Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01356

 

А.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01613 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1519 дүгээр магадлалтай,

           А.Оийн нэхэмжлэлтэй,

           Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдох     

          Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны төвийн хэсгийн ахлагчаар ажиллуулахыг даалгах,  хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

           Хариуцагч гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2013-02-01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд төвийн хэсгийн ахлагчаар 2017-01- 20-ны өдөр хүртэл ажилласан. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга буюу Гачуурт тосгоны захирагч Х.Цэдэнбалтай 2016-01-04-ний өдөр "Хөлсөөр ажиллуулах гэрээ"-г 2016-12-31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан. 2017-01-20-ны өдөр хүртэл ажиллаж байтал захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбат гэнэт 8 хэсгийн ахлагчийг ажлаас халах тушаал гаргасан. Тушаалынхаа хувийг авах гэтэл өгөгүй. Надтай байгуулсан гэрээ 2016-12-31-нд дууссан боловч 2017-01- 20-ны өдөр хүртэл үүргээ гүйцэтгэж байсан. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбат 2017.01.04-ний өдөр хамтран ажиллах хүсэлтэй бол тэр хүсэлтээ бичиж өг гэж хэлсэн. Энэ үед нягтлан н.Сүнжидмаа, нярав н.Айжан, зохион байгуулагч Ц.Алтанцэцэг, архив бичиг хэрэг н.Эрдэнэчимэг, хөгжлийн нийгмийн ажилтан н.Амартайван нар байсан. Би хүсэлтээ бичиж  өгсөн боловч хүсэлт байхгүй гэж 2017.01.04-ний өдөр ажлаас халсан. Бид хуучин Засаг дарга Х.Цэдэнбалтай хөлсөөр ажиллах гэрээг 2017.01.07-ны өдрөөс 2017.12.31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан, гэрээг хүчинтэй гэж үзэж байна. Х.Цэдэнбал дарга 2017.01.19-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд ирж түүнээс тамга хурааж авахдаа намайг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Гэтэл 2017.01.20-ны өдөр зохион байгуулагч н.Алтанцэцэг ажлаас халсан захирамж гарсан гэж хэлсэн. Тэгээд 2017.01.23-ны өглөө Д.Отгонбат даргатай уулзахад "Өөрийнхөө сонгуулийн сурталчилгаа хийж явсан хүмүүстэй хамтарч ажиллах учраас өрөөгөө суллаж өг" гэсэн хариу өгсөн. Шинэ, хуучин Засаг дарга нарын хоорондын зөрчилдөөнөөс иргэн хохирох ёсгүй гэж үзэж байна. Миний бие гэрээний хугацаа дууссан ч ажил, үүргээ гүйцэтгэж байсан учир гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна. Хэсгийн ахлагчийн урамшуулал сард 288 000 төгрөг байсан Засаг даргын захирамжаар 2017 оны 1 сараас эхлэн 360 000 төгрөг болсон. Ажил, үүргээ гүйцэтгээгүй үеийн урамшууллыг сарын 360 000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна. Би хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй, хөлсөөр ажиллах гэрээтэй байхад ажлаас  халсан тул  ажилд эгүүлэн тогтоолгож, 2017.01.20-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх  урамшуулал 1.071.652 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. А.Оийг Гачуурт тосгоны захирагчийн 2013-02-01-ний өдрийн 15 дугаар захирамжаар төвийн хэсгийн ахлагчаар томилжээ. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015-10-30-ны өдрийн 30/24 дүгээр тогтоолоор "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-ыг хавсралтаар батлагдаж, 2016-01-01-ний өдрөөс мөрдөхөөр заасан. Тус журмын 1.4-д "Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харъяа дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны засаг даргын Тамгын газартай гурвалсан гэрээ буюу хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана", 7.1-д "дүүргийн Засаг даргын Тамгын газар хороодын Засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцон олгоно" гэж тус тус заасан байна. 2016-01-04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, 5 дугаар хэсгийн ахлагч А.Отэй Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2016-01- 04-ний өдрөөс 2016-12-31-ний өдрийг хүртэл гэрээ байгуулсан. Засгийн газрын 1995-02-14-ний өдрийн 23-р тогтоолоор Баянзүрх дүүрэгт нэгтгэн харьяалуулсан Гачуурт дүүргийг тосгоны зохион байгуулалттай ажиллуулахаар тогтоож, Гачуурт тосгоны хувьд түүний оршин байгаа тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга тосгоны захирагч байх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Иймд Гачуурт нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо төдийгүй тосгоны зохион байгуулалтын дагуу тусдаа төсөвтэй, ажлын албатай, тосгоны захирагч бие дааж гэрээ байгуулсан байдаг. Гачуурт тосгоны захирагчийн 2017 оны Б/01-р захирамж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23.6-р хөлсөөр ажиллуулах гэрээбайгуулнэ.  Шар хоолойн хэсгийн ахлагч А.Оийг хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017-01-20-ны өдрөөс чөлөөлсөн. Хөлсөөр ажиллах гэрээнд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхгүй. Иргэний хуулийн 360.1, хөлсөөр ажиллах гэрээний 6.1-р урамшуулал олгохоос биш  олговор төлөх үндэслэлгүй. Гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээг 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал байгуулсан бөгөөд Х.Цэдэнбалыг дүүргийн Засаг даргын 2016 оны Б/43 дугаар захирамжаар огцруулж, 2017 оны Б/01 дүгээр захирамжаар Д.Отгонбатыг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Гэтэл Х.Цэдэнбал 2017-01-19-ний өдөр хүртэл тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүй. 2017-01-20-ны өдөр тамга тэмдгийг авснаар А.Оийг 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан учир ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн хөлсөөр ажиллуулах боломжгүй тухайгаа мэдэгдсэн болно. А.Отэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсноор хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон, нэгэнт ажиллаагүй хугацааны урамшуулалыг өгөх  үндэслэлгүй. Цаашид хөлсөөр ажиллуулах боломжгүй гэдгийг ч мэдэгдсэн. Цаашид жиллах тухай нэхэмжлэгчийн хүсэлт  ажлын албанд хадгалагдаагүй. Үүрэг гүйцэтгэгчийн 2017.01.04-ний өдөр гаргасан гэх захирамж байхгүй. 2017.01.20-ны өдөр хорооны тамга, тэмдгийг хуучин Засаг даргаар ажиллаж байсан Х.Цэдэнбалаас хураан авснаар Гачуурт тосгоны үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлэх боломжтой болсон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01613 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний дагуу А.Оийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны төвийн хэсгийн ахлагчаар ажиллуулахыг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид даалгаж, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн ажлын албанаас 998 182 төгрөг гаргуулан А.Оэд олгож, нэхэмжлэлээс 73 470 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар  А.Оээс 30 270 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 28 507 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 03-ны өдрийн 1519 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо:  Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359.1-р хөлсөөр ажиллуулах гэрээ гэж зөв дүгнэсэн атлаа  олговрыг Иргэний хуулийн 219.1-д зааснаар хохирол учирсан гэж үзэж, гаргуулсан  нь Иргэний хуулийн 360.1-г зөрчлөө. Иргэний хуулийн 219.1-д үндсэн үүрэг, нэмэлт үүргээ 2 талт гэрээний аль тал нь биелүүлээгүйгээс бодит хохирол учирсан тохиолдолд харилцан биенээсээ шаардах эрхийн тухай ойлголт юм. Тухайлбал, хөлсөөр ажиллагчийн зүгээс ажлаа гүйцэтгэсээр байтал ажиллуулагч тал хөлс төлөхгүй байгаа тохиолдолд үүргээ гүйцэтгэж, хөлс төлөхийг шаардах, нэмэлтээр хөлсөө тодорхой хадгаламжид хийдэг бол хүүний орлого олох ёстой байсан гэж учирсан хохирлоо давхар нэхэмжлэх тохиолдолд хэрэглэх боломжтой. Гэтэл шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллуулахаас татгалзсан гэж үзэж, урамшууллыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 366.1-д заасны дагуу гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан боловч хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдсэнийг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан дээрх гэрээг эрхгүй этгээд гэрээ байгуулсан нь хангалттай нотлогдож байхад шүүх буруу дүгнэлт хийлээ. Иймд шийдвэр, магадлалыг  хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

        А.О 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны төвийн хэсгийн ахлагчийн ажилд тогтоолгох, 2017.01.20-ны өдрөөс 2017.05.08-ны өдөр хүртэлх хугацааны урамшуулал 1.071.652 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. 

       Хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчаас А.Оийн нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. /хх 12-14/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

        Шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       А.О нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчтай 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл “төвийн хэсгийн ахлагч”-аар  ажиллах, сарын 288.000 төгрөгийн урамшуулал авах талаар тохиролцсоноос үзвэл зохигчид хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.

       Зохигчдын  хооронд байгуулагдсан гэрээний  хугацаа  2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуссан боловч  нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажил, үүргээ гүйцэтгэж, хөлс авч байсан нь тогтоогдсон байна.

         Гэрээний хугацаа дуусгавар болсон ч нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэсээр байсан тул гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ. 

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

        Зохигчид хөлсөөр ажиллах гэрээний хугацааг цаашид харилцан тохиролцож тогтооход энэ тогтоол саад болохгүй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/01613 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1519 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ