Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/0072

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                           Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн:                        Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                             Г.Банзрагч

                                                                            Ц.Цогт                                           

            Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 249 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогч: нэхэмжлэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Б, Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 308 дугаар хэлэлцүүлэх тогтоолоор хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэсэн үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын 38, 39, 40 дэх хэсэг буюу Т.Г-д холбогдох хэсгийг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/260 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Т.Г-д анх 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар Зайсангийн аманд 2 га, Хүүшийн аманд 3 га, Нүхтийн задгайн 5 га газар ашиглах эрх тус тус олгосон бөгөөд хариуцагчаас “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийхэд Зайсангийн аманд байрлах газарт дутуу баригдсан 7 ширхэг амины орон сууц, Хүүшийн ам болон Нүхтийн аманд барилга бариагүй, түүнчлэн эдгээр газруудад газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

3.Нэхэмжлэгчээс “... Захиргаа нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй, манай компанийн зүгээс гэрээ байгуулах талаар мэдэгдэж хөөцөлдөж байсан ч давагдашгүй олон зүйлээс шалтгаалж бидний буруутай үйл ажиллагаанаас бус захиргааны байгууллага, шүүх хууль хяналтын байгууллагын улмаас гэрээгээ байгуулаагүй, газрыг ашиглах асуудал нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаардаг тул том хэмжээний төслийн хувьд их ажиллагаа, олон төрлийн зөвшөөрлүүд шаарддаг ...” гэж,

4.Хариуцагчаас “... нэхэмжлэгч компани 3 газартаа гурвалсан гэрээ байгуулах хүсэлт зоригоо илэрхийлж байгаагүй, Т.Г-ад мэдэгдэл хүргүүлсэн боловч хаягт байхгүй хэмээн буцаж ирсэн, захиргаа өөрийн албан ёсны вэб сайтад мэдээлсэн, нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлүүдийг авахаас зориуд зайлсхийх санаа зорилгоор хаягаа анхнаасаа буруу мэдэгдсэн, газрын гэрчилгээ гарч улсын бүртгэлд бүртгэгдсэнээс эхлэн төлбөр төлөх үүрэг үүсдэг, төлбөрийн хэмжээ тодорхой байхад 2016-2020 оныг хүртэл 4 жил 6 сар нэг ч удаа төлж байгаагүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж,

5.Гуравдагч этгээдээс “... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, тухайн гэрчилгээний 5 жилийн хугацаа 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон, газар ашиглах гэрээ байгуулах талаар нэг ч хүсэлт гаргаж байгаагүй, газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг учраас газар ашиглах, эзэмших гэрээ байгуулаагүй эсвэл газрын төлбөрийн талаар гэрээнд заагаагүй нь тухайн газар ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй, гэрээний дагуу үүсэж байгаа үүрэг биш, газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын 38 дахь хэсгийг (Зайсангийн ам) хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын тус тушаалын 39, 40 дэх хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/260 дугаар тушаалын “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2022/0023 дугаар тогтоолоор “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан тухайн газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй” гэх үндэслэлийн талаар дүгнэж тайлбарласан байх бөгөөд энэ хэргийн тухайд гэрээг анхнаасаа огт байгуулаагүй байх тул нэхэмжлэгч газрын төлбөрөө хэдэн төгрөг төлөхөө мэдэх боломжгүй байснаараа дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолоор дүгнэгдсэн үйл баримтаас ялгаатай байна.

6.2.Газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг мөн ч газар ашиглах гурвалсан гэрээ огт байгуулаагүй нь газрын төлбөр төлөх нөхцөл бүрдсэн байсан гэж үзэхээргүй байна.

6.3.Хүүшийн аманд 3 га, Нүхтийн аманд 5 га газарт үйл ажиллагаа явуулсан зүйл байгаагүй талаар тэмдэглэсэн байх бөгөөд ... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэх үндэслэлтэй. Харин Т.Г-ын ашиглаж байсан Зайсангийн аманд байрлалтай 2 га газарт “барилгын ажил явагдаж байсан” ул мөр буюу дутуу баригдсан барилгууд байв.

6.4.Т.Г нь “Эр” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, 610,000,000 төгрөгийн тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа нь дансны хуулга, бэлэн мөнгөний ордер, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар маргаан бүхий Зайсангийн аманд байрлалтай газарт тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна.

7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

7.1.Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий гурван газарт үйл ажиллагаа явуулахаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг 3 газар тус бүрт хийлгэн, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 3 газар тус бүрт батлуулан, Барилгын ажлын зөвшөөрлийг тухай бүрт гаргуулан холбогдох гэрчилгээ болон холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, газрыг ашиглахтай холбоотой үйл ажиллагааг явуулж байсан.

7.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн эсэхийг нягтлан тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байхад анхан шатны шүүх тухайн үйл баримтыг зөвхөн нэхэмжлэгчийн Зайсангийн аманд байрлах, ашиглах эрх бүхий 2 га газарт хамаатуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

7.3.Газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээсэн үүрэг мөн боловч хэргийн оролцогчдын тайлбар, холбогдох баримтаар нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гурвалсан гэрээг анхнаасаа байгуулаагүй нь тогтоогдож байх бөгөөд газрын төлбөр төлөх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй, уг үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрхийг цуцлах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-оос давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Үүнд:

8.1.Газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь, эсхүл газрын төлбөр төлөх талаар гэрээнд заагаагүй нь тухай газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээлгэсэн үүргээс чөлөөлөхгүй.

8.2.Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах санаачлага гаргах, гурвалсан гэрээ байгуулах үүргийг газар ашиглагчид өөрт нь хүлээлгэсэн байна. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар тогтоолоос өөрөөр шийдвэрлэсэн.

8.3.Манайх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа.

9.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б-аас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.3-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

9.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн “газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 23 дугаартай тогтоолын “...Газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газар эзэмших, ашиглах гэрээг байгуулаагүй нь эсхүл төлбөр төлөх талаар гэрээнд заагаагүй нь тухай газар эзэмшигч ашиглагчийн газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй” гэсэн дүгнэлттэй нийцэхгүй.

9.2.Т.Г-ын хувьд сайдын тушаал гарч, газар ашиглах эрхийн гэрчилгээ авснаас хойш маргаан бүхий гурван газрын төлбөрт 1 ч төлбөр төлж байгаагүй, Гэтэл “газар ашиглах гэрээ байгуулаагүй байсан” гэх шалтгаанаар хуулиар хүлээсэн үүрэг болох газрын төлбөр төлөх үүргээс чөлөөлсөн байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

9.3.Т.Г газар ашиглах гэрээ байгуулах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, ямар нэгэн өргөдөл хүсэлт гомдол гаргаж байгаагүй, тэрээр захиргааны байгууллагын эс үйлдэхүйг далим болгож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэжээ.

10.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

11.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

12.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын 38, 39, 40 дэх хэсгээр нэхэмжлэгч Т.Г-ын эзэмшиж байсан Зайсангийн аманд 2 га, Хүүшийн аманд 3 га, Нүхтийн задгайд 5 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, анхан шатны шүүх Хүүшийн ам болон Нүхтийн аманд байрлах газар ашиглах эрхийг хүчингүй болгосон захиргааны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, харин “... газар ашиглах гурвалсан гэрээ огт байгуулаагүй нь газрын төлбөр төлөх нөхцөл бүрдсэн байсан гэж үзэхээргүй байна, барилгын ажил явагдаж байсан ул мөр буюу дутуу баригдсан барилгууд байв, тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлтээр Зайсангийн аманд байрлах 2 га газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий А/50 дугаар тушаалын уг газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангасан  байна.

13.Хариуцагчийн гаргасан гомдлын талаар:

14.Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч захиргааны байгууллага давж заалдах журмаар гомдол гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргасан, хяналтын шатны шүүх хуралдаанд  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү[1]” гэв.

15.Анхан шатны шүүхээс “газар ашиглах гурвалсан гэрээ огт байгуулаагүй нь газрын төлбөр төлөх нөхцөл бүрдсэн байсан гэж үзэхээргүй байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийхгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн үндсэн зарчимд нийцүүлж, хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянах нь зүйтэй гэж үзэв.

16.Шүүхүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “газрын төлбөр төлөх”-тэй холбоотой газар эзэмшигч, ашиглагчийн үүргийн эрх зүйн агуулга, зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

17.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар  газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуй нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь газар ашиглах зөвшөөрөл нэгэнт олгосон атлаа түүнийг дагаж гарах газар ашиглах гэрээг байгуулаагүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан буруутай боловч энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд давуу байдал олгох, тодруулбал, хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байх үр дагаврыг үүсгэхгүй юм.

18.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Т.Г нь 2016 онд газар ашиглах эрх үүссэнээр газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байсан, гэтэл “захиргаа гэрээ байгуулаагүй” гэх шалтгаанаар газрын төлбөр төлөөгүй нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, захиргааны байгууллагын “гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг” хууль бус болохыг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

19.Иймээс давж заалдах шатны шүүхийн “газрын төлбөр төлөх нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй” гэх дүгнэлт буруу бөгөөд нэхэмжлэгчийг 2016 оноос 2021 он хүртэл газрын төлбөр төлөх, гэрээ байгуулах боломжгүй байсан гэж үзэхгүй, нэхэмжлэгчээс “захиргааны байгууллагад гэрээ байгуулахаар удаа дараа хандаж байсан” гэж тайлбарлах боловч үүнийг нотлох баримт байхгүй байна.

20.Гуравдагч этгээдийн гаргасан гомдлын талаар: 

21.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг” тул гуравдагч этгээд нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй хүрээнд л маргах, гомдол гаргах эрхтэй. Энэ тохиолдолд, гуравдагч этгээд “Э” ХХК-нд газар ашиглах эрх үүссэн Нүхтийн аманд байрлах газрын тухайд түүний ашиг сонирхол нь хөндөгдсөн байх тул энэ хүрээнд гомдлын шаардлагаа тодорхойлох учиртай.

22.Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Т.Г-д Хүүшийн ам болон Нүхтийн аманд байршуулан өмнө олгосон  газар  ашиглах эрхийг хүчингүй болгосонтой холбогдуулан анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж,  холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

23.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, тухайн тохиолдолд Т.Г- нь маргаан бүхий гурван газарт 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр архитехтур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, уг баримтыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Техникийн нөхцөл батлуулсан боловч энэхүү техникийн нөхцөл олгогдсоноос хойш 2 жилийн хугацаа дуусч, эрх зүйн үйлчлэлгүй болсон тул газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэхгүй.

24.Гэтэл давж заалдах шатны шүүх “холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, газрыг ашиглахтай холбоотой үйл ажиллагааг явуулж байсан” гэж хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн, нэхэмжлэгч 2016 онд газар ашиглах эрх үүссэн цагаас хойш Нүхтийн ам болон Хүүшийн аманд байрлах газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаагүй болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна.

25.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                                  Ц.ЦОГТ

                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

[1] Хяналтын шатны шүүх хуралдааны тэмдэглэл 7 дахь хуудас