Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 367

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б.Г-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/249 дүгээр тушаалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилуулах, ажилд эгүүлэн томилуулах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Б.Г миний бие 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Тамгын газрын даргын тушаалаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 

Дүүргийн Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. 

Дээрх тушаалыг гаргаж ажлаас чөлөөлөх үед миний бие дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан, энэ тухай болон хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн тухай Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. 

Иймд ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.5, Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус зөрчсөн нь хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. 

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/249 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг даалгаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, шүүх хуралдаанд тодруулахдаа: 

 “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б/249 дүгээр тушаалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилуулах, ажилд эгүүлэн томилуулах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулж байна” гэв. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Э******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Б.Г нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн даргаар 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр томилогдон ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын бүтцийг баталсан. 

Тус захирамжийн нэгдүгээр хавсралтаар Захиргаа, хуулийн хэлтсийг /хуучнаар/ Төрийн захиргаа удирдлагын хэлтэс болгон өөрчилсөн. Нэхэмжлэгчийн орон тоо тус захирамжаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилт өөрчлөгдөж Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Хууль зүйн тасгийн даргад үндсэн чиг үүрэг, зорилт хуваагдсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Засаг даргын Тамгын орон тоог шинэчлэн батлах тухай А/401 дүгээр захирамжийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын А/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр манай байгууллагын үйл ажиллагааны үр дүнг Ажлын хэсэг шалгаж, үнэлж, дүгнэдэг бөгөөд тус ажлын хэсэг нь нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар зөвлөмж хүргүүлдэг. Эдгээрийг үндэслэн нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийн биелэлтийг ханган ажилласан тул Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны Б/249 дүгээр тушаал нь хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. 

Мөн Б.Г нь ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалыг урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн зэргээс шалтгаалж албан тушаалаас чөлөөлсөн. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, тодруулгад шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“...Шүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж байна. Мөн нэмэгдүүлсэн шаардлагад Төрийн захиргаа, хуулийн хэлтсийн даргаар ажилд эгүүлэн томилуулах талаар дурдсан байна. 

Хариуцагчийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3/604 дүгээр албан бичгээр Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Хууль зүйн тасгийн дарга гэсэн албан тушаалаар нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт хуваагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б.Г ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаар тушаалын хоёрдугаар  хавсралтаар Б.Г ыг Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/249 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 190 дүгээр тогтоол, 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар захирамжийг тус тус үндэслэн уг тушаалын хавсралтаар  дүүргийн Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийг 14 ажлын байртай байхаар баталжээ. 

Нийслэлийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А/832 дугаар захирамжаар  дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг баталсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолын 5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс-10, Хууль зүйн тасаг-4 орон тоотойгоор баталсан байна. 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолын 5 дахь хэсэг, 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1, 7 дугаар хавсралт, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дүгээр захирамжийг тус тус үндэслэн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан 1 дүгээр хавсралтад нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, батлагдсан бүтэц, орон тооны дагуу 2 дугаар хавсралтад нэр дурдагдсан ажилтан, албан хаагчдыг албан тушаалд томилж, нормативт орон тоог Санхүү, төрийн сангийн хэлтэст 2, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэст 2, Аж ахуйн тасагт 26 байхаар тус тус баталсан ба уг тушаалын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгч Б.Г    болон    нэр    бүхий    65   ажилтанг   ажлаас   чөлөөлж,   хоёрдугаар хавсралтаараа 74 хүнийг холбогдох албан тушаалд нь томилжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаал Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Хууль зүйн тасгийн дарга болж өөрчлөгдсөн ч гэсэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь Захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан байрны тодорхойлолт , Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт , Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дүгээр захирамж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-рын шүүх хуралдаанд гаргасан “...захиргаа, хуулийн хэлтсийн даргын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, одоогийн төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс илүү нэмэгдсэн зүйл байхгүй” гэх зэргээр тодорхой байх тул нэхэмжлэгчийг ажил албан тушаалаар хангаагүй нь хууль тогтоомжид нийцээгүй байна гэж шүүх үзлээ. 

Хариуцагч “Нэхэмжлэгчийн орон тоо тус захирамжаар ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, зорилт өөрчлөгдөж Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Хууль зүйн тасгийн даргад үндсэн чиг үүрэг, зорилт хуваагдсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2016 оны А/401 дүгээр захирамжийг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын А/249 дүгэр тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн”, нэхэмжлэгч “дүүргийн Засаг даргын Тамгын газрын А/249 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлөөд ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн    даргын    албан    тушаалд    томилохгүй   байгаа   нь   холбогдох   хууль тогтоомжийг зөрчиж байна” хэмээн маргаж байна. 

Төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байхад түр орлон гүйцэтгэгчээр В.Г*******ийг томилон Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг болон тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг тус тус зөрчсөн ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчимд нийцээгүй, албан тушаалтан дур зоргоороо албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх бөгөөд төрийн албаны “хууль дээдлэх” үндсэн зарчим алдагдахад хүргэжээ.

Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын бүх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалын хоёрдугаар хавсралтаар Б.Г ыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд нэхэмжлэгчийг томилоогүй эс үйлдэхүйг хууль бус гэж маргаж байх тул Б/249 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Б.Г “Би тус дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд хариуцагч Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн заалтыг зөрчсөн” хэмээн маргаж байна. 

Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 29 дүгээр зүйлийн 29.2-т “Сонгуулийн хороодын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байх бөгөөд Б.Г нь Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь Нийслэлийн Сонгуулийн хорооны 02 дугаар үнэмлэх , Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар  тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед тус дүүргийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул уг үндэслэлийг хүлээн аваагүй болно.  

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал авах ажиллагааг явуулах талаар зохицуулсан бөгөөд хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хэлтсийн дарга нарын Шуурхайн хуралдаанд нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамж гарч бүтэц, орон тооны байдал өөрчлөгдөж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэг “биечлэн уулзах”-т заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсхүл, өөр ажил албан тушаалд ажиллах талаар санал болгосон” хэмээн тайлбарлаж байх боловч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тамгын газрын даргын шуурхай хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, тус дүүргийн Захиргаа, хуулийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр сонсгох ажиллагааг хийгдсэн гэж үзэх боломжгүй, бүтэц өөрчлөгдөж байгааг хуралд танилцуулсан нь Б.Г ыг ажлаас чөлөөлж, томилохгүй талаар мэдэгдсэн баримт болохгүй бөгөөд хариуцагч хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна юм. 

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т сонгох ажиллагааг явуулах хэлбэрийг зааж өгсөн ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “...Сонгох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” хэмээн заасан бөгөөд хариуцагч Б.Г тай биечлэн уулзаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсхүл өөр ажил албан тушаалд ажиллах талаар санал болгосон  нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй зэргээс Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагч хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ. 

Иймд Б.Г ын гаргасан “..Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын Б.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Г ыг тус дүүргийн Тамгын газрын даргын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, түүнийг уг албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж нэхэмжилсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг  /цалингийн дэлгэрэнгүй 2016 оны 10, 11, 12 дугаар сарууд/ 733.863 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх нийт 92 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /733.863:21,2=34.616х92/ 3.184.672 /гурван сая нэг зуун наян дөрвөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг + нэмэгдэл /3.184.672-20%/ 636.934 /зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөг нийт 3.821.606 /гурван сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун зургаа/ төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж  2.201.589 төгрөгийг хасч үлдэгдэл 1.620.017 /нэг сая зургаан зуун хорин мянга арван долоо/ төгрөгийг Б.Г т олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Б.Г ын гаргасан “..Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/249 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын Б.Г т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган, Б.Г ыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг /цалингийн дэлгэрэнгүй 2016 оны 10, 11, 12 дугаар сарууд/ 733.863 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх нийт 92 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /733.863:21,2=34.616х92/ 3.184.672 /гурван сая нэг зуун наян дөрвөн мянга зургаан зуун далан хоёр/ төгрөг + нэмэгдэл /3.184.672-20%/ 636.934 /зургаан зуун гучин зургаан мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөг нийт 3.821.606 /гурван сая найман зуун хорин нэгэн мянга зургаан зуун зургаа/ төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 2.201.589 төгрөгийг хасч үлдэгдэл 1.620.017 /нэг сая зургаан зуун хорин мянга арван долоо/ төгрөгийг Б.Г т олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.САЙХАНТУЯА