Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“О” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 754 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0951/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 212000007 дугаар актаар “О” ХХК-ийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан 832,727,652.9 төгрөгийг “О” ХХК-д буцаан олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 832,727,652.9 төгрөгийг төсвөөс гаргуулан О ХХК-д буцаан олгохыг Том татвар төлөгчийн газарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 754 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 49 дүгээр зүйлийн 49.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 14.8.1, 14.8.2, 14.8.3, 15 дугаар зүйлийн 15.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн ... 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 212000007 дугаар актаар “О” ХХК-ийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан 832,727,652.9 төгрөгийг “О” ХХК-д буцаан олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 832,727,652.9 төгрөгийг төсвөөс гаргуулан “О” ХХК-д буцаан олгохыг Том татвар төлөгчийн газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Анхан шатны шүүх нь дээрх шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба үүнээс үүдэлтэйгээр үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй.

3.2. Тус компанид нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар иж бүрэн шалгалтыг хийж, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 222219005 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актаар 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай компанийг 903.347.722 төгрөгийн илүү төлөлттэй байгааг тогтоосон байдаг бөгөөд үүний дараа дахин 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ун, Н.М нар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах хэсэгчилсэн шалгалтыг хийсэн.

3.3. Ингэхдээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 832.727.652.9 төгрөгөөр баталгаажуулж, ....баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцож, татвар төлөгчийн хуулиар олгогдсон эрхэд шууд халдаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

3.4. Харин дээрх актаар баталгаажсан нэхэмжлэгчийн илүү төлсөн 832.727.652.90 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцож шийдвэрлэсэн нь татвар төлөгч буюу нэхэмжлэгч манай компанийн хуулиар олгогдсон эрхэд шууд халдаж байгааг дараах хуулийн заалтаас харж болохоор байхад анхан шатны шүүх нь доорх хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудыг хэрэглэлгүй хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

3.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д: “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна” гээд 14.8,3-т: “Татвар төлөгчид буцаан олгоно”, 15 дугаар зүйлийн 15.11- д “Энэ хуулийн 6.7-д заасан этгээд нь албан татварын хасалт хийлгэх буюу илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй”

3.6. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд татвар төлөгчийн эдлэх эрхийг хуульчилж өгсөн бөгөөд 12 дугаар зүйлийн 12.1.4-д: “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах”, 72 дугаар зүйлийн 72.3-т: “Энэ хуулийн 72.1-д заасан мөнгөн хөрөнгийг татвар төлөгч зөвшөөрвөл энэ хуулийн 49.1.2- тухайн хугацаанд төлбөл зохих татварт суутган тооцох” гэх заалтуудыг тус тус зөрчиж, манай компанийн зөвшөөрөлгүйгээр дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох шийдвэрийг гаргасан.

3.7. Гэтэл татварын улсын байцаагч нар Сүхбаатар дүүргийн татварын албанд дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцохоор шийдвэрлэснийг “Татварын ерөнхий газар” болон “Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл”-өөс залруулалгүй ижил шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг мөн адил зөрчөөд байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах, суутган тооцуулах эсэх нь татвар төлөгчийн эдлэх эрх, өөрөөр хэлбэл тухайн эрхээ татвар төлөгч нь сонгон хэрэгжүүлэхээр байхад шууд суутган авахаар тулгаж байгаа нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрхэд бүдүүлгээр халдаж байгаагийн илрэл юм.

3.8. Түүнчлэн “О” ХХК нь одоогоор Улс, Эх оронд төлөх татварын өр, төлбөргүй байгаа тул суутган тооцуулах шаардлага байхгүй бөгөөд бид худалдан авсан бараа материалд төлсөн илүү төлөлтөө мөнгөн хэлбэрээр буцаан авч санхүүгийн хямралтай байгаа энэ үед санхүүжилт бүрэн зогссон барилга, байгууламжийг үргэлжлүүлэн барих шаардлагатай байгааг хэлэх нь зүйтэй. Дээрх асуудлаар нэхэмжпэгч нь гомдол, хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд нь хуулийн хүрээнд хандсаар ирсэн боловч гомдлыг хүлээн авч шийдвэрлэхгүй татвар төлөгчийг хохироосоор байхад дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, засаж залруулж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг хамгаалахаас үндсэлэлгүйгээр зайлсхийж байгаад гомдолтой байгаа болно.

Иймд хэргийн үйл баримтын талаар болон хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт тайлбар хийж, улмаар хуулийг буруу тайлбарлаж үндэслэлгүй шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шийдвэрийг гаргаж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Улсын байцаагч Б.У, Н.М нар “О” ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолтын дагуу хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №212000007 дугаар “Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар тус компанийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 832.727.652.9 төгрөгөөр баталгаажуулж, уг илүү төлөлтийг дараагийн хугацаанд төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцохоор шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч “... татвар төлөгчийн Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан ... илүү төлсөн татварыг буцаан авах ... тухай зохицуулалтыг зөрчиж, манай компанийн зөвшөөрөлгүйгээр дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй ...” гэж маргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

3.1. Нэхэмжлэгч “О” ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх бөгөөд 2013 оноос 2016 оны хооронд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг наадамчдын гудамж, 505, 506 тоот хаягт байршилтай “Т” орон сууцны хотхоныг барьсан, уг орон сууцны хотхоны дуусаагүй барилгад улсын бүртгэлийн газраас 7.879.56 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолын зориулалттай 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043439 дугаарт бүртгэж, 000436580 дугаар гэрчилгээг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгосон, уг хотхоны дуусаагүй барилгыг Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлагнан баталгаажуулж, 2013 оноос 2015 оны хооронд санхүүгийн тайлан тэнцлийн эргэлтийн хөрөнгө хэсгийн бараа материал дансанд 52.879.200.00 төгрөгөөс 15.807.483.900.00 төгрөг хүртэл хуримтлуулан бүртгэсэн үйл баримт тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

3.2. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хууль нь татвар төлөгч, татварын алба болон татварын хууль тогтоомжийн дагуу түүнийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн этгээдэд хамаарна”, 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ”, 12 дугаар зүйлийн 12.1-т “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ:”, 12 дугаар зүйлийн 12.1.4-т “илүү төлсөн татварыг буцаан авах ...”, 49 дүгээр зүйлийн 49.1-т “Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын  дагуу шийдвэрлэнэ:”, 49.1.1-т “буцаан олгох”, 49.2-т “Татвар төлөгч татварын өртэй бол энэ хуулийн 49.1-д заасан дарааллыг үл харгалзан татварын өрийг түрүүлж суутган тооцно”, 49.4-т “Илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна:”, 14.8.1-т “дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох”, 14.8.2-т “хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох”, 14.8.3-т “татвар төлөгчид буцаан олгох” гэж тус тус заасан байна.

3.3. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл Татварын ерөнхий хуульд татвар төлөгч илүү төлсөн татварыг буцаан авах эрхтэй гэж хуульчилсан нь нарийвчилсан зохицуулалт бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлөх татварын дүнгээс их байвал татварын алба татвар төлөгчид буцаан олгохоор зохицуулна” гэж тодорхой туссан, тэрхүү илүү төлөлтийг дараагийн татварт шилжүүлэн тооцох эсхүл татвар төлөгчид буцаан олгох асуудлыг уг хуульд заасан дарааллын дагуу шат дараалуулан хэрэгжүүлэх талаар тусгайлан зааж хуульчлаагүй, харин Татварын ерөнхий хуульд илүү төлсөн татварыг хэрхэн шийдвэрлэх дарааллыг тодорхой зааж хуульчилсны дотор эхний ээлжинд татвар төлөгчид буцаан олгохоор зааж хуульчилсан нь энэхүү маргаанд хэрэглэгдэх боломжтой байна.

3.4. Гэтэл анхан шатны шүүх “... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.8-д ... зааснаар тайлагнах хугацаанд худалдан авалтад төлсөн илүү гарсан төлөлтийг эхний ээлжинд дараагийн тайлант хугацааны төлөх татварт шилжүүлэн тооцохоор хариуцагчаас шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 3.2-т “... эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-т “илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно” гэж заасантай нийцсэн ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болоогүй байна.  Учир нь, 

3.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.8-д “Энэ хуулийн 14.1-д заасны дагуу тухайн сард хийх хасалтын хэмжээ нь мөн хугацаанд төлбөл зохих албан татварын дүнгээс их байвал татварын алба дараах байдлаар зохицуулна:”, 14.8.1-т “дараагийн сар, улирал, жилд төлөх албан татварт шилжүүлэн тооцох”, 14.8.2-т “хууль тогтоомжийн дагуу төсөвт төлөх бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэн тооцох”, 14.8.3-т “татвар төлөгчид буцаан олгох” гэж заасан байх бөгөөд тус хуульд татвар төлөгчийн тухайн сард төсөвт төлөх албан татвараас хасч тооцох хасалтын хэмжээг дараагийн татварт шилжүүлэн тооцох, бусад төрлийн татварын төлбөрт шилжүүлэх, буцаан олгох зохицуулалтыг заавал шат дараалуулан хэрэглэх талаар тусгайлан зааж хуульчлаагүй байна.

3.6. Харин Татварын ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ:”, 49.1.1-т “буцаан олгох” гэж илүү төлсөн татварыг хэрхэн шийдвэрлэх талаар дараалал тогтоосон зохицуулалт энэхүү маргаанд хэрэглэгдэхээр байна.

3.7. Нэхэмжлэгч “О” ХХК-ийн тухайд Татварын ерөнхий хуулийн 49.2-т “Татвар төлөгч татварын өртэй бол энэ хуулийн 49.1-д заасан дарааллыг үл харгалзан татварын өрийг түрүүлж суутган тооцно” гэж заасан  “татвартай өртэй” гэх нөхцөл болон дараагийн сар, улирал, жилд төлөх албан татвар үүссэн байсан болох нь тогтоогдохгүй, хариуцагчаас энэ талаар баримт нотолгоо гаргаж маргаагүй байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийн нэгэнт төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан атлаа буцаан олгохоос татгалзаж, дараагийн төлөх татварт суутган тооцохоор шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлтэй болоогүй, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.3-д “шударга байх”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:”, 76.1.1-т “хууль дээдлэх”, 76.1.2-т “бусдын нөлөөнд үл автах”, 76.1.3-т “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэж заасан татварын харилцаанд мөрдөгдөх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан татвар төлөгчийн “илүү төлсөн татварыг буцаан авах, суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах” эрхийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... шүүх илүү төлсөн татвараа буцаан авах нэхэмжлэгчид эрхийг зөрчсөн хариуцагчийн шийдвэрийг залруулж, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалахаас зайлсхийсэн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

3.8. Түүнчлэн анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн илүү төлсөн татварыг буцаан олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй” талаар дүгнэсэн атлаа нэхэмжлэгч илүү төлсөн татварыг буцаан авах эрхээ хүсэлт гаргах замаар хэрэгжүүлэх боломжтой, уг эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн шийдвэр саад болохгүй гэж дүгнэсэн нь, мөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамаарах хуулийн зүйл, заалтуудыг баримталсан нь зөрчилтэй болсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 754 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8, 14.8.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 212000007 дугаар актаар “О” ХХК-ийн төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан 832.727.652.9 төгрөгийг “О” ХХК-д буцаан олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 832.727.652.9 төгрөгийг төсвөөс гаргуулан “О” ХХК-д буцаан олгохыг Том татвар төлөгчийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                                       

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

                     ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ