Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 123

 

П.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 466 дугаар магадлалтай, П.Х-т холбогдох 2103003900057 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1955 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г- б- овогт П-н Х-. /РД:***/

П.Х- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандангийн хойд талын автобусны буудлын замд “Mitsubishi Rosa загварын *** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна ” мөн дүрмийн 4 дүгээр хавсралт 3.7-д заасан “Улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохирохгүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Ө-ыг мөргөж, улмаар амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Х-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Х-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Х- зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Х-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Х-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаанд Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ..." гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Х-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Х- бичсэн гомдолдоо “...Миний бие гэм буруугийн талаар маргаагүй. Уг хэрэгт холбогдон шалгагдсан цагаас хойш биеийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар үүсэж ялангуяа зүрх байнга өвддөг болсонтой холбоотой, нөгөөтээгүүр нас ахисантай уялдан нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь эрс нэмэгдсэн. Өвчилсөн үедээ төв аймгийн болон Улсын нэгдсэн төв 1, 3 дугаар эмнэлгүүдэд зайлшгүй хэвтэн эмчлүүлж, эмчийн хяналтад орсон. Би Улаанбаатар хотын зааг, залгаа аймаг, орон нутагт амьдардаг тул Төв аймаг ороход заавал Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч байж Төв аймгийн нэгдсэн эмнэлэг орно. Аймгаас 36 дугаарт маягт заавал авч байж Улсын төв эмнэлгүүдээр үйлчлүүлдэг зэрэг миний эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх хязгаарлагдах нөхцөл үүсээд байгаа тул давж заалдах шатны шүүхийн “...Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох...” гэсэн заалтад “...Төв аймаг болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс...” гэж маршрутад өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Сүхбаатар дүүргийн нутагт Улсын 1 дүгээр эмнэлэг байрладаг тул дурдаж бичив.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд дээр дурдсан байдлыг харгалзан үзэж холбогдох заалтыг өөрчилж өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаатар шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай зүрх, судасны өвчтэй эмчийн байнгын хяналтад байдаг. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхгүйгээр тусламж авах ямар ч боломжгүй байна. Төвийн болон, баруун дүүргийн газар нутгаар зорчих боломжийг бий болгон шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас Ц.Ө-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн байнга оршин суух нутаг дэвсгэрийг харгалзан үзэж “Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон” өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Х-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

П.Х- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Гандангийн хойд талын автобусны буудлын замд тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж осол гаргасны улмаас явган зорчигч Ц.Ө-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Х-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг үндэслэл, журам, түүний зорилго, холбогдох хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлаж, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар гарсан тохиолдол бүрт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ялыг тэнсэх зохицуулалтыг шүүхээс огт хэрэглэх ёсгүй мэт, өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэм хорын хэр хэмжээг үл харгалзан шүүх заавал ял шийтгэл оногдуулах үүрэгтэй гэж ойлгогдохоор илт өрөөсгөл дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг дурдан шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан “зорчих эрх хязгаарлах” ялын үйлчлэх нутаг дэвсгэрийн хязгаарт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ эрүүгийн хариуцлагын зорилгын агуулгын ойлголтыг зөв зохистой, тал бүрээс нь үнэлээгүй байна гэж дүгнэлээ. 

Тодруулбал, шүүхүүд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ, гэм буруутай үйлдэл болон ялын зүй зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж, хэрэгт холбогдсон хүний эрх, энэрэнгүй ёсны үзэл зэрэг хүчин зүйлсэд зөв үнэлэлт өгч, ялыг оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна.

Тиймээс шүүгдэгч П.Х-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүний хувийн эрүүл мэндийн байдал, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн буюу явган хүний гарцгүй газраар зорчиж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, ийнхүү шийдвэрлэж буйтай холбогдуулан шүүгдэгчид оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагад ажиллахыг хориглосон хязгаарлалт тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалын ял шийтгэл оногдуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч П.Х-ийн “...ял шийтгэлийг өөрчлүүлэх” талаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 466 дугаар магадлалын шүүгдэгч П.Х-т ял оногдуулсан хэсгийг “Шүүгдэгч П.Х-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дахь заалтыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагад ажиллахыг хориглож хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг тус тус авсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                        Б.ЦОГТ

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН