Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 845

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  С.Нямсүрэн,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч С.Давааравдан нарыг оролцуулах тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-т холбогдох эрүүгийн 1903 00000 0130 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн М.Ц, 2000 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч нарын Сонгинохайрхан дүүрэг 03 дугаар хороо, Бага нарангийн 45-9-5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын хойд замд Тоёота Приус 11 маркийн 13-63 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Баярсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өглөө 10 цагт хамаатны ах маань залгаад хоёр найзыгаа хүргээд өг гээд намайг дуудаад байсан. Тэгээд би машиныг нь унаж тухайн газар очоод хоёр найзыг нь аваад зүүнээсээ баруун чиглэлтэй явж байсан. Гэнэт явган хүний гарцны цаана хүн гарч ирээд тоормоз гишгээд дарсан боловч шууд мөргөсөн.  Хохирогч чихэндээ чихэвч зүүсэн явсан. Намайг сигнал өгөхийг сонсоогүй. Тэгээд шууд 1 дүгээр эмнэлэгт очиж цусыг нь тогтоогоод дараа нь Гэмтлийн эмнэлэг рүү очсон” гэв.

Хохирогч П.Баярсайхан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа явж байсан. Би Баянзүрх захын голын замын явган хүний гарцаар өглөө болгон явдаг. Баруун талаас ирж байгаа урсгалаас машин байхгүй, зүүн талаас ирж байгаа урсгалаас ганцхан машин ирж байсан нь шүүгдэгч Ц-ын машин юм. Тэгээд миний араар гарах боломжтой байсан боловч нэг эргээд харсан ороод ирсэн. Тэгээд би дороо үсэрсэн. Тэгээд намайг эмнэлэгт авч очиж толгойны зураг авхуулсан. “Мөнгөн гүүр” эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. Би сар гаруй хугацаанд ажилгүй байсан. Манай ээж Ховд аймгаас ирж намайг 2 сар асарч байгаад явсан. Тэр өдрөөс хойш энэ хүмүүс надтай холбоо бариагүй.  Би нийт 2.885.790 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч П.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 08.30 минутын орчим би гэрээсээ гараад Хөдөө аж ахуйн яамны хойд талын автобусны буудал дээрээс ажил руугаа явдаг Шархад, 3, 4 дүгээр хороолол мөн Дүнжингарав, 3,4 дүгээр хороолол гэсэн автобусанд сууж ажил руугаа явахаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх худалдааны төвийн хойд талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явж байсан саарал өнгийн Тоёота Пирус-11 маркийн автомашины жолооч нь явган хүний гарцан дээр миний баруун талын өвдөг, рүү мөргөсөн ба газар унахдаа баруун тохой, толгойгоор газар унасан байсан. Би автомашинд мөргүүлж байснаа л санаж байгаа нэг мэдсэн газар хэвтэж байсан. Тэгтэл миний толгойноос цус гараад байсан чинь осол гаргасан жолооч нь машиндаа суулган нэгдүгээр эмнэлгийн яаралтай түргэн тусламж руу орсон яг хаана толгойндоо боолт хийлгэснээ тодорхой санахгүй байна. Тэндээсээ гараад гэмтлийн эмнэлэг орж толгойны рентген шинжилгээ, баруун өвдөг, баруун мөрөнд МР1 шинжилгээ хийлгэхэд баруун өвдөгний урагдалттай байна гэсэн онош гарсан. Гэмтлийн цагдаад бүртгүүлээд замын цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт осол болсон газарт очиж үзлэг хэмжилт хийлгэсэн. Осол болоход цас орчихсон зам хальтиргаа ихтэй байсан. Миний зүгээс гомдолтой байна. Осол гарснаас хойш 2 хоногийн дараа Мөнгөн гүүр эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Эмнэлгийн төлбөр болон ажилгүй байх хугацааны цалин бусад зардлыг гаргуулж авна. Хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэхийг хүсэж байна. Хохирлын тооцооны баримтыг гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг /хх 24-25/,

Иргэний хариуцагч Н.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би ослын талаар мэдэхгүй байна. ... миний эзэмшилд манай хүү Төгөлдөр хувийн хэрэгцээндээ унаж ашигладаг. Автомашины урд салхины шил хагарсан, дээвэр жаахан хонхойсноос өөр эвдрэл гэмтэл учраагүй. Би автомашинаа өөрөө засаж янзлах учраас хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж бодож байна. Миний хувьд бусдад учруулсан төлбөрөөс төлж барагдуулж чадахгүй. Миний эзэмшлийн автомашиныг жолоодож яваад осол гаргасан М.Ц нь төлж барагдуулах ёстой гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх 33/,

Гэрч С.Анужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар зүүн 4-н замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт 2 дугаар эгнээгээр хөдөө аж ахуйн хойд талын автобусын буудал өнгөрөөд явж байтал нэг мэдсэн тас нис хийх чимээ гарахаар нь хартал авто машины урд салхины шил хагарч цөмөрсөн байдалтай байхаар нь гайхаад сууж байтал мөргүүлсэн явган зорчигч нь өөрөө газраас босч ирсэн ба жолооч залуу буугаад мөргүүлсэн гэх явган зорчигчийг сугадаж машины буруу талын хойд суудалд суулгахад толгойноос цус гарчихсан байдалтай байсан. ... Тухайн үед цас бага хэмжээгээр орчихсон зам халтиргаатай байсан.” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3190 дугаартай дүгнэлт:

1. П.Баярсайханы биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс урд эвэрийн урагдал, урд чагтан холбоосын шаант ясанд бэхлэгдэх хэсгийн урагдал, тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх, баруун зулайн хуйх, баруун мөр, баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой... гэх дүгнэлт /хх 47/,

 

Техникийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №136 дугаартай дүгнэлт:

  1. Тоёота Приус 11 маркийн 13-63 УБП улсын дугаартай автомашин жолоодож явсан Мөнхбат овогтой Цолмонбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч П.Баярсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
  3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэлээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 59-60/,

              Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх захын хойд зам, “замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, нойтон, хальтаргаатай, зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайстай, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээ зам байв. /хх 8-10/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-15/, жолооч М.Цолмонбаярын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 20/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 67/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 64/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын хойд замд Тоёота Приус 11 маркийн 13-63 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Баярсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь

Хохирогч П.Баярсайханы: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 08.30 минутын орчим би гэрээсээ гараад Хөдөө аж ахуйн яамны хойд талын автобусны буудал дээрээс ажил руугаа явдаг Шархад, 3, 4 дүгээр хороолол мөн Дүнжингарав, 3,4 дүгээр хороолол гэсэн автобусанд сууж ажил руугаа явахаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх худалдааны төвийн хойд талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явж байсан саарал өнгийн Тоёота Пирус-11 маркийн автомашины жолооч нь явган хүний гарцан дээр миний баруун талын өвдөг, рүү мөргөсөн ба газар унахдаа баруун тохой, толгойгоор газар унасан байсан. Би автомашинд мөргүүлж байснаа л санаж байгаа нэг мэдсэн газар хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Анужингийн: “...Бид нар зүүн 4-н замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт 2 дугаар эгнээгээр хөдөө аж ахуйн хойд талын автобусын буудал өнгөрөөд явж байтал нэг мэдсэн тас нис хийх чимээ гарахаар нь хартал авто машины урд салхины шил хагарч цөмөрсөн байдалтай байхаар нь гайхаад сууж байтал мөргүүлсэн явган зорчигч нь өөрөө газраас босч ирсэн ба жолооч залуу буугаад мөргүүлсэн гэх явган зорчигчийг сугадаж машины буруу талын хойд суудалд суулгахад толгойноос цус гарчихсан байдалтай байсан. ... Тухайн үед цас бага хэмжээгээр орчихсон зам халтиргаатай байсан.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон гэм хорын хохиролд нийт 2.885.690 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж гэм буруутай этгээдээс нийт 1.735.790 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч П.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ цаашид эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. М.Ц-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ц-ыг 1000 /нэг мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Ц нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Цолмонбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Ц-аас нийт 1.735.790 /нэг сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Баярсайханд олгосугай.
  6. Хохирогч П.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР