Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 752

 

105/2019/0770/Э

 

 

 

 

 

2019          7             25                                            2019/ДШМ/752                                  

 

М.Ц-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ундраххэрлэн,

хохирогч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Ц-т холбогдох эрүүгийн 1903000000130 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц овгийн М-ын Ц  , ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД.........;

 

М.Ц-  нь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өглөө 10 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын хойд замд “Тоёота Приус-11” маркийн 13-63 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Баярсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: М.Ц- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Ц- ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ц- ыг 1000 /нэг мянга/ нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ц-  нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Ц- аас нийт 1,735,790 /нэг сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Баярсайханд олгохоор, хохирогч П.Баярсайхан нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээд болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Ц-  нь цагдан хоригдсон хоноггүй, М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Ц-  хохирлыг төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй ба өнөөдрийг хүртэл хохирлоо огт төлөөгүй.

Шүүгдэгчийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчиж, хурд хэтрүүлэн явган хүний гарц дээр мөргөж унагаасан. Хэргийн үйл баримт тодорхой байхад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа эсэх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх эргэлзээтэй байна.

Хохирогчийн хувьд өөрөөс гарсан зардал болох 2,885,690 төгрөгийг холбогдох бүхий л нотлох баримтын хүрээнд нэхэмжилсэн боловч нотлох баримтыг шүүх дутуу үнэлэн 1,735,790 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан эрх зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч М.Ц- аас хохирлыг бүрэн гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүгдэгч М.Ц-  нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч холбоо байхгүй алга болсон байгаа тул бид нарын гомдлыг хангаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч П.Баярсайхан “...өмгөөлөгчийн хэлсэн дээр нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

 

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч П.Баярсайхан нь мөрдөн шалгах ажиллагааны үед нийт 2,885,690 төгрөг нэхэмжилсэн. Үүний задаргаа нь эмчилгээ оношлогооны зардалд 1,664,790 төгрөг, гэм хорын хохирол 600,000 төгрөг, эх Явуухулан нь хөдөөнөөс ирсэн зардал буюу 71,000 төгрөг, ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй буюу авах ёстой байсан цалин 550,000 төгрөг байдаг.

Анхан шатны шүүх үүнээс эм, эмчилгээ, оношлогооны зардал болох 1,664,790 төгрөг, мөн эх Явуухулангийн хөдөөнөөс ирсэн зардал буюу 71,000 төгрөг нийт 1,735,790 төгрөгийг баримтаар тогтоогдсон байна гэж үзэж шүүгдэгч М.Ц- аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үлдсэн 600,000 төгрөг, 550,000 төгрөг зэргийг хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж үзэж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Харагдахгүй, бичиг нь арилсан баримт тухайн үед хавтас хэрэгт өгөхөд нилээн бүдэг байдалтай ирсэн. Шүүгдэгч М.Ц-  хохирол төлбөр огт төлөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

М.Ц-  нь 2019 оны 3 дугаар сарын 9-ний өглөө 10 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын хойд замд “Тоёота Приус-11” маркийн 13-63 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Баярсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч П.Баярсайханы “...2019 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 08 цаг 30 минутын орчим ...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх худалдааны төвийн хойд талын явган хүний гарцаар урдаасаа хойшоо зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явж байсан саарал өнгийн Тоёота Пирус-11 маркийн автомашины жолооч нь явган хүний гарцан дээр миний баруун талын өвдөг, рүү мөргөсөн ба газар унахдаа баруун тохой, толгойгоор газар унасан байсан. ...Осол болоход цас орчихсон, зам халтиргаа ихтэй байсан...” гэх /хх 24-25/,

гэрч С.Анужингийн “...Бид нар зүүн 4-н замаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт 2 дугаар эгнээгээр Хөдөө аж ахуйн хойд талын автобусны буудал өнгөрөөд явж байтал нэг мэдсэн тас хийх чимээ гарахаар нь хартал авто машины урд салхины шил хагарч цөмөрсөн байдалтай байхаар нь гайхаад сууж байтал мөргүүлсэн явган зорчигч нь өөрөө газраас босч ирсэн ба жолооч залуу буугаад мөргүүлсэн гэх явган зорчигчийг сугадаж машины буруу талын хойд суудалд суулгахад толгойноос цус гарчихсан байдалтай байсан. ...Тухайн үед цас бага хэмжээгээр орчихсон зам халтиргаатай байсан...” гэх /хх 39-40/ мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3190 дугаартай “...П.Баярсайханы биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрс урд эвэрийн урагдал, урд чагтан холбоосын шаант ясанд бэхлэгдэх хэсгийн урагдал, тархи доргилт, баруун зулайн хуйханд шарх, баруун зулайн хуйх, баруун мөр, баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 47/,

 

Техникийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 136 дугаартай “...Тоёота Приус 11 маркийн 13-63 УБП улсын дугаартай автомашин жолоодож явсан Мөнхбат овогтой Ц   нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч П.Баярсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэлээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн /хх 59-60/ шинжээчийн дүгнэлт,

 

“...Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх захын хойд зам, “замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, нойтон, халтиргаатай, зохицуулдаггүй явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, тусгаарлах зурвасгүй, явган хүний замтай, хашлагатай, хайстай, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээ зам байв...” гэсэн хэргийн газарт хийсэн тэмдэглэл /хх 8-10/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-15/ зэрэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх, М.Ц- ын “...тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч П.Баярсайханыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн...” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ...” гэж заасан ялаас анхан шатны шүүх торгох ялыг сонгож, тогтоосон хэмжээнийх нь дотор М.Ц-т оногдуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хохирогч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын “...хохирогчийн нэхэмжилсэн хохирлын нотлох баримтыг шүүх дутуу үнэлэн 1,735,790 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн. ...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хавтас хэрэгт гаргасан хохирогчийн гэм хорын хохирлын нотлох баримтууд /хх 82, 106-110, 117-118/-ыг шинжлэн судлахад, хохирогчийн “Мөнгөн гүүр эмнэлэг”-ийн шинжилгээ, эм, ор хоногт төлсөн 828,090 төгрөг /хх 82/-ийн баримт нь Мөнгөн гүүр эмнэлэгт төлсөн ор хоногийн төлбөрийн 1,010,350 төгрөгийн баримт /хх 108/-тай давхацан, мөн хохирогчийн Ховд аймгаас ирж асарсан ээжийнх нь замын зардлын баримт /хх 116/ нь бүдгэрч тоо, огноо нь уншигдах боломжгүйгээр баларсан байна. Иймд хохирогчийн 2,885,690 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага ханган, эргэлзээгүй тогтоогдсон гэм хорын хохирол 1,735,790 төгрөгийг шүүгдэгч М.Ц- аас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хохирогч П.Баярсайханы бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд зааж шийдвэрлэжээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/845 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Баярсайхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ