Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2022/0874/З |
Дугаар | 001/ХТ2023/0071 |
Огноо | 2023-10-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2023/0071
“Т ц” ХХК-ийн гомдолтой,
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын
улсын ахлах байцаагчид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0361 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2023/0446 дугаар магадлал,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 330 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагчийн гомдлоор, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: “Т ц” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-т холбогдуулан “... улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийж, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор нэр бүхий аж ахуйн нэгжийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан байж болзошгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 14 компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээж шалгасны дотор “Т ц” ХХК багтжээ.
2.1.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаар шийтгэлийн хуудсаар “цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан” зөрчил гаргасан үндэслэлээр “Т ц” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.2.“Т ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гээс гомдлын шаардлагын үндэслэлээ “... шийтгэлийн хуудаст хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчил болон өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн нөхцөл байдлыг тогтоогоогүй, цементийн үнийг зохиомлоор хөөрөгдсөн гэх зөрчил нь хуулийн энэхүү зохицуулалтад хамааралгүй, ... “Т ц” ХХК нь цементийн үйлдвэрлэгч биш, зах зээлд давамгай байдал үүсгээгүйн зэрэгцээ мөн бусадтай үгсэн хуйвалдаж үнэ тогтоож картель үүсгэх угаас боломжгүй, жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, ... манай компани нь цемент хүлээн авах, ачиж буулгах зардал, тээврийн зардал, ажиллах хүч, түлш шатахууны зардал, олох боломжтой ашиг зэргийг тооцон үзсэний үндсэн цементийн үнийг тогтоож борлуулсан нь хэрэглэгчийн эрхийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй ...” гэсэн агуулгаар тодорхойлон маргасан.
2.3.Хариуцагч С.Г-ээс “... Дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад “Т ц” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын “44” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан ... цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь ... тогтоогдсон ...” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... Өөрөөр хэлбэл, бусад 8 аж ахуйн нэгж нь үнийг нэмээгүй байгаа энэ тохиолдолд гомдол гаргагчийг өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх боломжгүй, ... гомдол гаргагч нь цементийн нийлүүлэлт тасалдсан цаг хугацаанд өөрт байсан цементийн үнээ нэмсэн нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн механизмын (зах зээлийн эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмын) дагуу зохицуулагдах харилцаа болохоос бус, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй, ... хэрэглэгчээс Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт “Т ц” ХХК-ийн эсрэг гомдол гаргаагүй байх бөгөөд энэ тохиолдолд хэрэглэгчийг хохироосон хэмээн өргөн хүрээний тайлбар хийж гомдол гаргагчийг буруутгасан хариуцагчийн шийтгэлийн хуудсыг зөвтгөх боломжгүй, ... “Т ц” ХХК-аас хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулаагүйгээс үзвэл хариуцагчаас уг аж ахуйн нэгжийг зөрчил гаргасныг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй ...” гэж дүгнэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-гийн гомдлоор хэргийг хянаад “... хэрэглэгчийн эрхийг ямар аргаар хохироосон, хэрхэн зохиомол хомсдол үүсгэж, зах зээлийн хуваан эзэмшсэн, хэрэглэгчийг шударга бус аргаар, төөрөгдүүлсэн, худалдааны хүчилсэн арга хэрэглэсэн, бусад өрсөлдөгчидтэй худалдаа хийхэд нь үндэслэлгүйгээр саад хийсэн зэрэг хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчин “шударга бус өрсөлдөөний аргыг хэрэглэж үнээ өсгөсөн эсэх, мөн гомдол гаргагч нь хууль бусаар ямар хэмжээний ашиг, орлого олсон, нийт учруулсан хохирол төлбөр, хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр ... дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1-д заасныг тус тус зөрчсөн, ... Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан байхад ... уг хохирол, нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг тогтоохтой холбоотой ажиллагааг огт хийлгүйгээр дан ганц торгох шийтгэлийг оногдуулсан нь ойлгомжгүй, ... улсын байцаагч нь цементийн жижиглэнгийн худалдааны зах зээлд “давамгай байдалтай” гэж үзээгүй, мөн “бүтээгдэхүүний үнийг бусадтай хэлцэн тогтоосон” гэж буруутгаагүй энэ тохиолдолд зөвхөн “бодит зардал өсөөгүй байхад зах зээлийн хомсдолыг далимдуулж үнээ нэмсэн” гэх нөхцөл нь дангаараа Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг хэрэглэх үндэслэл болохооргүй байна ...” гэсэн дүгнэлтийг хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5.Хариуцагч С.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 330 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.1.“... Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “аж ахуй эрхлэгч нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор заасан ба үүгээр зөвхөн давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид уг зохицуулалт нь хамаарахаар эсхүл аж ахуй эрхлэгчид нь бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон байхыг шаардаагүй. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил нь бие даасан зохицуулалт бөгөөд тухайн бараа бүтээгдэхүүн, зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч бодит зардал өсөөгүй байхад үнийг огцом нэмэгдүүлэн хэрэглэгчдэд худалдан борлуулах тохиолдлыг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т хамааруулан үзэх үндэслэлтэй.
6.2.Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “М б м” ХХК, “М Ц” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 06 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу “УБТЗ” ХХН-ийн АБТЭМА-44-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
6.3.Цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байдаг. Уг онцлог бөгөөд хязгаарлагдмал нөхцөл байдал бүхий цементийн жижиглэн худалдааны зах зээлд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цементийн үнэ огцом нэмэгдсэнээс шалтгаалан хэрэглэгчийн хувьд сонголт хийх боломж улам хумигдаж, өмнө нь зах зээл хэвийн байх үед ойролцоогоор 1 тонн тутамд 330,000 төгрөгөөр худалдан авч байсан цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр буюу 400,000- 480,000 төгрөгөөр худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн байдаг.
6.4.“Т ц” ХХК нь “УБТЗ” ХХН-ийн АБТЭМА-44-т цементийн хомсдол үүссэн хугацаанд цемент хүлээн авсан бөгөөд өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлах замаар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.
6.5.Анхан болон давж заалдах шатны шүүхээс цементийн зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй байна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:” гээд 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.
9.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г- 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаар шийтгэлийн хуудсаар “Т ц” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах барилгын материалын 44 захад цемент борлуулахдаа “цементийн нийлүүлэлт багассан хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироосон” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
10.Дотоодын цемент үйлдвэрлэгч “М б м” ХХК-ууд цементийг өөрөө шууд хэрэглэгчид жижиглэн худалдаалдаггүй, гэрээт борлуулагч нараар дамжуулан жижиглэнгийн зах зээл дээр цементийг борлуулдаг, “Т ц” ХХК-ийн хувьд “М б м” ХХК-тай “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан, уг гэрээний үргэлжлэх хугацаа 2022 оны 05 дугаар сарын 11-нээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байх бөгөөд гэрээний дагуу тухайн бүтээгдэхүүнийг (үйлдвэрийн үнээр) 1 тонныг 275,500 төгрөгөөр худалдан авах тусгай нөхцөлтэй, мөн гэрээний 5.2.5-д зааснаар үйлдвэрлэгчээс цементийн үнэ өөрчлөгдөх тохиолдолд тухай бүр худалдан авагч талд мэдэгдэх зохицуулалттай байна.
11.БНХАУ-аас импортолдог цементийн уутны нийлүүлэлт тасалдсан, төмөр замын вагон тээврийн хангамж багассан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан “44” захад цементийн нийлүүлэлт 2023 оны 06 дугаар сарын 13-наас 15-ны өдөр тасалдаж, 16-ны өдрөөс цементийн нийлүүлэлт нь эрс багасч хомсдол бий болсон хэдий ч тухайн үед дотоодын үйлдвэрлэгч нар цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, ачаа тээврийн зардал болон бусад зардал өсөөгүй болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
12.Гэтэл гомдол гаргагч “Т ц” ХХК нь үйлдвэрлэгчийн үнэ нэмэгдээгүй, бусад зардал өсөөгүй байхад цементийг жижиглэнгийн зах зээлд хэрэглэгчид худалдан борлуулахдаа 2023 оны 06 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд 1 тонныг 310,000-348,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан цементийг нийлүүлэлт багасч, хомсдол үүссэн үед буюу 2023 оны 06 дугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд 1 тонныг нь 400,000-480,000 төгрөг болгон нэмэгдүүлж худалдан борлуулсан, уг үйлдлийг хариуцагчаас хяналт шалгалтын явцад тогтоож, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь бодит байдалд нийцжээ.
13.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар (Т-О” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдох), 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр (“М-А” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдох), 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр (“Х” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдох), 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 52 дугаар (“И т” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдох) тогтоолуудад “Зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь, ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч хаанаас ч очоод авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу шударга өрсөлдөөнийг хамгаалах агуулгад хамааруулж үзнэ. Харин зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагддаггүй буюу харилцан орлох бүтээгдэхүүн байхгүйн улмаас уг бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагатай байгаа хэрэглэгч түүнийг борлуулж буй тухайн этгээдээс худалдан авахаас өөр сонголтгүй байх нөхцөлд (тухайлбал, түлш шатахуун) тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго, хэрэглэгчийн эрхийг хамгаалах агуулгад нийцнэ. Энэ тохиолдолд “цемент” нь өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүн бөгөөд тухайн цаг хугацаанд цар тахлын нөхцөл байдлын улмаас улсын хил хаагдсан онцгой нөхцөлд хомсдол үүсч, зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагдах боломжгүй болсон үед, үйлдвэрлэгчээс гэрээний дагуу нийлүүлсэн цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах давуу байдлаа ашиглан, бараа бүтээгдэхүүн (цемент)-ийн үнийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно, аж ахуй эрхлэгч дээрх байдлаар өөрөө үнэ тогтоосныг “чөлөөт зах зээл”-ийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхгүй” гэж тус тус дүгнэсэн.
14.Иймээс, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “... зах зээлд үнэ өссөн байхад нөөцтэй газар яагаад хямдаар худалдаалах ёстой вэ ...” гэх тайлбар үндэслэлгүй.
15.Өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал өрсөлдөөн бүхий зах зээлийн нөхцөлд аль нэг үе шатанд үйлдвэрлэгчийн үнэ, эсхүл зардал өссөнөөс шалтгаалан үнээ нэмсэн тохиолдолд цаашид тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой нэмэгдэж буй зардлыг нөхөх зорилгоор зах зээлийн үнэ тогтох боломжтой, тухайн тохиолдолд дээрх үндэслэл үүсээгүй үед үнэ нэмсэн нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх талаар тогтоолд тодорхой дурдсан байна.
16.Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтад Өрсөлдөөний тухай хуулийн “хэрэглэгчийн эрхийг хамгаалах”-тай холбоотой зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, “... гомдол гаргагч нь цементийн нийлүүлэлт тасалдсан цаг хугацаанд өөрт байсан цементийн үнээ нэмсэн нь чөлөөт зах зээлийн эдийн засгийн механизмын (зах зээлийн эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмын) дагуу зохицуулагдах харилцаа болохоос бус, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй ...”, “... “Т ц” ХХК нь хэрэглэгчийн эрхийг ямар аргаар хохироосон, хэрхэн зохиомол хомсдол үүсгэж, зах зээлийн хуваан эзэмшсэн, хэрэглэгчийг шударга бус аргаар, төөрөгдүүлсэн, худалдааны хүчилсэн арга хэрэглэсэн, бусад өрсөлдөгчидтэй худалдаа хийхэд нь үндэслэлгүйгээр саад хийсэн зэрэг хууль болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчин “шударга бус өрсөлдөөний аргыг хэрэглэж үнээ өсгөсөн эсэх, мөн гомдол гаргагч нь хууль бусаар ямар хэмжээний ашиг, орлого олсон, нийт учруулсан хохирол төлбөр, хуулийн этгээд, иргэний аль нь тухайн зөрчлийг гаргасан эсэхийг тогтоолгүйгээр “Т ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц, гэр бүлийн гишүүн Ю.Ш дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр зөрчил үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэж дүгнэж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ... заалтыг зөрчсөн ...” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
17.Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “Т ц” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2023/0361 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2023/0446 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “Т ц” ХХК-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Г-т холбогдуулан гаргасан “... улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002277 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ