Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 115

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1915000930185 дугаартай хэргийг прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н Б- /РД:***/.

Б.Б- нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 586 дугаартай Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай тогтоолд тусгагдсан “***” төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой “Ланд Крузер-200” загварын *** УНЛ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-гийн нэр дээр шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 225,000 төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Э.Гантулга бичсэн эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг хуульчилж тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл Б.Б-ы үйлдсэн гэмт хэргийн санаа, сэдэлт, зорилго нь “Төрийн өмчийн хорооны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 586 дугаартай "Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай" тогтоолд тусгагдсан "***" ТӨХК-ийн эзэмшилд шилжүүлэх ёстой 2014-2015 онд "***" чиглэлийн 88 километр зам барих ажлын гүйцэтгэгч “Э К Б Интернэшнл Холдинг” ХХК-ийн эзэмшилд ашиглаж байсан, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр импортоор Монгол Улсад орж ирсэн JTMDU09J1B4032985 арлын дугаартай Ланд Круйзер-200 маркийн *** УНЛ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-гийн нэр дээр шилжүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албанд ашиглагдах ёстой тээврийн хэрэгслийг 2015 оноос 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Д.Б-гийн нэр дээр шилжүүлж энэ хугацаанд өөрийн өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэсэн.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч ашиглаж байгаад 2018 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх явцад Ланд Круйзер-200 маркийн *** УНЛ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг “***” ТӨХК-д шилжүүлэн өгөлгүй барьцаалах хэлбэрээр буюу ажилд эргэн томилогдох талаар шүүхэд гомдол гаргасан хугацаанд өөрт хадгалж байсныг “***” ТӨХК-с 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг гаргаж улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “***” ТӨХК-д шилжүүлж өгсөн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Дээрх хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг хуульд зааснаас зөрүүтэйгээр тайлбарлаж хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасныг ноцтой зөрчиж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Б.Б-ы хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ “***” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор тогтоогдож байна.

Тэгэхээр энэ албыг хашиж байхдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрийн өмчийн хорооны үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх” тогтоолд тусгагдсаны дагуу “Э К Б Интернейшнл Холдинг” ХХК-ийн эзэмшилд ашиглаж байсан Ланд-200 машиныг өөрийн нэр дээр, дараа нь өөрийн танил Д.Б-гийн нэр дээр шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосон нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч ажлаас үндэслэлгүйгээр халагдаж маргаантай байсан тул тээврийн хэрэгслийг өгөөгүй гэж мэдүүлсэн боловч 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 09 сард ажлаа хүлээлгэн өгсөн байна. Ажлаа хүлээлгэж өгөхдөө тус тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй, төрийн өмчийн хорооны тогтоолыг өөрөө мэдэж байсан мөртлөө компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны дагуу явагдах ёстой. Шүүгдэгч Б.Б- нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Харин давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч Б.Б-д холбогдох хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргаж оролцсон. Анхан шатны шүүх Б.Б-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаснаар шүүх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Тавьж байгаа санал юу вэ гэхээр прокурорын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж, яллаж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр нь юу байсан бэ гэдгийг тогтоогоогүй. Энэ талаар нотолбол зохих ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байна.

Хэдийгээр “Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан Б.Б- нь төрийн өмчийн хорооноос шилжүүлж ирсэн тээврийн хэрэгсэл...” гэж ярьж байгаа боловч хэрэгт тухайн “Э К Б Интернейшнл Холдинг” ХХК-ийн ашиглаж байсан тээврийн хэрэгслийг төрийн өмчийн компаниар ашиглуулж “***” ТӨХК-д шилжүүлж өгөх ёстой байсан. Гэтэл удаа дараа Б.Б- нь өөрийн биеэр болон жолоочоо холбогдох нягтлан, албан тушаалтнаа энэ тээврийн хэрэгслийг шилжүүлж ав гэдэг байдлаа илэрхийлсэн боловч хятад компанийн тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан хүмүүс нь орон нутаг руугаа явсан байсан. Шилжүүлж авах боломжгүй байж байгаад гэнэт Б.Б-ы нэр дээр шилжүүлэгдээд ирсэн юм.

Б.Б- энэ бол миний хувьд ашиг сонирхолтой холбоотой зөрчил үүсэх учир би бол болохгүй юм байна гэдэг байдлаар түр зуур найз руугаа шилжүүлээд, энэ хугацаанд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан байдлаар шүүхэд хандаж, ажилдаа буцаад томилогдсон. Энэ үед тухайн тээврийн хэрэгслийг байгууллагатаа шилжүүлж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг шилжүүлэгдэж ирсэн өдрөөс хойш “***” ТӨХК-ийн үйлчилгээнд байнга хэрэглэж байсан болохыг гэрч нар мэдүүлдэг. Б.Б- ямар байдлаар өөртөө давуу байдал бий болгоод, ямар байдлаар ашиглаж, хохирол, хор уршиг учруулсан бэ гэдэг нь ойлгомжгүй.

Тухайн тээврийн хэрэгслийн элэгдэл, хорогдол, шатах, тослох материал, явах эд ангийг “***” ТӨХК-иас байнга сольж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж байсан. Гэтэл энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй. Хэрэг бүртгэлтийн шатанд Б.Б-ыг хоёр удаа шалгаад, гэмт хэргийн шинжгүй байна, өөрөөр хэлбэл зөрчлийн шинжтэй байна гэдэг байдлаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, зөрчлөөр шилжүүлж байсан.

Гэтэл ямар байдлаар сэргээж, шүүхэд шилжүүлсэн байдал нь тодорхойгүй. Б.Б-ы хувьд шууд болон шууд бус санаа сэдэл байхгүй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж зориуд хүсэж үйлдээгүй. Харин албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа мэргэжлийн алдаа гаргаж, бусад обьектив хүчин зүйлийн улмаас бусдад хохирол учруулсан бол зөрчлийн шинжтэй байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан байгаа. Гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилгыг тогтоогоогүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-д заасан энэ нь өөрөө гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс санал хүсэлтээ хэлсэн. Ийм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломж байсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байдлаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Б.Б-ы хувийн байдлыг авч үзвэл “***” ТӨХК-ийг улсын хэмжээнд төрийн өмчийн компаниудын номер нэгт ажиллах тодорхой хүчин чадалтай байгууллага болтол нь өндөрт авч явсан байдаг. Зөрчилтэй холбоотой ял шийтгэл эдэлж байсан зүйл байхгүй, тухайн компанид ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгож байсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэм буруугийн санаа, зорилго, сэдэлт хангалттай нотлогдож тогтоогдоогүй байгаа учраас гэмт хэргийн шинжээ үгүйсгэж байна. Тодорхой эрх ашиг хөндөгдсөн байхыг гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан. Тодорхой албан тушаал хашиж байгаа этгээдийн ийм үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл цаашлаад хүний эрхийн асуудал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг ямар байдлаар авч явах вэ гэдэг асуудал хөндөгдөнө” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ы гэмт хэрэг үйлдсэн үйл баримтыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон боловч тухайн үйл баримтанд хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Б.Б- нь Булган аймгийн авто зам засвар арчлалтын “***” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 586 дугаартай “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” Төрийн өмчийн хорооны тогтоолд тусгагдсан байсан “Ланд-200” загварын тээврийн хэрэгслийг “***” төрийн өмчит компанийн нэр дээр шилжүүлэлгүйгээр, тээврийн хэрэгслийг өмнө нь эзэмшиж байсан аж ахуйн нэгжид бусдаар дамжуулан албан журмын бус хүсэлт тавьж 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, улмаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-гийн нэр дээр шилжүүлж итгэмжлэн хариуцуулж өгсөн хөрөнгийг завшсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б- нь хэдийгээр нийтийн албан тушаалтан мөн хэдий ч гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо дан ганц субьектын шинжид тулгуурлан хэргийн зүйлчлэл тодорхойлогдохгүй бөгөөд шүүгдэгчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх үйлдлийг хийхдээ албаны чиг үүргээ хэрэгжүүлэх байдлаар биш харин албан бус, хувийн харилцааг ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан байх тул түүний үйлдлийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй юм.

Тэрээр гэмт хэрэг үйлдэхдээ дээр дурдсаны дагуу хувийн харилцааны байдлаа ашигласан байх тул Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвтгөн зүйлчилж, ийнхүү албан тушаалын байдлаа ашигласан гэх шинж үгүйсгэгдэж байгаа тул эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэж, уг зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив талыг бүрэн нотлоогүй, санаа сэдэл нь гэмт хэргийн шинж агуулаагүй, зөрчлийн шинжтэй гэх дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, харилцан хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэхдээ хэргийн үйл баримтын талаар шууд гэрчлэх гэрчүүдийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан баримт бүрийг үнэлэн дүгнэлт хийвэл зохих хууль ёсны шаардлагыг хангаагүй, мөн тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга, эх сурвалжаа заасан байдал зэргийг зөв үнэлж чадаагүй байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгохоор хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж, ял шийтгэлд өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн “...магадлалыг хүчингүй болгуулах тухай” эсэргүүцлийг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтуудыг “Шүүгдэгч Б.Б-ыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                  

                 ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН                  

                                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН