Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 108

 

О.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, хохирогч Б.Ж- болон түүний өмгөөлөгч Б.Ганбат, хохирогч Х.Г-, Х.Г-нарын өмгөөлөгч Б.Гантулга, хохирогч С.Э- болон түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 325 дугаар магадлалтай, О.Э-д холбогдох 2014260002714 дугаартай хэргийг хохирогч Б.Ж-, түүний өмгөөлөгч Б.Ганбат, хохирогч Х.Г-, Х.Г- нарын өмгөөлөгч Б.Гантулга нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлаг судлаач мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоогоор *** тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г- б- овогт О-н Э- /РД:***/.

О.Э- нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар cap хүртэлх хугацаанд иргэн Б.Ж-аас Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “***” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын “***” нэртэй газарт байрлах ашигт малтмалын МҮ-016934 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 253.63 га талбай бүхий “битумын орд газрыг зарж борлуулбал ашгаасаа өгнө, уг газрыг хамтран эзэмших боломжтой” гэж хуурч 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 63.050 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 83.854.608 төгрөгийг, 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 150.000 ам.доллар буюу 197.641.500 төгрөгийг тус тус бэлнээр, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр О.Э-ын 1605010801 тоот дансаар нь 200.000 ам.доллар буюу 263.972.000 төгрөгийг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5000 юань буюу 1.577.000 төгрөгийг, нийт 4 удаагийн үйлдлээр 413.050 ам.доллар, 5000 юань буюу 547.045.108 төгрөгийг,

мөн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрүүдэд автомашин худалдах, худалдан авах гэрээг мөнгийг нь төлсөн байдлаар нотариатаар гэрчлүүлэн хийж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гаалийн талбай дээрээс болон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах О.Э-ын гэрийн гадаа “***” ХХК-ийн хувьцаанаас шилжүүлэн өгнө, хувьцааны үнийг урьдчилсан байдлаар авч байна гэж хуурч мэхлэн 111.856.600, 109.224.680 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдсэн нийт 221.081.280 төгрөгийн үнэ бүхий “Toyota Land Criuser-200” загварын 2 ширхэг автомашиныг,

мөн 2014 оны 08 дугаар сард Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол “Олимп” хорооны 5 дугаар байрны 27 тоотод Д.Д- аваргын хадам эх Э-т өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн 72.377.800 төгрөгийн үнэ бүхий их гарын, алтан шар үст, шүрэн толгойтой, алтан нуухтай усан болор хөөргийг тус тус залилан авч, Б.Ж-д нийт 840.504.188 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 2-33 тоотод байх иргэн С.Э-ийн ажиллуулж байсан “Polo” нэртэй гоо сайхны салоноос “зээлээр аваад, дараа нь мөнгийг нь бөөнд нь төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.534 ам.долларын буюу 29.053.466 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Г-гаас “уул уурхайн лицензийн бизнес эрхэлдэг, 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан,

мөн 2014 оны 02 дугаар сард 3 удаагийн үйлдлээр 10.000.000, 4.000.000, 2.000.000 төгрөгийг гэрээ байгуулалгүйгээр бэлнээр авч 16.000.000 төгрөг, нийт 116.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр авч Х.Г-д их хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “уурхайн тусгай зөвшөөрлөө зараад мөнгийг чинь буцааж өгнө” гэж хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Х.Г-аас 3 удаагийн үйлдлээр 24.000.000 төгрөгийг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сард иргэн Э.Т-аас Оросын холбооны улсын Москва хотод байхдаа “эмчилгээний зардалд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 6000 ам.доллар буюу 11.917.320 төгрөг залилан авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 23 дугаар байрны 35 тоотод байх “Ялгуун” нэртэй иргэн Л.Д-гийн ажиллуулж байсан оёдлын газраас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувцас захиалгаар хийлгэж, мөнгийг нь төлөлгүй 1.300.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 14 удаагийн үйлдлээр бусдын 1.022.774.977 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч О.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч О.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч О.Э-аас хохирол нөхөн төлөх зорилгоор мөрдөн байцаах албаны дансанд байршуулсан 2.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж-, С.Э-, Х.Г-, Х.Г-нарт тус бүр 700.000 төгрөгийг олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шүүгдэгч О.Э-аас нийт 932.704.857 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Ж-д 767.426.388 төгрөгийг, хохирогч С.Э-т 26.678.468,9 төгрөгийг, хохирогч Х.Г-д 115.300.000 төгрөгийн, хохирогч Х.Г-д 23.300.000 төгрөгийн тус тус олгож,

шүүгдэгч О.Э- нь Иргэний нэхэмжлэгч “Начин заан” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №9ё-1/3905/ албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 албан тоотод заасны дагуу О.Э-ын эзэмшлийн “*** ХХК, “***” ХХК-иудын нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөн хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч О.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Ж- гаргасан гомдолдоо “...Хохирогч Б.Ж- миний бие давж заалдах шатны шүүхийн 2022.03.24-ний өдрийн 325 дугаартай магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дээд шүүхэд гомдол гаргаж байна.

Улсын дээд шүүхийн 2021.09.20-ны өдрийн №29 дугаартай нийт шүүгчийн хуралдааны тогтоолын 2 дугаар хавсралтын 1.1-т “...Удиртгал хэсэгт шүүгчийн нэрийг эцгийн/эхийн/ нэрийн эхний үсгийн хамт бичнэ. Түүнчлэн шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарийн нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэсэн шинэ журам гараад өдгөө 4 cap хэрэгжиж байгаа атал давж заалдах шатны шүүх энэхүү хэргийг улайм цайм санаатайгаар удиртгал хэсэгт хохирогч болон түүний өмгөөлөгчийн нэрийг бичээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг анхан шатны шүүх рүү буцааж байгаа нь илтэд үндэслэлгүй шийдвэр гэж би үзэж байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Би энэ хэрэгт хохирогчоор 10 жил явж байна, давж заалдах шатны шүүхийн улайм цайм энэ хууль бус үйлдлийг нь таслан зогсоож, хэргийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хохирогч Б.Ж-ы өмгөөлөгч Б.Ганбат миний бие давж заалдах шатны шүүхийн 2022.03.24-ний өдрийн 325 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Улсын Дээд шүүхийн 2021.09.20-ны өдрийн №29 дугаартай нийт шүүгчийн хуралдааны тогтоолын 2 дугаар хавсралтын 1.1-т “...Удиртгал хэсэгт шүүгчийн нэрийг эцгийн/эхийн/ нэрийн эхний үсгийн хамт бичнэ. Түүнчлэн шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарийн нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэсэн шинэ журам шинээр хэрэгжээд 4 сарын хугацаа өнгөрч байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогч болон түүний өмгөөлөгчийн нэрийг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Энэхүү хэрэг нь давж заалдах шатны шүүхээр 3 удаа хэлэлцэгдэж анхан шатны шүүх рүү 3 удаа буцаж байсан, олон жил мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдсэн. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Х.Г-, Х.Г- нарын өмгөөлөгч Б.Гантулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний 325 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна.

Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай нийт шүүгчийн хуралдааны тогтоолын 2 дугаар хавсралтын 1.1 дахь хэсэгт “...Удиртгал хэсэгт шүүгчийн нэрийг эцгийн/эхийн/ нэрийн эхний үсгийн хамт бичнэ. Түүнчлэн шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарийн нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэсэн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт хохирогч болон түүний өмгөөлөгчийн нэрийг бичээгүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Миний хоёр үйлчлүүлэгчийн хувьд 8-9 жилийн хугацаанд хохирч явна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогч С.Э-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар хэлсэн саналдаа “Хохирогч нарын өмгөөлөгч нараас гаргасан саналыг дэмжиж байна. Улсын дээд шүүхээс нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг давж заалдах шатны шүүх буруугаар тайлбарлаж хэрэглэсэн явдал нь хохирогч нараас гомдол гаргах үндэслэл болсон. Миний үйлчлүүлэгч С.Э-ийг хохироосон О.Э-ын үйлдэл хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан хэлсэн саналдаа “Хэргийг мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Ж-ы хоёр автомашины үнэлгээг тусгай мэдлэг бүхий шинжээч гаргаагүй буюу зөвхөн цагдаа, тасгийн даргатайгаа гаргасан байдаг. Анхан шатны шүүх дээрх үнэлгээг үндэслэж хохирлыг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заасныг зөрчсөн. Хохирогч нарыг ойлгож байна. Гэхдээ бид хуульд заасан арга хэлбэрийн дагуу нотлох баримтыг бүрдүүлэх ёстой. Гэтэл дээрх үнэлгээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн шүүхээс Л.Д- гэх хохирогчийн хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл 06 дугаар сарын 31 гэх дэлхийд байхгүй өдрийн падааныг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч С.Э-ийн тухайд хүлээж авсан хүн байхгүй, Япон хэл дээрх хуулбар баримтыг үнэлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дээрх зөрчлүүдийг арилгаж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Э-ын хувьд 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 14 удаагийн үйлдлээр хохирогч Б.Ж-, С.Э-, Х.Г-, Х.Г-, Л.Д-, Э.Т- нарын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар олж авахын тулд хохирогч нарыг төөрөгдүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 1,022,774,977 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Энэ хэрэгт 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн ба 3 удаа яллах дүгнэлт үйлдэж, хоёр дахь удаагаа хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байна. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх агуулга бүхий тогтоол гаргаж буцаасан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаж эцэслэн шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт хэргийн оролцогчийг дутуу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар шүүхийн шийдвэр бичих аргачлалыг баталсан ба уг журмын хоёрдугаар хавсралтын 1.1-т “шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгчийн нэрийг эцэг, эхийн нэрийн эхний үсгийн хамт бичнэ. Түүнчлэн шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж тусгасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор зохицуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1.3-т заасантай зөрчилдсөн гэж харж байна.

Хяналтын шатны шүүх дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэх эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Нөгөө талаар энэ байдал нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй. Учир нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчил гэж үзэхгүй байна. Харин цаашид хэрхэн хэрэглэхийг анхааруулах байдлаар дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой. Хэргийн тухайд олон жилийн хугацаанд мөрдөгдсөн, нотлох баримтууд маш эргэлзээтэй. Хохирогч Б.Ж-ыг төлбөрийн чадвартай, О.Э-ын эд хөрөнгийг худалдан авах боломжтой эсэх талаас нь шаардлагатай бүхий л ажиллагааг хийсэн. Анхан шатны шүүхэд БНСУ-ын иргэн Хан **-ны гаргасан тайлбараар Б.Ж-ы хөрөнгө мөн эсэх нь эргэлзээтэй боловч нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Б.Ж-, түүний өмгөөлөгч Б.Ганбат, хохирогч Х.Г-, Х.Г- нарын өмгөөлөгч Б.Гантулга нарын гаргасан гомдлыг үндэслэн О.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

О.Э-ыг 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 6 хохирогч нарыг залилан нийт 1,022,774,977 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцээд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан магадлал хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Давж заалдах журмаар хэргийг хянан үзэх эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа шүүх хэргийн талаар нотолбол зохих зүйлс бүрэн нотлогдсон, эдгээр нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулсан эсэх, түүнчлэн үнэн бодит байдлыг илэрхийлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болон Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв агуулгаар ойлгож хэрэглэсэн эсэхэд бүрэн дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдах учиртай.

Харин давж заалдах шатны шүүх О.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгад хамаарах асуудлаар гаргасан хэргийн оролцогч нарын гомдолд дурдсан үндэслэлийг хянаж дүгнэлт хийгээгүй, түүнчлэн хэргийн үйл баримт болон түүнд хийсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлтэнд үл хамаарах, техникийн шинжтэй зөрчлийг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, нэр бүхий хохирогч, тэдний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцож, хуульд заасан эрх хэмжээгээ бодитойгоор хэрэгжүүлсэн болох нь хэргийн баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдож байх тул зөвхөн уг хүмүүсийн нэрсийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт дурдалгүй орхигдуулсан нь аль нэгэн оролцогчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн, эсхүл шүүхийн шийдвэрийн агуулгад нөлөөлж болох алдаа биш бөгөөд давж заалдах шатны шүүхээс дүгнэн залруулах боломжтой зөрчил юм.    

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд давж заалдах шатны шүүхийн зүгээс эрүүгийн хэргийн агуулгад хамааралтай асуудлууд болох тухайн хэргийн үйл баримт, түүнд эрх зүйн дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдал, үндэслэлийн талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, түүнчлэн давж заалдах журмаар гаргасан оролцогч нарын гомдолд дурдсан асуудал бүрийг хянаж дүгнээгүй төдийгүй, уг асуудлаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж дүгнэлт хийвэл зохих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 325 дугаар магадлалыг хүчингүй болгож, О.Э-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх хүртэл түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.БАТДЭЛГЭР

                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН