Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1580

 

“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Мон вакуум” ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нарт холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 716 868 274,71 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч А.Баясгалан,

Хариуцагч “Мон вакуум” ХХК, Ч.Агваан-Очир нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс

Хариуцагч “Мон вакуум” ХХК, Ч.Агваан-Очир нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Мон вакуум" ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нар нь 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хас банктай барьцаат зээлийн 1570002990 тоот гэрээ байгуулж 354 610 ам.долларыг 60 сарын хугацаатай, 360 хоногт банкны 11 хувийн суурь хүү дээр 3.4 хувийг нэмсэнтэй тэнцүү 14.4 хувийн хувьсах хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Мөн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн шугамын 5001017119 тоот гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 360 хоногт банкны 16.5 хувийн суурь хүү дээр 6.3 хувийг нэмсэнтэй тэнцүү 22.8 хувийн хувьсах хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0.2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Баталгаат ипотекийн 1570002990-01 тоот гэрээгээр

1. Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах нэгж талбарын 3024/0004
дугаар бүхий 4,815 м.кв эзэмших эрхтэй газар,                                         

  1. Улсын бүртгэлийн Ү-2204029318 дугаар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 81 дүгээр байрны 29 тоот 74.2 м.кв орон сууц,
  2. Улсын бүртгэлийн Ү-2204022671 дугаар, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотын 450 м.кв үйлдвэрийн зориулалттай барилга,
  3. Улсын бүртгэлийн Ү-2204008682 дугаар, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотын 86.4 м.кв үйлчилгээний зориулалттай барилга,
  4. Улсын бүртгэлийй Ү-2204008679 дугаар, Баянзүрх дүүргийн 17 хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотын 184.6 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга,

Баталгаат ипотекийн 5001017119-01 тоот гэрээгээр:

          1. Улсын бүртгэлиин Ү-2203006752 дугаар, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоотын 41 м.кв 3 өрөө орон сууц,

Барьцаат зээлийн 1570002990 дугаар гэрээгээр:

  • УБП 48-30 улсын дугаартай Nissan sunny маркийн суудлын автомашин,
  • УБЭ 95-69 улсын дугаартай Hyundai Frontier маркийн ачааны автомашин,
  • УБЕ 29-88 улсын дугаартай Kia Frontier маркийн ачааны автомашин,
  • УНЧ 65-01 улсын дугаартай Toyota Prius маркийн суудлын автомашин,
  • Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотод байрлах "Мон вакуум цонх" ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд,
  • Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотод байрлах "Мон вакуум" ХХК-ийн эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалсан. Барьцаат зээлийн 1570002990, зээлийн шугамын 5001017119 тоот гэрээний гол нөхцөл нь тус гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь cap бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2014 оны 7 дугаар сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч "Мон ваакум" ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг сануулах зорилгоор 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр А.Баясгалан, Ч.Агваан-Очир нартай уулзсан боловч А.Баясгалан нь банкны ажилтны биед халдаж гэмтэл учруулсан. Уг асуудалд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж 1570002990, 5001017119 дугаар гэрээнүүдийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцалж байгаа болно. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээг тус тус үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлдэгч "Мон вакуум" ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нарын төлбөл зохих зээлийн төлбөр нь:
  1. 1570002990 тоот гэрээний үндсэн төлбөр 287 139.66 ам.доллар, хүү 27 247.11 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 451.56 ам.доллар, нийт 314 838.33 ам.доллар буюу долларыг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Монгол банкны ханш 1 994.63 төгрөгөөр хөрвүүлж 627 985 978.1 төгрөг,
  2. 5001017119 тоот гэрээний үндсэн төлбөр 80 000 000 төгрөг, хүү 8 847 296.54 төгрөг, нийт 88 847 296.54 төгрөг. Нэхэмжлэл гаргахтай холбоотой гэрээ, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсэн 35 000 төгрөг, 2 зээлийн гэрээний үүрэг нийт 716 868 274.71 төгрөгийг хариуцагч "Мон вакуум цонх" ХХК, А.Баясгалан, Ч.Агваан-Очир нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Мон вакуум “ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани шугамын зээл болон барьцаат зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа боловч манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал нөлөөлж эргэн төлөлтөнд доголдол үүссэн. ...Хас банктай компаний зүгээс холбогдох албаны хүмүүстэй уулзаж эвлэрэн хэлэлцэх талаар ярилцсан бөгөөд эргэн төлөлтийн график гаргаж тохиролцох, долларын зээлийн эргэн төлөлтийн үнийн дүнг тухайн үед долларын ханшаар тооцох зэрэг санал хүсэлтээ гаргасан байгаа ба тус банкны зүгээс энэ асуудлаар хуралдаж хариу өгнө гэснээр хүлээгдэж байгаа. “Мон вакуум” ХХК-ийн зүгээс эвлэрэн хэлэлцэх саналтай байгаа болно гэжээ.

 

Хариуцагч Ч.Агваан-Очир А.Баясгалан нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч А.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээгээр манай компани шугамын зээл болон барьцаат зээл авч үйл ажиллагаа явуулж байгаа боловч манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал нөлөөлж эргэн төлөлтөнд доголдол үүссэн. Манай компани гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа хүрээнд үйлчлүүлэгч компаниудаасаа авах авлага их байгаа бөгөөд үйлчлүүлэгч нарт мөн л эдийн засгийн хямрал нөлөөлж төлбөр тооцоо хийгдэхгүй байгаагаас шалтгаалж бид Хас банкинд зээлээ эргэн төлөхөд хүндрэл учраад байгаа, мөн зарим авлагын асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Хас банкны нэхэмжлэлтэй холбоотой бидний зүгээс албаны хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж эвлэрэн хэлэлцэх талаар ярилцсан бөгөөд эргэн төлөлтийн график хугацааг гаргаж тохиролцох, долларын зээлийн эргэн төлөлтийн үнийн дүнг тухайн үеийн долларын ханшаар тооцох зэрэг санал хүсэлтээ Хас банкинд илэрхийлсэн ба тус банкны зүгээс энэ асуудлаар хуралдаж хариу өгнө гэснээр хүлээгдэж байгаа. Зээлийн гэрээний дагуу зээл авч, барьцаанд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд тавьсан нь үнэн. Харин зээлийг гэрээ байгуулагдах үеийн долларын ханшаар бодох ёстой гэж үзэж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч "Мон вакуум" ХХК, А.Баясгалан нараас зээлийн гэрээний үүрэг, бусад зардалд 716 868 274.71 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож,

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Мон вакуум" ХХК, А.Баясгалан нар нь нэхэмжлэгч Хас банкинд 716 868 274.71 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Ч.Авгаан-Очироос дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1,175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Мон вакуум" ХХК, А.Баясгалан нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах нэгж талбарын 3024/0004 дугаар бүхий 4815 м.кв эзэмших эрхтэй газар, Улсын бүртгэлийн Ү-2204029318 дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13342/ Энхтайваны өргөн чөлөө, 81 дүгээр байрны 29 тоот, 74.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204022671 дугаартай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотод байрлах 450 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2204008682 дугаартай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотод байрлах 86.4 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2204008679 дугаартай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 5 дугаар гудамж 262Б тоотод байрлах, 184.6 м.кв талбайтай, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2203006752 дугаартай, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 20 дугаар байрны 61 тоотод байрлах, 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, хөдлөх эд хөрөнгө болох УБП 48-30 улсын дугаартай Nissan sunny маркын суудлын автомашин, УБЭ 95-69 улсын дугаартай Hyundai Frontier маркын ачааны автомашин, УБЕ 29-88 улсын дугаартай Kia Frontier маркын ачааны автомашин, УНЧ 65-01 улсын дугаартай Toyota Prius маркын суудлын автомашин, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны гудамж 11-269 тоотод байрлах "Мон Вакуум Цонх" ХХК-ийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд /хуванцар цонх наах, хуванцар залгаж наах, нуух тайрах, хөнгөн цагаан цонхны тоног төхөөрөмжүүд/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны гудамж 11-269 тоотод байрлах "Мон вакуум" ХХК-ийн эргэлтийн хөрөнгө /вакум цонх, түүний түүхий эд материал/ зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 742 291.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Мон вакуум" ХХК, А.Баясгалан нараас улсын тэмдэгтийн хураамжид 3 742 291.37 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Баясгалан, хариуцагч “Мон вакуум” ХХК, Ч.Агваан-Очир нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1.    Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 1 удаа хойшлогдож хурал товлогдсон шүүгдэгч Б.Баясгалангийн өмгөөлөгчөөр оролцох шүүх хуралдаан давхацсан байсан тул холбогдох нотлох баримтыг хүсэлтийн хамт хавсарган шүүхэд өгсөн байхад хүсэлтийг хүлээн авч хэлэлцэлгүйгээр хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр хангалгүйгээр хурлыг хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

2.    Шүүх хуралдаанд "Мон вакуум" ХХК болон Ч.Агваан-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нь оролцоогүй байхад шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт "... хариуцагч Ч.Агваан-Очир, А.Баясгалан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... гэж бичсэн нь шүүх хуралдаанд оролцсон мэтээр харагдуулсан хууль зөрчсөн үйлдэл болсон.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...хэмжээгээр...тооцно гэж зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж хуулийг буруу ташаа ойлгож тайлбарлан хууль бус шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийг “нэхэмжлэлийн үнийг тодорхойлох заалт, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үнийг тодорхой байлгаж түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг зөв тодорхойлж төлөх явдалд ач холбогдолтой заалт юм" гэж тайлбарласан байдаг. Гэтэл шүүх энэ заалтыг буруу тайлбарлан шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь буруу юм. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг шинжлэх ухаанд "...мөнгөний ханш өссөн, буурсан бол төлөх өдрийн бус, харин гэрээ байгуулсан өдрийн ханшаар тооцохоор заасан байна", мөнгөний ханш гэдэг нь хэд хэдэн улсын мөнгөний хоорондын солилцох харьцааг хэлнэ, өөрөөр хэлбэл хэдэн төгрөг нь 1 ам.доллартай тэнцэх вэ гэсэн харьцаа юм гэж тайлбарладаг. Шүүх Монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт гэж буруу дүгнэлт хийсэн. Мөн талууд зээлийн гэрээ байгуулсан үеэс эхлэн үүрэг хүлээж зээлдүүлэгч нь ...зээлийн санхүүжилтийг харилцах дансаар өгөх.., зээлдэгч үндсэн зээл болон хүүг төлөх гэх мэтчилэн гэрээ байгуулсан үеэс 2 талын үүрэг гэрээ байгуулсан үеэс үүссэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ...2014 оны 7 дугаар сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн... гэсэн байдаг. Зээлийн үлдэгдлийг зээл авсан 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш болох ам.долларыг 1409.63 төгрөгөөр хөрвүүлэн үлдэгдэл төлбөр төлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч “Мон вакуум” ХХК, Ч.Агваан-Очир, А.Баясгалан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 716 868 274.71 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

          Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 354 610 ам.долларыг, 360 хоногт банкны 11 хувийн жилийн суурь хүү дээр 3.4 хувийг нэмсэнтэй тэнцүү 14.4 хувийн хувьсах хүүтэй, 60 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1570002990 тоот Барьцаат зээлийн гэрээ, мөн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 80 000 000 төгрөгийг 360 хоногт банкны 16.5 хувийн жилийн суурь хүү дээр 6.3 хувийг нэмсэнтэй тэнцүү 22.80 хувийн хувьсах хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2 хувийн үүрэг хүлээсэн шимтгэлтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 5001017119 тоот зээлийн шугамын гэрээг байгуулагдсан талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгийг болон зээлийн хүүг тогтоосон хуваарийн дагуу хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээсэн, зээлийн гэрээний 3.4.1-т нэмэгдүүлсэн хүү тооцох, барьцааны гэрээний 6.1-т ...зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн талаар болон хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн талаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нар 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс барьцаат зээлийн болон  зээлийн шугамын гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар үүргээ зөрчсөн нь гэрээ цуцлах үндэслэл болсон бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан нь зөв болжээ.

 

         Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нь “...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан давхацсан тул холбогдох нотлох баримтыг хүсэлтийн хамт шүүхэд өгсөн байхад хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр хангалгүйгээр хуралдааныг хийсэн...” гэх гомдол гаргасан бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж /хх-74-75, 92-93, 119-120/ байсан нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул дахин шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээг бодитойгоор гүйцэтгэх үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасныг баримталсан анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Баясгалан, хариуцагч “Мон вакуум” ХХК, Ч.Агваан-Очир нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/05036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Баясгалан, хариуцагч “Мон вакуум” ХХК, Ч.Агваан-Очир нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мон вакуум” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 078 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА