| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/04434/И |
| Дугаар | 210/МА2024/01783 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01783
2024 09 16 210/МА2024/01783
Х ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/03361 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б ХХК, Х.О, Ц нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Цагдаагийн ерөнхий газар,
Зээлийн гэрээний үүрэгт 3,514,131,387 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэл,
2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-ний газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, бие шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Э.Б, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.СаранТ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Зээлдэгч Б ХХК, Х.О нар нь Хны Хан-Уул Бизнес төвөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201944406929 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,776,276,853 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай барилгын зээлийн зориулалтаар зээл авч тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оныы 07 дугаар сарын 05-ны өдөр БГҮ/201944406929 дугаартай барьцаан гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан.
Зээлдэгч нар нь гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 261,329,558 төгрөг, хүүгийн төлбөрт 233,888,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 247,052 төгрөг нийт 495,465,215 төгрөгийг тус тус төлсөн байна.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээл төлбөрөө төлөөгүй 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 660 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд, банк үндсэн зээлийн төлбөр 2,514,947,295 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөр 974,486,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,697,471 төгрөг, нийт 3,514,131,387 төгрөг нэхэмжилж байна.
Зээлдэгч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох Улсын бүртгэлийн .............. дугаартай, .......... дүүргийн ...р хороо, ........ цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, ... тоот хаягт байрлах 9000 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Улсын бүртгэлийн ............. дугаартай, .......... дүүргийн ...р хороо, ........ цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, ... тоот хаягт байрлах 2475 мкв 70 хувийн гүйцэтгэлтэй, автомашины гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Нэгж талбарын .................. дугаартай Баянзүрх дүүрэг, .... хороо, ............. гудамж 74 тоот хаягт орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үүгэжээ.
2.Хариуцагч Х.О болон Б ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 3,514,131,387 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тухайд маргах зүйл байхгүй.
Харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд зөвшөөрөхгүй байна. Учир нь манай барьцаа хөрөнгийн зах зээлийн хөрөнгийн үнэ 2 дахин өсчихсөн байгаа үед ийм бага мөнгөн дүнгээр үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Тухайн үеийн ........ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цт цагдаагийн байгууллагыг төлөөлж, ...... дүүргийн ... дугаар хороонд байрлах 10436 м2 талбай бүхий ............. дугаар гэрчилгээтэй газрыг барьцаанд тавих эрх олгогдоогүй.
Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт "Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна." гэж, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн." гэж заасан.
Тэгэхээр Цагдаагийн байгууллагаас өөрт эзэмшүүлсэн газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд тавих эрх олгогдоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
4.Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:
Цагдаагийн ерөнхий газрын ........ /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв/-ийн ...... дүүргийн ... дугаар хороонд байрлах 10436 м2 талбай бүхий ............. дугаартай Ажилчдын орон сууц"-ны зориулалттай Газар эзэмших эрхийн гэрчилгээ"-г барьцаалсан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт "Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна., 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн дугаар зүйлийн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 21.1.1 дэх заалтад "цагдаагийн байгууллагын үйл зохион байгуулж, захиргааны болон ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн мэргэжлийн удирдлагаар хангах;", 21.1.8 дахь заалтад "цагдаагийн байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх; гэж тус тус зохицуулсан.
Дээрх хуулийн зохицуулалт, хэрэг цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн үеийн ........ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цт цагдаагийн байгууллагыг төлөөлж, ...... дүүргийн ... дугаар хороонд байрлах 10436 м2 талбай бүхий ............. дугаар гэрчилгээтэй газрыг барьцаанд тавих эрх олгогдоогүй.
Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт "Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна гэж, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан бөгөөд цагдаагийн байгууллагаас өөрт эзэмшүүлсэн газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд тавих эрх олгогдоогүй байна.
Иймд Цийн ...... дүүргийн ... дугаар хороонд байрлах 10436 м2 талбай бүхий ............. дугаартай Ажилчдын орон сууц-ны зориулалттай Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г барьцаалсан 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БУГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-ний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагад гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Б ХХК нь 2019.06.28-ны өдрийн зээлийн гэрээний зориулалтыг цагдаагийн алба хаагчдад зориулсан орон сууцны барилгын ажлын санхүүжилтэд ашиглах гэж заасан. Энэхүү зээлийн гэрээний үүрэгт Б ХХК нь Цагдаагийн ерөнхий газрын цагдаа, дотоодын цэргийн ........ийн эзэмших эрхтэй газрыг барьцаалсан, уг газарт тухайн зээлийн санхүүжилтээр барилга барих зориулалттай зээл олгогдсон болно.
2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БУГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-г Х ХК, Б ХХК, Цагдаагийн ерөнхий газар нарын хооронд байгуулагдаж, барьцааны гэрээг наториатаар гэрчлүүлж, гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг Иргэний хуулийн 153 дугаар зүйлд болон 156 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.
Үүнээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газар нь дангаараа барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхгүй байна.
Дээрх барьцааны гэрээг Цагдаагийн ерөнхий газрын цагдаа, дотоодын цэргийн ........ийг н.Т гэдэг хүн төлөөлж 2019 оны 7 сарын 5-ны өдөр байгуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн ........ийг гэрээ байгуулагдах үед н.Ц төлөөлөх эрхтэй юу, үгүй юү гэдгийг тодруулахад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар гүйцэтгэх удирдлагын мэдээлэл дээр 2015 оны 01 сарын 27-ны өдөр н.Ц бүртгэгдсэн байсан. Үүнээс үзэхэд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх учиртай. Гэтэл зөвхөн барьцааны гэрээг Б ХХК болон Х ХК нарын хооронд байгуулсан мэтээр энэ 2 талд холбогдуулан хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Бие даасан шаардлага нь өөрөө нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хамааралгүй бөгөөд уг шаардлагыг бие даасан гэж тодорхойлоод гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Хариуцагч Х.О болон Б ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагад гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Цагдаагийн ерөнхий газрын гаргасан шаардлага үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Цагдаагийн ерөнхий газрын гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК, Х.О нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,514,947,295 төгрөг, хүүгийн төлбөр 974,486,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,697,471 төгрөг, нийт 3,514,131,387 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасныг тус тус баримтлан Х ХК, Б ХХК, Цагдаагийн ерөнхий газрын ........ нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-ний Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо хаягт байршилтай, Ажилчдын орон сууц зориулалттай, нэгж талбарын .................. дугаар бүхий, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн ............. тоот гэрчилгээтэй, 10436 мкв талбайтай газар барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б ХХК, Х.О нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
Б ХХК-ийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ...... дүүргийн ... дугаар хороо, ........ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 49Б тоот хаягт байршилтай, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн ...... дүүргийн ... дугаар хороо, ........ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, .... тоот хаягт байршилтай, 2475 мкв талбайтай, автомашины гараж зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан Цагдаагийн ерөнхий газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Б ХХК, Х.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 17,798,807 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,798,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1. ...2019.07.05-ны өдөр Х ХК болон Б ХХК, ЦЕГ-ын ........ийн хооронд үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдах үед ЦЕГ-ын ........ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг шалгаж үзэхэд тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь Б.Ц байсан тул барьцааны гэрээ байгуулагдсан.
Цагдаагийн Ерөнхий газрын ........ нь 2015.01.27-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, гэрчилгээ авч иргэний эрх зүйн харилцаанд оролцож Нийслэлийн Засаг даргын 2015.09.22-ны өдрийн А/776 дугаар захирамжийг үндэслэн ЦЕГ-ын ........ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Д Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун нар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, Цагдаагийн Ерөнхий газрын ........д .....-ийн .... хороонд 10436 м.кв талбайтай, ажилчдын орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Мөн Б ХХК-тай 2015.09.04-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газрын алба хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг ЦЕГ-ын газрын ........ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Ц байгуулсан.
Дээр дурдсан ажил гүйцэтгэх, газар эзэмшүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Цагдаагийн ерөнхий газрын ........ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох тус төвийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу эзэмших эрхтэй газрыг зээлийн барьцаанд барьцаалуулах эрхтэй.
Х ЦЕГ-ын ........ийг Б.Ц төлөөлөх эрхтэй, мөн барьцааны гэрээ байгуулах эрхтэй эсэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нийтэд нээлттэй ореndata.burtgel.gov.mn сайтаас баталгаажуулсны үндсэн дээр гэрээг байгуулсан тул нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, мөн хэрэгт авагдсан баримтыг шүүгч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.
2. Ц нь хуулийн этгээдийн хувьд өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй бөгөөд газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж, нийслэлийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэсэн нь Иргэний хуулийн 156.1, 156.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан. Мөн Ц нь Иргэний хуулийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар биш бөгөөд иргэн эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхтэй хуулийн этгээд юм.
Цийн 2023.10.24-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулийн этгээдийн нэрийн мэдээлэл хэсэгт ЦЕГ-ын сургалтын нэгдсэн төв, ЦЕГ-ын сургалт, дадлагын төв, ЦЕГ-ын ........, ЦЕГ-ын газрын сургалтын нэгдсэн төв, ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв гэж, гэрчилгээний мэдээлэл хэсэгт ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, гээд шалтгаан хэсэгт нэр өөрчилсөн дахин гэсэн бүртгэл хийгдсэнээс үзвэл ЦЕГ-ын ........ гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байсан болох тодорхой харагдаж байна. Харин ЦЕГ нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийг аливаа харилцаанд төлөөлөх бүрэн эрхтэй болох нь, мөн барьцаа хөрөнгийн эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн бие даасан шаардлага гаргах эрхтэй гэдгээ баримтаар нотлоогүй, барьцааны гэрээний нэг тал биш этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн удирдлагын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилт, чиг үүргийн 7.4-т ... төвийн дарга нь төвийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй талаар тодорхой дурдсан тул уг төв нь бие даасан хуулийн этгээдийн хувьд өөрийн эзэмшлийн өмч хөрөнгийн талаар бие даасан шийдвэр гаргаж, газар эзэмших эрхээ хуульд заасан журмын дагуу барьцаалуулах эрхтэй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно. гэж заасан.
Бие даасан шаардлага гаргасан этгээд нь шүүхэд үүсгэгдсэн иргэний хэрэгт маргааны зүйлийн талаар шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болно. Өөрөөр хэлбэл банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргахаар байна.
Уг шаардлага нь маргаантай тухайн иргэний хэрэгт хамтруулан шийдвэрлэхийн тулд тухайн шаардлагын зүйл зохигчдын маргааны зүйлтэй ижил байх шаардлагатай. Түүний шаардлага нь Х ХК болон Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хооронд байгуулсан барьцааны гэрээтэй холбоотой боловч өөр харилцаанаас үүдэлтэй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн үндэслэлтэй, өөр агуулгатай тул Цагдаагийн ерөнхий газар энэхүү шаардлагаа бие даасан нэхэмжлэл гарган тусдаа шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/03361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
10. Хариуцагч Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 дугаар зүйлийн 20.2, 21.1, 21.1.8 Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагын даргын эрх хэмжээг зохицуулсан бөгөөд Цийн даргаар ажиллаж байсан н.Цт маргаан бүхий газрыг барьцаанд тавих эрхийг олгоогүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Ц нь Засгийн газрын тогтоолын дагуу цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгж байгууллага учир тусдаа хуулийн этгээд гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт зааснаар цагдаагийн байгууллагыг төлөөлөх эрхийг цагдаагийн төв байгууллагын дарга эдлэх бөгөөд төлөөлөх эрхийг харьяа нэгжийн даргад шилжүүлж болох хуулийн зохицуулалттай. Хавтас хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргаас н.Цт Х ХК-тай барьцааны гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, тушаал гаргаагүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х ХК-иас хариуцагч Б ХХК, Х.О, Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,514,131,387 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газар нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний зүйл болох ......... дүүрэг, .... дугаар хороонд байрлах 10,436 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан байна.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Х ХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б ХХК, Б.О нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 2,776,276,853 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй 19 сарын хугацаатай цагдаагийн албан хаагч нарын Хууль сахиулагч-1 орон сууцны хотхоныг барьж гүйцэтгэхэд нь зориулж зээлдүүлэх,
3.2. Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Б ХХК-ийн өмчлөлийн ......... дүүрэг, .... дугаар хороо, ........ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 49б тоот хаягт байрлах улсын бүртгэлийн .............. тоот дугаартай 9,000 м.кв талбайтай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, мөн ......... дүүрэг, .... дугаар хороо, ........ Цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, .... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ............. тоот дугаартай 2,475 м.кв талбайтай гаражийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөс гадна Цагдаагийн ерөнхий газрын ........ /хуучин нэрээр/-ийн эзэмшлийн ......... дүүрэг, .... дугаар, ............. дугаар гудамж, 74 тоот хаягт байрлах 10,436 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус барьцаалах,
3.3. Улмаар Х ХК нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,664,276,853 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 854,520,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 257,480,000 төгрөг, нийт 2,776,276,853 төгрөгийг Б ХХК, Б.О нарт олгож, хожим 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийг буцаан төлөх хугацааг 6 сараар сунгасан,
3.4. Мөн талууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 2,514,947,295.12 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 295,917,892.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,670,625.18 төгрөгөөс гадна зээлийн хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 112,540,095.45 төгрөг болохыг тус тус баталгаажуулжээ.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4. Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тус тус зааснаар Б ХХК, Б.О нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 5 сарын хугацаанд зөвхөн ашигласан хугацааны зээлийн хүүг төлж, харин үндсэн зээлийг төлөхөөс чөлөөлөгдөж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн зээлийг хүүгийн хамт хэсэгчлэн төлж 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дуусгах үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Анхан шатны шүүх зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 2,514,947,295 төгрөг, зээлийн хүү 974,486,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,967,471 төгрөг, нийт 3,514,131,387 төгрөгийг тэдгээрээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс талуудын зарчмыг үндэслэн энэ талаар нэмэлт дүгнэлт өгөхгүй.
5. Харин шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хуулийг буруу тайлбарласныг давж заалдах шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
5.1. Х ХК нь зээлдэгч Б ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс гадна зээлдэгч биш этгээд болох Цагдаагийн ерөнхий газрын ........ийн эзэмшлийн газар эзэмших эрхийг барьцаалахаар тохирсон нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно гэж заасантай нийцнэ.
5.2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх... гэж, мөн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.
Хэрэгт цугларсан баримтаар зохигчид 9,000 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 2,475 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ба эдгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн учир анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.
5.3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6-д тус тус зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ бусдад барьцаалуулах эрхтэй ба тийнхүү барьцаалуулах тохиолдолд бүртгүүлэх үүрэг хүлээнэ.
Энэ талаар мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/-ын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 8 дугаар зүйлийн 8.7-д Эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг тухайн шатны засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын газрын даамал эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээ /барьцаалагчийн нэр, эхлэх хугацааг бичиж/-г өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж тус тус заасан.
Тодруулбал, газар эзэмших эрх нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх буюу хязгаарлагдмал эрх бөгөөд Иргэний хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж зааснаар талуудын барьцааны гэрээний зүйл болох аливаа эрхийн онцлогоос хамаарч Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг барьцаалах тохиолдолд бүртгүүлэх шаардлагын талаар тухайлан зохицуулсан байна.
Тиймээс Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар газар эзэмших эрхийн барьцааны гэрээг бүртгүүлээгүй бол тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Анхан шатны шүүх Х ХК болон Цагдаагийн ерөнхий газрын ........ нарын байгуулсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгааг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, энэ талаар эрхийн гэрчилгээнд зохих тэмдэглэгээ хийлгэсэн гэсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
Иймд, ......... дүүрэг, .... дугаар, ............. дугаар гудамж, 74 тоот хаягт байрлах 10,436 м.кв талбайтай газар эзэмших эрхийг барьцаалах тухай барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.
6. Хэрэгт цугларсан баримтаар Цагдаагийн ерөнхий газрын ........ нь хожим Ц гэж нэрээ өөрчилж, ашгийн төлөө бус төрийн байгууллага албан газар гэж улсын бүртгэлд бүртгэгджээ.
Энэ тохиолдолд тухайн байгууллагыг Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгө, эрхээ захиран зарцуулах эрхтэй бие даасан хуулийн этгээд гэж үзнэ.
Нөгөө талаар тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй гүйцэтгэх удирдлага Б.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байх тул эрхгүй этгээд гэрээ, хэлэлцээр байгуулсан гэж дүгнэхгүй.
7. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах гэж, мөн 30 дугаар зүйлийн 30.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, газрыг ийнхүү барьцаалах бол хуульд тусгайлан зохицуулсан тохиолдолд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах бөгөөд талуудын байгуулсан барьцааны гэрээний зүйл болох 10,436 м.кв талбайтай газар эзэмших эрхийг орон сууцны зориулалтаар олгосон байхын сацуу газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу эзэмшиж буй газар эзэмшигч нь Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшихээ эрхээ барьцаалуулах эрхтэй болно.
Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, мөн 21.1.8-д заасан цагдаагийн байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх тухай зохицуулалт нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт бөгөөд дээд байгууллагаас зөвшөөрөл авах бол энэ нь барьцаалуулагч буюу газар эзэмшигч этгээдэд хамааралтай үүрэг байна.
Тиймээс газар эзэмших эрхийг барьцаалахад зөвшөөрөл авах ёстой байсан гэсэн хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар залруулна.
8. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/03361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтад ...56.1.1 гэснийг хасаж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Б.МАНДАЛБАЯР