Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 385

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.А, А.О, С.С, С.Н нарын 4 иргэний нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар

Нэхэмжлэгч нарын “Нийслэлийн Засаг даргын  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, А.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.З, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, С.В, гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А, А.О, С.С, С.Н, өмгөөлөгч Г.З нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 40, 42, 44 дүгээр байр нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд Улаанбаатар хотын түүх соёлын дурсгалт газар гэж тооцож болох юм. Уг барилга нь модон Каракастай, тоосгон байшин учир хэврэг болсон бөгөөд газар хөдлөлтөд тэсвэргүй орон сууц юм. Гэтэл Х.Э нь 40, 42, 44 дүгээр байрны дунд талбайд газар доорх гараашийг барих талаар хүсэлт гаргасан. Холбогдох байгууллагатай оршин суугч нарын төлөөлөлтэй хамт уулзсан боловч авто зогсоол барихаар нийт оршин суугч нарын 80 гаруй хувь нь зөвшөөрч гарын үсэг зурсан гэдэг тайлбарыг өгсөн. Энэ талаар оршин суугч нартай уулзаж гарын үсэг зурсан эсэхийг тодруулж үзэхэд нийт орон суугчдын 50 гаруй хувь нь гарын үсэг зураагүй байсан. Энэ талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт мэдэгдсэн ба үүнтэй холбоотой гомдол, өргөдлийг холбогдох төрийн байгууллагад удаа дараа өгч байсан. Мөн цагдаагийн байгууллагад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдэг талаар гомдол гаргасан боловч материаллаг хохирол учраагүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дүгээр захирамж гарсан талаар төрийн захиргааны холбогдох шатны аль ч байгууллагаас иргэд бидэнд огт танилцуулаагүй бөгөөд бид 2016 оны 5 дугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны веб сайтаас захирамж гарсан болохыг олж мэдсэн. Энэхүү захирамжийн газар эзэмших эрх олгогдсон байгууллагуудын жагсаалтын “20”-д “40, 41, 42” дугаар байрны “хойд талд” газар доорх автомашины зогсоол барьж байгуулах эрх олгогдсон нь манай байрнуудын дунд орших хүүхдийн тоглоомын талбайтай хамааралтай эсэх нь ойлгомжгүй зөрчилдөөнтэй байсан болохоор бид Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох 2016 онд иргэд сонгогчидтой уулзах уулзалтын үеэр уг сонгуульд нэр дэвшиж буй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Д.Б-д уг асуудлыг тавьсан бөгөөд үүний хариуд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 01/296 тоотоор Нийслэлийн Засаг даргад хандаж бичсэн албан тоотыг ирүүлсэн.

Энэхүү албан тоотоор өгсөн хариунд уг захирамжаар газар доорх автомашины зогсоол барьж байгуулах эрх олгохдоо байршлыг “хойд талд” гэж алдаатай заасан нь материаллаг хууль буюу Газрын тухай хуулийн процессын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй тул холбогдох хэсгийг хүчингүй болгох хэмээн дурьдсан.

Уг албан тоотын дагуу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 07/2646 тоотоор Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 42, 44 дүгээр байрны дунд автомашины зогсоол барих 230/2016 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосныг мэдэгдсэн.

Эдгээрээс үүдэж бид манай байрны дунд талбайд автомашины зогсоол барихгүй, боломжгүй боллоо гэсэн ойлголттой байтал Нийслэлийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 тоот захирамжийг дахин гаргасан оршин суугч бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн гэж үзэж байна. 

Уг асуудалд холбогдох хууль дүрмийн дагуу бид нарын саналыг сонсоод оршин суугч нартай хамтран ажиллах ёстой гэж үзэж байна. 2015 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн Засаг даргатай оршин суугчдийг төлөөлж гурван хүн очиж уулзсан. Тухайн үед газрын мэдэлд бидэнд байдаггүй, уг асуудалд холбогдуулан оршин суугч нарын саналыг ойлголоо гэдэг байдлаар бид нарт ойлгуулсан. Уг газарт оршин суугч нараас болж түгжрэл үүсдэггүй, анхнаасаа буруу төлөвлөгдсөн газар бөгөөд гарааш барьснаар  авто машины ачаалал, түгжрэл улам их болно. Оршин суугчдаас судалгаа авч хэдэн авто машины  зогсоол хэрэгтэй байгаа талаар судалж үзээгүй. Уг маргаан бүхий байршлын ойр орчим нийт 150 гаруй авто машины гарааш байдаг ба өвлийн улиралд оршин суугч нар мөнгө төлж машинаа байршуулдаг. Маргаан бүхий газарт гарааш барьснаар агаарын бохирдол, ногоон байгууламж, дуу чимээ, өндөр настан болон хүүхдүүд авто замын осолд өртөх нөхцөл улам их болох юм. Орон сууцны дунд байдаг нарийн зам уг ачааллыг дийлэхгүй. Маргаан бүхий газарт ногоон байгууламж байгуулах боломжтой бөгөөд хэрвээ гараашийг барьвал орон сууц нурах аюултай. 

Газар барилгажилтын зөвлөлийн хуралдаанд дээр Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд уг асуудал нь хэрхэн уялдаж байгаа талаар хэлэлцүүлэгдсэн бөгөөд уг асуудлаар маргаантай байгаа, шийдвэрлээгүй гэдэг үндэслэлээр хуралдаан хойшилсон байдаг. Уг орон сууцанд амьдарч байгаа нийт иргэдийн 40 хүрэхгүй хүн нь авто машинтай, гэтэл уг төслийн ажил нь газар доорх 92 авто машины зогсоол, газар дээрх 50 авто машины зогсоол барихаар төлөвлөсөн. Энэ нь төсөл хэрэгжүүлэгч уг зогсоолыг худалдан борлуулах зорилгоор хийж байгаа нь оршин суугчдийн эрх ашиг сонирхлыг бодож үзээгүй асуудал болно. 

Мөн сонсгох ажиллагаанд 29 иргэн оролцсон гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа боловч үнэндээ арав хүрэхгүй хүн оролцсон байдлаас үзвэл ногоон байгууламж байгуулах ажлын мөнгийг хувийн хэвшлийн байгууллагаар шийдвэрлүүлж, ашигтай хувилбарыг сонгосон төсөл гэдэг нь шууд харагдаж байна. Үүний ард ямар үр дагавар гарах талаар төрийн байгууллага судалж үзээгүй байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан А/175 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам батлагдсан. Уг журмаар авто зогсоол барих эрх олгох талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд 3 дугаар зүйлийн 3.2.3-д “Газар эзэмшигч шугам сүлжээний байгууллагаас тодруулга авсан байх ёстой” гэж заасан. Нотлох баримтаар холбогдох байгууллагаас тодруулга аваагүй нь нотлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох байгууллагаас тодорхойлолт гаргуулахад шугам сүлжээтэй давхцаж байгаа гэсэн хариу ирүүлсэн. Мөн журмын 3 дугаар зүйлийн 3.2.4-д “төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн 60-аас доошгүй хувийг өөрийн дансанд байршуулсан байх” гэж заасан бөгөөд төсөвт дурдсанаар авто зогсоолыг барьж байгуулахад нийт 1,183,447,605 төгрөгийг зарцуулахаар төсөвлөгдсөн. Үүний 60 хувь нь 710,068,563 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Дансны тодорхойлолтыг нийт дүнгээр нь авч үзэхэд 441,548,705,13 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө байгаа нь мөнгөн дүн тухайн төслийн төсвийн 37.3 хувьтай тэнцэж байна. Хаан банкинд 60121.67 ам.долларыг байршуулсан бөгөөд үүнийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны ханш болох 1,942.56 мөнгөөр тооцож хүргүүлсэн байдаг. Үүнээс дүгнэж үзэхэд санал хүргүүлэгч нь тухайн журамд заасан шаардлагыг хангаагүй санал хүргүүлсэн. Холбогдох байгууллага шаардлага хангаагүй бол 5 хоногийн дотор буцааж, эс зөвшөөрсөн талаарх албан бичгийг хүргүүлэх ёстой байсан боловч уг саналыг хүлээн авч ажиллагаа хийгдсэн. 

Уг журмын 3 дугаар зүйлийн 3.4-д “самбарын байршлыг тодорхойлж өгнө” гэж заасан боловч одоогийн байдлаар самбарыг байршуулсан талаар хавтаст хэрэгт байхгүй, 3.5-д “3:2 хэмжээтэй самбарыг оршин суугчдад харагдахуйц байдлаар 14 хоногийн хугацаатай байршуулна” гэж заасан бөгөөд энэ нь “ийм ажиллагаа болох гэж байгаа талаарх мэдээллийг хүргэж, тухайн үйл ажиллагааны талаар та хүлээн зөвшөөрч байгаа эсэх саналыг авах зорилгоор уг заалтыг тусгасан” гэж ойлгож байна. Мэдээллийн самбарыг байршуулаагүй учир иргэд мэдэх боломжгүй, 3.9-д “санал өгөх иргэдийн 80 хувь нь бүрдсэн тохиолдолд” гэж заасан. Нотлох баримт шинжлэн судлахад тухайн саналын хуудас нь хүчин төгөлдөр бус байна. Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн тэмдэглэлээс харахад хувийн хэрэгт нийт 97 иргэн санал өгсөн гэж харагдаж байгаа боловч хилээр гарсан иргэд, бидний зүгээс эс зөвшөөрч гаргасан баримтын тоог хасаж үзэхэд нийт 51 хүн нь хүлээн зөвшөөрсөн. Журмын дагуу 4 байрны нийт 130 оршин суугчийн 80 хувьтай тэнцэх 104 оршин суугчийн санал авсан байх ёстой. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын хувьд илэрхий алдаатай захиргааны акт илт хууль бус” гэж зааснаар захиргааны акт илт хууль бус болох ёстой. Ийм захиргааны акт гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус юм. Х.Э-ийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 тоот захирамж гарсан гэж ойлгож байна. Уг маргаан бүхий захиргааны акт шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш гарсан тул уг хуульд нийцүүлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцох зарчмаар хангана”, 13 дугаар зүйлийн 13.1-т “захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллага өргөдөл, хүсэлт гаргасан эрх зүйн үйлчлэл нь шууд болон шууд бусаар чиглэсэн оролцогч хэн байх талаар” заасан. Оролцогч гэдгийг тодорхойлсноор 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа хэрхэн явуулах талаар зааж өгсөн. Оролцогч этгээдүүдийг сонсох ажиллагаанд оролцуулах ёстой байсан. Ийнхүү иргэдийн эрхийг хангалгүйгээр захирамж гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Хуульд алдаатай үйлдэгдсэн захирамжийг засах гэсэн ойлголт байхгүй. Иймд хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.Ц, С.В нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар 16-ны өдрийн 157 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 01 дүгээр хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтад дурдсан 23 байршилд газар доорх авто зогсоолын зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 захирамжаар газар эзэмших эрх олгосон байна. Дээрх захирамжийн 2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байгуулж олгосон. “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн хавсралтаар “Газар эзэмших эрх олгогдсон байгууллагуудын жагсаалт”-ын “20”-д “40, 41, 42” дугаар байр” гэснийг “40, 42, 44 дүгээр байр” гэж, “хойд талд” гэснийг “дунд талбайд” гэж тус тус өөрчилсөн.

Маргаан бүх газарт анх Нийслэлийн Засаг даргын 2015 оны 933 дугаар захирамжаар газар доорх гараашийг 23 байршилд барихаар төлөвлөсөн. Иргэдээс хүсэлт ирсний дагуу Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар газар барилгажилтын зөвлөлийн хурлаар уг байршлын талаар хэлэлцүүлсэн ба бага тойруугийн техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй байгаа учраас батлагдах хүртэлх хугацаагаар хойшлуулах тухай шийдвэр гарсан. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 175 дугаар тогтоолоор газар доорх гарааш барих журам шинэчлэн батлагдсантай холбоотойгоор Газар барилгажилтын зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаад уг байршил нь авто зогсоол барих талаар дэмжигдсэн. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4 дүгээр зүйлд иргэдээс санал авах талаар зохицуулсан. Гэхдээ санал авах асуудал нь орон сууцны дундах барилгажаагүй хэсэгт 2-4 давхар барилга барих тохиолдолд 15 метр радиус дотор байгаа орон сууц өмчлөгчдөөс санал авна гэж заасан. Маргаан бүхий гарааш нь газраас доош баригдах бөгөөд уг гараашийн дээр хүүхдийн тоглоомын талбай хийхээр нийт 94 авто машины зогсоолын зураг төсөл нь гарсан. Мөн энэ талаар иргэдэд холбогдох танилцуулгыг хийсэн тул уг асуудлын улмаас нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. Нэхэмжлэгч нар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Уг байршилд авто замын түгжрэл үүсдэг ба авто машины зогсоол байдаггүй. Тиймээс дээрх нөхцөл байдлыг арилгах үүднээс 2013 оноос хойш газар доорх гараашийн талаар судалж үзээд 2015 онд журмыг баталсан. 

Нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг түүх соёлын дурсгалт газар гэх боловч Газрын тухай хуульд дархан цаазат газрыг ашиглалтын журмаар олгодог ба бусад газрыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгож болно гэж заасан байдаг. Уг барилгыг түүх соёлын дурсгалт зүйл гэх болохоос барилга доорх газрыг түүх соёлын дурсгалт зүйл гэж үзээгүй. Нэхэмжлэгч талаас авто зогсоолыг барьвал барилгад нөлөөлнө гэж тайлбарладаг боловч гарааш нь барилгаас хол зайтай, мөн уг асуудлаар ямар нэг мэдээлэлгүй байж ийм зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс одоо би болоогүй ирээдүйд иргэдийн эрх ашиг сонирхол зөрчигдөнө гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.        

Маргаан бүхий газарт авто машины түгжрэлийг буруулах, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор уг төсөл хийгдсэн. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 40, 42, 44 дүгээр орон сууц нь доороо авто зогсоолгүй орон сууц бөгөөд гаднах зогсоол нь хүрэлцээ муутай. Нэхэмжлэгч тал уг төсөл хэрэгжсэнээр иргэдийн ая тухтай байдал алдагдаж, дуу чимээтэй орчинд амьдарна гэдэг тайлбарыг хэлж байх боловч уг газар нь зам дуу ба дуу чимээ ихтэй байдаг. Тиймээс уг асуудлаас болж нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол нь хөндөгдөнө гэдэг нь ойлгомжгүй байна. 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан. Маргаан бүхий газар доорх гарааш нь Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авто зогсоолын тоог нэмэгдүүлэн түгжрэлийг бууруулах гэсэн зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Нэхэмжлэгч нар манай барилга 1959 онд баригдсан барилга учир газар хөдлөлтөд тэсвэргүй гэж тайлбарлаж байх боловч нотлох баримтын хүрээнд тайлбарласангүй. Гэвч уг барилгад нөлөөлөх эсэхийг мэргэжлийн байгууллага тогтооно. 

Уг ажлыг улсын төсөвт дарамт учруулахгүйгээр төсөв санаачлагч этгээд газар доор гараашийг барьж, зарж борлуулах бөгөөд тохижилт бүхий талбайг төсөл санаачлагч иргэн, аж ахуйн хөрөнгөөр байгуулахаар зохицуулагдсан. Газрын төвшинтэй тэнцэх тул алхах боломж байхгүй гэдэг үндэслэлгүй юм. Тухайн авто зогсоолоос авах сонирхолтой иргэнд байгаа нь зогсоолын хүрэлцээ байхгүй байгааг харуулж байгаа юм. Мөн өөр хорооны иргэд авах хүсэлт гаргаж байгаа байдал нь нотолж байна. Маргаан бүхий захиргаан акт нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан 5/14, 2015 оны А/175 дугаар тогтоолоор батлагдсан журмуудад нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэр юм. Уг шийдвэр 4 иргэний эрх ашгийн хөндөөгүй гэдгийг тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор тус дүүргийн 4 дүгээр хороо, 40, 41, 42 дугаар байрны дунд талд 2160 м2 талбай бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/933, А/700 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай олгосон. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамж болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн иргэн Х.Э танаа 10/616, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах тухай 10/592 дугаар  албан бичгээр иргэн X.Э-тэй дээрх 2 захиргааны актыг баримтлан тус газарт гэрээ байгуулж ажиллах саналыг хүргүүлснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Гэрээний загвар батлах тухай А/165  дугаар захирамжаар Х.Э-тэй дүүргийн Засаг дарга 2016 оны 03 дугаар ын 16-ны өдрийн Хамтран ажиллах тухай 51 дүгээр гэрээ, мөн оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 151, 10 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар гэрээг тус тус байгуулан ажиллаж байна.

Манай байгууллагад Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/933, 2016 оны А/700 тоот захирамжаар маргаан бүхий газарт 2160 м.кв талбай газарт авто зогсоол хийх талаар иргэнтэй гэрээ байгуулах талаар 15 жил хугацаатай эрхийг олгогдсон. Газар доорх гараашийг барьснаар оршин суугчдийн авто машиныг зогсоох газар бий болно. Мөн авто тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал бүрдэж байгаа юм. Манай байгууллагад 2016 онд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба болон бусад эрх бүхий байгууллагаас Х.Э-тэй төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулж, энэ талаар хяналтаа тавих үүрэг хүлээлгэсэн. Үүний үндсэн дээр 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах 151 дүгээр гэрээ байгуулсан ба уг гэрээг хоёр удаа сунгасан. Мөн  А/933 дугаар захирамжид байршлын алдаа гарсан тул 2016 оны А/700 дугаар захирамжаар үүнийг зөвтгөсөн.  

Нэхэмжлэл болон шүүхэд гаргаж байгаа тайлбараас үзэхэд маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар тайлбар өгөөгүй. 2014 онд дахин төлөвлөлт батлагдаад 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Үүний дагуу 2015 онд захиргааны акттай холбоотой асуудлаар иргэдтэй сонсгох ажиллагаа хийгдсэн. Энэ нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаас үзэхэд уг зогсоолын асуудлыг 29 иргэн дэмжиж байгаа талаар илэрхийлсэн. Гэтэл 2015 оны 175 дугаар тогтоолоор иргэдийн саналын хувь хэмжээг заагаагүй. Учир нь аливаа төрийн ажилд хувь хэмжээг заавал бусад иргэд нь саналаа худалдах нөхцөл байдал бий болдог сул талтай учраас ийнхүү зохицуулсан. 

Нийслэлийн Засаг даргын А/933 дугаар дугаар захирамжаар олгогдсон газар бичилтийн алдаатай болох нь шууд харагддаг. Нэхэмжлэгч тал Нийслэлийн Засаг даргын А/700 тоот захирамжийн аль хуулийн заалт нь эрх ашгийг зөрчиж байгаа талаар дурдсангүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд хэргийн оролцогчийн чадварын талаар заасан. Нийтийн эрх ашиг яригдаж байгаа захиргааны актад нэхэмжлэгч нар нь нийт оршин суугчдын эрх ашгийг хамгаалж чадах эрхтэй этгээд биш юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/175 дугаар тогтоолоор хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн хэдэн хувь гэж зааснаас биш тухайн оршин суугчдын хэдэн хувь гэсэн агуулгаар заагаагүй. Иргэдээс санал өгсөн эсэх талаар тодорхойлолт байдаг боловч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт цуглуулах процессыг зөрчсөн тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.А, С.Н, А.О, С.С нар нь “Нийслэлийн Засаг даргын  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 1 дүгээр хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтад дурдсан 23 байршилд тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар газар эзэмших эрхийг олгожээ. 

Захирамжийн хавсралтын 20-д Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 40, 41, 42 дугаар байрны хойд талд тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар 2160 м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжаар  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Газар эзэмших эрх олгогдсон байгууллагуудын жагсаалт”-ын “20”-д “40, 41, 42 дугаар байр” гэснийг “40, 42, 44 дүгээр байр” гэж хойд талд гэснийг “дунд” талбайд гэж өөрчилжээ.

Нэг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталжээ. 

Иргэн Х.Э 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40, 42, 44, 53 дугаар байрны дунд доороо авто зогсоол бүхий хүүхдийн тоглоомын талбай барих хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргажээ . 

Улмаар уг асуудлыг Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн АДХ/01 дүгээр шийдвэрээр /тэмдэглэл/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар хурлаар “Улаанбаатар хотын “Бага тойруу”-гийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл” батлагдсантай холбогдуулан боломжгүй гэсэн хариуг иргэн Х.Э-т Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 16/2437 тоот албан бичгээр өгсөн  нь Журмын Гуравдугаар зүйлийн 3.3-т заасан “тухайн орчны төлөвлөлт, барилгын норм дүрмийг хангахгүй байгаа зэрэг тодорхой шалтгаанаар хүсэлтийг хүлээн авах боломжгүй тохиолдолд нийслэлийн барилгын асуудал эрхэлсэн байгууллагаас үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргагчид ажлын 5 хоногт багтаан албан бичгээр өгнө гэсэнтэй нийцсэн байна. 

Гэтэл Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн хурлаар  дахин уг асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд газар дээр нь очиж иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулахыг зөвлөлийн гишүүнд даалгаж шийдвэрлэжээ. 

Зөвлөлийн уг шийдвэрийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас автозогсоолын талаар оршин суугчдын дунд хийсэн санал асуулгын хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 7-нд хийсэн байх бөгөөд 29 иргэн санал өгсөн гэсэн баримт хувийн хэрэгт авагджээ . 

Хэрэгт авагдсан хувийн хэргийн материал, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл журмын 3.4-т “Журмын 3.2-т заасан шаардлагыг хангасан автозогсоол барихаар санаачилга гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас баталсан загварын дагуу мэдээллийн самбарыг байрлуулах байршлыг тогтоож өгнө.” 3.5-д мэдээллийн самбар нь 3*2 метрийн хэмжээтэй байх бөгөөд самбарыг барилгажих талбайд оршин суугчдад тод харагдахуйцаар 14 хоног байрлуулна.” гэж заасны дагуу самбар байршуулаагүй байна. 

Түүнчлэн зөвлөлийн хурлаас иргэдээс санал ав гэсэн шийдвэрийг гаргасаар байхад санал өгвөл зохих иргэд нь мөн эсэхийг шалгалгүйгээр  29 иргэний гарын үсгийг зуруулсан нь учир дутагдалтай төдийгүй, 40, 42, 44, 53-р байрны нийт 126 өрх айл байхад  түүний 80 хувь болох 96 өрхийн төлөөллөөс санал аваагүй байна.

Мөн Газар барилгажилтын хурлаар санал өгвөл зохих иргэд санал өгсөн мэтээр асуудлыг оруулсан нь Журмын 3.9-д заасан “санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд авто зогсоол барихаар ирүүлсэн саналыг Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ” гэсэн журмыг зөрчжээ.  

Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн тодорхой хувь гэснээс биш оршин суугчдын хэдэн хувь гэсэн агуулгаар журамд заагаагүй, 175-р тогтоолд хувь хэмжээ заагаагүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй.   

Учир нь дээр дурдсан журамд “санал өгвөл зохих иргэд” гэдэгт 40, 42, 44, 53-р байрны өрхийн төлөөллийг ойлгох бөгөөд мэдээллийн самбар гаргаж оршин суугчдад мэдээлэлгүй, хэсэг хүмүүсийг байлцуулан танилцуулга хийснийг санал авсан гэж үзэхгүй юм. 

Иймд нэхэмжлэгч нараас бидний саналыг аваагүй, санал өгөх эрхээр хангаагүй, захиргааны байгууллага журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна. 

Өөрөөр хэлбэл “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.9 дэх заалтаар санал өгвөл зохих иргэд буюу эрх, хууль ёсны ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс санал өгөх эрхийг журамлаж өгсөн бөгөөд эдгээр иргэд эсрэг санал өгсөн тохиолдолд уг асуудлаар Газар барилгажилтын зөвлөл хуралдахгүй байхаар зохицуулсан атал 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар  Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 40, 42, 44,53-р байрны дунд талбайд 2160 м2 газарт тохижилт бүхий газар доорх авто зогсоол барих асуудлыг байршлын хувьд дэмжсэн нь журмаа зөрчсөн шийдвэр болжээ.

Хувийн хэргийн материалд 2015 онд авсан гэх 88 иргэний саналын хуудас авагдсан байх бөгөөд гадаадад байгаа иргэний өмнөөс санал бөглөсөн 3 хуудас , нэг хүний гараар 9 саналын хуудсыг бөглөсөн , өөр хаягт оршин суудаг 3 иргэнээс санал авсан , нэг хаяг дээр хоёр саналын хуудас бөглүүлсэн, давхардсан 12 саналын хуудас  байгаа зэргээс үзвэл дээрх журмын дагуу санал авсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Ийм ч учраас журмынхаа дагуу санал авахыг зөвлөлийн хурлаар үүрэг болгосон гэж үзэхээр байна.  

Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 01/186 дугаар албан бичгээр  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан  “Иргэн Х.Э нь тус хэсгийг хариуцсан “Соёл-40 мянгат” СӨХ-ны гүйцэтгэх захирал бөгөөд 4-р хорооны 40, 42, 44, 53-р байрны нийт 180 оршин суугчдын гарын үсгийг цуглуулсан байна. Иймд тус иргэний хүсэлтийг дэмжин, холбогдох хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн албан бичгийг явуулсан байх бөгөөд 180 оршин суугчдын санал авсан гэх баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоогүй бөгөөд төрийн байгууллага ямар ч баримтгүйгээр уг албан бичгийг бичсэн гэж үзэхээр байна. 

Хувийн хэргийн материалд авагдсан төсөл хэрэгжүүлэгч иргэн Х.Э-ээс ирүүлсэн баримтаас үзэхэд журмын Гуравдугаар зүйлийн 3.2.3-т зааснаар шугам сүлжээний байгууллагуудаас тодруулга аваагүй байх бөгөөд шүүхээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас тодруулахад “... дээр дурдсан талбайд манай ашиглалтын 6000 В-ын 2 ш кабель шугам байгаа” , Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас тодруулахад “... 40, 42, 44-р байруудын дунд газар дээр ил болон газар доорх зогсоол баригдах талбайн хойд хэсэгт манай ус, дулаан дамжуулах 73-р төвийн 2-р хэлхээний гадна шугам сүлжээ давхацсан. Мөн ТП 73-ийн цахилгааны өндрийн кабель огтлолцож байна. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 33.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6, 17.7 гэсэн заалтуудыг зөрчиж байна”  гэсэн тайлбарыг ирүүлжээ.

Хоёр. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 28/13 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д нийцүүлэн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хороодын 243.3 га нутаг дэвсгэрийн хэмжээнд боловсруулсан “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник, эдийн засгийн үндэслэл”-ийг баталжээ. /цаашид ТЭЗҮ гэх/

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 40, 42, 44 дүгээр байр нь 1959 онд баригдсан 4 давхар тоосгон байр байх бөгөөд ТЭЗҮ-ээр уг байрлал нь түүх соёл, архитектур, хот байгуулалтын дурсгалын одоогийн байдлын иж бүрэн судалгаа, үнэлгээг үндэслэн Нийслэлийн 2-р зэргийн хамгаалалтад авах Улаанбаатар хотын хот байгуулалтын түүхэн дурсгалт газарт хамааруулжээ.  

ТЭЗҮ-д уг орон сууцнуудыг хэвээр хадгалах, фасад өнгө төрхийг хэвээр хадгалах, буулгах шаардлагатай барилгыг буулгаж, хуучин өнгө төрхийг хадгалсан барилга дахин шинээр барих зарчмыг баримталж, дурсгалт цогцолбор гудамж талбай, барилга байгууламж бүхий газар нутаг байхаар хөгжлийн чиг хандлагыг тодорхойлжээ .

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ТЭЗҮ-ээр зөвхөн орон сууцны талаар төлөвлөсөн, ойр хавийн газар үүнд хамааралгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь Хот байгуулалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “хот байгуулалт" гэж түүх, соёл иргэншлийн уламжлал, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагад нийцүүлэн хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэхийн тулд бүс нутаг, хот, тосгоны хөгжлийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, иж бүрэн тохижуулах цогцолбор үйл ажиллагааг;” гэж тодорхойлсноос үзвэл орон сууц болон ойр орчмын тохижилт нь цогц хийгдэх ажиллагаа байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын дагуу иргэн, хуулийн этгээдийн санаачлагаар авто зогсоол төлөвлөхөөр иргэнээс ирүүлсэн саналыг шаардлага хангасан эсэхийг хянаж үзээгүй, тухайн орчны төлөвлөлт болон барилгын норм дүрмийг хангасан эсэхийг эхний хуралдаанаар шалгаж  “Улаанбаатар хотын “Бага тойруу”-гийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл” батлагдсантай холбогдуулан боломжгүй гэсэн хариу өгсөн атлаа дахин хурлаар хэлэлцүүлсэн, журмын дагуу санал өгвөл зохих иргэдийн 80 хувь дэмжсэн санал өгөөгүй байхад Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар уг асуудлыг дахин хэлэлцүүлсэн зэрэг журмаа зөрчин гаргасан шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг гаргажээ.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.3-ын в-д заасан “/орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах;” гэсэн эрхийн дагуу гаргасан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчжээ. 

Уг журмыг зөрчсөнөөр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгч нарын санал өгөх эрхийг зөрчсөн нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Шүүх захирамжийг хүчингүй болгохдоо нэхэмжлэл гаргасан 4 иргэний саналыг аваагүй гэсэн өрөөсгөл байдлаар дүгнэлт хийгээгүй бөгөөд уг газар олголт нь журмынхаа дагуу явагдаж, хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгч, “Улаанбаатар хотын “Бага тойруу”-гийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл”-тэй уялдаагүй, оршин суугчдын 80 хувь нь дэмжээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосныг тэмдэглэх нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нараас гаргасан “автозогсоол баригдсанаар оршин суугчид бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө, байшин нурах эрсдэл бий болно” гэсэн үндэслэл нь Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой асуудал байх тул шүүх энэ асуудалтай холбоотой дүгнэлт хийгээгүй болно. 

Мөн нэхэмжлэгч нараас шүүхэд гаргаж өгсөн иргэдийн санал нь хуульд заасан журмын дагуу авагдаагүй тул шүүх үнэлээгүй.

 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.3-ын в, 19 дүгээр зүйлийн 19.1, Хот байгуулалтын тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/700 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.А олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ