Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 127

 

 

Д.Г, Б.Т, Э.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Д.Г, Б.Т, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Н.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 403 дугаар магадлалтай, Д.Г, Б.Т, Э.Э нарт холбогдох 2008027721541 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Тийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Г

 

Монгол Улсын иргэн 1968 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,  Булган аймгийн Тэшиг сум Шинэ нисэх 803Б тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Э

 

Монгол Улсын иргэн 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, судлаач мэргэжилтэй, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 1 дүгээр хороо 12-01 тоотод оршин суух хаягтай, одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо 46 дугаар байрны 56 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Т

 

Шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нар нь бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /эр бодгаль/-н түүхий эд болох арьс, толгойг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27-93 УБЛ улсын дугаартай Хюьндай Старикс /Hyundai starex/ маркийн авто машинаар тээвэрлэсэн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хадгалж, хүрээлэн буй орчинд 6.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Тэд холбогдох гэмт хэргээс “ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Д.Г, Э.Э нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай, шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Э.Эыг Булган аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Тийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нарт тус бүр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 2.166.667 төгрөг, Э.Эаас 2.166.667 төгрөг, Б.Тээс 2.166.666 төгрөг тус тус гаргуулж, Төрийн сан (Байгаль орчин, аялал жуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-д олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Э.Э нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Гас 1.750.000 төгрөг, Э.Эаас 1.750.000 төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 150.000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн Д.Гас 50.000 төгрөг, Э.Эаас 50.000 төгрөг, Б.Тээс 50.000 төгрөг тус тус гаргуулж, Экологийн цагдаагийн албанд олгож,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт 4 ширхэг сарвуу болон 1 ширхэг толгой бүхий хүрэн баавгайн /эр бодгаль/ арьс 1 ширхгийг зохих хэрэгцээнийх нь дагуу ашиглуулахаар Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нар цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 19-ний өдрийн 403 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын    “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 2.166.667 төгрөг, Э.Эаас 2.066.667 төгрөг, Б.Тээс 2.166.666 төгрөг тус тус гаргуулж, Төрийн сан (Байгаль орчин, аялал жуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-д олгосугай. ...” гэснийг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 4.333.334 төгрөг, Э.Эаас 4.333.333 төгрөг, Б.Тээс 4.333.333 төгрөг тус тус гаргуулан Төрийн сан (Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-гийн 100900013040 тоот дансанд оруулсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Б.Т миний бие 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №2022/ШЦТ/190 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд: ... хэт яллах талыг барьсан, нотлох баримтад тулгуурлан үнэн зөв дүгнэлт хийгээгүй, “баавгайн арьсыг хадгалсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагч Д.Гантулгын мэдүүлэг, яллагдагч Э.Эын мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дүгнэсэн нотлох баримтыг бүрэн гүйцэт талаас үнэлж дүгнээгүй, эргэлзээтэй зөрүүтэй мэдүүлгүүд байсаар байтал нотлох баримтыг бүрэн гүйцэт дүгнэлгүйгээр гэм буруутайд тооцож шүүхээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан нь энэхүү зүйл ангид заасан хамгийн хүнд төрлийн ял буюу ажил, хөдөлмөр эрхлэх, гэр бүлээ тэжээн тэтгэх зэргээр амьдрал ахуйд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа болно. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад яллагдагч Д.Г, Э.Э нар нь анхнаасаа баавгайн арьс гэдгийг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй, цүнхтэй зүйл олоод Б.Т рүү утсаар ярьж хөдөөнөөс юм ирсэн юмаа, хадгалах амбаар сав байна уу гэж асуусны дагуу Б.Т хадмынхаа хашааг зааж өгсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Б.Тийг эхнээсээ баавгайн арьс гэдийг мэдэж байсан байна” гэж таамгаар дүгнэсэн нотлох баримтад тулгуурлаж хэргийг шийдэлгүйгээр надад ял шийтгэлийг хүчээр халдааж миний эрхийг хохироож байна. Мөн энэхүү баавгайг хэн алсан, хаанаас авчирсан, олсон, хэнээс хэн худалдаж авсан эсэхийг тогтоож шалгаагүй байж зөвхөн хадгалсан байна гэдгээр нь яллаж байгаа нь ойлгомжгүй, гэмт хэргийн эх сурвалж, санаа зорилго зэргийн нарийн шалгаж тогтоогоогүй, үнэхээр миний бие хадгалсан байсан бол надад ямар нэгэн санаа зорилго байх байсан, худалдаж авах ч юм уу, зарж борлуулахаар завдах ч юм уу гэдэг талаас нь огт шалгаж тогтоогоогүй, дүгнэлт хийлгүйгээр яллаж байгаад гомдолтой байна. Миний бие Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд ажил хөдөлмөр эрхэлдэг, ажлын шаардлагаар сард 1-2 удаа хөдөө албан томилолтоор явдаг, шүүхээс ял шийтгэл оногдуулсантай холбогдуулан цаашид ажлын шаардлагаар хөдөө гадаа явах, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсч миний эрх зүйн байдлыг маш ихээр дордуулж байна. Мөн манай хүү Т.Бэлгүтэй нь Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 8-2 ангид сурдаг, хүү Т.Халиун мөн сургуулийн 7-8 ангид сурдаг, өвөө, эмээ дээрээ байдаг ба 7 хоногт 1-2 удаа үр хүүхдээ эргэж тойрч зөөдөг. Миний энэхүү дээр дурдсан амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дэх хэсэгт “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” байдлыг харгалзан үзэж 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №2022/ШЦТ/190 тоот шийтгэх тогтоолын Б.Тэд 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсныг өөрчлөн торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг миний бие төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Н.Нямдорж шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байгаа. Б.Тэд холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагыг хүнддүүлж оногдуулсан гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Тэд 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Энэ нь миний үйлчлүүлэгчийн хувийн нөхцөл байдал, амьдрал, эрх ашигт нь ноцтой, хохиролтойгоор тусгагдсан эрүүгийн хариуцлагын төрөл гэж үзэж байна. Б.Т нь хүрэн баавгайн арьс хадгалсныг анхнаасаа өөрөө хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээгүй байсан учраас хамаатныхаа амбаарт хадгалсан гэдэг тайлбарыг хэлдэг. Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй мэт тайлбарыг өгч байгаа юм шиг харагдаж байгаа боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас Б.Тэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд зааснаар сольж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. Б.Т нь Залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хашдаг. Энэ ажлаараа хөдөө орон нутагт байнга ажиллах шаардлага гардаг. Хоёр хүүхэд нь эмээ, өвөө дээрээ амьдардаг. Долоо хоног бүр хоёр хүүхдээ нааш, цааш нь зөөх ажлын болон амьдралын шаардлага байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял зохимжгүй юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5, 6.7 дугаар зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэн хянан харгалзах ялаар сольж өгнө үү” гэв.

 

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хэрэг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Г, Б.Т, Э.Э нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэж байгаа. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа ямар үндэслэлээр тэдгээрийн оршин суух газрыг өргөн хүрээгээр тайлбарлан аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрээр хязгаарлан үүрэг хүлээлгэсэн нь ойлгомжгүй. Энэ талаар дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнийг оршин суух газраас явахыг хориглох үүрэг хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж ямар нэгэн хоёрдмол утгагүй хуульчилсан байна. Мөн Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчилсан. Хуулийн зохицуулалт нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг тодорхойлсон заалттай бүрэн нийцэхгүй буюу хадгалсан, тээвэрлэсэн үйлдлийн шинжийг хамруулаагүй гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх Амьтны тухай хуулиар зохицуулаагүй үйлдлээр төсөөтэй хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хоёр дахин өсгөн байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг багасгах, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, оролцогчийн гаргасан гомдлыг хүчингүй болгож өгнө үү” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Тийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Г, Б.Т, Э.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2. Шүүгдэгч Б.Т нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо  “... Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” байдлыг харгалзан үзэж ... зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсныг өөрчлөн торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.

 

Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдэгт гэмт этгээд өөрийн үйлдэж буй гэмт хэргийн бодит мөн чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг буруугаар ойлгон төсөөлж үйлдсэнийг ойлгоно.

 

Тодруулбал, шүүгдэгч нь тухайн зүйлийг баавгайн арьс гэж мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл хуулиар хориглоогүй ямар нэгэн өөр зүйлтэй андуурснаар гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлаагүй (“actus non facit reum, nisi mens sit rea” буюу “гэм буруугийн ухамсар байхгүй бол гэм буруутай гэж үзэхгүй”) тохиолдолд дээрх хуулийн зохицуулалт үйлчилнэ.  

 

Шүүгдэгч Д.Гас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу яллагдагчаар авсан мэдүүлэгт “Хүрэн баавгайн арьс гэдгийг Т мэдэж байсан, хамгийн сайн мэдэж байгаа. Надаас тухайн үед “ганцаараа байсан” гээд мэдүүлэг өгчих гээд байхаар нь л тэгээд хэлсэн. Э анх арьс үзүүлэхдээ  “гавал нь арьстайгаа үргэлж” гэж надад хэлж байсан. Цагдаад хураагдсаны дараа би харахад гавал нь арьснаасаа салсан байна лээ. Тэгэхээр Т тэр арьсыг өвчиж салгасан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 229-230 дахь тал), 2020 оны 12 дугаар сарын    05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “миний ээж Даариймаа гэж хүний төрсөн дүү Цогзолмаа гэж хүний охины хүүхэд буюу миний үеэл Т над руу яриад гэрт байсан баавгайн арьсыг цагдаа нар олоод хураачихлаа ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дахь тал), гэрч Ц.Ундрахын “... түүний найз залуу Б.Т гэх залуугийн авчирсан хүрэн баавгайн арьс, сарвуу, гавалын яс юм шиг байна лээ. Яг жинхэнэ эзэн нь гэж Б.Тийн хамаатны ах байдаг юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал), 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 19-23 дахь тал) болон бусад нотлох баримтын эх сурвалжаас үзэхэд шүүгдэгч Б.Тийн нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх тайлбарыг үгүйсгэж байна.   

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солихыг хүссэн шүүгдэгч Б.Тийн гомдлыг хангах боломжгүй гэж үзнэ. 

 

3. Анхан шатны шүүхээс “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 2.166.667 төгрөг, Э.Эаас 2.066.667 төгрөг, Б.Тээс 2.166.666 төгрөг тус тус гаргуулж, төрийн сан (Байгаль орчин, аялал жуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-д олгосугай. ...” гэснийг давж заалдах шатны шүүхээс   “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 4.333.334 төгрөг, Э.Эаас 4.233.333 төгрөг, Б.Тээс 4.333.333 төгрөг тус тус гаргуулан Төрийн сан (Байгаль орчин, аялал жуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-гийн 100900013040 тоот дансанд оруулсугай. ...” гэж өөрчилж  шийдвэрлэжээ.

 

Хүрэн баавгай нь  Монгол Улсын  Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад  зааснаар ховор амьтанд хамаарах бөгөөд Засгийн газрын  2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г үндэслэн нас гүйцсэн хүрэн баавгайг 6.500.000 төгрөгөөр үнэлэгддэг.

 

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно”,  37.3 дахь хэсэгт “... амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан ... этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна ...” гэж тус тус хуульчилсан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

 

Дээрхээс дүгнэвэл хохирлыг хоёр дахин өсгөн тогтооход ан амьтныг агнасан, барьсан, худалдсан, худалдан авсан, цуглуулсан, гадаадад гаргахыг завдсан үйлдлүүд хамаарах ба харин шүүгдэгч Д.Г, Б.Т, Э.Э нарын ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл нь хохирлыг хоёр дахин нөхөн төлүүлэх дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байх тул хүрэн баавгайн үнийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг  зөв шийдвэрлэсэн байна.  

 

Тодруулбал, шүүгдэгч Д.Г, Э.Э Б.Т нар нь 2020 оны  03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгайн түүхий эд болох арьс, толгойг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, шүүгдэгч Д.Г, Э.Э нар нь бүлэглэж ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгайн түүхий эд болох арьс, толгойг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27-93 УБЛ улсын дугаартай Хюьндай Старикс /Hyundai starex/ маркийн авто машинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

5. Харин шүүх шүүгдэгч Д.Г, Б.Т, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Нийслэл болон аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

 

Иймд шүүгдэгч Д.Гантулгыг оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Э.Эыг Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Б.Тийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Тийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

7. Анхан шатны шүүхийн тогтоолын 11 дэх талын 5 дахь заалтад   “... зуучлалын яамны ...” гэж үг үсгийн алдаа гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь :

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 403 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Г, Б.Т, Э.Э нарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Гантулгыг өөрийн оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд, шүүгдэгч Э.Эыг Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаанд, шүүгдэгч Б.Тийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хязгаарласугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

 

           

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                       

                                                                        Б.ЦОГТ

 

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН