Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0471

 


 

 

2019 оны 09 сарын 06 өдөр 

Дугаар 221/МА2019/0471

Улаанбаатар хот

                                                                                                                                                              

 

“Т.З.П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, Н.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, Д.Ц, Б.О  нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э-гийн давж заалдах гомдлоор, “Т.З.П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.З.П  ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамж болон 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018-799 дугаартай дуудлага худалдааны Хаягдлын далангийн зүүн талд байрлах 8 га газар-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүгч нь шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт ”амаар зөвшөөрөл авч эзэмшил газрын хэмжээгээ сунгаж хашаажуулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд удаа дараа газар чөлөөлөх шаардлага тавьж байгаа гэсэн тайлбар өгсөн” хэмээн дурдсан байдаг.

Талуудын тайлбараас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамж болон 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2018-799 дугаар дуудлага худалдаагаар зарагдсан “Хаягдлын далангийн зүүн талд” байрлах 8 га газрыг “нэхэмжлэгч нь төмөр хашаагаар хашаалан үйл ажиллагаандаа ашиглаж” байсан талаар талууд маргаагүй болох нь харагдаж байна.

Хэдийгээр Газрын тухай хуульд “газрыг зохих зөвшөөрлийн үндсэн дээр эзэмших ашиглах газрыг зааж өгсөн хэдий ч манай компани нь Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын Газар зохион байгуулалтын албанд маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах зөвшөөрлийг хүсэж, Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох баримт материалуудыг бүрдүүлэн өгсөн болно.

Улмаар миний бие Цогтцэций сумын Засаг даргатай удаа дараа уулзаж хүсэлтийнхээ хариуг шаардсан бөгөөд “хашаагаа хашаад үйл ажиллагаагаа явуулж бай. Удахгүй зөвшөөрөл чинь олгогдоно” гэсэн хариуг Засаг дарга надад амаар өгсөн тул хуулиар олгогдсон эрх бүхий Захиргааны албан тушаалтны үгэнд итгэсэндээ 280 гаран сая төгрөгийг зарлагдан хашаа хашсан болно.

Хэрэв амаар зөвшөөрсөн хариу өгөөгүй бол бид өөртөө эрсдэл үүрч их хэмжээний зарлага гарган хашаа барихгүй байсан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5-д заасны дагуу “илт хууль бус” хэмээн үзэж байна.

Манай компани нь 2016-2017 онуудад “Хаягдлын далангийн зүүн талд” байрлах 8 га газрыг эзэмших, ашиглах зөвшөөрлийг хүсэж, Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын Газар зохион байгуулалтын албанд өгсөн бөгөөд тухайн газрын асуудалд хамаарал бүхий этгээд байтал Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасны дагуу “захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаан”-даа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа манай компанийг оролцуулаагүй. сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,4-д "сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21,4.3-д “энэ хуулийн 21.3.2- д зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах" хэмээн хуульд сумын Засаг даргын эрхийг нь хязгаарлан тогтоож өгсөн байдаг.

Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар бидний ашиглаж буй “Хаягдлын далангийн зүүн талд” байрлах 8 га газрыг “дуудлага худалдаагаар олгуулах талаар хэлэлцээгүй байхад хурлаар хэлэлцэгдсэн мэтээр хуурамчаар баримт бүрдүүлэн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын Газар зохион байгуулалтын албанаас хууль зөрчин дуудлага худалдааг явуулсан байдаг.

Тухайн хууль бус дуудлага худалдаанд үндэслэн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/298 дугаар захирамж гарч С.М.Эд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр нь анхнаасаа хууль бус үйл ажиллагаанд үндэслэсэн тул гарсан цагаасаа “илт хууль бус" захиргааны акт юм. Миний бие компаниа төлөөлөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст Цогтцэций сумын Засаг даргын тамгын газрын Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хаягдлын далангийн зуун талд” байрлах 8 га газрыг “дуудлага худалдаа”-г явуулахдаа “хуурамч нотлох баримтыг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа болно.

Энэхүү хэргийг Эрүүгийн журмаар шалгаж дуусахаас өмнө Захиргааны хэргийг “хянан шийдвэрлэх боломж”-гүй нөхцөл байдал үүссэн бөгөөд хариуцагчийн талаас бүрдүүлэн өгсөн нотлох баримт нь хуульд нийцсэн аргаар цуглуулсан эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г түдгэлзүүлэх нөхцөл байдал үүссээр байхад шүүгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн хянан шийдвэрлэснээс “шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан “нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх” үүргээ шүүгч нь биелүүлсэнгүй.

Иймд Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0008 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу  нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжиж оролцсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3/7 дугаар тогтоолоор сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх бөгөөд уг төлөвлөгөөний 7-д маргаж буй газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр заасан, сумын Засаг даргын 2018 оны А/113 дугаар захирамжийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Цогтцэций сумын 3 дугаар баг /Хаягдлын далангийн зүүн талд/-т 8 га газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа явагджээ. Уг дуудлага худалдаагаар ялагч болсон С.М.Эд уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. 

Нэхэмжлэгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Сумын Засаг даргад холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргасан тухайгаа тайлбарлаж байна. Гэвч өнөөдрийн байдлаар уг тайлбарыг нотолсон баримт байхгүйн дээр хэрвээ, хариуцагч үнэхээр албан тушаалаа хэтрүүлсэн, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн зэрэг нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянах үндэслэл болохоос биш, уг тайлбарыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх боломжгүй.

Давж заалдах гомдлын нэг үндэслэл нь “дуудлага худалдааг 17 цаг болоогүй байхад хаасан” гэсэн агуулга бүхий гомдол байна. Хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбар зэргээс үзэхэд 17.00 болоогүй байхад дуудлага худалдааны ялагчийг тодруулсан үйл баримт тогтоогджээ. Гэхдээ үүнд хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргыг буруутгах үндэслэлгүй байна.  

Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...“Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг баталсан байна. Уг журмын хавсралтын 9.9.6-д “цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсооно” гэж, 9.9.7-д “энэ журмын 9.9.6-д заасан хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамж ашиглан ялагчаар тодруулж, энэ тухай оролцогч тус бүрт мэдэгдэнэ” гэж тус тус заажээ. 

Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/121 дугаар Газрын биржийн цахим системд тохируулга хийх тухай тушаалын 1-ийн В-д Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж, хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулахаар тохируулжээ.

Энэ хэргийн тухайд Газрын биржийн цахим системээс https://www.mle.mn/ үнийн санал өгсөн мэдээллийг харахад оролцогчид 15 цаг 03 минут 13 секундээс 15 цаг 06 минут 30 секундээс хүртэл 15 удаагийн үнийн санал гаргаж оролцжээ. Улмаар дээрх тохируулгын улмаас  тухайн хугацаанд хамгийн өндөр үнийн санал хэлж С.М.Э ялагч болсон байна. Иймд хариуцагчийн зүгээс ялагч болсон С.М.Эд уг газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй. 

Газрын биржийн цахим систем https://www.mle.mn/ нь улсын хэмжээнд явагдаж буй бүх дуудлага худалдаад ашиглагдаж байгаа, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаас хамааралгүй,  хариуцагч түүнд ямар нэгэн өөрчлөлт, тохиргоо хийх боломжгүй, улмаар уг цахим системийн дагуу явагдсан дуудлага худалдаанд хариуцагчийг буруутгах боломжгүй юм. 

Хууль бус өөрчлөлт систем оруулсны улмаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бол хариуцагчаа зөв тодорхойлж тусдаа нэхэмжлэл гаргах эсэх нь “Т.З.П ” ХХК-н өөрийн эрхийн асуудал юм.

Дуудлага худалдааны зарыг нийтэд мэдэгдээгүй гэсэн үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч зарыг мэдсэний үндсэн дээр дуудлага худалдаанд оролцсон, дуудлагын худалдааны зарыг цахим сайтаар болон сумын зүгээс өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд боломжит хэлбэрээр түгээж олон нийтэд мэдэгдэх арга хэмжээ авсныг буруутгах үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөтгөн эзэмшиж буй газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтээ 2016, 2017 онд гаргаж байсан гэх ба холбогдох албан тушаалтны аман шийдвэрээр хүсэлт гаргасан газартаа хашаа барьж эзэмшиж байсан, дуудлага худалдаагаар олгогдсон газар нь манай энэхүү эзэмшиж буй газартай нь давхацсан зэрэг үндэслэлийг гаргаж мэтгэлцсэн байна. 

“Т.З.П ” ХХК нь өөрийн эзэмшлийн 4604004203 нэгж талбарын дугаар бүхий газраа нэмэгдүүлэн хашаа барин ашиглаж байгаа, энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй бөгөөд   дуудлага худалдаагаар С.М.Эд олгогдсон газартай давхцалгүй болох нь Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар албан бичгээр ирүүлсэн байршлын зураг, нэхэмжлэгчийн өөрийнх нь  “...өөрийн үйл ажиллагаагаа ... өргөтгөхөөр залгуулаад хашаа барьсан” гэсэн агуулга бүхий тайлбараар тогтоогдож байна.  

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Иймд зохих зөвшөөрөлгүйгээр /амаар зөвшөөрөл авч эзэмшил газрын хэмжээгээ сунгаж хашаажуулсан гэж нэхэмжлэгч тайлбарладаг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд удаа дараа газар чөлөөлөх шаардлага тавьж байгаа гэсэн тайлбар өгсөн/ эзэмшиж, ашиглаж байгаа нь нэхэмжлэгчийг тухайн газрыг хуулийн дагуу эзэмших, ашиглах эрх олж авсан гэж дүгнэх, улмаар хашаажуулан ашиглаж байгаа газартай нь давхацсан гэх маргаан үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                         ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                         Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                Э.ЗОРИГТБААТАР