Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 117

 

М.Ж-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1947 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаар тогтоолтой, М.Ж-т холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1947 оны байдлаар: Овог М-, нэр Ж-, 74 настай, эрэгтэй, халх, ам бүл 1, тэмээ 6, адуу 1, хонь 8, ямаа 9-ийн хөрөнгөтэй, урьд гэвш тушаалтай лам явсан, ял шийтгэл хүлээж байгаагүй, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 1 дүгээр баг.

М.Ж- нь 1947 оны хавар Баяндалай сумын ард Балжиннямын гуйснаар Эрэнжээ гэгчийг нас барж оршуулахад Гурван гүрэм уншиж, 49 хоног дээр нь Майдарын ерөөл уншиж, хүмүүс, малын гай барцдыг эрих татан мэргэлж, сан тавьж, гэр, мал, хүмүүсийг ариутгаж, учир мэдэхгүй ардуудыг шашны үндэсгүй хоцорсон суртлаар мунхруулан мэхэлж, өргөл барьцанд хятад чисчүү тэрлэг 1, дурдан бүс 1, эмээлийн мод 1, мөнгөн аяга 1, хуучин гутал 1, хадаг 4-ийг авч хувийн ашгийг хичээж заль мэх хэрэглэн завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос 1947 оны 10 дугаар сарын 31-ний өдөр М.Ж-ыг Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд зааснаар ял төлөвлөн, Аймгийн шүүн таслах газарт шилжүүлэх саналыг төлөвлөжээ.

Өмнөговь аймгийн Ардын Шүүх таслах газар 1947 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаар тогтоолоор М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг журамлан ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Өмнөговь аймгийн Ардын Шүүх таслах газрын 1947 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 97 дугаар тогтоолоор М.Ж-ыг тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлийг баримтлан 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэлгүй тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзан хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

М.Ж-ын мэдүүлэгт: “... миний бие Баяндалай сумын Эрэнжээ гэгчтэй айл байсан ба сайн танина, цагаан сарын дараа өвчнөөр нас барсан. Эрэнжээг нас барснаас хойш 3 хоногийн дараа нутаглуулсан ба би тэр үеэр ном, гүрэм уншиж өгсөн нь үнэн. Эрэнжээгийн эгч хүүхэн Балжинням “намсрай хадаг” барин надаас гуйж үлдсэн хүмүүс ба малд гай барцад байгаа эсэхийг үзэж өгөөч гэхэд нь эрихээр мэргэлж, маань уншуулах хэрэгтэй гэснээс өөр хэлсэн зүйлгүй. Эрэнжээг нутаглуулан ирсний дараа Балжиннямын гуйснаар Гурван гүрэм гэх ном уншиж өргөл барьц болгож өгсөн зүйлүүдийг авсан нь үнэн” гэх мэдүүлгээс үзэхэд бусдын гуйлтаар ном уншсанаас биш олз ашиг олох, шашнаар мунхруулан залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй болох нь тодорхой байна.

1947 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Балжиннямын мэдүүлсэн: “би Хүрмэн сумын 1 дүгээр багийн Ж-ыг сайн танина. Эрэнжээ 1947 оны цагаан сарын дараа 3 сард нас барсан. Эрэнжээгийн 49 хоног болох үед миний бие Ж-ыг гуйж гүрэм, ном уншуулсан ба барьцанд нь 7 лангийн мөнгөн аяга 1, шинэ дурдан бүс 1, чисчүү дээл 1, эмээлийн шинэ мод зэргийг өгсөн нь үнэн” гэсэн мэдүүлгээс үзэхэд М.Ж- нь бусдыг шашны суртлаар төөрөгдүүлэн залилж өргөл барьц аваагүй, харин Балжиннямын гуйлтаар Эрэнжээг нас барахад болон 49 хоног болох үед нь ном, гүрэм унших, сан тавих зэрэгт сайн дураараа өгсөн зүйлийг нь авсан нь тогтоогдож байна.

1934 онд батлагдсан “Төр шашныг тусгаарлах тухай” хуулийн 20 дугаар зүйлд ”Орон хийдийн хэрэглэгдэхүүн ба хурал номын хийгээд шашны баяр ёслолыг явуулахад орон хийд жас болон лам нараас аливаа зүйлийн татвар, бадар хандив зэргийг албадан гаргуулахыг цаазална. Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзэхэд сайн дураараа өгсөн зүйлийг авахыг тухайн үед хориглоогүй байжээ.

М.Ж-ын үйлдсэн хэргийн санаа зорилго, хэргийн улмаас тухайн нийгэм, иргэдэд ямар хор, хохирол учруулсныг болон шашнаар мунхруулан нөлөөлж зальт арга хэрэглэж, шунахайн сэдлээр өргөл барьц авсан эсэхийг шалгаж тогтоосон баримтгүй байхад нам, засгаас тухайн үед шашны талаар явуулж байсан бодлогын золиос болгон зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ардын Шүүх таслах газрын 1947 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 97 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, М- овогтой Ж-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

М.Ж-ыг шашны мухар сүсгээр ард олныг мунхруулан өргөл барьц авч ашигласан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Өмнөговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1947 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаар тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг журамлан ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд М.Ж- нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн эд зүйлийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнээс тусламж авсан хүмүүсийн бие махбодь өвдсөн, нас барсан гэх баримт тогтоогдоогүй, бусдыг ятгаж мунхруулсан гэх гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоогоогүй бөгөөд албадлага, дарамт үзүүлэн хэрэг хүлээлгэсэн мэдүүлэгт үндэслэн ял шийтгэсэн, мөн хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсан “..өөрсдийнх нь хүсэлт, гуйлтаар гүрэм, ном уншиж, сайн дураараа эд зүйл өгсөн” гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж, бусад баримттай харьцуулан няцаан үгүйсгэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Н.Ж-ыг хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлд тодорхойлсон гэмт үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Өмнөговь аймгийн Ардын Шүүх таслах газрын 1947 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Н.Ж-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ардын Шүүх таслах газрын 1947 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 97 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр М-ийн Ж-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. М.Ж-т холбогдох хэргийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                             ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Б.ЦОГТ

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН