арилгасан. Арга хэмжээ авагдах болсон үндэслэл нь энэ их эрсдэлтэй гэсэн үнэлгээ шүү дээ” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэг.  Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” байхаар заажээ.

Аймгийн ахмад настны асрамж үйлчилгээний төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаас гарсан зөрчил дутагдлыг цаашид давтан гарахаас урьдчилан сэргийлэх, залруулах, ажлын гүйцэтгэл, үр дүнг сайжруулах үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлан тусгай зарчим буюу зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байхыг хангаж, шийдвэр нь хууль ёсных юм.

Аймгийн Засаг даргаас Ц.Б-д тухайн актыг хууль ёсны үндэслэлтэй болохыг, тэрхүү үндэслэл нь үнэхээр тухайн шийдвэр гаргах үндсэн нөхцөл болж байгаа мэдэх боломжийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 24 дүгээр хуралдаан болон 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын өрөөнд зохион байгуулсан уулзалтын үеэр олгож, түүнээс тайлбарыг сонсож байсан. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/553 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийн бодит нөхцөл байдалд, асуудлын агуулгыг хамаарсан шийдвэрийг гаргахдаа аймгийн Засаг даргын зүгээс зөвхөн өөрийн үзэмжээр, дур зоргоор асуудлыг шийдэх бус, хуулийн эрх хэмжээний хүрээнд зөв сонголт хийсэн гэж үзэж байна.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесийн дагуу нэн түрүүнд нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлтэй эсэх, хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал байгаа эсэх асуудлыг тодруулж шийдвэрлэсний үндсэн дээр хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэж хэргийг шийдвэрлэх журамтай.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэжээ. Энэхүү хуулийн заалтад тусгагдсан “... дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх захиргааны байгууллага ...” гэдэг нь аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо биш юм. Үүнийг хууль зүйн талаас нь тайлбарлавал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт аймгийн Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл Ерөнхий сайд өөрчлөх буюу хүчингүй болгохоор зохицуулснаар тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч Ц.Б нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасан тухай тус хорооноос аймгийн Засаг даргад мэдэгдсэн, тайлбар гаргаж гомдол шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар хүсэлт гаргасан зүйлгүй болно.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь нэг талдаа захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг үндсэн үе шат гэж хариуцагчаас үзэж байгаа бөгөөд тухайн маргаан бүхий актын хувьд энэ ажиллагаа явагдаагүй, нөгөө талдаа захиргаанд өөрт нь алдаа гаргасан эсэхээ нягтлах, шаардлагатай бол залруулах, тайлбарлах боломжийг олгосон хуулийн агуулга, эрх зүйн зохицуулалт хууль зүйн талаасаа хангагдаагүй.

Иймд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага бүхий аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б-ы гомдлыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үндсэн нөхцөл болох шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтыг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчид тухайн актыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн 24 дүгээр хуралдаан, 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Хөвсгөл аймгийн засаг даргын албан өрөөнд зохион байгуулсан хурал дээр танилцуулж түүнээс тайлбарыг нь сонсож байсан. Өөрөөр хэлбэр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/552 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг бодит нөхцөл байдалд үндэслэн, аймгийн Засаг даргын зүгээс өөрийн эрх хэмжээний хүрээнд зөв сонголт хийсэн гэж үзэж байна. ... нэхэмжлэгч Ч.Б-ы нэхэмжлэл нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн нөхцөл шаардлага хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйл, Захиргааны Ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн харьяа байгууллага агентлагуудын ажлыг дүгнэхэд хэвийн, өөрөөр хэлбэл 15 дугаар байранд орсон байсан гэж тайлбарлаж байна. Аймгийн Засаг дарга шийдвэр гаргахдаа байгууллагын үйл ажиллагаа биш Ц.Б-ы үр дүнгийн гэрээ,  аймгийн Хяналт шинжилгээ, дотоод аудитын хэлстийн даргаар ахлуулсан ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг үндэслэж гаргасан юм. Ц.Б даргын ажил олгогчтой байгуулсан үр дүнгийн гэрээний үнэлгээг холбогдох харьяалах байгууллага нь үнэлж дүгнээд нотлох баримтаа хэрэгт ирүүлсэн. Энэ үнэлгээгээр 68,1 хувийн биелэлтэй буюу төсвийн шууд захирагчийн зүгээс үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажиллагаагүй, иймээс үйл ажиллагаагаа сайжруулах хугацаатай үүрэг чиглэл өгөх гэсэн байдлаар 2018 оны үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр заалтыг тайлбарлаж ярьж байна. Энэ хуулийн зохицуулалт нь төрийн үйлчилгээний албан хаагчдад хамааралтай хуулийн заалт мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ хүн нь төрийн үйчилгээний албан тушаалтан дотроо удирдах ажилтанд багтаж байгаа учир ажил олгогчийн зүгээс үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг журамтай. Удирдах албан тушаалтан учир үр дүнгийн гэрээ байгуулдагаараа бусад төрийн үйлчилгээний албан хаагчдаас ялгаатай юм. Тухайн байгууллагад төсөвлөсөн төсвийг үр ашигтай зарцуулж байна уу, төсөв болоод бусад үйл ажиллагаа нь үр ашигтай явж байгааг нь холбох зорилгоор удирдах албан тушаалтных нь хувиар үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Үүнийг Төсвийн тухай хуулийн 40 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. Гэтэл үүнийг Хөдөлмөрийн тухай хуультай холбож тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. ... Үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсын эхний 2 хуудаст өгвөл зохих 100 онооноос өгсөн 85 оноо гэсэн байгаа нь үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг төлөвлөсөн ажилтнуудын гаргасан техникийн шинжтэй алдаа байна” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “би энэ үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсыг бичээгүй, харин 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсаа бичмэл тайлан хэлбэрээр гаргаж өгсөн. Аймгийн Засаг дарга тавьсан. Эцсийн үнэлгээг аймгийн Засаг дарга тавьдаг байгаа юм. үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалттай хэрэгжүүлж ажиллагаагүй, авч хэрэгжүүлэх ажил дээрээ сахилгын шийтгэлх ногдуулах, хугацаатай үүрэг даалгавах өгөх гэсэн саналыг Нийгмийн бодлогын хэлтсээс ирүүлсэн. Үүнийг Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэдэг.

Маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцсэн зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий захиргааны акт гэж үзэж байна. 2018 оны 12 дугаар сард болсон Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр уг байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал ороод нэхэмжлэгч Ц.Б-аас аймгийн Засаг дарга “гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна уу” гэж асуухад байгууллагын удирдлага “алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч байна” гэж хэлсэн байдаг. Маргаан бүхий захиргааны актыг гаргахад нэхэмжлэгчид удаа дараа танилцуулаад, хөдөлмөрийн харилцааг нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах хүртэл арга хэмжээ авах талаар ийм зүйлүүд яригдаж байсан. Энэ талаар Ц.Б-д танилцуулж байсан. Гаргасан зөрчил нь залруулах боломжтой цаашид анхаарч ажиллахын тулд авч хэрэгжүүлсэн зорилгодоо нийцсэн захиргааны акт юм. Сахилгын шийтгэл авснаар энэ хүн байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа төсөв санхүүгийн асуудлаа сайжруулах, үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг зөрчихгүй байх гэсэн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс авагдсан арга хэмжээ юм. Мөн хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг дэмжиж байна. Хуульд бол аймгийн Засаг даргын захирамжийг бол Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах комисс биш дээд шатны ерөнхий сайд эсвэл аймгийн засаг дарга өөрөө хүчингүй болгох зохицуулалтыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааж өгсөн байдаг. Тиймээс уг хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй. Уг боломж нь байсан. Маргаан бүхий акт гарснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргатай уулзаж шийдвэрээ хүчингүй болгож өгөөч, санкцыг нь өөрчилж өгөөч гэсэн зүйлийг танилцуулж байгаагүй. Түүнд ийм боломж байсан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Ц.Б-ы шүүхэд гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар ногдуулсан албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг доорх үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар түүнд ногдуулсан албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд хандсаны хариуд тус хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1 тоот зөвлөмжөөр гомдол гаргагч Ц.Б-ыг маргаанаа шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөжээ.

Хэдийгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй хэмээн маргаж байгаа боловч нэхэмжлэгч Ц.Б захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргахаас өмнө маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад хандаж, тус байгууллагаас шүүхэд хандахыг зөвлөсөн байх тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж үзлээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг тус тус баримтлан аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгээр дутагдалтай дүгнэгдсэн, Санхүүгийн хяналт, аудитын албаны нийцлийн аудитын хяналт, шалгалтаар их эрсдэлтэй дүгнэгдсэн гэх үндэслэлээр Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б-ы албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Дээрх захирамжид дурдсан сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлүүдийг тодруулбал:

1. Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дутагдалтай дүгнүүлсэн,

2. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус төвийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнгээр дутагдалтай дүгнэгдсэн,

3. Санхүүгийн хяналт, аудитын албаны нийцлийн аудитын хяналт, шалгалтаар их эрсдэлтэй дүгнэгдсэн гэжээ.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн 2017-2018 оны нэмэлт төсвийн гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайлан болон хүний нөөцийн аудитын тайланд тус байгууллагыг “их эрсдэлтэй” гэж дүгнэсэн,

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн үйл ажиллагааг дутагдалтай гэж дүгнэсэн байна.

Үүнээс Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн 2017-2018 оны нэмэлт төсвийн гүйцэтгэлд хийсэн нийцлийн аудитын тайлантай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд тус аудитын дүнг үндэслэн өгсөн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 36-01/32 тоот албан шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Д.О-ы мэдүүлэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар тогтоолоор нотлогдож байна. Иймд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 36-01/32 тоот албан шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт, шалгалтаар их эрсдэлтэй дүгнэгдсэн. Ажилчдаас нууцаар санал асуулга авсан бөгөөд нууц санал асуулгын дүнгээр их эрсдэлтэй гэж дүгнэсэн. Хэн хэн ямар санал асуулга өгсөн бэ гэдгийг надад хэлэхгүй байгаа тул аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй” гэсэнд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.5-д “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 5.1-д “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг дараах хүрээнд хийнэ:

      5.1.7. байгууллагын дотоод хяналт, засаглалын байдалд болон холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит” гэсэн байх тул Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.

Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд хийх дотоод аудит ба санхүүгийн хяналт шалгалтын удирдамжийн 4.9-д “Хүний нөөцийн байдалд хийх дотоод аудитыг хөлбөрийн дагуу гүйцэтгэх” гэж заасныг үндэслэн аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны аудитын менежер А.Д хүний нөөцийн аудит хийжээ.

Аудитын менежер А.Д шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... Хүний нөөцийн аудитаар нийт тус төвийн 27 албан хаагчдаас 22 албан хаагчидтай ганцаарчлан уулзсан. Тэднээс бид өөрсдийн боловсруулсан 11 асуулгаар асуулга авсан юм. Үүнээс хамгийн их анхаарал татсан асуулга нь ялгаварлан гадуурхах, үл хүндэтгэх тохиолдол гарч байсан уу гэсэн асуулгад оролцогчдын 24,2 хувь нь байдаг гэж хариулсан. Асуулгын явцад нэмэлтээр удирдлагын дарамт шахалт их гэсэн хариултыг асуулгад оролцогч нар надад тавьж дээрх 11 асуулгад оруулахгүй байхыг хүссэн. ... Дотоод аудитын явцад шалгалтын нууцтай холбоотой асуудал буюу өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн албан хаагч нарын нэрсийг надад өг гэж Ц.Б дарга бидэнд хэлж байсан. Бид асуулга өгсөн хүмүүсийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг хэлсэн” гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.1.2-т зааснаар дотоод аудитор нь холбогдох албан хаагчтай уулзалт, ярилцлага хийх зэрэг хууль тогтоомжоор олгосон бусад эрхийг эдэлж мөн дүрмийн 6.2.2-т зааснаар аудитын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл хүний нөөцийн аудит хийсэн дотоод аудитор А.Д ажилтнуудтай хийсэн ярилцлага, асуулгын нууцыг /хэн юу гэж ярьсан, асуулгад хэн хэрхэн хариулсан талаар/ задруулахгүй байх, тэр дундаа асуулга өгсөн ажилтнуудад хариуцлага тооцох, тэднийг ажлаас халах эрх бүхий албан тушаалтан болох байгууллагын даргад нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн байна. Иймд нэхэмжлэгч Ц.Б-ы “санал асуулгын дүнг нууцалж байгаа тул их эрсдэлтэй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ц.Б-ы гаргаж өгсөн “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн заалтууд, хөдөлмөрийн гэрээ, аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дотоод журам, байгууллагын ёс зүйн дүрмийг мөрдлөг болгон ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлэн нэг багаар ажиллаж байна” гэсэн 25 хүний гарын үсэг бүхий 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн бичиг нь хүний нөөцийн аудитын үеэр ажилтнуудын өгсөн ярилцлага, асуулгын дүнг өөрчлөхгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ц.Б төрийн үйлчилгээний албан хаагч болохынхоо хувьд зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой, үр дүнгийн гэрээ байгуулах ёсгүй, үр дүнгийн гэрээг 68,1 хувь буюу дутагдалтай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

Аймгийн Ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн дарга нь төрийн үйлчилгээний албан тушаалтан гэдэгтэй хариуцагч, түүний төлөөлөгч маргаагүй. Харин Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга нь төрийн үйлчилгээний албан тушаалтан хэдий ч төсөв захиран зарцуулах эрхтэй болохын хувьд төсвийн шууд захирагчийн хувиар төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулдаг гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлтэй байна.

            Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

... 4.1.38.“төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг”,

16 дугаар зүйлийн 16.4-т “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:

16.4.18.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн”,

40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”

40.3-д “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”,

40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна:

... 40.4.2.хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж заасан. Иймд нэхэмжлэгч Ц.Б аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын хувиар хуваарилсан төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд тул төсвийн шууд захирагчийн хувьд дээд шатны төсвийн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнүүлж буй нь хууль тогтоомжид нийцнэ.

Нэхэмжлэгч өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж гарын үсэг зуран баталгаажуулсан байх ба үр дүнгийн гэрээний үнэлгээнд холбогдуулан гомдол гаргаагүй. Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн төсвийн шууд захирагч Ц.Б-ы үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсаас үзэхэд аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 68,1 хувь буюу дутагдалтай гэж дүгнэсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ыг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн “үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсын эхний 2 хуудаст өгвөл зохих 100 онооноос өгсөн 85 оноо гэсэн байгаа нь үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг төлөвлөсөн ажилтнуудын гаргасан техникийн шинжтэй алдаа байна” гэх тайлбар, нэхэмжлэгчийн “би энэ үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсыг бичээгүй, харин 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсаа бичмэл тайлан хэлбэрээр гаргаж өгсөн” гэх тайлбараас үзэхэд Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн төсвийн шууд захирагч Ц.Б-ы үр дүнгийн гэрээний биелэлтийн илтгэх хуудсын эхний 2 хуудаст өгвөл зохих 100 онооноос өгсөн 85 оноо гэсэн байгааг аймгийн Засаг даргаас өгсөн жинхэнэ үнэлгээ гэж үзэх боломжгүй байна. Харин тус илтгэх хуудсын 3 дахь хуудсын хүснэгт 4-т өгвөл зохих 100 онооноос өгсөн дундаж оноо 68,1, хүснэгт 5-д “D” буюу дутагдалтай хэмээн тэмдэглэсэн байгааг үр дүнгийн гэрээний жинхэнэ үнэлгээ хэмээн үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ц.Б “аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын 2018 оны жилийн үйл ажиллагааны ажлыг дүгнэхэд 26 байгууллагаас манай төв 56.65 хувийн үнэлгээгээр 15 дугаар байранд орсон нь байгууллагын үйл ажиллагааг хэвийн явагдаж байгааг гэрчилж байна” гэж маргасанд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын 2018 оны жилийн үйл ажиллагааг дүгнэхэд 26 байгууллагаас Ахмад настны асрамж үйлчилгээний төв 56.65 хувийн үнэлгээтэй дүгнэгдсэн гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар энэ нь авбал зохих 100 онооноос тус байгууллага 56.65 хувьтай дүгнэгдсэнийг илэрхийлж байна. 26 байгууллагаас 15 дугаар байранд орж ардаа 11 байгууллага орхисон гэдэг нь тус төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг илэрхийлэхгүй, харин тус төвөөс ч хангалтгүй үнэлэгдсэн 11 байгууллага байгааг илтгэж буй хэрэг юм.

Түүнчлэн “Төрийн аудитын газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09/126 дугаартай албан тоотоор зөрчилгүй санал, дүгнэлт авсан” гэдэг нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д “төсвийн шууд захирагч ... жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад ... хүргүүлэх”-ээр заасан.

Аймгийн Ахмадын асрамж, үйлчилгээний төвийн төсвийн шууд захирагч Ц.Б-д Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 09/126 тоот албан бичгээр олгосон “Аудитын гэрчилгээ”-нээс үзвэл төрийн аудитын газар нь тус төвийн 2018 оны жилийн төсвийн гүйцэтгэлд 12 дугаар сарын 31-ний өдрөөрх үйл ажиллагаанд аудит хийсэн байна.

Гэтэл Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 36-01/32 тоот албан шаардлагыг Ахмад настны асрамж үйлчилгээний төв төсвийн жилдээ буюу 2018 ондоо багтаан биелүүлж, зөрчил дутагдлаа арилгасан тул төрийн аудитын байгууллагаас “Зөрчилгүй” санал дүгнэлт өгөх нь зүйн хэрэг. Гэвч энэ нь Ахмад настны асрамж үйлчилгээний төвд зөрчил дутагдал огт гарч байгаагүй гэсний баталгаа болохгүй бөгөөд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг үгүйсгэхгүй юм.

Нэхэмжлэгч Ц.Б “аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд 2018 оны 11-12 сард хийсэн хяналт шалгалтын илтгэх хуудас 2019 оны 02 дугаар сард гарч, 2018 оны 12 дугаар сард тэтгэвэрт гарсан Ч.У дарга 2019 оны 02 дугаар сард илтгэх хуудаст гарын үсэг зурсан тул илтгэх хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа боловч Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр тэмдэглэлээс үзэхэд хяналт шалгалт, дотоод аудитын дүнгийн талаар нэхэмжлэгчид танилцуулсан болох нь ногдогдож байх тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.

Аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй.

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан бөгөөд Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах талаар зохицуулаагүй тул нэхэмжлэгч Ц.Б-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.2-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж тус тус заасныг баримтлан албан тушаалын цалин 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ы Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар ногдуулсан албан тушаалын цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ