Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Нямдорж,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Адалбек нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г, Б.Т, Э.Э нарт холбогдох 2008027721541 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн 1966 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Орбит ** гудамж ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овгийн Д-ийн Г, регистрийн дугаар: *********,

2. Монгол Улсын иргэн 1968 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, цэргийн байнгын тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Т сум Шинэ нисэх *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Э-ийн Э, регистрийн дугаар: **********.

3. Монгол Улсын иргэн 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, судлаач мэргэжилтэй, М ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо *** оршин суух албан ёсны хаягтай, одоо Баянгол дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Баяраагийн Т, регистрийн дугаар: **********.

Холбогдсон хэргийн талаар :   

Шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нар нь бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /эр бодгаль/-ын түүхий эд болох арьс, толгойг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт **** УБЛ улсын дугаартай Хюьндай Старикс /Hyundai starex/ маркийн авто машинаар тээвэрлэсэн, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Хайрханы ** дүгээр гудамжны ** тоотод хадгалж, хүрээлэн буй орчинд 6,500,000 /Зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн бодит хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох :

1.Гэмт хэргийн нотлогдсон байдал :        

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч Д.Г, Э.Э нар нь бүлэглэж, тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт  “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /эр бодгаль/-н түүхий эд болох арьс, толгойг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** УБЛ улсын дугаартай Хюьндай Старикс /Hyundai starex/ маркийн авто машинаар тээвэрлэсэн, мөн   

Шүүгдэгч  Д.Г, Э.Э, Б.Т нар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт  “Ховор амьтны жагсаалт”-ын 1 дэх хэсгийн 1.6-д заасан ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгай /эр бодгаль/-н түүхий эд болох арьс, толгойг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Хайрханы ** дүгээр гудамжны ** тоотод байрлах байшингийн амбаарт хадгалсан болох нь:          

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Хайрханы *** тоотод 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр баавгайн арьс зарах гээд байна... гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/,    

- хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Хайрханы ** тоотод...Баавгайн арьс байсан гэх газрыг 3 гэж дугаарласан...Уг арьсны доод хэсэгт хоншооргүй баруун хэсэгтээ хатсан махны үлдэгдэлтэй гавлын яс /ямар амьтны болох нь тодорхойгүй/ байсныг хамтаар газарт гарган үүдний амбаарын баруун талд зүлгэн дээр дэлгэн байрлуулсан. /дээрх хураан авсан хар хүрэн өнгийн үстэй хатсан байдалтай арьс нь 4 савартай байх ба өөр содон зүйлгүй/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 19-23 дахь тал/,   

- гэрч Д.Г-ы...2020.09.01-нд хамаатны дүү Ундрах намайг Сонгинохайрхан дүүргийн Хайрханы *** тоот хашаа байшинг хараад өгөөч өөрсдөө бүгд зуслангийн байшин барих ажилтай гэхээр нь би гэрийг нь харж байгаа. Тэгтэл экологийн цагдаагаас хоёр энгийн хувцастай цагдаа нар ирээд танай гэрт баавгайн арьс байгаа мэдээлэл ирсэн гээд манай дүүгийн байшингийн арын агуулахад ороод 4 савартай, хар хүрэн үстэй баавгайн хатсан арьс, гавлын яс зэргийг гаргаж ирээд цагдаагийн бүрэлдэхүүнийг дуудсан би энэ арьс гавлын ясны талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,

- гэрч Ц.У-ын...Би 2003 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн **-р хороо Хайрхан *** тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Миний хөл муу тул энэ өвөл өөр газар байранд өвөлжсөн, гэртээ хааяа очдог болсон. Тэр үед манай гэрийг манай хамаатны ах Д.Г харж өгдөг байсан. Яг үнэндээ би энэ баавгайн арьсны талаар огт мэдэхгүй тухайн үед цагдаагаас залгахад мэдсэн тэгээд өөрийн төрсөн дүү Ц.Э руу залгаж асууж тодруулсан...Тэгтэл түүний найз залуу Б.Т гэх залуугийн авчирсан хүрэн баавгайн арьс, сарвуу, гавлын яс юм шиг байна лээ...Яг жинхэнэ эзэн нь гэж Б.Т-ийн хамаатны ах байдаг гэж Э надад утсаар хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,  

- гэрч Ц.У-ын...Би лагер дээр байхад Т хамт байсан гэдгийг мэдүүлэгтээ хэлсэн...Т гар утсаараа ярьж дууссаны дараа хамаатны ах олсон гэсэн, тэгээд танай байшинд аваачиж тавьсан гэдэг зүйлийг надад хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал/,   

- гэрч Ц.Э-гийн...2020 оны өвөл гадуур Т-тэй машинд хамт явж байхад хамаатны ах нь гэх хүн Т рүү залгахад утсаа аваад ярьж дууссаны дараа надаас “манай хамаатны ах нэг юм тавих хэрэгтэй гэнээ эгчийнд чинь аваачаад тавьчих уу” гэхээр нь удахгүй юм уу гэхэд гайгүй байх аа гэж хэлэхээр нь тэг гэж хэлсэн. Яг юу болох талаараа хэлээгүй...Т намайг эгчийнд нэлээн хэдэн удаа намайг хүргэж өгч байсан болохоор эгч У-ын гэрийг мэддэг учраас зааж өгсөн байх. 2020 оны 09 сард цагдаа нар эгчийн гэрээс арьс хураасны дараа эгч У над руу залгаад тэр Т-ийгээ ол, цагдаагаас дуудаж байна гэхэд нь л хамаатны ах нь эгчийн гэрт баавгайн арьс аваачиж тавьсан талаар мэдсэн...Би Г гэж хүний дугаарыг нь аваад У эгчид өгсөн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-46 дахь тал/,

- шинжээчийн дүгнэлт: ...1. Шинжилгээнд ирүүлсэн амьтны хатаасан сарвуу бүхий бүтэн арьс, гавал яс нь шинжилгээнд тэнцэх ба хүрэн баавгай /ursus arctos/-н нэг бодгаль амьтныг болохыг тодорхойлов. 2. Шинжилгээнд ирүүлсэн амьтны арьс, сарвууны морфологи хэмжээнээс үзэхэд бие гүйцсэн, эр бодгалийнх байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн амьтны арьс, сарвууны морфологи хэмжээг гавал ясны хэмжээтэй харьцуулж үзэхэд нэг бодгалийнх байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн арьсанд хэд хэдэн нүх байгаа нь буудаж агнасан байх боломжтой байна. Агнасан гэх хугацаа 2019 оны хавраас намрын улиралд хамаарна. 5. Шинжилгээнд ирүүлсэн гавал ясны зөөлөн эд хатаж, хуршсан байна. Арьсыг давсаар шүүрдэж хатаасан байна. 6. Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох “Ховор амьтны жагсаалт”-д зааснаар ховор зүйл. Мөн хүрэн баавгай нь Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн байдаг. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг байна.../1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,

- Д.Г яллагдагчаар 2020.12.05-ний өдрийн өгсөн...Миний үеэл Т над руу яриад гэрт байсан баавгайн арьсыг цагдаа нар очоод хураачихлаа та цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөч гэхээр нь за гэсэн. Ингээд юу гэж хэлэх талаараа ярилцаад “нэг баавгайн арьс олоод Тийн хадмын хашаанд аваачаад тавьсан" гэж хэлэхээр тохиролцсон юм. Тийм учраас цагдаа дээр ирээд арьсыг олсон гэж хэлсэн. Т хуучин Ардчилсан залуучуудын холбоо гэж байхад ажиллаж байсан юм, тийм учраас орон нутгийн сонгуулийн үеэр надаас гуйхаар нь би цагдаа дээр очоод мэдүүлэг өгөхдөө эзэнгүй баавгайн арьс олоод би хадмынх нь гэрт аваачсан юм гэж мэдүүлэг өгсөн. Одоо хаана байдгийг нь мэдэхгүй байна, цэргийн танил Э надтай уулзаад нэг баавгайн арьс байна, яах уу гэхээр нь наад баавгайн арьс чинь хэл ам дагуулна бөөн юм болно оо зарж үрж болохгүй ээ гэхэд одоо яах юм вэ гээд байхаар нь Т-тэй утсаар холбогдоход манай нэг хадмын хашаа байгаа гэхээр нь би тэнд өөрийн машинтай аваачиж тавьсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, Т зарж үрэх гэж байгаад л цагдаад баригдсан юм шиг байна лээ би тухайн үед болохгүй бол зохих газарт өгөөрэй гэж хэлээд орхисон...Мөн Тийн хашаанд үлдээгээд болохгүй бол зохих газарт нь өгөөрэй гэж Э-ад хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

- Д.Г яллагдагчаар 2021.01.20-ны өдрийн дахин өгсөн... Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө зарим нэг зүйлийг тодорхой хэлээгүй орхигдуулсан. Цагдаагийн байгууллагаас анх намайг дуудаж мэдүүлэг авах үед баавгайн арьс, толгойг олсон гэж мэдүүлэг өгсөн. Би мэдүүлэг өгсний дараа Э-тай утсаар холбогдож би ганцаараа баавгайн арьсыг олсон гээд хэлчихсэн шүү, чамайг энэ хэрэгт байгаагүй гээд мэдүүлэг өгсөн, чи яах юм вэ гэхэд за за би ойлголоо эргээд холбогдъё гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацаанд чимээгүй болсны дараа Э руу би залгахад гар утасны дугаараа авахгүй өөдгүй зан гаргасан. Э-тай би Булган аймгийн Т сумын Хилийн цэргийн *** дугаар ангид хамт ажиллаж байсан. Э 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр над руу миний 8825*** гэсэн дугаарын гар утас руу 9934-*** дугаарын гар утаснаас залгаад би хөдөөнөөс ирчихсэн байгаа, надад баавгайн арьс байна үүнийг тавьчих газар байна уу гэхээр нь Т гээд хамаатны дүү рүү залгаад танай хашаанд нэг юм аваачаад тавьчихъя болох уу гэхэд тэг гээд эхнэрийнх нь хамаатны хашаанд Э-ын хамтаар аваачиж тавьсан. Анх мэдүүлэг өгөх үедээ Э-ын арьс болох талаар хэлээгүй юм тухайн үед намайг олсон гээд хэлчих гэж Т хэлэхээр нь тэгж хэлсэн. Э хаанаас авсан хэнээс авсан алсан эсэх талаар юу ч яриагүй...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал/,  

- Д.Г яллагдагчаар 2021.06.03-ны өдөр дахин өгсөн...Хилийн цэргийн *** дугаар ангид хамт ажиллаж байсан Э гэдэг хүн 2020 оны 3 дугаар сард цагаан сарын дараа над руу гар утсаар яриад цүнхтэй арьс байгаа,  тавьчих газар байна уу гэхээр нь Баянхошууны тойргийн автобусны буудал дээр би Э-тай уулзах гэж өдөр 14 цагийн орчим очсон. Би тойрог дээр очиход Э ганцаараа цүнх барьчихсан зогсож байсан, машинд сууснаа үүнийг тавьчих газар байна уу гэж асуусан. Би хамаатны дүү Т рүү залгаад хадмынх чинь хашаатай билүү гэж асуухад байгаа гэхээр нь хөдөөнөөс ирсэн хүний цүнхтэй юм тавьчихъя гэхэд тэг гэж хэлсэн. Баянхошуунаас Э-тай хөдлөөд 10 дугаар хороолол орж Т-ийг аваад хадмынд нь очсон. Бид гурав миний машинтай хадмынх нь гээд Зүүн салаанд байрлах хашаа байшинд очсон. Хашаа байшинд очоод намайг дотогшоо ороод цай уу гэхээр нь ороод цай ууж байхад Э, Т хоёр тэр цүнхтэй юмыг оруулсан байна лээ. Арьсыг тавьчихлаа гээд бид гурав удалгүй тэндээс гарсан. Т тэндээ үлдсэн, би Э-тай гараад Э-ыг автобусны буудал дээр буулгаад би гэр лүүгээ явсан...2020 оны 09 дүгээр сард цагдаагаас намайг дуудсан. 2020 оны 09 дүгээр сард Т над руу яриад цагдаа нөгөө арьсыг чинь хураачихлаа цагдаа таныг дуудаад мэдүүлэг авах байх, би сонгуулийн ажилтай явна та олсон барьсан гэдэг ч юм уу аргалж байгаад мэдүүлэг өгөөдөх, би ямар ажилд томилогдох гээд байгаа ч гэлээ тэгэхээр нь цагдаа дээр ирж худлаа мэдүүлэг өгсөн юм. Э над руу анх залгахдаа цүнхтэй юм тавимаар байна гэж хэлсэн ингээд би очоод уулзахад “арьс” байсан, тэрний дараа айлд аваачиж тавихад  баавгайн арьс болох талаар мэдсэн. Би баавгайн арьс гэдгийг мэдээд Т рүү дараа залгаад наад арьс чинь асуудал болно шүү, тэр өгдөг газар байвал тэр газарт нь өгөөрэй /цагдаад өгөөрэй гэдэг утгаар/ гэж хэлсэн...Би Э-тай уулзсан газрыг зааж өгч чадна...Хүрэн баавгайн арьс гэдгийг Т мэдэж байсан, хамгийн сайн мэдэж байгаа. Надаас тухайн үед ганцаараа байсан гээд мэдүүлэг өгчих гээд байхаар нь л тэгээд хэлсэн. Э анх арьс үзүүлэхдээ гавал нь арьстайгаа үргэлж гэж надад хэлж байсан цагдаад хураагдсаны дараа би харахад гавал нь арьснаасаа салсан байна лээ, тэгэхээр Т тэр арьсыг өвчиж салгасан байх гэж бодож байгаа...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 229-230 дахь тал/,         

- Д.Г яллагдагчаар 2021.10.20-ний өдөр өгсөн...тухайн үед Э нь цүнхтэй зүйлийг надад үзүүлээд энийг айлд тавимаар байна гэж хэлсэн юм, үүний дагуу би Т рүү утсаар ярьж байгаад гэрээс нь Э бид хоёр очиж авсан. Тэгээд Сонгинохайрхан дүүрэгт байх тэр хашаанд аваачиж тавьсан. Баавгайн арьс байсан гэдгийг сүүлд цагдаа нар шалгаж мэдсэн...гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 126 дахь тал/,

- Д.Г 2021.07.23-ны өдөр шүүгдэгчээр өгсөн...Э-тай уулзсан, цүнхтэй зүйлээ бариад машинд суусан...Тэгээд Т-ийнд очсон...Би юу байгаа юм гэхэд баавгайн арьс байгаа, тэгж байгаад авна гэсэн...Т цүнхтэй зүйлсийг задалж үзсэн гэсэн...Баавгайн арьсыг хориотой гэж мэднэ...Тийн хашаанд тавьснаас хойш 2-3 хоногийн дараа мэдсэнээс хойш би бие өвдөөд босч чадахгүй байсан тул Т-ийг учрыг олж гэж гуйсан...Э-ыг утсаар ярихад баавгайн арьсаа ав, авахгүй бол зохих газарт өгнө гэж хэлсэн...Тухайн үед Т сонгуулийн ажилтай, намайг очоод баавгайн арьс олсон гэж мэдүүлэг өгчих гэсэн...Би нуугаагүй, Э-ын талаар мэдүүлсэн...тухай мэдүүлэг /2хх-31-33/,

- Б.Т-ийн яллагдагчаар өгсөн...2020 оны 03 дугаар сард Г ах миний гар утас руу залгаад...гэр хороололд байдаг таньдаг айл байна уу, юм аваачиж тавьчхаад удахгүй авъя...” гэхээр нь тэгье, Сонгинохайрхан дүүрэгт манай хадмынх байдаг шүү дээ гэж хэлсэн чинь хаана байгаа юм тэнд чинь аваачаад тавья гэхээр нь би 10 дугаар хороололд байна гэж хэлсэн...Г ах 10 дугаар хорооллын гадна ирээд намайг, унаж явсан машинд суугаад хадам эгч У-ын гэр рүү хөдөлсөн. Тухайн үед Г ах нэг настайвтар, танихгүй хүнтэй явж байсан. Ингээд Ундрахын гадаа очоод машиныхаа араас шуудайтай зүйл гаргаж ирээд байшингийн амбаарт хийчихгүй юу гэж хэлсэн, тухайн үед Г ах хамт явсан хүнийхээ хамтаар амбаар руу оруулах гээд орсон...гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал/,  

- шүүгдэгч Б.Т-ийн...би тухайн хадам эгчийн байшинд юм тавиулахад  арьс гэдгийг мэдсэн, харин баавгайнх гэдгийг мэдээгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

- шүүгдэгч Э.Э-ын...би тэр цүнхтэй зүйлийг олсон, олоод өшиглөж үзэхэд арьс болохыг мэдсэн...Тэгээд найз Г-ыг дуудаж, машинд нь хийгээд, Г-ын дүүгийн заасан газарт хамт очиж, үлдээсэн тухай мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :        

Шүүгдэгч Д.Г, Э.Э нар нь бүлэглэж, хууль бусаар ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг тээвэрлэсэн, мөн шүүгдэгч  Д.Г, Э.Э, Б.Т нар бүлэглэн хууль бусаар ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг хадгалсан болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:                   

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.  

2020.09.03-ны өдөр гомдол, мэдээлэл хүлээн авч, шалгах хугацааг 2020.09.22-ны өдөр хүртэл сунгасан /1хх-11-13/, 2020.09.22-ны өдөр хэрэг нээсэн, хугацаа сунгасан /1хх-08-10/, мөн гомдол мэдээллийг анх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч шалгасан, улмаар тодорхой ажиллагаа явуулсны дараа гомдол мэдээллийг харьяаллын дагуу Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн, тус албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан /1хх-11, 14, 16, 18/ энэ хүрээнд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон байх /1хх-25/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.     

2.2. Шүүгдэгч Д.Г, Э.Э нар бүлэглэж, хууль бусаар ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг тээвэрлэсэн, мөн шүүгдэгч  Д.Г, Э.Э, Б.Т нар бүлэглэн хууль бусаар ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг хадгалсан гэм буруугийн санаатай хэлбэр, тухайн гэмт санаагаар санаатай нэгдэж хамтран хэрэгжүүлсэн чиг үүрэг, оролцоо нь тус тус нотлогдсон.         

Ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг хууль бусаар эзэмшилдээ оруулж тээвэрлэсэн буюу тээвэрлүүлсэн Д.Г, Э.Э нарын үйлдэл, мөн ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг хууль бусаар хадгалсан буюу хадгалуулсан Д.Г, Э.Э, Б.Т нарын үйлдэл нь тус тус хууль бус буюу Эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэрэг учраас тэдний тухайн үйлдлүүдийг зөвтгөн цагаатгах үндэслэл тогтоогдоогүй.

Харин Б.Тийн хувьд анхнаасаа ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг тээвэрлэхэд биш харин ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг тийнхүү хадгалах, хадгалуулах талаар Д.Г, Э.Э нартай гэмт санаа, үйлдлээ санаатай нэгтгэн 2020.03.04-ны өдрөөс 2020.09.03-ны өдөр хүртэлх хугацаанд байшингийн агуулахад хадгалж байсан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсон байх тул Б.Т-эд холбогдох “ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.      

2.3. Шүүгдэгч нар тухайн холбогдсон гэмт хэргийг огт ухамсарлахгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн гэж үзэх бодит үндэслэл, баримтгүй байх бөгөөд шүүгдэгч Б.Т, Э.Э нар өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, мөн хэрэг нээгдэхээс өмнө хэрхэн мэдүүлэх, хэн хэргийг хүлээх талаар Д.Г-тай урьдчилан тохиролцох, нөлөөлөх хүрээнд өгсөн зарим мэдүүлэгт хийсвэрлэл, таамаглалаар хөтлөгдөх үндэслэлгүй байна. Учир нь:         

Тус гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалган хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө Д.Г, Э.Э, Б.Т нар хэрхэн мэдүүлэх, хэн хэргийг хүлээх талаар урьдчилан тохиролцсон, бие биедээ харилцан зүй бус нөлөөлөл үзүүлсний улмаас Д.Г анх гэрчээр...тухайн баавгайн арьс, толгойг би олсон...гэж /1хх-39-40/ худал мэдүүлсэн болох нь Д.Г мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн олон удаагийн тогтвортой, эх сурвалжтай мэдүүлгээр /1хх-04-05, 128-129, 229-230, 2хх-31-33, 126/ тогтоогдсон, тус мэдүүлэг /1хх-04-05, 128-129, 229-230, 2хх-31-33, 126/ хооронд зөрүүтэй байдалгүй, түүнээс тухайн мэдүүлгүүдийг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг тухай бүр танилцуулж, тайлбарласан байна.      

Мөн Д.Г мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тухайн олон удаагийн мэдүүлэг /1хх-04-05, 128-129, 229-230, 2хх-31-33, 126/-ийн эх сурвалж нь:     

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 19-23 дахь тал/,   

- гэрч Ц.У-ын...төрсөн дүү Ц.Э руу залгаж асууж тодруулсан...Тэгтэл түүний найз залуу Б.Т гэх залуугийн авчирсан хүрэн баавгайн арьс, сарвуу, гавлын яс гэсэн...Яг жинхэнэ эзэн нь гэж Б.Т-ийн хамаатны ах байдаг гэж Э надад утсаар хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,  

- гэрч Ц.У-ын...Би лагер дээр байхад Т гар утсаараа ярьж дууссаны дараа хамаатны ах олсон гэсэн, тэгээд танай байшинд аваачиж тавьсан гэдэг зүйлийг надад хэлсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал/,  

- гэрч Ц.Э-гийн...2020 оны 09 сард цагдаа нар эгчийн гэрээс арьс хураасны дараа эгч У над руу залгаад тэр Т-ийгээ ол, цагдаагаас дуудаж байна гэхэд нь л хамаатны ах нь эгчийн гэрт баавгайн арьс аваачиж тавьсан талаар мэдсэн...гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-46 дахь тал/,

- Б.Т-ийн яллагдагчаар өгсөн...2020 оны 03 дугаар сард Г ах, нэг настайвтар, танихгүй хүнтэй явж байсан...У-ын гадаа очоод машиныхаа араас шуудайтай зүйл гаргаж ирээд байшингийн амбаарт хийчихгүй юу гэж хэлсэн, тухайн үед Г ах хамт явсан хүнийхээ хамтаар амбаар руу оруулах гээд орсон...гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

- шүүгдэгч Б.Т-ийн...би тухайн хадам эгчийн байшинд юм тавиулахад  арьс гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,    

- шүүгдэгч Э.Э-ын...би тэр цүнхтэй зүйлийг олсон, олоод өшиглөж үзэхэд арьс болохыг мэдсэн...Тэгээд найз Гантулгыг дуудаж, машинд нь хийгээд, Гантулгын дүүгийн заасан газарт хамт очиж, үлдээсэн тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг эх сурвалжаар нотлогдож байх тул  шүүгдэгч нар тухайн холбогдсон гэмт хэргийг огт ухамсарлахгүйгээр нэгдэж, үйлдсэн гэж үзэх бодит үндэслэл, баримтгүй байхаас гадна шүүгдэгч Б.Т, Э.Э нарын өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрх, мөн Д.Г-тай хэрхэн мэдүүлэх, хэн хэргийг хүлээх талаар урьдчилан тохиролцсон, нөлөөлсөн хүрээнд өгсөн зарим мэдүүлэгт /1хх-116-117, 2хх-158-159, 160-161, 2хх-46, 2хх-144-146/ хийсвэрлэлээр хөтлөгдөх үндэслэлгүй байна.     

Түүнчлэн Б.Т, Э.Э нар шүүх хуралдаанд “арьс” гэдгийг мэдсэн гэхдээ “яг юуны арьс” болохыг мэдээгүй гэх боловч Д.Г мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн олон удаагийн тогтвортой мэдүүлэг /1хх-04-05, 128-129, 229-230, 2хх-31-33, 126/, түүний эх сурвалжийг нотолж буй эх сурвалжаар тус шүүгдэгч нар тухайн “арьс” ямар амьтных, түүний шинж чанар, зориулалт, хэрэгцээт байдал зэргийг анхнаасаа ухамсарлаж мэдсэн, ухаарсан буюу ухамсарт оюун санаа, сэдэлт зорилгоор тийнхүү санаатай нэгдсэн болох нь бодитой илэрхийлэгдэн тогтоогдсон  байгааг тодотгон дурдах нь зүйтэй.         

2.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим алдаа, зөрчилтэй холбоотойгоор тус хэргийг шүүхээс урьд 2 удаа прокурорт буцаасан /1хх-186-192, 2хх-36-38/ энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааны зөрчлийг арилгах чиглэлээр зохих ажиллагааг хийсэн байна.

2.5. Тус хэрэгт гомдол мэдээлэл анх гаргагчийг заавал ил болгож, мэдүүлэг авсан байх хууль зүйн үндэслэл, шаардлагагүй гэж үзнэ.        

Учир нь тус гомдол, мэдээлэл хэрхэн авагдсан талаар Б.Д, З.З нар гэрчээр мэдүүлсэн /1хх-213, 215, 2хх-70, 72/, түүнчлэн ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг худалдсан, худалдан авсан эсэх асуудлыг тогтоож чадаагүй байх тул тухайн гомдол, мэдээлэл гаргагчийг ил болгоогүй, мэдүүлэг аваагүй гэх асуудал шүүгдэгч нарт холбогдох тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөхгүй болно.  

2.6. Тус ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг агнасан байж болох гомдол, мэдээлэлд тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн /2хх-167/ байх нь тус хэргийг хэрэгсэхгүй болгох, нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах үндэслэл болохгүй.   

Тус хэрэгт авагдсан баримтаар тухайн шүүгдэгч нарыг ховор амьтан болох хүрэн баавгайг агнасан гэж үзэх үндэслэл, үйл баримт огт байхгүй байх ба хэрэв   хүрэн баавгайг агнасан асуудлыг иж бүрэн шалгасны эцэст тус шүүгдэгч нар хамтран оролцсон үндэслэл, үйл баримт тогтоогдсон тухайн тохиолдолд тэдний эрх зүйн байдал дордсон эсэхийг мэдэх, дүгнэх ёстой ба хэрэв тэдний эрх зүйн байдал дордсон нь тогтоогдсон бол шинэ нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл, журмын дагуу холбогдох зарим асуудлыг жич шийдвэрлүүлэх ёстой гэж үзнэ.       

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд өмгөөлөгч Ч.Отгонбаатарын...шүүгдэгч Д.Г-д холбогдох гэмт хэргээс хадгалах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай, өмгөөлөгч Б.Нямдоржийн...шүүгдэгч Б.Тэд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай, өмгөөлөгч Б.Адалбекийн...тухайн анхны хадгалсан гэх арьс байшингийн амбаарт баавгайн арьсаар солигдсон эсэх, Гантулгын сэтгэцийг шалгуулах зэрэг асуудлаар хэргийг прокурорт буцаах тухай санал, дүгнэлтийг тус тус хүлээж авах боломжгүй гэж дүгнэв.           

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  шүүгдэгч  Б.Тэд холбогдох гэмт хэргээс “ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Д.Г, Э.Э нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн, шүүгдэгч  Д.Г, Э.Э, Б.Т нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

3. Хохирол, хор уршиг :       

Ховор амьтан болох хүрэн баавгайн арьс, толгойг хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэрэг учраас шүүгдэгч тус бүр Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25, 37.1 дүгээр зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцогдох 6.500.000 төгрөгөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй.    

Харин тус шүүгдэгч нарын тухайн гэмт үйлдэл нь амьтныг агнасан, барьсантай адилтган үзэх үйлдлийн шинжид хамаарахгүй байх тул хор уршигт хамаарах нөхөн төлбөр буюу зардлыг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин өсгөж тогтоох үндэслэл, үйл баримт хангалтгүй гэж үзэв.                

Учир нь Амьтны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 23 дугаар зүйлд зааснаар тус хуулийн зорилго, үйлчлэх хүрээ, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ хийх үндэслэл, журам зэргээс үзэхэд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтоох үндэслэл нь гагцхүү ан агнуурын хүрээ хязгаарт буюу амьтныг агнасан, барьсан болон амьтныг агнасан, барьсантай адилтган үзэх үйлдэл, тус үйлдлийн хор уршигт хамааралтайгаар үйлчлэх үндэслэлтэй байна.       

Иймд шүүгдэгч Д.Г-ас 2.166.667 төгрөг, Э.Э-аас 2.166.667 төгрөг, Б.Т-ээс 2.166.666 төгрөг тус тус гаргуулж, төрийн сан (Байгаль орчин, аялал зуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-д олгох үндэслэлтэй ба Э.Э 100.000 төгрөг төлсөн баримт шүүхэд гаргаж өгсөн/   шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул нийт төлөх төлбөрөөс хасаж, төлөх хохирлыг 2.066.667 төгрөгөөр тогтоов.       

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх: 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт  

Шүүгдэгч Д.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 1, 55 настай, тэтгэвэрт байдаг, хүнд өвчний улмаас эмчлэгдэж байсан болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-59-61, 64, 70-72, 77-79, 81-88, 140-151, шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Шүүгдэгч Э.Э анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, 53 настай,  цэргийн тэтгэвэрт, жолооч ажилтай болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-233, 236, 243, 245, 2 хх-82, 84, шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Шүүгдэгч Б.Т анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, 38 настай, ажил хөдөлмөр эрхэлдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /1хх-64, 73-74, 153-154, 155, 234, 236, 238, 246, 2 хх-83, 85, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус тус судлагдсан.    

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Э.Э-ыг Булган аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Д.Г-ыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.    

Шүүгдэгч нарын хөрөнгө орлого, эрүүл мэндийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зардал төлөх үүрэг зэрэг байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.     

Мөн шүүхэд ирүүлсэн баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар гагцхүү тухайн гэмт хэрэгт шүүгдэгч тус бүрд хорих ял оногдуулсан тухайн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлд хамаарч байх тул хорих ял оногдуулж улмаар дахин дүйцүүлэх шаардлагагүй гэж үзэхээс гадна шүүгдэгч нарын үйлдсэн тухайн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заагдсан гэмт хэрэг мөн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 7.1-т зааснаас бусад гэмт хэрэг гэж үзэхгүй” буюу тус шүүгдэгч нарт торгох ял оногдуулан тус 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй.         

Иймд шүүгдэгч нарт торгох ял оногдуулах тухай прокурорын, мөн шүүгдэгч нарт торгох ял оногдуулсныг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж, өршөөн хэлтрүүлэх болон хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухайн хуульд хамааруулан зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  

  1. Бусад асуудал  

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Г нь бусдын өмчлөлийн *** УБЛ улсын дугаартай Хюндэй Старикс маркийн автомашиныг эзэмшиж, ашиглаж байхдаа анх Э.Э-ын хүсэлтийн дагуу тийнхүү хүрэн баавгайн арьс, толгойг тээвэрлэсэн, улмаар  хадгалах, хадгалуулахаар дахин үргэлжлүүлэн тээвэрлэхэд гэмт санаа, үйлдлээ санаатай нэгтгэж, бодитой хэрэгжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Г, Э.Э нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** УБЛ улсын дугаартай Хюндэй Старикс маркийн тээврийн хэрэгслийн /1хх-110-114, 120-124/ үнэ болох 3.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Г-ас 1.750.000 төгрөг, Э.Э-аас 1.750.000 төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй гэж үзнэ.        

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 150.000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн Д.Г-ас 50.000 төгрөг, Э.Э-аас 50.000 төгрөг, Б.Т-ээс 50.000 төгрөг тус тус гаргуулж, Экологийн цагдаагийн албанд олгох үндэслэлтэй.

Уг хэрэгт 4 ширхэг сарвуу болон 1 ширхэг толгой бүхий хүрэн баавгайн /эр бодгаль/ арьс 1 ширхэг хураагдсан байгааг зохих хэрэгцээнийх нь дагуу ашиглуулахаар Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд шилжүүлж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  шүүгдэгч  Б.Т-эд холбогдох гэмт хэргээс “ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.    

2. Шүүгдэгч Д.Г, Э.Э нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг тээвэрлэсэн, шүүгдэгч  Д.Г, Э.Э, Б.Т нарыг бүлэглэн хууль бусаар ховор амьтны түүхий эд болох хүрэн баавгай арьс, толгойг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар:

шүүгдэгч  Д.Г-ыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, Э.Э-ыг Булган аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жил 4 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Б.Т-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Г, Э.Э, Б.Т нарт тус бүр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.   

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ас 2.166.667 төгрөг, Э.Э-аас 2.066.667 төгрөг, Б.Т-ээс 2.166.666 төгрөг тус тус гаргуулж, төрийн сан (Байгаль орчин, аялал зуучлалын яамны Байгаль орчин, уур амьсгалын сан)-д олгосугай.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч  Д.Г, Э.Э нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Г-ас 1.750.000 төгрөг, Э.Э-аас 1.750.000 төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт оруулсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардал буюу шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн 150.000 төгрөгийг шүүгдэгч нарт хувь тэнцүүлэн Д.Г-ас 50.000 төгрөг, Э.Э-аас 50.000 төгрөг, Б.Т-ээс 50.000 төгрөг тус тус гаргуулж, Экологийн цагдаагийн албанд олгосугай.   

8. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт 4 ширхэг сарвуу болон 1 ширхэг толгой бүхий хүрэн баавгайн /эр бодгаль/ арьс 1 ширхгийг зохих хэрэгцээнийх нь дагуу ашиглуулахаар Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

9. Шүүгдэгч Д.Г, Э.Э, Б.Т нар цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч  Д.Г, Э.Э, Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ГАНБААТАР