Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0446

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр 

Дугаар 221/МА2019/0446

            Улаанбаатар хот

 

                                         “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагчийн төлөөлөгч А.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0350 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд “ХБ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн давж заалдах гомдлоор ”Х” ХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0350 дугаар шийдвэрээр

1 дүгээр заалтаар:Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын Дорнын говь ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн ж групп ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн ж-Агро ХХК-д, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Багануур мах маркет ХХК-д холбогдох хэсгийн Х ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг 3/гурван/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

2 дугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоож, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр,

3 дугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Багануур дүүргийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудын “Дорнын говь” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжийн “ж групп” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжийн “ж-Агро” ХХК-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгүүд хууль бус байсанд, мөн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжийн Багануур мах маркет ХХК-д холбогдох хэсгийн “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болсонд тус тус тооцон шийдвэрлэсэн байна.

 

Гуравдагч этгээд “Х Б” ХХК дах банкны эрх хүлээн авагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн нэхэмжлэгч байгууллагын тайлбарт үндэслэн гуравдагч этгээд “Х Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, “ж-Агро” ХХК, “Багануур мах маркет” ХХК, “ж групп” ХХК, “Дорнын говь” ХХК нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг үл харгалзан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж. хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын талаарх үйл баримтыг анхаарч үзсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тус хуулиар "... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж бөлзөшгуй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг" зохицуулдаг.

Тиймээс энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийг захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй этгээд гаргадаг.

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч “Х” ХК-ийн тухайд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нотлогддоггүй.

Тодруулбал, “Х” ХК нь 41,092 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээг 1999 оны 2 дугаар сарын 9-ний өдөр 15 жилийн хугацаатай авсан байдаг бөгөөд 2004 онд газрынхаа зарим хэсгийг бусдад шилжүүлсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилж аваагүй тул газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байсан. Гэтэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үүнд дүгнэлт өгөөгүй, анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Түүнчлэн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний 15 жилийн хугацаа нь 2014 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дууссан байхад “Х” ХК нь дахин шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй өнөөдрийг хүрсэн. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болдог. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь нотлогдохгүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч “Х” ХК-аас 2012 оны 7-9 саруудад Багануур дүүргийн Газрын албанд хандаж “Кадастрын зураг шинээр хийгдсэн, ... төмөр замыг зурганд оруулж гэрээ хийж, гэрчилгээ олгож өгнө үү" гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан байх боловч хариуцагчаас дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй... " хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүх “Дорнын говь ХХК-ийн газрын хил, зааг тогтоогдож нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн салаа төмөр замыг ашиглах, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах боломжгүй болжээ” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Учир нь “Х” ХК-аас гаргасан хүсэлтүүд нь нэгдүгээрт газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт байгаагүй, хоёрдугаарт шүүх хуралдаан дээр хариуцагчаас “Х” ХК хүсэлт гаргах тухай бүрт уулзаж тус компанийн кадастрийн зураглалаа өөрчлөх тухай эдгээр хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг тайлбарлаж байсан гэсэн тайлбар өгсөн, нэхэмжлэгч мөн үүнийг хүлээн зөвшөөрсөн болно.

 Эндээс үзэхэд захиргааны байгууллага “Х” ХК-д хариуг нь өгч байсан нь харагдаж байгаа бөгөөд хэрэв “Х” ХК нь тус шийдвэр /эс үйлдэхүй/-ийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны байгууллагад гомдол гаргах эрх, боломж хууль зүйн хувьд нээлттэй байсан. Энэ боломжоо нэхэмжлэгч ашиглаагүй хуульд заасан 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 7 жилээр хэтрүүлсэн хариуцлагагүй, хуулийг үл хүндэтгэсэн байдалд нь захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн “Х” ХК нь “Дорнын говь” ХХК-д 2004 онд зарим хөрөнгөө худалдсан байх бөгөөд үүнээс хойш 4 жилийн дараа буюу 2008 онд эдгээр компани хоорондын газрыг заагласан хашаа барьсан байдаг. Тухайн хашааг барьж байх үед “Х” ХК мэдэж байсан тухай шүүх хуралдаан дээр тайлбар өгсөн бөгөөд Дорнын говь ХХК-тай харилцан тохиролцсон байдал нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбараас, мөн “Х” ХК гомдол гаргаагүй байгаагаас харагдаж байна.

Иймээс Газрын кадастрын зураглалын нэгдсэн мэдээлэл санд байгаа анх нэгдсэн мэдээллийн сан үүсч байх үед оруулсан зураглал зэргээр өнөөдрийн Багануур мах маркет ХХК-ийн эзэмшиж буй газрын зураглал зөв үйлдэгдсэн, цаашлаад “Х” ХК нь тухайн маргаж буй газраа эзэмшихгүй болохоо идэвхгүй байдлаар илэрхийлж байсан нь илэрхий харагдаж байна.

Түүнчлэн “Х” ХК нь барилга хүлээлцсэн актын улмаас 2017 онд салаа төмөр замын хэсгийн өмчлөгчөөр тогтоогдсон байтал түүнээс өмнө үүссэн харилцаатай холбогдох асуудалд шүүх дүгнэлт хийхдээ хамааруулж тайлбарласан байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ "Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх" шаардлагыг хангаж байх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна... энэ тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болсноос үл хамааран хөрш зэргэлдээ газрын хувьд газрыг давхцуулан эзэмшүүлсэн талаар гомдол, нэхэмжлэл. гаргах эрхтэй... нэхэмжлэгчийн эзэмшил газарт давхцал үүсгэсэн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. “Х” ХК нь газар эзэмших эрхээ 2004 оноос хойш буюу 15 жилийн хугацаанд  авсан баримт бичиг хавтаст хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл байхгүй. Хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс удаа дараа тайлбарласан, нэхэмжлэгч өөрөө хүлээн 

Анхан шатны шүүх ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тус захиргааны актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж болохоор зохицуулсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт маргаан бүхий захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэжээ. 

Гэтэл нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн шаардлага гаргасан дээрх 4 захиргааны акт Багануур дүүргийн засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаартай захирамж, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаартай захирамж, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаартай захирамж, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаартай захирамжаар тус тус хүчингүй болсон байдаг. Иймээс тус нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.

Иймд маргаан бүхий Засаг даргын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т "Төлбөрийн чадваргүй болсон банканд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө " гэж заасны дагуу “Х Б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 128/ШШ2018/0350 дугаар шийдвэртэй хэргийг гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн хянав.

“Х” ХК шүүхэд “Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442, 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжуудаар “Дорнын говь” ХХК-д, 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар “ж групп” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “ж-Агро” ХХК-д “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоох, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Б.М” ХХК-д “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замын болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд дээрх шаардлагаа дэмжсэн байна. Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

    Хамгийн анх Багануур дүүргийн Засаг даргын 1996 оны 175 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт 3,5 га газрыг “Х” ХК-д анх эзэмшүүлжээ. Өөрөөр хэлбэл 35.000 мкв газрыг эзэмшүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн цуглуулсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн газар ашиглах 1996, 1998 оны гэрээнүүдэд эзэмшил газрын хэмжээг өөр өөрөөр тэмдэглэсэн,  Багануур дүүргийн Засаг даргын 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/07 дугаар захирамжаар “Х” ХК-д тус дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт 41,629 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн, харин гэрээнд “Х” ХК-ийн эзэмшиж буй нийт газрын хэмжээг 71,089мкв /үүнээс 30.000 мкв нь ногооны талбай/ гэж мөн л зөрүүтэй тэмдэглэсэн зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. Харин “Дорнын говь” ХХК-д дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 134 дүгээр захирамжаар барилгын цогцолбор байршиж буй 25.000мкв газрыг эзэмшүүлэхээр зөвшөөрсөн байна. Гэтэл Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 442 дугаар захирамжаар тус дүүрэгт газрын кадастрын зураг хийгдсэнтэй холбогдуулж иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэхдээ “Дорнын говь” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг 31,027 мкв-аар тогтоосон байна. 

Хэрэгт мөн тус дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар захирамжаар Дорнын говь ХХК-д 27.177 мкв газрыг махны үйлдвэрийн зориулалтаар, хашаалах газрыг 5018 мкв хэмжээтэйгээр эзэмшүүлсэн гэх баримт авагджээ. Үүний дараа дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар барын 10-ны өдрийн 496 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “ж групп” ХХК-д, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаар захирамжаар “ж-Агро” ХХК-д шилжүүлж, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “ж-Агро” ХХК-аас Хадгаламж банкны зээлийн барьцаанд бүртгүүлсний дараа 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Багануур мах маркет” ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Ийнхүү газрын хэмжээ нэмэгдэж, түүнчлэн багасаж байгаа, эрх олгосон захирамж болон захирамжийг үндэслэн гарч байгаа гэрээ, гэрчилгээн дэх газрын хэмжээ зөрүүтэй байгаа зэрэг нь  хариуцагч Багануур дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс гуравдагч этгээд “Дорнын говь” ХХК-д шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлэх, түүнчлэн газрын хэмжээг нэмэгдүүлэх болон багасгах тухай шийдвэрүүдийг гаргахдаа газрын байршил, эргэлтийн цэгийг нарийвчлан тогтоогоогүйгээс Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Дээрх шалтгааны улмаас нэхэмжлэгч “Х” ХК-иас “Дорнын говь" ХХК-д шилжүүлээгүй салаа төмөр замыг дамнуулсан байдлаар Дорнын говь ХХК-ийн газрын хил, зааг тогтоогдож нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн салаа төмөр замыг ашиглах, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах боломжгүй болжээ.  

Нэхэмжлэгч “Х“ ХК нь эхнээсээ тухайн салаа төмөр замын шилжүүлэн өгөөгүй болох нь Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Татварын хэлтэс болон “Дорнын говь” ХХК-иудын хооронд 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу “Х” ХК-ийн эзэмшиж байсан хүнсний агуулахын цогцолборыг дагалдах тоног төхөөрөмжийн /объектын/ хамт “Дорнын говь” ХХК-д шилжүүлэн өгөх үед үйлдэгдсэн Барилга объект хүлээлцсэн тухай акт-д 3. Төмөр зам болон контейнер буулгах талбай гэсэн хэсэгт ... 150 м урттай төмөр замтай /2 салаа төмөр замын агуулахын талынх болно/ гэж тэмдэглэгдсэн,  гуравдагч этгээд салаа төмөр замын салааны голоор хашаагаа барьсан нь шүүхээс хийсэн үзлэг зэргээр тогтоогджээ. 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо : “Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт маргаан бүхий захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэжээ. 

Гэтэл нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчийн шаардлага гаргасан дээрх 4 захиргааны акт Багануур дүүргийн засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаартай захирамж, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 496 дугаартай захирамж, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/222 дугаартай захирамж, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаартай захирамжаар тус тус хүчингүй болсон байдаг” гэжээ.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-т “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “... дүүргийн Засаг даргатай уулзсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр байршлыг өөрчлөх замаар төмөр замын асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн хэмээн тайлбарласан, түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэглүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж зааснаас үзвэл дүүргийн Газрын алба нь энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой, Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/172 дугаар захирамжаар “Багануур мах маркет” ХХК-ийн эзэмшиж буй 21.177 мкв газар нь “Ану Сөрвэй” ХХК-ийн үйлдсэн 22.591мкв /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тодорхойлсон хэмжээ/ газартай 1008.6мкв хэмжээгээр давхцалтай байх боловч мөн дээрх төмөр замуудын байршил тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий актуудаар “Х” ХК-ийн өмчлөлийн төмөр замыг болон дундын ашиглалтын гол төмөр замын доорх газрыг оролцуулан эзэмшүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ... хүчингүй болгох гэж, өөрийн эзэмшил газрын хэмжээг “Ану Сөрвэй” ХХК-аар 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлдүүлсэн 22.526.9 мкв талбайтай байхаар тодорхойлон маргасан ба энэхүү зурагт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй салаа төмөр зам болон дундын хэрэглээний гэх төмөр замууд тусгагдаагүй байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх боломжгүй.

Гуравдагч этгээдээс мөн хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж. хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж гомдол гаргасан.

Уг гомдлын үндэслэлээ   “хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын талаарх үйл баримтыг анхаарч үзсэнгүй”, “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны ... буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж тайлбарлаж байна.

    Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал буюу “Х” ХК нэхэмжлэл гаргах эрхгүй, түүний эрх хөндөгдөөгүй гэж гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо дурджээ. Үүнийгээ 2014 онд “Х” ХК-н газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж тайлбарлаж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тус хуулиар "... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг" зохицуулдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн маргаж буй газрыг анхнаасаа “Х” ХК эзэмшиж байсан, газар дээр одоо болтол нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа нь тогтоогдсон байна. 

Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийг уг салаа төмөр замын өмчлөгчөөр тогтоосон Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч байжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Х” ХК нь “хууль ёсны ашиг сонирхол”-оо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Түүнээс гадна анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч “Х” ХК-аас 2012 оны 7-9 саруудад Багануур дүүргийн Газрын албанд хандаж “Кадастрын зураг шинээр хийгдсэн, ... төмөр замыг зурганд оруулж гэрээ хийж, гэрчилгээ олгож өгнө үү" гэсэн хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан байх боловч хариуцагчаас дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ... " хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

Захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн буруугүйг, түүнийг нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд ямар нэгэн эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байгаа бол холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх, нэхэмжлэлийн үндэслэлийг няцаах нь хариуцагчийн үүрэг гэж дүгнэх боломжтой. 

Нэгэнт шүүхээс шаардлагатай нотлох баримтыг цуглуулсан боловч нэхэмжлэлийн дээрх үндэслэлийг няцааж чадаагүй тул “хариуцагчаас дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

    Давж заалдах гомдолд "Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх" шаардлагыг хангаж байх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна ... энэ тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болсноос үл хамааран хөрш зэргэлдээ газрын хувьд газрыг давхцуулан эзэмшүүлсэн талаар гомдол, нэхэмжлэл. гаргах эрхтэй ... нэхэмжлэгчийн эзэмшил газарт давхцал үүсгэсэн...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас нэхэмжлэгчид газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол байгаа нь тогтоогдсон, гуравдагч этгээдийн хашаалсан газарт нэхэмжлэгчийн шүүхээр өмчлөгч болох нь тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгө орсон, нэхэмжлэгч газрын асуудлаар 2012 оноос хойш дүүргийн газрын албан саналд хүсэлтүүд гаргаж байсан, хүсэлтэд дурдагдаж байсан кадастрын зураг хийгдсэн, төмөр замыг зураганд оруулж гэрээ байгуулж, гэрчилгээ олгож өгнө үү гэсэн хүсэлтийг шийдвэрлэсэн бол газар эзэмших эрх дуусгавар болсон эсэх талаарх маргаан гарахгүй байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Х Б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

         ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                    Ц.САЙХАНТУЯА

         ШҮҮГЧ                                    Э.ЗОРИГТБААТАР