Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01583

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 09 210/МА2024/01583

 

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/02245 дугаар шийдвэртэй

Б.Б-гийн нэхэмжлэлтэй, МТЗ ТӨХК-д холбогдох,

МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 00 тоот тушаалаар хуулийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллах хугацаанд Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний зөрчилгүй, тухайн гүйцэтгэж байсан ажил үүрэгтэй холбоотой ёс зүйн зөрчил гаргаагүй.

Гэтэл Захиргаа удирдлагын газрын дарга намайг дуудаж ...чи өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээтэй учраас чамайг ажиллуулахгүй гэхэд би ...өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг түдгэлзүүлж болно гэж хэлэхэд ...чамайг ажиллуулахгүй, орон тоо хасагдсан, хүмүүс өөрсдөө өргөдлөө өгөөд яваад байгаа, чи ч гэсэн энэ жишгийг дага... гэж хэлсэн.

Мөн ...захиргааны санаачилгаар бол чамд юу ч олдохгүй, бид өмгөөлөгчдийн холбоонд бичиг явуулж чиний эрхийг хүчингүй болгуулна... гэж хэлсэн тул би халагдах өргөдөл бичсэн. Улмаар МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийи 00 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн.

Иймд дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан тул МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 тоот тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн.

2.2. Нэхэмжлэгчээс ...Захиргаа, удирдлагын газрын дарга дуудан өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээтэй учраас чамайг ажиллуулахгүй, орон тоо хасагдаж байгаа, өргөдлөө өг, бид өмгөөлөгчдийн холбоонд бичиг явуулж эрхийг хүчингүй болгуулна гэж хэлсэн тул аргагүй болоод халагдах өргөдлөө өгсөн гэж тайлбарласан хэдий ч хөдөлмөрийн гэрээ цуцлах хүсэлтэд энэ талаар бичээгүй.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан боловч гүйцэтгэх захирлын тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал түүний гаргасан хүсэлтийг үндэслэн хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны шинэчилсэн найруулсан/-ийн 158 зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.Б-г хуулийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МТЗ ТӨХК-аас нэхэмжлэгч Б.Б-гийн ажилгүй байсан хугацааны цалин 43,472,424 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар 43.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-гийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч МТЗ ТӨХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 375,312 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ ... гэснийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Тодруулбал, Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсрах эрхлэхийг хориглоно гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар ажил албан тушаалд томилогдсон эсхүл сонгогдсон бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлнэ гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь өмгөөллийн эрхээ түдгэлзүүлээгүй учраас МТЗ ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газрын даргын зүгээс хуульд заасны дагуу шаардлага тавьж өмгөөллийн эрхээ түдгэлзүүлэх талаар мэдэгдэхэд нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтийг гарган хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцалсан.

4.2. Гэрч Б.Ц мэдүүлэгтээ ...нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байхгүй, өмгөөллийн эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу түдгэлзүүлэх талаар хууль сануулахад өмгөөлөгчийн эрхээ түдгэлзүүлэхгүй өөрийн гараар өргөдлөө бичиж өгсөн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... гэж мэдүүлсэн. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг дарамталсан гэх байдал тогтоогдоогүй байхад шүүхээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг сайн дурын үндсэн дээр гаргаагүй, дарамталсан гэж дүгнэсэн нь буруу байна.

4.3. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг өөрөө гаргаж ажил олгогчтой харилцан тохиролцон ажил олгогчоос 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авсан боловч тушаалыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Би 2015 оноос хойш өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан боловч 2021 онд үндэсний хэмжээний төмөр зам, бүтээн байгуулалтад ажиллах өөрийн хүсэл сонирхлын дагуу МТЗ ТӨХК-д ажилд орсон. 2022 оны 09 дүгээр сард МТЗ ТӨХК-ийн захиргаа, удирдлагын газрын дарга н.Цогтгэрэл намайг дуудан чи ажлаа өг, ажлаа өгөхгүй бол чиний халагдах тушаал болон Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөллийн эрхийг хасах тухай албан тоот байх болно гэж Монголын өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн албан бичгийг харуулсан. Тухайн үед ямар ч тохиолдолд намайг хална гэдгийг ойлгосон. Мөн намайг халагдахгүй гэж маргасан тохиолдолд Монголын өмгөөлөгчдийн холбоонд миний өмгөөллийн эрхийг хасуулах албан бичиг явуулж, маргаан үүсэх байсан. Би үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, тэжээн тэтгэх ёстой учраас ажлаас халагдах өргөдлөө бичиж өгсөн.

Гэвч МТЗ ТӨХК-аас тухайн өргөдлийг болохгүй байгаа тул дахин бичиж өгөхийг шаардсан. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Цогтгэрэл нь өөрөө тайлбар, мэдүүлэг гаргасан. Уг тайлбараас тухайн үед болсон үйл баримт харагдаж байна. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа хуульд заасны дагуу шаардлага тавьсан гэж дурдсан. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс хуульд заасны дагуу шаардлага тавиагүй. Тухайн үед хариуцагчийн зүгээс өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхээ түдгэлзүүлэх ёстой гэж надад хандах боломжтой байсан. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхээ түдгэлзүүлэх нь Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хандан хүсэлт бичиж өгөх асуудал байсан боловч надад мэдэгдэлгүйгээр Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хандан ажлаас халах тушаалын төслийг бэлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч МТЗ ТӨХК-д холбогдуулан МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтын талаар:

 

3.1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч МТЗ ТӨХК-тай 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, МТЗ ТӨХК-ийн Хууль, эрх зүйн газарт хуулийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 1, 4, 7-9, 20/

 

3.2. МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 тоот тушаалаар Б.Б-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон, тус компанийн Хууль, эрх зүйн газрын хуулийн мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-6/

3.3. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 тоот тушаалд ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Б.Б-гийн гаргасан хүсэлтийг үндэслэсэн гэж заасан байна.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрийн хүсэл зоригоор бичээгүй, удирдлагын шахалтаар өмгөөллийн эрхийг чинь хасуулна, ажлаас халах тушаал гаргана гэснээр бичсэн гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлаа ...өөрийнх нь хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн, дарамт шахалт үзүүлээгүй, ажил олгогчтой тохиролцсон тул 3 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон... гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын хооронд нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг сайн дурын үндсэн дээр гаргасан эсхүл хариуцагчийн дарамт шахалтаар гаргасан эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл, сайн дурын үндсэн дээр хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 тоот тушаал хуульд нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

5.1. Учир нь Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Дараах үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлнэ гэж, 10.1.2 дахь хэсэгт Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан ажил, албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцад дараах үйл ажиллагааг хориглоно гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсэгт Хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх гэж тус тус заасан.

5.2. Нэхэмжлэгч Б.Б-г 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ олгосон, мөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1056 тоот албан бичгээр тэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ түдгэлзүүлээгүй болох нь хэргийн баримтаар нотлогдож байна. /хх172/

 

5.3. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч байгууллагад 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хуулийн мэргэжилтнээр ажиллах хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхээ түдгэлзүүлээгүй нь Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно гэж, мөн хуулийн 78.1.9 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан гэж заасан.

 

6.1. Хэргийн 106-107 дугаар талд нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр МТЗ ТӨХК-ийн Хүний нөөцийн албанд гурван сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгохоор болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтэй байна гэж, мөн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр МТЗ ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын газарт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтэй байна гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан нь авагдсан.

 

6.2. Гэрч Б.Ц шүүхэд тухайн үед зарим хуулийн ажилтнууд өмгөөллийн үйл ажиллагаа давхар хийгээд байна гэсэн мэдээлэл байсан... хуульчдын өмгөөллийн холбооноос лавлагаа авсан... Б.Б, н.Б хоёрыг хоёуланд нь дуудаж ирээд өмгөөллийн ажлаа сонгох юм уу гэхэд н.Б нь өмгөөллийнхөө эрхээ түдгэлзүүлсэн. Би Б-ын суганы үс юм уу гээд хэрүүл маргаантай эмоцоороо халагдах өргөдлөө бариад ирсэн... гэх агуулгатай,

 

6.3. Гэрч Б.Б шүүхэд Б.Бнэг өдөр ирээд намайг ажлаас гарах өргөдлөө өг гэж байна. Би яагаад гэхэд... өмгөөллийн эрхтэй байна. Өмгөөлөгч хүн давхар ажил эрхэлж болохгүй. Тухайн үед би хэлсэн үгээ санаж байна. Өмгөөлөгчийн эрх зүйн талаас болохгүй бол МТЗ ТӨХК-ийн дотоод дүрэмд нийцэж байгаа юм биш үү гэж хэлж байсан. Борхүүг өргөдлөө бичиж өгөхөд нь дахин засаж бичиж өг гэсэн...Б.Б-г чөлөөлөх нь гол байсан... хуулийн зөрчил арилгах зорилго биш байсан... гэх агуулгатай мэдүүлгийг тус тус өгчээ.

 

6.4. Талуудын тайлбар, ажлаас халагдах хүсэлт, гэрчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгчийг сайн дурын үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүсэлтийг гаргасан гэж үзэхээс гадна уг хүсэлтийг Б.Б нь мэргэжлийн хуульч өмгөөлөгч хүний хувьд ажил олгогчоос ажлын байрны дарамт шахалт үзүүлсний улмаас шалтгаалан гаргасан гэж эргэлзээгүйгээр үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

7. Иймд хариуцагч байгууллагаас дээрх хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч МТЗ ТӨХК-ийн Хууль, эрх зүйн газарт хуулийн мэргэжилтэний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/02245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч МТЗ ТӨХК-д холбогдох МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч МТЗ ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 375,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ