Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/0074

 

“ОТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын Том татвар

төлөгчийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                           Ц.Цогт

           Шүүгчид:                                              Д.Батбаатар

                                                                            М.Батсуурь  

                                                                            Х.Батсүрэн                      

            Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                 Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 754 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Х.Аарыг оролцуулж,

   Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 332 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 212000007 дугаар актаар баталгаажуулсан 832,727,652 төгрөгийг “ОТ” ХХК-д буцаан олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, буцаан олгохыг даалгах;

2.Хэргийн нөхцөл байдал: Татварын улсын байцаагч нар нь “ОТ” ХХК-ийн 2013-2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2019 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 832,727,652 төгрөгөөр баталгаажуулж, уг илүү төлөлтийг дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцохоор шийдвэрлэсэн байна.

3.Нэхэмжлэгч “ОТ” ХХК нь “илүү төлсөн татварыг тооцохдоо манай компанийн зөвшөөрөлгүйгээр дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох шийдвэр гаргаж, эрхэд халдсан, албан татварын илүү төлөлтөө буцаан авах эсвэл суутган тооцуулах эсэх нь татвар төлөгчийн эрх байхад шууд суутган авахаар тулгаж байгаа нь манай эрхийг зөрчиж байна, бид барилгаа барьж дуусаагүй, борлуулаагүй, илүү төлсөн мөнгөө авч барилгаа барьж дуусгамаар байна” гэж,

4.Хариуцагч “нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар барилгын борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй хэрнээ барилгатай холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тайлагнасан, орлогыг бүртгэсэн цаг хугацаанд уялдуулан тухайн орлогыг олохтой холбогдсон зардлыг бүртгэдэг, уялдаат зарчмыг хангахгүй байна. Уялдаат зарчим гэдэг  бол орлого зарлага 2 хоорондоо зохицох ёстой юм. Компани тухайн дуусаагүй барилгаа борлуулсны дараа төлсөн татвараас нь илүү гарсан мөнгөн дүнг буцаан гаргуулж авах эрх нь нээлттэй, илүү төлөлтийг олгох хамгийн эхний авах арга хэмжээ бол дараагийн албан татварт суутган тооцох” гэж тус тус маргасан байна.

5.Анхан шатны шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Барилга угсралтын ажил гүйцэтгэснээр эцсийн борлуулалтад нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх ба харин худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуримтлуулан авлагаар бүртгэх байсан. Учир нь орлогыг хүлээн зөвшөөрөх үед хуримтлуулан бүртгэсэн нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж бүртгэх ба ... зохицох буюу орлого, зардал уялдах зарчимд нийцэхээр байна,

5.2.Нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнахтай холбоотойгоор дээрх орон сууцны барилгын борлуулалтыг орлогоор хүлээн зөвшөөрч тайлагнаагүй байгаа нь хэрэгт авагдсан тайлан бүхий баримтууд, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна,

5.3.Тайлагнах хугацаанд худалдан авалтад төлсөн илүү гарсан төлөлтийг эхний ээлжид дараагийн тайлант хугацааны төлөх татварт шилжүүлэн тооцохоор хариуцагчаас шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “... эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д “илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно” гэж заасантай нийцсэн.

6.Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Татварын ерөнхий хуульд татвар төлөгч илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй гэж хуульчилсан нь нарийвчилсан зохицуулалт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлөх татварын дүнгээс их байвал татварын алба татвар төлөгчид буцаан олгохоор зохицуулна” гэж тодорхой туссан,

6.2.Хуульд татвар төлөгчийн тухайн сард төсөвт төлөх албан татвараас хасч тооцох хасалтын хэмжээг дараагийн татварт шилжүүлэн тооцох, бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэх, буцаан олгох зохицуулалтыг заавал шат дараалуулан хэрэглэх талаар тусгайлан зааж хуульчлаагүй байна,

6.3.Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ”, 49.1.1-т “буцаан олгох” гэж илүү төлсөн татварыг хэрхэн шийдвэрлэх талаар дараалал тогтоосон зохицуулалт энэхүү маргаанд хэрэглэгдэхээр байна.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

7.1.Барилгын борлуулалтын орлогын хүлээн зөвшөөрч тайлагнаагүй атлаа уг барилгатай холбоотой 2016-2019 онд нийт 387,805,262,30 төгрөгийн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасч тооцсоныг зөрчил гэж үзсэн,

7.2.Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад нь татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх ба харин худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуримтлуулан авлагаар бүртгэх учиртай,

7.4.Худалдан авалтанд төлсөн илүү гарсан төлөлтийг эхний ээлжинд дараагийн тайлант хугацааны төлөх татварт шилжүүлэн тооцох нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан уялдаат зарчимд нийцнэ гэжээ.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

10.“ОТ” ХХК нь Хан-Уул дүүргийн 8-р хорооны Яармаг, Наадамчдын гудамж хаягт, “Тоскан интернэйшнл гарден” нэртэй, амины орон сууцны хотхон барих үйл ажиллагаа явуулж, уг барилгыг барих явцад үүссэн худалдан авалттай холбоотойгоор төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 832,727,652 төгрөгөөр баталгаажуулсан, энэхүү үйл баримт, тооцоололтой хэргийн оролцогчид маргаагүй, харин дээрх илүү төлөлтийг нэхэмжлэгч компанид буцаан олголгүйгээр, дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцсонд маргасан байна.

11.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна”, 14.8.1-д “дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох” гэж заасныг энэхүү маргаанд хэрэглэгдэх нарийвчилсан зохицуулалт гэж үзлээ.

12.Учир нь Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт “илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно”, 3 дугаар зүйлийн 3.2-т “... энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой илүү төлөлтийг эхний ээлжинд иргэн, хуулийн этгээдэд буцаан олгохгүйгээр, дараагийн төлөх татвараас суутган тооцохоор тусгайлан зохицуулсан, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

13.Хууль тогтоогчоос татвар төлөгчийн илүү төлсөн татварыг төсвөөс буцаан олгох харилцааг зохицуулахдаа татварын төрөл тус бүрээр ялгамжтай зохицуулсан, тухайлбал хувь хүний илүү төлсөн татварыг эхний ээлжинд буцаан олгохоор, аж ахуй нэгжийн хувьд мөн адил илүү төлсөн татвараа эхний ээлжинд буцаан авдаг эрхтэй байхаар Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар зохицуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд эхний ээлжинд буцаан олгох арга үйлчлэхгүй байхаар ялгаатай тогтоосон тул нэхэмжлэгчийн “албан татварын илүү төлөлтөө буцаан авах эсвэл суутган тооцуулах эсэх нь татвар төлөгчийн эрх” гэх тайлбар хуульд нийцэхгүй байна.

14.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь бараа борлуулаагүй буюу орон сууцаа худалдан борлуулаагүй, барьж дуусаагүй байгаа тул орлого зарлага зохицох зарчмын дагуу шилжүүлэн тооцсон, татварын улсын байцаагч нарыг хууль зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

15.Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бусдаас худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа буцааж авах эсхүл хасч тооцуулах зарчимтай, өөрөөр хэлбэл, аж ахуй эрхлэгч нар үйл ажиллагаа явуулахын тулд бусдаас худалдаж авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа өөрийн барааг бусдад борлуулах үедээ тэдгээр худалдан авагч нарын төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах зарчимтай тул эцсийн борлуулалт хийгдээгүй байхад илүү төлсөн татварыг буцаан олгохгүйгээр дараагийн татварт шилжүүлсэн нь эцсийн хэрэглэгч нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх зохицуулалтад нийцэхээр байна.

16.Гэтэл давж заалдах шатны шүүхээс “... Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ”, 49.1.1-т “буцаан олгох” гэж илүү төлсөн татварыг хэрхэн шийдвэрлэх талаар дараалал тогтоосон зохицуулалт” гэж хууль тайлбарлах аргаа буруу сонгосон буюу “дараалал” гэсэн үгийн утгаар бус, татварын төрөл, түүний онцлог, агуулгад дүгнэлт хийж, хуулийг системчилсэн байдлаар тайлбарлах байжээ.

17.Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 342 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 754 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ЦОГТ

               ШҮҮГЧИД                                                      Д.БАТБААТАР

                                                                                                      М.БАТСУУРЬ

                                                                                                      Х.БАТСҮРЭН

                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ